Гадаад айлчлалын талаар

- Төрийн өндөрлөгүүдийн (цаашид ТЭД) гадаад айлчлалыг иймэрхүү комментууд байнга дагалддаг болоод удаж байна. Харин айлчлал “тойрсон” албан ёсны мэдээ хүнд хүрэх нь ховор. Учир нь гадаад айлчлалын утга учрыг ойлгоод, олонд хүргэх чадвартай нь “өдрийн од” мэт бөгөөд тэд айлчлалын бүрэлдэхүүнд багтдаггүй. Асуудлаа мэддэг нарийн мэргэшсэн нэг нь биш харин “эзэн ээ” (шинэ/хуучин) магтан дуулсан эсвэл магтан дуулахаар гэрээтэй хэвлэлийнхэн, айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд “шагнал”-аар багтдаг нь нууц биш.

Гадаад харилцааны асуудалд



Нэгэн зүйл. “Тэнэж дуусдаггүй”, “үхсэнээ хийгээд хаашаа ч хамаагүй доншуучлаад явдаг юм”

– Төрийн өндөрлөгүүдийн (цаашид ТЭД) гадаад айлчлалыг иймэрхүү комментууд байнга
дагалддаг болоод удаж байна. Харин айлчлал “тойрсон” албан ёсны мэдээ хүнд хүрэх нь ховор.
Учир нь гадаад айлчлалын утга учрыг ойлгоод, олонд хүргэх чадвартай нь “өдрийн од” мэт
бөгөөд тэд айлчлалын бүрэлдэхүүнд багтдаггүй. Асуудлаа мэддэг нарийн мэргэшсэн нэг нь биш
харин “эзэн ээ” (шинэ/хуучин) магтан дуулсан эсвэл магтан дуулахаар гэрээтэй хэвлэлийнхэн,
айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд “шагнал”-аар багтдаг нь нууц биш.

Товчхондоо, ТЭД-ний айлчлалыг эсвэл үгүйсгэн гутааж, эсвэл хоосон магтаалаар иргэдийнхээ
“тархийг барих” маягаар гадаад харилцааг залах гэж оролддог болжээ. Хэн, хаанаас, ямар
зорилготой, яаж, ямар механизмаар дамжуулан гадаад харилцааны төвөгтөө асуудлыг олонд
“хүргэж” буй нь дангаараа том сэдэв бөгөөд нухацтай судлууштай.

Нэгэн зүйл. “Явсан нохой яс зууна” гэгчээр нөхцөл байдал ямар ч байсан ТЭД гадаадад байнга
явж байх ёстой гэж би үздэг. Хамгийн энгийн үндэслэл нь тэд явж газар үзэж, нүд тайлж
байг. Арай гүнзгий тайлбар гэвэл, дэлхийн шинэ дэг журам бүрэлдэж байна: улстөр, цэрэг,
идеологи ба эдийн засгийн хүчний шинэ төвүүд тодорч, тогтсон төрөл бүрийн эвсэл, холбоодын
бүтэц бүрэлдэхүүнд том өөрчлөлтүүд орж, улс орнууд улам бүр талцаж, туйлширч байхад,
зөрчил, асуудлыг шийдэх механизм, инститүциуд ажиллахгүй (эсвэл ажлуулахгүй, эсвэл дэндүү
хуучирч хоцрогдсон) буй орчин хийгээд цаг үед хариулт нэхсэн цөөнгүй асуулт, асуудлууд байгаа
юм.

Ингэхдээ нэг тодруулга бий: Монгол улс нь далайд гарцгүй, хоёр их гүрний дунд жийргэвч,
тэдний болон бусад том, жижиг тоглогчдын анхааралд өртсөн, цөөн хэдий ч төвлөрөлд асар
хурдан автаж буй хүн амтай, байгалийн баялаг нилээдтэй, харьцангуй асар удам газар нутагтай,
жижиг, нээлттэй эдийн засаг бүхий парламентын засаглалтай, унитар улс юм.

Эл өгөгдлөөс үүдэн:

  • Аль нэг талд орохгүй, аль нэг талыг барихгүй гэсэн байр суурь хэр зөв вэ? Энэ байр суурь нэг
    хэсэг яригдаад бөхсөн нейтралитет гэдгээс өөр үү?
  • Хоёр их гүрний дунд буй Монгол ганцаардан хавчигдан салангарч, изоляцид үлдэх аюултай
    юу?
  • Олон улсын хэм хэмжээ, дэг журмыг, бараг хэн дуртай нь үгүйсгэн (өөртөө таалагдахгүй
    нөхцөлд), уландаа гишгэдэг болсон нөхцөлд олон улсын байгууллагад найдах хэрэг байна уу?
  • Олон улсын хэм хэмжээ байлаа ч түүнийг хэрэгжилтийг хангаж чадах дэлхийн жандарм
    байхгүй болсон нөхцөлд ямар баримжаатай байх вэ?
  • Бид өөрсдийн эдийн засгийн болон аюулгүй байдлын эрх ашгаа хэрхэн хангах вэ?
  • Түнш, үзэл бодол, үнэт зүйлс нэгтэй улс орнуудтай сэтгэл түгшээсэн, ярвигтай асуудлын
    шийдлийг хамтран хайх, олон улсын хэм хэмжээг шинэчлэн тогтоох арга зам байна уу?
  • Монгол улсын өөрийн гэсэн заяагдмал болон үүсмэл эрх ашигтай, түүнийг нь хүндэтгэх
    ёстойг хоёр хөрш, дэлхийн хамтын нийгэмлэгт хүргэх, хүлээн зөвшөөрүүлэх арга зам юу байх
    вэ?

Энэ мэтчилэн олон асуулт хөврөн гарч буй хийгээд эдгээрийн хариулт “үндэсний аюулгүй
байдлын” болон “гадаад бодлогын үзэл баримтлалд” тусгагдсан гэж үзэж болох юм. Гэхдээ, энэ
хоёр баримт бичиг хэлэлцэн батлагдаж байсан цаг үе, өнгөрсөн хугацаа зэргийг харгалзан үзвэл
тодорхойгүй зүйлс бишгүй буй. 30 байтугай гурван жил гурван сарын өмнөх
ойлголт “хоцрогдоод” байна.

Миний хувьд эдгээр асуултын хариуг өгөх зорилго алга, харин ТЭД яагаад гадаадад айлчилж
байх ёстойг л тайлбарлах гэсэн юм.

Монгол улс нь их ба дунд гүрнүүдийн тоглоом болчихгүйн тулд хэн нэгний вассал, эсвэл
төлөөний (proxy) улс байх ёсгүй, тэдний сөргөлдөөн зөрчилдөөнд аль нэг талыг дэмжихгүй,
харин олон улсын харилцааны бүх субьектуудтай, ямар нэгэн байдлаар харилцаанд тасралтгүй,
идэвхтэй оролцож байх нь зүйтэй. Эс бөгөөс бид шийдэл биш, харин өөрөө өөртөө асуудал
болно. 

Хаана, юу болж байгаа нь бидэнд хамаагүй, “нүдэн балай чих нь дүлий” байх бодлого барихгүй
гэдгээ Монгол бодитой нотолж байх ёстой. Монгол нь  аль нэг талд орохгүй, аль нэг талыг
барихгүй гэж туйлшрахгүй ээ, олон улсын харилцааны бусад субъектуудтай уялдаа, харилцаа
холбоотой байхыг эрмэлзэгч, ажил хэрэгч оролцогч, аливаа зүйлийг ухаалгаар, прагматик
байдлаар тооцоолж, алсын бодолтой байж, олон улсын тогтсон дэг журам дүрмийг дэмжигч,
аливаа асуудлыг тэр дэг журмын хүрээнд шийдвэрлэж байхын төлөө идэвхтэй гадаад бодлого
хэрэгжүүлэгч, тусгаар улс гэдгийг бидэнтэй харилцагч бүх талууд нэг мөр ойлгож, хүлээн
зөвшөөрч байх нь чухал билээ.

Бид proxy биш, бид сэтгэлийн хөдөлгөөнд автагдаад байдаг улс биш, эргэж буцдаг, урван
шарвадаг биш гэдгийг хэдий чинээ олон улс мэднэ, төдий чинээ манай аюулгүй байдал хангагдах
юм.

Энэ байр суурь, хандлагаа харилцагч талуудад байнга таниулах, үйл ажиллагаагаараа нотолж
байх нь Монголын гадаад бодлогын язгуур юм.

Заримдаа аль нэгэн харилцагчтайгаа санал нийлэхгүй байх нөхцөл үүссэн ч манай түншүүд нэг
зүйлийг сайн мэдэж байх ёстой: хэрвээ бид дуугарч, ямар нэгэн үйлдэл хийж байгаа бол Монгол
Улс “хэн нэгний гар хөл” болж байгаа биш, харин баримталж буй зарчим, байр сууриа л
хамгаалан илэрхийлж байгаа юм. Монголыг дарамтлах, шахах, хүчлэх гэсэн гаднын оролдлого
нь Монгол Улсын хувьд, баримталж буй байр суурин дээрээ улам тууштай зогсох ёстойн дохио
болно. 

Эл ойлголт, ийм байр суурь хаа хаанаа ойлгомжтой болсон нөхцөлд Монголд ирэх дарамт
суларна. 

Нэгэн зүйл. Гадаад бодлогыг нэг “цонхоор” дамжуулан хэрэгжүүлэхийн тулд төрийн бодлого
тодорхойлогчдын нэгдмэл, нэгдсэн байр суурь чухал билээ. Бидний гадаад бодлого нь (гадаад
эдийн засгийн харилцаа) олон толгойтой, эв нэгдэлгүй байдлыг гаднынхан өлхөн олж тогтоож,
яаж ч эргүүлж чадна. Тиймээс гадаад бодлогын асуудлаар мэтгэлцэх, санал зөрөлдөх зэрэг нь
тодорхой цэг хүрээд зогсох ёстойг УИХ-аас сумын иргэдийн хурал, гүйцэтгэх засаглалын бүх
түвшинд бүрэн ухаарч, хэрэгжүүлэх ёстой. 

Нэгэн зүйл. Дэлхийн дэг журам огцом өөрчлөгдөж глобал жандарм үгүй болоод удаж байна. Бид
ямар нэгэн “хэрэгт” холбогдох юм бол биднийг аврах гэж ирэх анд нөхөр байхгүй. Биднийг
хамгаалах (сайн санааны үүднээс) анд нөхөд энэ тэнд байгаа гэж горьдоод огт хэрэггүй. Түүх ч,
сүүлийн үеийн олон улсын харилцааны өрнөл үүнийг нотолж байна.

Тиймээс улаан нүүрээрээ асуудалтай нүүр тулан, ямар нэгэн дэмжлэг туслалцаагүй үлдэх нөхцөл
байдалд бид хэзээ ч орж болохгүй. 
-    Тиймээс бид үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд бүх л бололцоогоо дайчлан,
ухаалаг шийдлүүд тасралтгүй хайж олох ёстой. Монголын төлөө дуугарах, бидний талд зогсох
сонирхол манай түншүүдэд байх ёстой бөгөөд эл бодиттой сонирхолыг Монгол Улс өөрөө
төрүүлэх ёстой.
-    Тиймээс бид батлан хамгаалах зардлаа гаргах л ёстой. Олон улсын энхийг сахиулах үйл
ажиллагаанд оролцох ёстой. Монголыг түрэмгийлэхэд гарах зардал нь олох хожооноос нь
хэтэрхий өндөр, илүү байлгах хэмжээнд бид батлан хамгаалах хүчээ бэхжүүлэх ёстой. 

Нэгэн зүйл. Эдийн засгийн аюулгүй байдлаа хангахын тулд бид гаргах ёстой зардлаа гаргах
ёстой, бид өөрсдийн эрх ашгаа зоригтой хамгаалах ёстой, бид эв нэгдэлтэй байж, эдийн засгийн
хувьд хөл дээрээ бат бөх зогсохыг тэргүүн зорилт байлгах ёстой. Энэ нөхцөлд бидэнд дайсан
гэж үгүй байх юм.

Монголын онцлог, дээр дурдсан шинж чанараас хамааран бид эн тэргүүнд хоёр хөршөө бодолцох
ёстой. 

-    Монгол, Орос, Хятадын хувьд нийтлэг эрх ашиг байгаа: эдийн засгаа тогтворжуулах,
хөгжүүлэн бэхжүүлэх, ингэхдээ хэн нэгнээ золиосолж биш, харин дэмжин тусалж байх
ёстой. Найрамдалтай байя, шудрага худалдаа наймаагаа чөлөөтөй хийж байя гэж эрт дээрээс
бидний өвөг дээдэс бусдад уриалдаг байсан,
-    Дэлхийн эдийн засаг, санхүүгийн байдал тааламжгүй байсан ч, Монгол улс хоёр хөршийнхөө
эдийн засагт тулгуурлан байнга өсөх бүрэн боломжтой.

  • Бид хоорондын хөрөнгө оруулалт худалдаанд саад болж буй тарифыг буулгаж болно. 
  • Эдийн засгийн интеграцыг урьтал болгон, хөрөнгө, мэдлэг туршлага, мэдээлэл,
    жуулчины чөлөөт солилцоог хөхиүлэн дэмжиж байх ёстой. 
  • Хамтарсан төслүүдийг, ялангуяа зам тээвэр, эрчим хүчний зэрэг дэд бүтцийн төслүүдийг
    хэрэгжүүлэх хүсэл бүгдэд нь байгаа. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхдээ гуравдагч орны
    хөрөнгө оруулалтыг татан ашиглах бололцоог эрэлхийлэх нь нийтлэг сонирхол юм. 
  • Цахим шилжилт, цахим эдийн засагт бэлэн байх нь гурван улсын нийтлэг эрх ашигт
    нийцэх бөгөөд Монголд эл чиглэлээр төрөл бүрийн пилот төсөл хэрэгжүүлэхийг Хятад,
    Орос дэмжинэ. 
  • Тогтвортой болон ногоон хөгжлийн хүрээнд хамтран ажиллах зөндөө боломж байна. 

Эдгээр нь хэрэгжихийн урьдчилсан нөхцөл нь гурван талын чин хүсэл болон итгэлцэл юм. Энэ
чин хүсэл  ба итгэлцлийг хангахад л Монголын гадаад бодлого бүх бололцоогоо дайчлах ёстой. 

Нэгэн зүйл: Соёлжсон иргэншлээс хоцрогдохгүйн тулд гуравдагч хөршийн бодлогоо агуулга ба
хэлбэрийн хувьд баяжуулах ёстой бөгөөд эл бодлого нь, юуны өмнө, хоёр хөрш, ер нь хэн нэгний
эсрэг биш гэдгийг практик үйлдлээр нотолж байх ёстой юм. Үүнийг хоёр хөрш маань ухааран,
хардан сэрдэхгүй байх ёстой юм. Хоёр хөрш маань эх гүрний бодлого, зөрчил, сөргөлдөөндөө
Монголыг татан оруулахгүй байх нь өөрсдөд нь чухал гэдгийг хүлээн зөвшөөрхийн хамт, том
гүрэн хөрш зэргэлдээ, жижиг улстайгаа найрсаг, нөхөрсөг, харилцан ашигтай, хамтарч чаддагийн
үлгэр жишээ болох ёстой юм. 

Олон улсын байгууллагын үйл ажиллагаа доголдолтой, хангалтгүй байгаа ч тэд манай гадаад
харилцаа, бодлогын чухал хэрэгсэл учраас бид олон улсын хэм хэмжээ, эрх зүйг бүхийл
боломжоороо дэмжиж өөрийн нөөц бололцоогоо (мэдлэг туршлага, авьяас, боловсон хүчин,
манлайлал) дайчлан, хуваалцах ёстой.  Бүс нутгийн хамтын ажиллагаанаас Монгол хоцрох ёсгүй
юм. Энэ утгаар, жишээ нь, RCEP (the regional comprehensive economic partnership) зэрэг бүс
нутгийн олон талт хамтын ажиллагааны үйл ажиллагаанд зоригтой хамрагдах нэгдэх ёстой.
Эдийн засгийн томоохон интеграцид хамрагдах боломж эндээс эхэлнэ. 

Төгсгөлд нь: дээр дурдаж буй санал, арга хэмжээг хэрэгжүүлэх амаргүй хэдий ч бид өөрсдөө
идэвх чармайлт, санаачилга гаргах ёстой бөгөөд түүний нэг илрэл нь ТЭДний гадаад айлчлал
юм. Монголчууд гадагш сайн явах ёстой. Дэлхийн эдийн засгийн хүчний харьцаа чиглэлийг
соргогоор анзаарч ажиллах ёстой. Гадаад харилцааг эдийн засагжуулах концепцыг орхих ёсгүй. 
Ийм л байр суурь бидний урагшлан хөгжихийн баталгаа юм.