АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮДЭД ХҮРГҮҮЛЭХ ИЛ ЗАХИДАЛ

Саяхан нэр хүнд бүхий байгууллагын хийсэн судалгаагаар дотоод ардчилал нь “ноль” заасан намаар ганцхан Ардчилсан нам л тодорчээ. Намын нэрийг барьж МАН-аас Засгийн газарт албан тушаалд очоод “дотроос нь хянана, эдийн засгийг сэргээнэ, эрч чөлөөг мандуулна” гэж улиглах Лу.Гантөмөртөнгүүдийн “хурдтай хөгжлийн төлөөх зохиол”-д Ардчилсан намын энгийн гишүүд, дэмжигчид, иргэд итгэж байгаа нь ховор.

АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮДЭД ХҮРГҮҮЛЭХ ИЛ ЗАХИДАЛ

2000 оны 12 дугаар сарын 6-ны өдөр ардчиллын чиг баримжаа бүхий таван нам нэгдэж, Монголын Ардчилсан нам хэмээх үндэсний хэмжээний улс төрийн хүчнийг үүсгэн байгуулсан. Түүхт энэ өдрийн мэндийг намын нийт гишүүд, дэмжигчдэдээ хүргэж мэндчилье.

Өнгөрсөн 24 жил, Ардчилсан намын хувьд ёстой л “шуудайд хийсэн үхрийн эвэр” мэт намын удирдлагад сандайлсан хэдхэн хүний хувийн эрх ашгийг эвлүүлэх гэсэн ороо бусгаа он жилүүд байлаа. Намын дунд, анхан шатанд чармайн зүтгэсэн гишүүд маань хийсэн ажилтай, хэлэх үгтэй хэдий ч Ардчилсан нам маань өнөөдөр удирдаж буй үлбийсэн, МАН-ынханд хүзүүнээсээ “сайд, дарга сэтрээр” дөрлүүлсэн хэдхэн улс төрчид шигээ гутамшигт дүр төрхтэйгөөр намын баяраа нуух шахуу, нэр төдийхөн тэмдэглэв. Ардчилсан нам амьгүй мэт, бусад намын жийрэг, живх төдий болсонд манай намын гишүүд, дэмжигчид ичиж бас зэвүүцсэндээ чимээгүй болсон бололтой. Саяхан нэр хүнд бүхий байгууллагын хийсэн судалгаагаар дотоод ардчилал нь “ноль” заасан намаар ганцхан Ардчилсан нам л тодорчээ. Намын нэрийг барьж МАН-аас Засгийн газарт албан тушаалд очоод “дотроос нь хянана, эдийн засгийг сэргээнэ, эрч чөлөөг мандуулна” гэж улиглах Лу.Гантөмөртөнгүүдийн “хурдтай хөгжлийн төлөөх зохиол”-д Ардчилсан намын энгийн гишүүд, дэмжигчид, иргэд итгэж байгаа нь ховор.

2000 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Ардчиллын төлөө намуудын нэгдэх Их хурал дээр “Ардчилсан нам цаашдын үйл хэрэг, үзэл баримтлалдаа хувь хүний сонирхлыг татах, хоосон амлахгүйгээр амьдралд нийцсэн бодлого хэрэгжүүлэх, давуу талаа зөв сурталчлах, эрх зүйт нийгэм байгуулах, үндэсний аюулгүй байдал, байгаль орчны асуудалд онцгойлон анхаарах ёстой” гэж тухайн үедээ нэгдлийн гол хүч нь болох МҮАН-ын даргын хувиар миний хэлсэн үг, зорилго бүр сураг алдарчээ. Эсрэгээрээ бид буруу зам руу будаа тээж, буцахдаа шороо тээх нөхцөл рүү орчихлоо. 

Тийм учраас миний бие иргэд, олон нийт, Ардчилсан намын гишүүд, дэмжигчидтэйгээ санал бодлоо хуваалцах, мөн шийдэл гарц хайх ёстой гэж үзэн байр сууриа ийнхүү илэрхийлж байна.

Ардчилсан намын дээд шатанд чухам юу болж байгааг ганц л үгээр илэрхийлбэл, АЙДАС. Намын шат шатны хурлаа хийхээсээ айдаг, бүгдийг хуйвалдаанаар шийддэг болжээ. Товчхондоо, намын жирийн гишүүд болон сонгуульт гишүүддээ итгэхгүй буйгаа нь л тэр. Намаа шинэчлэн зохион байгуулах, чанарын дараагийн шатанд гаргах боломж олгосон Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хамтарсан хэмээх Засгийн газраасаа хууль санаачлан байж хойшлуулсан нь нэгийг хэлж буй за. 

Ер нь улс төрийн намууд нийгмийнхээ хөгжлөөс хоцрогдож, нийгмээ хойш нь татагч болж хувирлаа. Иргэдийн дийлэнх нь намуудыг харааж зүхэж байна. Намын загвар хуучирч, хатуу гишүүнчлэлгүй, гишүүнгүй нам байгуулах, намуудыг татан буулгах тухай ч нийтээр ярьдаг боллоо. Тэр ч байтугай эрх баригч нар хүчний байгууллагыг улс төрийн зорилгодоо ашиглах, Үндсэн хуулийн Цэц, шүүх, прокуророор улс төрийн шинжтэй шийдвэр гаргуулах замаар монгол төрийн институтүүдийг улс төржүүлж, иргэдийн итгэлийг хөсөрдүүлж, талцуулж байгаа нь туйлын харамсалтай.

Мэдлэг, боловсролтой чадалтай залуусаа тордож, сургаж, хөгжиж дэвших боломжийг тас хааж, “цүнх баригч” нарыг өөгшүүлэн, Ардчилсан намыг хэдхэн хүний ХХК адил болгож, вакуумжуулах боллоо. Шинэчлэл, шинэтгэлийн өмнө намынхаа хаалга, цонхыг таг хаасан энэ байдал нь дарга дагаж намын нэр нүүрээр Монгол төрийн эрх мэдэлд хүрэх гэсэн увайгүй зорилго бүхий бүхэл бүтэн давхарга бий болгочхоод байна. Ардчилсан нам “ардчилсан” гэхээсээ МАХН-ын хуучин загварыг хуулбарлан хэдхэн улстөрчид, тэдний аялдан дагагчдын (фракцын) пирамид бүтцийг хэрэгжүүлж байна. Хүчтэй фракц байгуулж намаа нэгтгэх гэсэн оролдлого явцгүй гэдгийг бид өнөөдөр харлаа, биеэрээ мэдэрлээ. 

Иймд, алдаагаа засахын тулд цаашид яах вэ гэдэгт хүн бүр өөр өөрийн хариу шийдэл гаргана биз.  Миний хувьд дээр дурдсан зүйлүүдийг үндэслэн Ардчилсан намын, мөн Монголын улс төрийн төвшинд хэд хэдэн шийдлийг санал болгож байна.

– АН нь төрийн эрхийг авахын төлөөх бүлэглэл бус, харин иргэдийн дуу хоолой, тэдний өргөн оролцоог төрд хангадаг ГҮҮР байх загварыг сонгох цаг болсон. 

– Гишүүдээ нэгэн зорилгод зангидах үзэл санаа, өнөө цагийн үнэт зүйлс чухам юу байх талаар өргөн хүрээнд хэлэлцүүлж, дахин тодорхойлох замаар АН-ын улс төрийн үзэл баримтлалыг шинэчлэх нь зүйтэй юм. Намын дүрэм, зорилт, зорилгоо бүгдийг шинэчилж, Намын Их хурлыг жил бүр хийдэг болох. Их хурлаар намын даргын асуудлыг заавал хэлэлцдэг, сонгодог болох. Эдгээрийн зарим санаа нь намын дүрэмд байгаа ч хэрэгжүүлэх хүсэлтэй, зоригтой дарга олдохгүй юм. Нийгмийг чиглүүлье гэж байгаа бол өөрсдөө эхлээд шинэчлэгдье. 

– Ардчилсан намын нэрийн өмнөөс алба хашиж байгаа хэрнээ олон нийтийн дунд намын нэр хүндийг унагаж буй, өөрөө муу имижтэй хүмүүс сайн дураараа намаас татгалзах хэрэгтэй байна. Ардчилсан нам үзэл баримтлал, үнэт зүйлээрээ нэгдсэн, нягтарсан нэг цөм болох ёстой. Нам дотор буй эрээвэр хураавар, дайвар хүмүүсийг шахан гаргах замаар намдаа “их цэвэрлэгээ” хийх цаг болсон.

– Ардчилсан нам үлгэр жишээ байх ёстой. Ардчилсан намаас ардчилал өөрөө хэрхэн “амьдарч”, хэрэгжиж, хүчтэй байдгийг иргэд олж хардаг газар байх ёстой. Үүний эхлэл нь Ардчилсан намын санхүүжилтийг ил тод, олон нийтэд нээлттэй болгох ажлыг цаг алдалгүй эхлэх явдал юм.

– Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа улс төрийн намуудыг шинээр эмхлэн байгуулж, бүртгэн Монголын улс төрд цоо шинэ хуваарилалтыг хийх нь зөв бололтой. Өмнө нь Ардчилсан намын дотоод дүрэм, бүтцийг шинэчлэх оролдлого цөөнгүй удаа гарсан ч тэдгээр нь өнгө зассан төдий болж хувирсан. Одоо боломж байна. Улс төрийн намын тухай хууль төгс биш хэдий ч улс төрийн өөрчлөлтийг тайван замаар өрнүүлэх эхлэл мөн. 

Журмын нөхөд өө, Ардчилсан нам өөрөө ардчиллын эталон, амьд загвар болж чадсан цагт олон түмнийг дагуулна. Эс бол нийгмээсээ хоцрогдож хямралаас салахгүй, түүхэн хуудаснаас арчигдах болно. Зөвхөн сонгуульд сайн оролцоно, МАН-аас хэдэн санал илүү авах зорилт бол тун богино хараа.   Одоогийн Ардчилсан намын суурь зарчим, тогтолцоо, зорилго, шийдвэр гаргах процесс нь намын гишүүд хийгээд иргэд олон нийтийн хүсэл эрмэлзлээс алсарсан учир компьютерын үйлдлийн системийг форматлаж /format/reset/ цоо шинийг суулгадаг шиг “Ардчилсан Нам 2.0” үйлдлийн системийг нэн яаралтай суулгах шаардлагатай байна. Иргэд 35 жилийн өмнөх гавьяаг мөнхөд хараад суухгүй. Одоо Монгол Улс өөр шинэ улс төр,  шинэ намыг шаардаж байна. Хэрвээ бид намаа шинэ түвшинд гаргаж чадахгүй бол улсаа ч бас чадахгүй.

Та бүхнийг хүндэтгэн ёсолсон



МҮАН-ын дарга асан Р.Амаржаргал

2024-12-06



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *