Beautiful Plants For Your Interior
Ярвигтай цаг үе
Р.Амаржаргал 2023-04-12
Өдрийн сонин: 2023-04-14 N065(7189)
Орчин үеийн хүн боловсрол мэдлэгээ тасралтгүй дээшлүүлдэг, ертөнцийг үзэх үзэл бодлоо байнга баяжуулж, шинжлэх ухааны төрөл бүрийн салбар, төрөл, урсгалын ололт дүгнэлтийг уялдуулж чаддаг байх учиртай. Танин мэдэхүйн эл явцдаа, хүн бөгөөс тодорхой нэр томьёо, ойлголт үүсгэн, түүгээрээ дамжуулан хүрээлэн буй орчин, ертөнцийг ухааран тайлбарлаж ирсэн бөгөөд өнөө цагт тухайлбал глобалчлал, геополитик зэрэг ойлголтыг өргөн ашиглаж байна.
Глобалчлал гэсэн нэр томьёо нь өнгөрсөн зууны 90-ээд оны үед дэлгэрчээ. Эл ойлголт дэлгэрсэн цаг үе нь ЗХУ задран нурж, либерал үзэл санааг тээгч АНУ-аар тэргүүлүүлсэн улс орнууд ялж, түүхийн “төгсгөл” ирж, даян дэлхийд американизм бүрэн тогтлоо гэж хөөрч байсан үетэй холбогдоно.
Тухайн үеийн онолчид үзэж байснаар: Улс үндэстний үүрэг роль хумигдаж, нэгдсэн нэг зах зээл хүчээ авна; технологийн хөгжил дэвшил нь харилцан хамаарал, ялангуяа харилцаа холбоог түгээмэл болгосноор америк маягийн глобал соёл бүрэлдэнэ; орон зай, цаг хугацаа харьцангуй болж, хүн төрөлхөтөн метаверси маягийн цоо шинэ ертөнцөд дасан зохицох ёстой болно. Мэдээж хэрэг, эл бүгдийг АНУ чиглүүлэн залж байна гэж номлож байлаа.
Үлгэр мэт энэ таамаг төсөөлөл биелэлээ олоогүй бөгөөд харин ч АНУ-д тулгуурласан дэлхийн дэг журам задарч, тусгаар улс орнуудын үүрэг оролцоо нэмэгдэж, их гүрнүүдийн сөргөлдөөн зөрчил тодорч байгаагийн дээр хүн төрөлхөтөнийг бүхэлд нь хамарсан, тэдний хамтын оролцоо, ажиллагаа шаардсан, урьд өмнө огт хөндөгдөж байгаагүй цаг уурын өөрчлөлт, цар тахал (HIV, SARS, MERS, EBOLA, гахай шувуун ханиад г.м), хиймэл оюун ухаан зэрэг асуудал, сорилттой тулгарлаа.
Үнэндээ, яг одоо бидний оршин буй цаг хугацааг тодорхойлох, түүний мөн чанарыг илэрхийлсэн ойлголт нэр томьёо хараахан алга байна. Де-глобалчлал, ре-глобалчлал, геополитикийн депресси, антропоцени зэрэг олон шинэ нэр томьёо дэлгэрч байгаа бөгөөд эдгээр нь хэр удаан настайг хэлэх аргагүй.
Дэлхийн дэг журам тасралтгүй хувьсан өөрчлөгдөж, шинэ дэг журам нь аажмаар бүрэлдэж байдаг. Дэг журам гэдэг нь энэхүү дэлхий дээр оршин буй биднийг нэг цогц систем болгож буй суурь үзэл санаа, үнэт зүйлс, биднийг нэгтгэн чиглүүлэх нэгдмэл зорилгыг ойлгож байгаа юм.
