Үгүйлэгдсэн удирдагч

Уламжлал ёсоор, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын эсрэг ээлжит шуугиан эрс нэмэгдлээ. Тэдний үйл ажиллагаанд харамсах, сэтгэл дундуур байх, шүүмжлэх тэр ч байтугай огцруулахад хангалттай шалтаг шалтгаан байгаа. Энэ фон дээр, яагаад монголчуудын хувьд сайн лидер, сайн мөрөөдөл төдий зүйл болоод байгаагийн учир шалтгааныг хайх, нухацтай хэлэлцэх ёстой юм.
Images

Уламжлал ёсоор, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын эсрэг ээлжит шуугиан эрс нэмэгдлээ. Тэдний үйл ажиллагаанд харамсах, сэтгэл дундуур байх, шүүмжлэх тэр ч байтугай огцруулахад хангалттай шалтаг шалтгаан байгаа. Энэ фон дээр, яагаад монголчуудын хувьд сайн лидер, сайн мөрөөдөл төдий зүйл болоод байгаагийн учир шалтгааныг хайх, нухацтай хэлэлцэх ёстой юм.

Сүүлийн гуч гаруй жилд Монгол Улсын засгийн газрын дундаж насжилт 1.8 жил байсан гэдэг бөгөөд 2008 оноос хойш гэхэд л яамдын сайд нар 7-10 удаа солигдсон байна. Сайдаа дагаад яамны аппаратын боловсон хүчин мөн хөдөлгөөнд ордог “уламжлал” тогтсон билээ. Төрийн алба нь одоо болтол зүгширч төлөвшөөгүй манай улсын нөхцөлд Ерөнхий сайд, сайд нар үргэлж солигдож байх нь тийм ч таатай зүйл биш бөгөөд урт хугацааны бодлого хэрэгжүүлэх, бодлогын залгамж чанарыг хадгалах тухай ярих нь утга багатай. Ямар сайндаа л Монголын төр тухайн салбарт ямар бодлого баримталж буйг гаднын, олон улсын байгууллагын хүмүүс хэлж өгдөг гэсэн гунигтай түүх байхав дээ.

Ер нь засаглалын хямрал ганцхан Монголыг нөмөрч буй гэвэл алдас болно. Дэлхий даяар л иймэрхүү процесс ажиглагдаж байна. Миний бага зэрэг гадарлах Их Британи улсад сүүлийн 8 жилийн дотор долоон Ерөнхий сайд солигдов. Төрийн алба нь тогтсон, жигдэрсэн улс болохоор засаг солигдохоос нийгэмд учрах хохирол харьцангуй л даа.

Грешамын хууль буюу “муу мөнгө нь сайныгаа гүйлгээнээс шахдаг” гэдэг нь засаглалын бүх шатанд мөн үйлчилдэг юм биш биз? Хүн мал нь давжаарч байна гэж ахмадуудаас олонтой сонсож байлаа. Арай гайгүй лидерүүд нь шахагдсаар, “давжаарсан” хэд нь төр засгийг бидний нэрийн өмнөөс бужигнуулаад байна уу? Гайгүй, сайн лидерүүд хаачив, яагаад “манай ажил нэг иймэрхүү” болчих воо? Ямар ч болсон миний нүдэнд ил харагдаж буй хэдэн шалтгааныг тоочъё.

