Beautiful Plants For Your Interior
Нэгэн сэтгүүлч хүүхнийг “улсын нууц задруулсан” хэргээр хорьж буй бололтой
Тоталитаризмын орчинд Та тодорхой зүйлийг ярьж хэлэх байтугай, тэр тухай бодохыг хориглодог. Та юу гэж бодох ёстойг хэлж сургах үзэл сурталыг буй болгон түүгэрээр дамжуулан таны мэдрэмж, зүрх сэтгэлийг эзэмдэн удирдан залж, зан төлөв үйл хөдлөлийн хэм хэмжээг тань тогтоож өгнө. Джордж Оруэлл, «Уран зохиол ба тоталитаризм», 1941 он
Нэгэн сэтгүүлч хүүхнийг “улсын нууц задруулсан” хэргээр хорьж буй бололтой. Шүүх тэгж шийдэж. Гэтэл зөв буруу гээд нэлээн шуугиж байх шиг. Хэрвээ үүнийг илрэл, хэлбэр гэж бодвол цаана нь ямар агуулга, мөн чанар буй бол?
Глобалчлалын (либерал, неолиберал үзэл суртлын бүтээгдэхүүн гэдэг) орон зайд “мэдээлэлийн нийгэм” бүрэлдэн, тэрхүү глобал сүлжээ нь зөвхөн мэдээлэл дамжуулагч төдийгүй улс төрийн институцийн явцуу эрх ашгийг, бүхэлдээ улс орон, нийгэм, эдийн засаг, соёл, ухамсар зэргийн түгээмэл эрх ашиг мэтээр хөрвүүлдэг механизм болжээ.
Орчин цагт харилцаа холбоо, эргэх холбооны гол сувгуудыг (ялангуяа цахим) хяналтандаа оруулж, монополь тогтоохгүй бол ямар ч эрх баригчид тэсэхгүй. Мэдээлэлийн орон зайг хяналтандаа авах нь тоталитар дэглэмийн “зөөлөн хүчийг” бүрэн дайчлах, тоталитар мөн чанараа далдлах боломж арга зам.
Ингэхдээ, 90 оны эхээр буй болсон ““Post truth”” гэсэн ойлголт, нэр томьёо бүхий феноменыг дайчлаж байна. ”Post truth” гэгчийн талаар үй түмэн судалгаа байгаа ч тогтсон тодорхойлолт байхгүй. Хялбаршуулан тайлбал, хүн гэдэг амьтан баримт, факт (тэдэнд чухал биш) биш, харин өөрийн итгэл үнэмшил, сэтгэл хөдлөл, ойр дотно хүмүүсийн аргументыг л хүлээн авдаг буюу үнэн, фактын дараах (ямар нэгэн байдлаар, ямар нэгэн субьектын боловсруулалтанд өртсөн), дүрээ хувиргасан төрхийг нь хүлээн авч байгаа гэж ойлгож болно. Нэг ёсны мушгин гуйвуулсан факт буюу “Post truth” нь тодорхой түүхэн нөхцөлд, эрэмбэлэгдсэн эрх ашгийг илэрхийлсэн улс төрийн процесс юм.
Өнөөгийн нийгмийг удирдах улс төрийн үндсэн арга нь “цагаан сараар ард олны ярьж хэлэлцэх, талцан маргалдах сэдвийг” гаргаж тавих, нарратив-контентийг захиалагчийн хүсэн чиглэлд сэвэх аргачлалыг эзэмших явдал билээ. Ингэж нийгэм эдийн засаг, улс төрийн талбарыг захиалагч өөрийн хяналтанд байлгана. Нэгэнт хэрэгсэл, арга нь бэлэн буй бол “Post truth” нь нийгмийг мунхруулах гайхамшигтай технологи бөгөөд ахуй амьдрал, нийгэм философийн хүрээнээсээ хэдийнээ хальсан, улс төрийн талбарт “болд мэт хатаагдсан”, хүний ахуйн орчинг тодорхойлдог болсон.
Үнэн биш гэхдээ түүнд дөхсөн, үнэн мэт уншигдаж, хүлээн авахуйц информацийг үйлдвэрлэж, түүнийгээ нийгмийн сүлжээгээр дамжуулан түгээж чадаж буй субьектууд, нийгмийн ухамсрыг залахдаа факт үйл явдлыг хэн, хэрхэн яаж унших, ойлгох, хүлээн авахыг, хүн ер нь ямар зан ааштай байх, амьдралдаа ахуйдаа ямар зорилго, зорилт дэвшүүлэхийг тодорхойлж байгаа юм.
Эрх мэдлээ ямар ч үнээр хамаагүй хадгалах гэсэн эрх баригчид, эрх ашгаа өргөтгөх, өрсөлдөгчөө зайлуулах эрмэлзэлтэй олигарх бүлэг зэрэг нь Та бидэнд ойрын болон холын ирээдүйн дүр зургийг дүрслэн үзүүлэхдээ, элдэв үзэл суртлыг халхавч болгон ашигладаг.
Либерализмыг хараах, социализмаа эргэн дурсах, сайхан нийгэм байсан мэтээр санагалзуулах, төрийн өмчийг (өөрсдөө хяналтгүй захиран зарцуулах эрхээ нээх бодлого) өргөмжлөн, хувийн өмч, өмчийн эрхийг үгүйсгэх, системийн авлига нураах, том төсөл зогсоох, гаднынхны эсрэг компани өрнүүлэхдээ нийгмийг ямар нэгэн байдлаар татан дайчлах; муу муухайтай төр засаг, 20-р зууны улс төрийн манлай хүч л тэмцэж буй мэтээр суртал ухуулга явуулахдаа “Post truth”- ийг хэрэглэж байгаа юм. Эвсэл, хамтарсан засаг байгуулах бодит шаардлага нь олон түмэнд ухуулаад байгаагаас тэс өөр бөгөөд дээр дурдсан бүх үйлдэл, сэдвийн цаана хамгийн адгийн меркантал ашиг сонирхол байгаа юм.
Эрх баригч, захиалагч нар, гайгүй далдалсан “өнгө мөнгөний “ шуналаа гүйцэлдүүлэхдээ уламжлалт суртал ухуулгын хэлбэрээ бас шинэчлэх шаардлагатай бөгөөд үүний нэг тод жишээ нь Такер Карлсон юм. Тэрээр “ганц хүний театр” гэх жанр нь сэтгүүл зүйд яагаад байж болохгүй гээд ганц хүний нийгмийн мэдээлэлийн сүлжээ, хэрэгсэл буй болгосон. Түүний ухуулга сурталчилгааны үндсэн “түүхий эд нь” “Post truth” бөгөөд маш тодорхой нийгмийн бүлэг давхаргад чиглэсэн мэдээлэлийн урсгал залдаг. Б.Ельцины сонгуулийн үед Доренко бас ганц хүний нийгмийн мэдээлэлийн сүлжээг донсолгож байсан. Монголд бас нэг иймэрхүү “театр” ажиллуулах гэж оролдож буй хэдэн хүн байх шиг байгаа ч зөвхөн эрх баригч, захиалагч нарт л ашигтай бол оршино, эс бөгөөс шоронд явна гэдгийг тэд бүрэн ухаараагүй бололтой.
Орчин цагийн дарангуйлагч нарын дүр төрх, 30 жилийн өмнөхтэй харьцуулбал, танигдахын аргагүй өөрчлөгдсөн төдийгүй тэд маань ардчилагчдын маскыг тогтмол зүүдэг болсон. Эртнийх шиг сонгуульд 99.99 хувиар ялалт шаардлагагүй, “хяналтын багцаа” барьж байхад, “шавхруу горьдсон” улс төрчид эвсье, хамтарьяа гээд гуйгаад ирнэ гэдгийг шинэ үеийн дарангуйлагч нар мэднэ. Шүүх цагдаагаа хэзээ яаж хэрэглэхээ ч мэднэ. Эрх мэдлээ хадгалах эрх зүйн орчин – бүх юм хуулийн дагуу шүү гэх – ямар байх ёстойг ч мэднэ.
Хамгийн гол “Post truth”-ийг л зөв хэрэглэх, түүгээр иргэд ээ тасралтгүй угжиж байх. Түүний нэг илрэл нь: одоо байгааг, бидний бодлогыг дэмжихгүй бол өөр “ийм, тийм аймшигтай” хувилбар та нарыг хүлээж байгаа шүү гэж зохиомол дэг журмын дүрс, зэрэглээ, манан харуулж, айлган сүрдүүлэх ажиллагаа.
Цар тахал COVID-19 нь хувийн эрх чөлөө, чөлөөт ХМХ, хувийн өмчийг хязгаарлах, эрх баригчдын эдийн засгийн суурь болох төрийн капитализмыг өргөтгөх сайхан боломж олгосон бөгөөд ингэхдээ мөнөөх л улиг домог “ард түмэн, улс орны эрх ашиг” гэх мэтийг бамбай болгон ашигласан. Монголын нийгмийг олигарх бүлэглэлийн эрх ашигт нийцүүлэн, өөрчлөн байгуулах улс төр – үзэл суртлын үндэс суурийг цар тахлын 2 жил тавьсан.
Энэ бүгд чухам юунд хүргэхийг таамаглах хэцүү. Тоталитаризмын түмэн нүүр царайны нэг хувилбар тодрох байх. Гэхдээ та бид чухам ямар “мангас” төрүүлснээ мэдэхгүй байгаа.
Нийгмийн сүлжээ, нүүр хуудаснаасаа салж чадахаа больсон, бие даан сэтгэн бодох чадвараа бүрэн алдсан, хүмүүн сүргээс бүрдсэн нийгэмд хүссэн бүхнээ улс төржүүлэн, улмаар нийгмээ талцуулан хувааж товчхондоо олны тархийг угааж, залж буй жинхэнэ эрх баригчдын (нэр хаяг нь тодорхойгүй) бодлого амжилттай хэрэгжиж байна.
Гэхдээ эрх баригч нарт нэг зүйлийг сануулах ёстой: ”Post truth” технологи чинь биднээс тэс өөр, үнэлэмж, үнэт зүйлсийг тээгчдийн гарт орно шүү, тэд бас ашиглана шүү.