Чухам юу хүн төрөлхөтөн биднийг хөтлөөд байгааг ухаарах нь ялангуяа, энэ цаг үед – хуучин юм “ул” болж, шинэ нь “зул” болж – практик ач тустай. Эл процесс тайван замаар өрнөх үү, эсвэл шинэ хуучны зэвсэгт тэмцэл, дайн дажинд хүргэх үү гэдэг нь амин чухал билээ. Орос – Украйны дайн ил далд ямар их хөнөөл бидэнд авчирч байгаагийн гэрч болж буй бид дэлхийн дайныг тэсэх үү?
Судлаачид шинжээчид хэдэн арван жил үргэлжилсэн, цуст дайн дажин ойрын үед өрнөнө гэж илт бичиж байгаа нь бас логиктой юм. Хуучин хүчин нь тийм амархан найрсагаар байр сууриа тавиад өгөхгүй бөгөөд урган тодорч буй, бяр чадал нь амтагдаж буй хүчин нь эрх мэдлээ авах гэж чичирч буй нь илт билээ. Өнгөрсөн 500 жилийн түүхээс үзэхэд шинэ хуучны 16 мега сөргөлдөөн байснаас 12 нь дайнд хүргэж байсан гэж Г.Аллисон тэмдэглэсэн байдаг.
Дэлхийн аливаа дэг журмыг аль нэгэн супер гүрэн хангаж байх үүрэгтэй бөгөөд шинээр тодорч буй супер гүрний дэвшүүлэж буй үнэт зүйлс, стратегийн зорилго, эрхэм зүйлсийн эрэмбэлэл нь ямар байх нь хүн төрөлхөтөн, улс орнуудад шууд хамааралтай. Харамсалтай нь, бидэнд баримжаалах зүйлс ил харагдахгүй, ойлгомжгүй байна.
Өнөөдөр дэлхий даяар өрнөж буй өөрчлөлт хувьсал нь бидний амьдрал дунд сөөм сөөмөөр өрнөж, та бид өөрсдөө анзаарахгүй шууд оролцож байгааг тэмдэглүүштэй. Хэрвээ бид хаашаа, юу руу, өнгөрсөнөөсөө юугаа тээж явж байгаагаа гадарлаж байвал ядаж ахуй амьдрал, бизнес, улс төрийн төлөвлөгөө зэргээ бодох ёстой юм. Тиймээс энэ дэлхийд хүчний харьцаа хэрхэн өөрчлөгдөж байгаа, технологийн хөгжил хаашаа залж байгаа, цаг уурын өөрчлөлт, цар тахал мэтийн глобал сорилтууд юунд хүргэх зэргийг онцгой анхаарч төр улсынхаа улс төр, эдийн засаг, нийгэм, хөгжлийн бодлогоо тасралтгүй тодотгож, шинэ нөхцөлд дасан зохицох арга замаар идэвхтэй эрэлхийлэх ёстой.
Өнгөрсөн ба одоо цагийн, ирж буй цагийг тодорхойлох юмс үзэгдлийн шалтгаан үр дагавар, агуулга хэлбэр, шүтэн барилдлага, шууд ба шууд бус хамаарал, бүтэц, зохион байгуулалт зэргийг судлан, асуудлийг том зургаар нь харж үг хэлэх учиртай нь юуны өмнө философичид гэж би ойлгодог бөгөөд эл чиглэлд судалгаа шинжилгээ хийж буй эрдэмтэдэд тал бүрийн дэмжлэг хэрэгтэй байна. Түүнээс гадна байгалийн суурь болон хавсарга судалгаа хийж буй эрдэмтэд тэргүүн эгнээнд байж, цоо шинэ хандлага нээлтээ нийгмийн ухааны нэн ялангуяа философийн ухааны эрдэмтэдтэй хуваалцан, салбар дундын хамтын ажиллагаанд идэвхтэй байр суурь эзлэх ёстой юм.
Энэ асуудлыг онцолж буй нь учиртай. Геополитик зэрэг нь хоосон хийсвэр орон зай дээр үүсдэг юм биш. Сурах бичгийн жишээг давтан авч үзье. Дарвины эволюци буюу байгалийн шалгарлын хууль гэж байдаг. Ч.Дарвин нь энэ тэнд аялаж, асар их судалгааны материал хуримтлуулан, түүнийгээ ангилан боловсруулж алдартай “Зүйлсийн үүсэл” номоо 1859 онд хэвлүүлсэн байдаг. Энэ бүтээлд үүлдэр, сорт, хувьсал, мутаци, ген, популяци, нүүдэл шилжилт буюу миграци, байгалийн шалгарал, амьдралын төлөө тэмцэл, газар зүй болон экологийн хүчин зүйлс зэрэг олон асуудлыг хөндсөн байдаг. Энэхүү бүтээл нь тухайн үеийн, бас л яахаа мэдэхгүй, учраа олохгүй байсан улс төр судлаачид, улс төрчдийн ёстой “загатнасан газар нь маажсан” юм. Амьтад оршин байх орон зайгаа тэлэх гэж байнга өрсөлдөн тэмцэлдэж, байгалийн шалгарлаар хүчтэй нэг нь үлдэж байгааг хүн, хүний нийгэм, улс хоорондын харилцаа дээр буулган судалж эхэлсэн юм. Үр дүнд “социал-дарвинизм”, евгеник, арьсны өнгөөр ялгаварлах зэрэг болж бүтэхгүй, өнөөгийн нийгэмд хүлээн зөвшөөрөхөд бэрх хэдий ч тухайн үедээ дээдсийн таашаалд нийцсэн үзэл санаа, үзэл баримтлал, улс төрийн бодлого дэлгэрсэн юм.
Өнөөгийн геополитикийн онолын шинжлэх ухааны үндэс ч “Зүйлсийн үүсэл” – ээс үүдэлтэй гэж хэлж болно. Хүн бол биологийн амьтан тиймээс оршин тогтнохын тулд хил хязгаараа тэмдэглэж, улмаар тэлэх ёстой; колончилол бол аргагүйн эрхэнд хийж буй амьдралын төлөө л тэмцэл гэж тайлбарладаг байв. Сүүлийн гуч гаруй монголын улстөрийн дотоод тэмцэлийг дээрхи байдлаар тайлбарлаж явдаг ч буй.
Товчхондоо, үзэл санаа, үнэт зүйлс, байгалийн шинжлэх ухаан \газар зүй, биологи, антропологи гм\ улс төр зэргийг нэгтгэсэн геополитик хэмээх нь дэлгэрсэн бөгөөд улс орон бүр өөрийн ашиг сонирхолд нийцүүлсэн түмэн урсгалыг буй болгосон юм.
Баг нэг жишээ: орчин цагт хиймэл оюун ухааны тухай, түүний сайн муу үр дагаврын тухай хүчтэй яригдаж байгаа бөгөөд саяхан 1100 шилдэг мэдээлэл технологийн компанийн захирал хамтран хиймэл оюун ухааны чиглэлд хийж буй судалгаа шинжилгээг ядаж 6 сараар хойшлуулан зогсоогооч гэсэн уриалга гаргав. Энэ бас учиртай бөгөөд одоо дэлхий дээр хиймэл оюун ухааны түмэн салангид систем бүрдээд байгаа юм. Тэдний цаашдын хөгжил төгөлдөржилт нь Дарвины логикоор буюу өөр хоорондоо өрсөлдөж, орон зайгаа тэлэх, байгалийн шалгарлаар хүчтээ нь үлдэх маягаар өрнөх магадлал тун өндөр болжээ. Энэ байдлыг шинэ цагийн дарангуйлагчид өөрсдийн эрх ашигтаа нийцүүлэн, ямар геополитикийн бодлого дэвшүүлэх, тэр нь ямар үр дагаварт хүргэхийг таахад бэрх юм.
Тунч ярвигтай ээдрээтэй, адармаатай, тодорхойгүй нь тодорхойгүй энэ эрин үед мэдэхгүйгээ мэдэхгүй та бид “тэнэгийн дотор харанхуй” байдлаар амьдарч болохгүй байх аа.