Украйны дайн: Жил хагасын дараа

Украины дайн хэдхэн хоногийн дотор дуусна гэж Оросууд байтугай өрнөдийн тагнуулын эх сурвалжууд хүлээж байлаа. Жил хагасын дараа хоёр тал үргэлжлүүлэн байлдахаар бэлтгэж байна.


Украины дайн хэдхэн хоногийн дотор дуусна гэж Оросууд байтугай өрнөдийн тагнуулын эх сурвалжууд хүлээж байлаа. Жил хагасын дараа хоёр тал үргэлжлүүлэн байлдахаар бэлтгэж байна.

Энэ дайн Украинд асар их хохирол учруулж байна. Ажиллаж, суралцаж, үр хүүхдээ өсгөх ёстой хүмүүс эх нутгаа хамгаалан байлдаж, амь насаа алдаж байна. Хүмүүнлэг ёсны тухай тасралтгүй дуугарч буй Оросын арми Украйны хотуудыг байнга бөмбөгдөж, усан боомтуудыг нь хааж блокад хийж байна. Украйны эдийн засаг сэргэж, хэвийн байдалдаа орох нь дэндүү хол байна.

Дайны горыг Орос бас амсаж байна. Эдийн засаг нь олон улсын хоригт өртөж, дэлхийн тавцанд ганцаардан, гардуурхагдаж, чадалтай мэдлэгтэй иргэд нь эх орноо орхин дайжин дүрвэж байна. Оросын эрх баригчдын өдөөсөн дайн Орос орны хөгжлийн боломжийг хааж, хэдэн арван жилээр ухрааж, иргэдийнхээ аж байдлыг золиосолж байна. Нийгмийн тогтвортой байдал нь алдагдаж байна.

Хоосон амлалтууд, эрх мэдлийн төлөөх зайлшгүй тэмцэл

“Украйнчууд удирдлагаа үзэн ядаж, жигшин зэвүүцдэг”, “Украйнд арми гэж юу байх вэ дээ, оросуудыг хадаг барин угтана” гэж тэднийг басамжлан, огтоос буруу таамаглалд тулгуурлан, тооцож эхлүүлсэн энэхүү дайн нь Киевийн гэхээсээ Москвагийн сул талуудыг ил болгов.

Оросуудыг хүсэн хүлээсэн, хадаг барьсан хүн байсангүй, эх нутгийнхаа газар шороог бурхан гуйсан ч өгөхгүй шүү гэж украйнчууд босож ирлээ. Дэлхийн шилдэг биш юм аа гэхэд хоёрдугаарт орно гэдэг Оросын арми хэчнээн болхи бүдүүлэг, маневрлох чадваргүй, зэвсэг техник нь хоцрогдсон, нийлүүлэлт нь гацсан зэрэг нь ил болж, дайрч, давшлан байлдана гэхээсээ яаж шүү хориглох билээ гэж тэд уулга алдан байна. Армиа удирдаж буй генералуудыг цэргийн хэргийн мэдлэг гэхээсээ Ерөнхий командлагчдаа үнэн байх гэсэн шалгуураар томилсон нь илт. Чадалтай командлагч нарыг шахаж, зарим нэг нь ор сураггүй алга болжээ.

В.Путин монопол эрх мэдэлтэй, бүхнийг, бүгдийг хянаж байгаа гэдэг ч хуурамч болохыг Пригожины бослого харуулав. Төр, армийнхаа эсрэг бослого гаргасан этгээд нь Санкт-петербургээр чөлөөтөй зугаалж явааг үзээд, чухам юу болоод байгааг ойлгож байгаа хүн тун ховор. Дээр суудлаа олохгүй бол доороо суудлаа яаж олох билээ. Баривчлах, хорьж залхаах, айлган сүрдүүлэх, барьцаалах, хүч хэрэглэх аргаар л олны дургүйцлийг дарах гэж оролдож байгаа бөгөөд “бүх юм төлөвлөсөн ёсоор өрнөж байгаа” гэсэн хэн ч итгэмээргүй хийрхэл өрнүүлэн, ард түмнийхээ тархийг 24/7 цаг угааж байна. Орост тогтворгүй байдал нэмэгдэж, элитуудын зөрчил тэмцэл ширүүсэх нь цаг хугацааны асуудал бололтой.

Эдийн засаг нь “хэмхэрч” эхэллээ

Оросын эдийн засагч В.Миловын хэлснээр, “2023 оны эхний улиралд нефть, хийн экспортын орлого жилд 52.3 хувиар багасаж, Орос улс цэрэг дайны зардлаа нөхөхөд хүндрэлтэй боллоо” гэв.