  1. Төр хамгийн том ажил олгогч буюу эдийн засаг дэх төрийн оролцоо хэрээс хэтэрсэн. Бизнесийн орчин муу учраас төр төсвийн том тогоонд ойрхон байх нь чадалтай, чадал муутай хүмүүсийн зорилго болжээ. Уул ёсондоо, төрд байснаас бизнест байх нь хамгийн ашигтай: санхүүгийн хожоо өндөр, олны өмнө “дотуур хувцасаа тайлах” бараг шаардлагагүй, олны нүдэнд өртөхгүй хэдий ч асар их хөрөнгө захиран зарцуулаад тансаг амьдрах боломжтой. Гэтэл төрийн албанд л гарын үсэг зурдаг ямар нэгэн албанд очих хүсэл олны мөрөөдөл болжээ. Улс, орон нутгийн төсөв, томоохон хөрөнгө оруулалтаас “тонших” хүсэлтэй нь төрийн алба тийш мацаж, хэний ч “бөгсийг долооход” бэлэн. Эрх мэдлээ хадгалах, улмаар тэлэх шуналдаа идэгдсэн, тодорхой нэр бүхий хүмүүс төрийн оролцоог тасралтгүй нэмэгдүүлж ирсэн.
  2. Төрд гарч ирсэн хүмүүсийн цалин хангамж ба авлига “урвуу” хамааралтай. Эрхэм гишүүдээс сайд, газар агентлагийн дарга хүртэл цалин хөлс нь харьцангуй бага юм. Эх оронч дүр эсгэсэн эрхэм гишүүд цалингаа нэмэхийг “ичээд” хөндөж чаддаггүй. Гэхдээ орлогоо далдуур, өөр арга замаар нөхдөг. Жишээ нь, цавчаа, хандив, мэдээлэл худалдах, ивээн тэтгүүлэх, дайлуулах, бэлэг сэлт, албан тушаалын хаяалга, зөвлөх, эхнэр хүүхэд, хамаатан садангаар дамжсан бизнес зэрэг ил далд түмэн хэлбэрээр “нөхөн төлбөр” авдаг тухай судалгаа байдаг. Төрийн албан хаагч нар мэдээлэлд ойрхон учраас, жишээ нь, өөрсдөө биш юм аа гэхэд үр хүүхэд, хамаатан саднаа төрийн сангийн зээлээр сургууль соёлд, “арын хаалгаар” явуулах, бусдын боломжийг хаах нь хэвийн үзэгдэл болсон. Ямар ч болсон төрийн албанд өгч буй цалин зах зээлтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүрээгүй байхад, авлига гэх мэттэй тэмцэнэ гэдэг хоосон уриа, олны тархи угааж буй хэрэг. Үнэхээр чадалтай, ажил хэргийн өндөр мэдлэгтэй, ёс зүйтэй, шилдгийн шилдгийг төрд татаж чадах механизм нь бүрдээгүй бол төр засаг тогтвортой байх зэргийг мартууштай.
  3. Хэвлэл мэдээллийн үүрэг ба улс төрчийн дүр төрхийг орхиж болохгүй ээ. Шилдэг лидерийг тодруулах, дэвшүүлэн гаргаж ирэх процесс нь “хамгийн гоё сав баглаа боодол” шалгаруулж байгаа мэт болсонд орчин үеийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл буруутай. Наран туул, барс, долоон буудлын эцэст зарагддаг “хятадын хулхи” бараа шиг “улстөрчид”, нэр дэвшигчдийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, политтехнологийнхон үнсгэлжин гоо, юүдэн гөгөө гэж андуурмаар өнгөлөн тордож, нийтийн хүсэмжит бараа болгож чаддаг болжээ. Ийм орчинд, улс төрчийн ноён нуруу, чигч шулуун зан зэрэг мөн чанарын хэмжүүр огт хэрэггүй бөгөөд өнгөцхөн, дур булаам байдал, сэтгэл хөдлөлийг илүүд үздэг. Хэрвээ манай өнөөгийн улс төрд Тэмүүжин, Жамуха, Черчилль эсвэл Рузвелт өрсөлдсөн бол сонгогдох шанс байхгүй ээ.
  4. Уламжлалт ХМХ сонин, телевизээс гадна интернэт, нийгмийн сүлжээ орчин цагийн төр, засгийн мөн чанарыг нөхцөлдүүлдэг боллоо. Том дарга нар чухал асуудал дэвшүүлэн олонд хүргэх гэхлээр нийгмийн сүлжээний түмэн сувгаар шүүлтүүрлэгдэн, зөв буруу сорчлогдон, тайлбарлагдахаас гадна ихэнх тохиолдолд санаатай мушгин гуйвуулалтад орж эцэстээ, эзэн нь өөрөө хүртэл танихгүй, өлийсөн мессеж гэхэд хэцүү юм болно. Цуурхал, худал хуурамч мессеж гэрлийн хурдаар тараах тун таатай хөрс нь нийгмийн сүлжээ юм. Төр засгийн төлөөлөгч өчүүхэн хазгай гишгэхэд нийгмийн сүлжээ тэр дор нь шүүрэн авч, “сэвсээр”, “уулын чинээ хар” болон хувирч, эцэст төгсгөлд нь төр засаг буруутай болж, улмаар төрөө дээдлэх, хүндэтгэх, төрдөө итгэх итгэлийг үгүй болгоно. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шууд утгаараа хэрэгжиж буй нь энэ. Популист биш бол нийгмийн сүлжээнд нэр төрөө хадгалах шанс тун ховор болсон гэдгийг улстөрчид байнга анхаарах ёстой.
  5. Нийгмийн хүлээлт өөр болжээ. Тав тух ба аюулгүй байдал гэдэг ойлголтыг орчин үеийн нийгэм эрс хувиргасан. 1911, 1921, 1990 оны хувьсгалд гардан оролцож байсан хүмүүс нь анхандаа ямба, эрх мэдэл албан тушаалд шунаж гарч ирээгүй юм. Улс орон, ард олны эрх ашиг, орших эс оршихын асуудал хөндөгдөж байсан учраас өөрсдийн амь насаа огоорон, чин зоригоороо тодорч, жинхэнэ лидерүүд болж байсан. Харин өнөөгийн нийгмийн хүмүүс хөгжил дэвшил, аюулгүй байдал, тав тух байж байх ёстой, миний заяагдмал эрх гэж ойлгодог, тэр хэмжээний хүлээлтийг үүсгэж байгаа. Үүнд буруу байхгүй л дээ. Миний амьдрал ахуйг хөндсөн ямар нэгэн асуудал шийдэх гэж байгаа бол Ерөнхий сайд надтай заавал урьдчилан зөвлөлдөж ярилцах ёстой гэж шинэ үеийнхэн үздэг болсон. Энэ ч бас буруу биш. Эл нөхцөлд нийтийн эрх ашгийг биш харин амин хувийн явцуу ашиг сонирхол, эрх мэдлээ хадгалах гэсэн хэсэг нөхөд хүний чихэнд чимэгтэй бүхнийг амлан, чихэн дээр нь хэн сайн цэцэг ургуулах вэ гэсэн шоу нэвтрүүлгийн оролцогч болсон. Бусдад гашуун ч гэсэн чармай үнэнийг хэлээд өгөх, хатуу чанд шаардлага тавих, бусдыг ялгаварлан гадуурхалгүй төрийн төмөр нүүрийг харуулж чаддаг лидер тодрох амаргүй байх аа.
  6. Өнөө маргаашаар л хоног өнгөрөөн, аргацаах тактикаас өөр шийдлийг ухар мөчид бодолтой улстөрчид санал болгож чадахгүй байна. Өнгө мөнгө, булхай луйварт автагдсан “монголын сонгуулийн ардчилал” нь алсыг харж, шаардлагатай үед хүнд бэрх сорилтыг нүүрлэх хэрэгтэйг ард олондоо үнэн бодитоор тулган хэлэх биш, харин өнөөдрийг л даван гарах алхмууд эрж хайдаг засаг төр, төр барих арга замд хөтөлдөг бололтой. Санхүүгийн хувьд даахын аргагүй, тиймээс хэзээ ч бүтэшгүй амлалтыг баруун солгойгүй тарааж чаддаг, хүнд хэцүү эр зориг, хөлс хүч шаардсан шийдвэрээс зайлсхийх, тойрон зугтах, хойш тавих зэрэг нь төр барих орчин цагийн үндсэн хэрэгслүүд гэлтэй. Олон нийтийн санал асуулга, нийгмийн сүлжээнд дэх сенсацаар луужингаа хийдэг улс төрчид үүрэх ёстой ачаа, тоо ёсоор нь эдлэх ёстой зовлонгоо ирээдүй үедээ дамжуулан шилжүүлж буй нь тун харамсалтай.
  7. Төрийн нэр хүнд бүдгэрч буй учир шалтгаан нь дээр хөндсөн бараг зүй тогтол гэмээр үзэгдлүүдтэй уялдаатай. Төрөө дээдлэн, сүлдэндээ мөргөдөг соёлтой монголчууд формал удирдагч нараа хошин шогийн бай болгож, гутаан доромжилж, түүнийгээ хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө гэх мэтээр халхалж буй гунигтай. Ерөнхийлөгч, ерөнхий сайд руу сүрэглэн дайрч гутаан доромжилж байгаа аливаа үйлдлүүд нь ил далд ухамсарын хүрээнд төрд итгэх итгэлийг саармагжуулан бөхөөж байгаа юм. Нөгөө талаас, төрийг төлөөлөлж буй эрхмүүдийн мэлмий тунгалаг, үг үйлдэл нь зөв байсан бол товчхондоо дээдэс “суудлаа олоод” заларсан бол арай ч ийм байдалд орохгүй л байсан даа.

Дээрд дурдсан бүхнээс нэг асуулт өөрийн эрхгүй гараад байна: бидний нэрийг барьж төрийг залж буй “дээдсийг” хэн сонгосон юм вэ? Ямар ард түмэн байна яг тийм засаг, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байгаа. Бидний, иргэн таны хийсэн сонголтоор орчин цагийн “лидерүүд” тодорсон. Сонгуульд оролцох, сонгох эрхээ хариуцлагатай эдэлж чадсан уу, Та? Хүнд хэцүү ч, сэтгэл хөдлөлдөө авталгүй, чихэнд чимэгтэй уриа лоозонд хуурталгүй, эрээн барааныг ялган салгаж, хариуцлагатай шийдвэр гаргаж чаддаг иргэн хэд билээ? Өнгө мөнгө гэхээс агуулга мөн чанарыг чухалчилдаг нийгэм босгож чадах уу? Тийм эр зориг бидэнд байгаа юм? Хүн сүргийн гишүүн байх эсвэл эрх чөлөөт иргэн байх сонголтоо хийхийн тулд аливаа асуудал, юмс үзэгдлийг эргэцүүлэн бодох чадвартай байх, зөв хүнээ зөв цагт дэмжин тодруулж, зөв местд нь тавьж чаддаг сонголтыг хийж сурах үүний тулд өөрийг тасралтгүй боловсруулан хөгжүүлэх сэтгэлийн тэнхээ бидэнд хэрэгтэй байна даа.

Хэрвээ Та алиалагч, бардам сагсуу, хутган үймүүлэгч, зальт, зусарч, бялдууч, луйварчин хүнийг сонгож, санаалаа өгсөн бол Та байгаа бүхнээ тууж тавиад зогсохгүй, улс орноо ч мөхөлд дөтлүүлнэ. Монголын нийгэм нягтралгүй, тарсан бутарсан, сул дорой төр засагтай бол төдий чинээ бид бусдын идэш болно. Хариуцлагаа бүрэн ухамсарласан иргэд л үгүйлэгдсэн удирдагчийг тодруулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *