Beautiful Plants For Your Interior
Эрчим хүчний салбарын реформ: 23 жилийн өмнө бичсэн нийтлэл
Хэнд: АН бүлгийн гишүүдэд
Хэнээс: Р.Амаржаргалаас
Сэдэв: Эрчим хүчний салбарын реформын тухай
Огноо: 2024-11-20
Эрхэм гишүүдэд,
Цахилгаан дулааны үнэ нэмэх эсэх асуудлаар нэг хэсэг шуугиж байна. цахилгааны үнэ гэх мэт нь асуудлын нэг л тал, харин өргөн утгаараа эрчим хүчний салбарын бүтцийн өөрчлөлтийг бодлого болгон ярих нь зүйтэй байх. Энэ үүднээс доорхи материалыг
хүргүүлж байна. Одоогоос 23 жилийн өмнө, бүтцийн өөрчлөлтийг хэрхэн ойлгох талаар “Өдрийн сонин”д бичсэн нийтлэл юм.
- яагаад энэ асуудал тэр үед яригдсан
- Яаж яригдаж байсан
- Тэр үеийн эдийн засгийн цар хүрээ, бүтэц ямар байсан зэргийг түүх талаас нь
сонирхоорой (төсөвт 500 сая төгрөг орж ирхэд баярладаг байсан, ахуйн хүрээнд
цахилгааны хулгай г.м). - Яагаад зээл тусламжаас хөрөнгө оруулалтыг илүүд үздэг байсан зэргийг
сонирхох биз - Эл нийтлэлд хөндсөн олон зүйлс биелэлээ олж хэрэгжсэн нь олзуурхууштай.
Хамгийн чухал нь эрчим хүчний салбарын бүтцийн өөрчлөлтийг
- Эрэлт – түүнд юу багтах (тухайлбал хэмнэлт)
- Нийлүүлэлт – түүнд юу багтах зэргийг хялбарчлан тайлбарласан юм. Эрчим
хүчний арвилан хэмнэлтийн горим, хэрэглээний соёл хүртэл бүтцийн өөрчлөлт,
атомын ЦС (улмаар уран, газрын ховор элемент гм), усан болон салхин зэрэг
эрчим хүчний шинэ эх үүсвэрийг тууштай дэмжих нь мөн л бүтцийн өөрчлөлт
болхыг онцолсон юм. - “Эрчим хүчний үйлдвэрлэл, түгээлт хувийн секторт очих ёстой. Харин дамжуулах
сүлжээ нь улсын мэдэлд үлдэх ёстой.” гэсэн дүгнэлтийг анзаарна биз дээ. - Бүтцийн өөрчлөлт нь эрэлт нийлүүлэлт тэдгээрийн холбоосыг бүхэлд нь хамрах
ёстой, зургаа томоор бүхлээр харах ёстой шүү гэдгийг л сануулах гэж нуршин
бичив.
Р.Амаржаргал
№246(809) 2001.10.17 “Өдрийн сонин”
Эрчим хүчинд иж бүрэн хөтөлбөр хэрэгтэй
Цэвэр үр ашигтай ард иргэд хүчрэх найдвартай эрчим хүчний эх үүсвэргүй бол Монгол ямарч ирээдүйгүй. Иймээс эрчим хүчний
эрэлт нийлүүлэлт, тэдгээрийг холбодог хэрэгслийг тусгасан эрчим хүчний салбарын иж бүрэн хөтөлбөр бидэнд хэрэгтэй
байна.
Эрх баригчид эрчим хүчний салбарт хачин шуурхай ажиллаж байна. Олон зүйл дээр хойш татах байдлаар хөшүүн хойрго ханддаг тэд чухам эрчим хүчний салбарт гялалзтал хөдөлж буй нь гайхшам төрөм. Тэд юуны өмнө эрчим хүчний тухай хуулийг оны эхээр баталж гаргасан. Дараа нь ЗГ-ын тогтоолоор 100%-ийн төрийн өмчтэй эрчим хүчний системийг 18 хэсэг ХК болгон задалсан. Эдгээр компаниудын хувь нийлүүлэгчид Дэд бүтцийн яам, Төрийн өмчийн хороо, Санхүү, эдийн засгийн яамд боллоо. Тэдгээр компаниудын ТУЗ гүйцэтгэх захирлуудыг мөн Засгийн томилов. Ингэж албадан, нударгалж байгуулсан компаниудаа зах зээлд зориулж буй болгосон бүтцийн өөрчлөлт гэж тэд нэрлэж байна. Одоо эрх баригчид дараагийн ээлжид тэдгээрээ хувьчлах асуудлыг гол зорилго болгож байна. Ингэж бүхнийг албадаж, зохиомолдох, хэн нэгэнд зориулах байдлаар явуулах гэж гэж буй нь илт мэдэгдэх боллоо. Тухайлбал ДЦС2 ХК-ийг УБЦТС-ын ХК-тай нэг багц болгон олон улсын тендер зарлан хувьчлах ЗГ-ын шийдвэр гаргасан. Энэ шийдвэр гаргах үндэс нь Америкаас ирсэн нэгэн саналтай холбоотой юм. Тэрхүү саналд УБЦТС-ын ХК-ийг менежментийн гэрээгээр авч ажиллуулах, зохих хэмжээний хөрөнгө оруулах тухай тусгагдсан байна.
“Ардчилсан холбоо” эвслийн эрх баригчид ч мөн Эрчим хүчний тухай хуулийг батлан гаргаж, энэ салбарын төрийн өмчийг өвөрмөц арга зүйгээр задалж мөн хувьчлан явуулах зорилготой байсан. Гэтэл тэр үеийн нөлөө бүхий сөрөг хүчин хувьсгалт намынхан башир арга хэрэглэж, ажилд саад боолт тавьсан. Тэд ард түмний үгээр, тэдний сэтгэл зүйгээр тоглож “гал голомтоо худалдах нь ээ”,
“цахилгаан станцуудыг маань олон улсын луйварчид зүгээр өгөх гэж байна” гэх мэтээр хашхиралдаж Парламентын дотор болон гадна олон арга хэлбэрээр улс төр хийсэн. Энэ тухайд Ардчилсан холбоо эвслийн Ерөнхий сайд асан Р.Амаржаргалаас зохих тодруулга, тайлбар өгөхийг манай сонин хүссэн юм.
-Эрчим хүчний салбар дахь бүтцийн өөрчлөлт гэж юу вэ?
Эрчим хүчний тухай хууль батлагдсанаар хэдэн цахилгаан станцыг гадаадын хэсэг бүлэг хүмүүст хувьчлах ажил, саадгүй боллоо гэсэн ойлголт газар авсан байна аа. Эл хуулийг баталсан эрхэм гишүүдийн зарим нь ТЭЦ-дийг хувьчлахад нь хууль чиглэгдэж
буй мэтээр ойлгож байна. Хувьчлалд асуудал байгаа юм биш. Хувьчлал өөрөө зорилго биш гэдгийг онцгой анхааруулж байна. Энэ бол эрчим хүчний салбарын бүтцийн өөрчлөлтийн хэрэгсэл нэг хэсэг нь юм.
Эдийн засгийн хөгжлийг найдвартай эрчим хүчгүй төсөөлөх аргагүй юм. Социализмын үеэс туйлын үрэлгэн, техник технологийн хувьд хоцрогдсон, байгаль орчныг дээд зэргээр бохирдуулдаг, ард иргэд нь хүчрэхийн аргагүй өндөр өртөгтэй, гаднаас
хэтэрхий хараат эрчим хүчний тогтолцоог бид уламжлан авсан юм. Төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцоо нурахад эл салбар амьдрах чадваргүй нь тод болсон бөгөөд эрс шийдэмгий бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй байсан. Харамсалтай нь дотоод болон гадаад хүчин зүйлээс хамааран өөрчлөлт хийгдээгүй өдийг хүрсэн. Өнгөрсөн 4 жилд эрчим хүчний салбарт бүтцийн өөрчлөлт хийх асуудлыг “Ардчилсан Холбоо” эвсэлд дэвшүүлэн хэрэгжүүлэх гэж оролдсон. Харамсалтай нь МАХН ил далд эсэргүүцэж байсан учраас цаг, асар их бололцоо алдсан. Эрчим хүчний салбар дахь бүтцийн өөрчлөлтийг шударга, иргэдийнхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьж, тэдний хяналт дор ил тод хийх ёстой юм.
Өнөөдөр хийгдэж байгаа зарим зохион байгуулалтын өөрчлөлт нь бүтцийн өөрчлөлт биш. Үүнийгээ ч олноос нууж хаалгүй, ил тод, өрсөлдөөн шалгаруулалтад тулгуурлан хийх ёстой байх. Монопольт эрх мэдлийн төлөө, албан тушаал наймаалцсан үйл явдал
болж байна гэсэн шүүмжлэл тасрахгүй байна. Жишээ нь удирдах газраа үлдээж байгаа нь нэг хэсэгтээ эрх мэдлийн төлөө, ил далд тэмцлийг өөгшүүлэхээс бүтцийн өөрчлөлтөөс тус болдог нь юу л бол. Цэвэр, үр ашигтай, ард иргэд хүчрэх, найдвартай эрчим хүчний эх үүсвэргүй бол Монголд ямар ч ирээдүйгүй. Иймээс эрчим хүчний эрэлт нийлүүлэлт тэдгээрийг холбодог хэрэгслийг тусгасан эрчим хүчний салбарын иж бүрэн хөтөлбөр бидэнд хэрэгтэй байгаа юм.
Тэгвэл эрэлтийн талд юуны өмнө хэмнэх эрмэлзэл, түүний зарчим байх ёстой. Гэтэл бидний эрчим хүчний хэмнэлт чухам “0” байгаа билээ. Гэр хорооллынхон болон олон хэрэглэгч эрчим хүчийг хулгайлж, бас хахуульдаж, эсвэл огт үнэгүй хэрэглэж байна.
Гэрлийн байцаагч нь өдрийн хоол, ганц шил архи төдийгөөр хэдэн арван, зуун мянган төгрөгийн цахилгааныг төлбөрөөс хасаж буй нь нууц биш. Тэднийг ямар ч хахуульд автдаггүй, шударга ажилтан болгоход эдийн засгийн бололцооны урамшуулал л хэрэгтэй.
Эрчим хүчээр ажилладаг бүх цахилгаан хэрэгсэл, авто хөсөгт парк шинэчлэлт тулсан зорилт боллоо. Энд аажим боловч дэвшил гарч байгаа. Гэвч хүн амын ихэнх хэсэг социализмын үеийн дүлий плитка, асвал зогсдоггүй хөргөгч, жирэлздэг зурагт, зил130 машинтайгаа байна. Эдгээр хуучин хэрэгслүүд бол цахилгаан эрчим хүчний ёстой “мангасууд” билээ. Тэдгээрээс хэдэн 10 дахин бага цахилгаан хэрэглэдэг тоног төхөөрөмж, ахуйн хэрэглээ манайд нэвтрээд байгаа. Үүнд ард түмнийг ойртуулж дасгахын тулд өргөн хэрэглээний тухай сурталчилгаа, зээлийн худалдаа бусад системтэй арга хэм хэмжээ хэрэгтэй байна. Монголчууд дуслаас далай болдог гэж ярилцдаг. Эрчим хүч хэрэглэгч хэрэгслийн парк шинэчлэл бас энэ салбарын чухал зорилт.
Цахилгаан, дулаан, усан хангамжийн хэрэглээг хэмждэг орчин үеийн тоолуурыг яаралтай нэвтрүүлэх хэрэгтэй. Цагийн гурван хэмжүүрт цахилгаан тоолуур бол хэрэглэгчийг арвич хямгач байдалд дадуулах, овсгоолог байдалд сургах сайн “багш”
төдийгүй, нийт системд томоохон хэмнэлт гаргах суурь хэрэгсэл юм. Түүнийг хэрэглэж буй анхны айл өрх, албан байгууллага, оргил ачааллаас нь аль болохоор зайлсхийн, хямд цахилгаан хэрэглэж сураад байна.
Хүн гарч өрөө тасалгаа эзэнгүй болоход цахилгаан хэрэгсэл нь өөрөө унтардаг сенсорт удирдлага байдаг. Энэ мэт хэрэглээг үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн хүнд Хөдөлмөрийн баатар цол олгоход ч буруудах юун. Эрчим хүчний хэрэглээний урьдчилсан төлбөрийн тогтолцоог нэвтрүүлэх нь чухал байх. Төлбөрийн энэ хэлбэрийг Улаанбаатарын 100 орчим ААН-д нэгжид нэвтрүүлсэн.
Одоо тэдгээрт өр авлага гэх юм бараг алга. Энэ төлбөрийн системийг суурилуулах ажлыг монголчууд бид өөрсдөө хийсэн. Энэ бол бид юуг ч хийж чадахыг харуулж буй ганц ч жишээ. Үүнтэй холбогдуулж нэгэн саналыг хэлье .
Өнөөгийн эрх баригчид Эрчим хүчний салбараа заавал гадаадын иргэдэд хувьчлах гээд байх шиг. “УБЦТС” ХК-ийн балансын нийт өртөг ёсөн тэрбум төгрөг юм. Ийм хэмжээний хөрөнгийг манай иргэд гаргаж чадахгүй. Харин түүнийг дүүрэг дүүргээр нь
салгаж хувьчилбал манайхан хэнээс ч дутахгүй ажиллуулж чадна. Ерөөс эрчим хүчний салбарт арвилан хэмнэлтийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх үүднээс ЗГ-аас баталгаа олгох, зээл хөнгөлөлт үзүүлүүлэх зэрэг олон механизмыг тодорхой хугацаанд хэрэгжүүлбэл ихээхэн ач тустай алхам болох нь биз ээ.
Манай өнөөгийн эрчим хүчний үйлдвэрлэлт, нийлүүлэлт, хүрэлцээ муутай байгаа билээ. Хамгийн гол нь найдваргүй. Иймд эрчим хүчний эх үүсвэрийг олшруулж найдваржуулах нь хамгаас чухал байна. Нүүрс бол манай хамгийн элбэг, иймээс хамгийн хямд эх үүсвэр болоод байна. Гэхдээ энэ салбарт олон бэрхшээл бий. Шинээр томоохон уурхайнууд нээгдэхгүй байна. Налайх, Шарын гол нөөцөө бараг шавхаад байна. Ганц ажиллаж буй Багануурын уурхай нь Японы зээл тусламж дээр тогтож байна. Эндхийн тоног төхөөрөмж цөм Японых. Тэдгээрийн үнэ огцом нэмэхэд чухам юу болох нь тодорхой. Зээл тусламжаас хөрөнгө оруулалт олон дахин найдвартай байдаг. Иймээс “Ардчилсан холбоо” эвсэл хөрөнгө оруулалтыг илүүтэй дэмжиж байсан.
Орон нутгийн жижиг уурхайнуудад эдийн засгийн буруу бодлого үйлчилдэг байснаас тэдний хөгжил нэн сул дорой болжээ. Зарим аймаг бараг “алтан нүүрс” түлж байна. Иймээс эрчим хүчний салбарын иж бүрэн хөтөлбөрийн хүрээнд нүүрсний салбарыг
эдийн засгийн аргаар сэргээх арга хэмжээний жагсаалтыг гаргах хэрэгтэй. Бүх уурхайд инвентаризаци хийж, дотоод гадаадын хөрөнгө оруулагч нарын дунд тендер зарлан тэдэнд өгөх хэрэгтэй. Төсөвт мөнгө олох гэхээсээ, шинэ байгальд түшигтэй, цэвэр
технологи нэвтрүүлэх асуудлыг энд үндсэн шалгуур болгох юм сан.
Оргил ачааллын хэрэгцээг хангах хүчин чадалтай 50 Мваттын станцыг манайхан, хөрөнгийн эх үүсвэрийг олоод, байгуулж чадна гэж мэргэжилтнүүд ч ярьдаг юм билээ. Энд хамгийн гол нь эрчим хүч худалдан авах гэрээний асуудал байдаг. Гэхдээ эл гэрээг
ЗГ-тай хийх хүсэлтэй хөрөнгө оруулагч олдохгүй болов уу? Тиймээс үйлдвэрлэх, түгээх сүлжээг хувьчлах асуудал чухал болоод байгаа юм.
Газрын тосны салбарт хайгуул хийгдэж зарим нааштай үр дүн гарсан. Тиймээс эл газарт ажиллаж байгаа, цаашид ажиллах компаниудыг захиргааны аргаар боомилдог өнөөгийн практикаас татгалзаж, тэдэнтэй бүх талаар хамтран ажиллах бодлого
баримтлах хэрэгтэй. Бүх төрлийн татвараас чөлөөлөх хэрэгтэй бөгөөд бүтээгдэхүүн хуваах урт хугацааны гэрээг байгуулах нь зөв. Татвараас чөлөөлнө гэхлээр манайхан олон юм ярьдаг. “Соко ойл” манайд 8 жил ажиллаж байна. “Мөнгө олж байгаа гадны юмыг юуг нь дэмждэг юм, татвараар дарамтлаад бай” гэсэн байдлаар эрх баригчид хандаж байна. Гэтэл эд нар байгаагүй бол 80 сая ам.долларын хөрөнгө оруулалт Монголд орж ирэх байсан уу? Эд орж ирээгүй бол өчнөөн төчнөөн хүн ажлын байртай болох байсан уу? Эд орж ирээгүй байсан бол үндэсний боловсон хүчин бэлтгэж туршлагажих бололцоо бүрдэх үү. Эд орж ирээгүй бол улсын төсөв жил бүр хамгийн багаар бодоход 500 сая төгрөг орох байсан уу?
Газрын тос боловсруулах үйлдвэрлэл, түүнийг дагадаг тухайлбал химийн үйлдвэрлэлийн асуудал яригдаж эхэлнэ. Налайх, Эрдэнэтэд түүхий нефть боловсруулах үйлдвэрлэлийн талаар мэдээ байдаг. Үнэхээр энэ чиглэлээр ажиллаж байгаа бол бүрэн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Байгаль орчинд түшигтэй байх асуудал энд гол шалгуур байх ёстой. Ер нь тэгээд бизнес хийгээд мөнгө олж байгаа юм гээд
дарамтлаад байдаг нь төрийн бодлого хандлага гэхэд хэцүү байна.
Эрчим хүчний хамгийн ирээдүйтэй эх үүсвэр бол байгалийн хий билээ. Манайх энэ салбарт өөрийн нөөцгүй. Гэхдээ өөрийн нөөцгүй хэдий ч байгалийн хий ашигладаг олон улс орон бий. Тэднийг харах хэрэгтэй. Оросоос Хятад руу байгалийн хий дамжуулах хоолой Монголоор дамжихгүй бололтой. Их гүрнүүдэд өөрийн бодол байдаг биз. Гэхдээ савласан байгалийн хий оруулж ирээд хэрэглэх бололцоо бидэнд байгаа бөгөөд энэ чиглэлээр тууштай ажиллах хэрэгтэй Энд хамгийн гол нь өртөг зардал, борлуулалт, үйлчилгээний сүлжээ байгуулах асуудал байгаа юм. Зарим нэгэн компани энэ чиглэлээр санаачилга гаргаж байгаа бөгөөд тэднийг ялгаварлан гадуурхалгүй дэмжих нь МАХН-ын эрх ашигт нийцэхгүй байж болох боловч Монголын эрх ашигт нийцэх юм.
Атомын эрчим хүчний асуудлыг судлах хэрэгтэй юм аа. Шинэ сэргээгдэх эрчим хүч манай нөхцөлд боломжтой гэсэн эрдэмтдийн дүгнэлт байдаг. Нар, салхи, биомасс ялангуяа хөдөө орон нутагт тохиромжтой билээ. Салхин эх үүсвэрийн асуудал цөөн хэдэн аймагт /зүүн гурван/ бололцоотой гэсэн судалгаа байдаг. Эл бололцоог судлаад өөрөө эрсдэл хүлээгээд хөрөнгө оруулалт хийх хүнийг дэмжих нь зүйтэй.
“Ардчилсан холбоо” эвслийн үед 100 мянган нарны илч төслийг эхлүүлсэн. Манай инженерүүд юм бүтээж чаддагийн нэг тод илрэл гэж би их үнэлдэг. Тэдэнд санхүүгийн эх үүсвэр гаргаж өгөх, малчид бага зэрэг мөнгө эхлэн төлөөд үлдэгдлийг нь удаан хугацаанд төлөх схем боловсруулан уг төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Хөдөөгийн хүмүүсийн хараа эрт мууддаг дэнгийн гэрэлд амьдралаа өнгөрүүлдэгтэй холбоотой юм.
XXI зуунд эрх биш дэнгийн гэрлээс салмаар байна шүү дээ.
Усан цахилгаан станц гэж бас нэг үүсвэр бий. Зарим нэгэн сумдад жижиг усан цахилгаан станц амжилттай ажиллаж байна. Эгийн гол, Чоно харайхын станцыг байгуулах бололцоог бүрэн ашиглах хэрэгтэй.
Эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, эх үүсвэрийг олшруулахыг л бүтцийн өөрчлөлт гээд байгаа юм.
Эрэлт, нийлүүлэлтийг холбох хэрэгсэл бас чухал. Эрчим хүчний үйлдвэрлэл, түгээлт хувийн секторт очих ёстой. Харин дамжуулах сүлжээ нь улсын мэдэлд үлдэх ёстой. Төвлөрсөн маягаар хийж байгаа хөрөнгө оруулалт нь цахилгаан станцад биш харин энэ
дамжуулах сүлжээнд хийгдэх ёстой юм. Бүх сум, суурин газрыг хамарсан Нэгдсэн сүлжээ бидэнд хэрэгтэй байгаа юм. Өнөөдөр Дорнодоос Баян-Өлгийтэй утсаар ярьж болно. Онгоцоор нисээд очиж болно. Харин эрчим хүч дамжуулах бололцоо алга.
Нэгдсэн сүлжээ байгуулж чадвал Дорнодод үйлдвэрлэсэн эрчим хүчийг баруун аймгийн хэрэглэгч хэрэглэж болно. Хэрэглэгч нь үнэ ханшаар үйлдвэрлэгчдийг өрсөлдүүлэн, дуртай эх үүсвэрээсээ эрчим хүч худалдан авах бололцоог нэгдсэн сүлжээ хангах юм. Үүнийг бид эрчим хүчний салбар дэх дэд бүтцийн өөрчлөлт гээд байгаа юм.
Бид эрчим хүчний бүтцийн өөрчлөлтийн асуудлыг дэвшүүлэн тавихдаа урьд, хойт хөршийнхөө эрчим хүчний хэрэгцээг бас давхар бодсон юм. Энэ хоёр том зах зээлийн эрчим хүчний хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байна. Бид бүтцийн өөрчлөлтөө
хэрэгжүүлж чадвал дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй гадагш их хэмжээгээр экспортлох бололцоотой юм.
Өнөөгийн энэ салбарын өмнө зогсч байгаа асуудлууд маргааш үйлдвэрлэл, хөгжлийн асар их бололцоо юм. Тиймээс бид хувьчлахын тулд хувьчлах биш, харин эрчим хүчний салбарт бүтцийн өөрчлөлт хэрэгжүүлэх гэж эл асуудлыг дэвшүүлэн тавьсан билээ.
Хэрэгжүүлэх эсэхийг эрх баригчид нар мэднэ.