Сүүлийн хэдэн сард газрын тосны дэлхийн зах зээлийн үнэ өссөн хэдий ч Оросын хувьд олон улсын зах зээлд зарж борлуулах боломж эрс муудсан, гайгүй түнш гэж буй Хятад нь тун их хөнгөлсөн үнээр одоохондоо авч байгаа, Энэтхэг хямдруулсан үнээр авч, өөрийн мөнгөн тэмдэгт рупийгээр төлбөр хийж байгаа, тэр рупийгээр энэ тэндээс юм худалдан авах боломжгүй зэрэг нь Оросын төсвийг тун хүнд байдал оруулж байгаа юм. “Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ үр дүнгээ өгөхгүй байна”, “бид хоригоос айхгүй” гэж сурталчилгаа хийж байгаа ч бодит байдал дээр хориг нь Оросын дайтах чадварыг ихээхэн сулруулж, тэр хэрээр олон олон украйнчуудын амь насыг аварч байна.

Эдийн засгийн байдал эвгүйтээд эхлэнгүүт ОХУ-ын засгийн газар нефть, хийн үйлдвэрлэл, төсвийн талаарх статистик мэдээ нийтлэхийг хоригложээ. Оросын рублийн ханш унаж, “жорлонгийн цаас” боллоо гэж Оросын төв телевизээр хүртэл сандралдан ярьж байна. Гадаадын хөрөнгө оруулалт үгүй, дэлхийн зах зээлээс ангид Оросын эдийн засаг “яаж орших билээ” гэж оросын олигархуудын нэг Олег Дерипаска ярьж байна.

Өмнө нь ил байсан Оросын албан ёсны статистикаас үзэхэд, 2023 онд батлан хамгаалахын зардлын төсөв хоёр дахин нэмэгдэж, 100 тэрбум ам.долларт хүрсэн нь төсвийн нийт зарлагын гуравны нэгээс илүү юм. Засгийн газар дайнд илүү их мөнгө зарцуулахын хэрээр улс орны бусад салбар, ялангуяа нийтэд зориулсан сургууль, эмнэлэг болон бусад зайлшгүй шаардлагатай үйлчилгээний төсөв багасна гэсэн үг юм. Ямар сайндаа л саяхан Дагестанд цахилгаан эрчим хүч тасарч, эрх баригчдын эсрэг олон зуун иргэн эсэргүүцлээ илэрхийлэн босоход тус Бүгд найрамдах улсын захирагч нь Сергей Меликов “Харамсалтай нь, бид хурдан үр дүнд хүрнэ гэж хүлээж чадахгүй” гэжээ. Тус бүс нутагт эрчим хүчний дэд бүтэц 30 жил үл тоомсорлогдож ирсэн бөгөөд одоо бүр “лөөлөө” болох биз дээ гэсэн “гуниглал” юм.

Эдийн засгийн гунигтай байдал, дайн дажин дагаад гэмт хэрэг, ядуурал, цөхрөл бачимдал нэмэгдэх нь ойлгомжтой. Энэ бүгдийн цаана хэдэн зуун сая хүний итгэл горьдлого, мөрөөдөл талаар болж байгаа. Оросын ард түмэн Пригожины бослогыг эсэргүйцээгүй нь нэг юм хэлээд байгаа бөгөөд төр засгийн өөрчлөлтийг ч эсэргүйцэхгүй байх янзтай. Түүхээс үзэхэд галзуу тэнэг харгис бодлого баримталж байсан дарангуйлагч нар урт удаан хугацаанд эрх мэдлээ хадгалж чаддаг бөгөөд цаг үеийн аясыг даган “spin dictator” төрдөг тухай С.Гуриевын номыг уншихад илүүдэхгүй биз ээ.

Товчхондоо байдал нэг иймэрхүү байгаа бөгөөд дарангуйлагч нар “алсыг харсан” буюу тухайлбал, “өрнөдийнхний тэвчээр нь удахгүй барагдаж, Украиныг зөнд нь орхино” гэж тооцоолж болох юм. Гэхдээ бусдын нутаг дэвсгэрт халдсан хэн ч баатар, мэргэн, суу зальт нэгэн гэгдэх ёсгүй гэдгийг 21-р зуунд хүн төрөлхтөн нотлох ёстой.

One comment

  1. A new estimate of the number of Russians who emigrated following the invasion of Ukraine puts the number at between 817,000 and 922,000.
    Most of the emigration happened in two waves: February-March 2022, when Russia first invaded, and September 2022, when Putin announced a partial mobilization that included a draft.

    Kazakhstan and Serbia received the highest numbers of immigrants, at 150,000 each. They were followed by Armenia, Turkey, the EU, and Israel.

    While emigration from Russia isn’t new (many people left in the years following the dissolution of the Soviet Union in 1991, as well as after Putin became president for the second time in 2012), this is the highest level since the 1920s.

    Those who left the country have had varying experiences. Some have settled at their destination, while others have had difficulty finding work and were forced to return.

    https://www.economist.com/graphic-detail/2023/08/23/russians-have-emigrated-in-huge-numbers-since-the-war-in-ukraine

    Around 1% of the workforce has left.

    Most of those who emigrated were well-educated high-income earners.

    There’s now a labor shortage: 35% of manufacturing businesses were understaffed in April.

    At least 100,000 IT workers have emigrated, leaving a severe shortage of these professionals.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *