Beautiful Plants For Your Interior
МУИС багшийн дээдийн тухай
Ямар ч болсон машин биднийг биднээс илүү ойлгоод эхэллээ. Харин бид өөрсдийгөө ойлгож чадахгүй мангартаад л явах юм даа.

МУИС багшийн дээдийн тухай
Би нүд ирмэхээс хурдан, алга эргүүлэхээс ч түргэн энэ шинжлэх ухаан, технологи нь урагшлаад байгаа сэтгэгдэл салахгүй юм. Нэг талаас айдас дагуулсан мөртлөө, нөгөө талаас шинээр юу, ямар юм гарч ирэх бол гэсэн тэсэн ядан хүлээсэн, тэрхүү хүлээлт нь донтолтын шинжтэй ч юм шиг. Жишээ нь, Apple жилд хоёр удаа шинэ ба сайруулсан бүтээгдэхүүн зэргээ танилцуулдаг хэдий ч бүүр илүү онцгой юм би хүлээдэг болжээ.
ШУТД нь асуудлыг шийдэх төдийгүй, өчнөөн шинэ асуудлыг дагуулах юм. ШБОС, ямар нэг шинэ зүйл бүтээх нь, ерөнхийдөө асуудал биш болжээ. Харин тэрхүү шинэ ололтын агуулга мөн чанарыг бид ухаарч амжиж байна уу гэдэг нь асуудал болжээ.
Саяхан “saltatory mode” гэсэн ойлголттой учрав. Үнэндээ, нарийн ширийн юмыг нь сайн ойлгосонгүй, гэхдээ энэ бол технологийн асар том үсрэлт, цоо шинэ чанар үүсгэж байгаа нээлт гэсэн дүгнэлттэй үлдэв. Хамгийн сонирхолтой нь шинжлэх ухааны нээлт нь олон арван жил шаардсан нөр их хөдөлмөр байсан. Гэтэл өнөө цагт, өглөө нь онол, орой нь старт-ап. Ёстой л Богдын лүндэнд гардаг нь – өглөө төрсөн хүн, үдээс хойш хонь хариулна – биелэлээ олж байгаа юм биш үү?
Суурь шинжлэх ухаангүйгээр түүнийг хөгжүүлэхгүйгээр бодит хөгжил дэвшил үгүй шүү дээ. Бид улс орноо хөгжүүлнэ гэж ярьдаг. Гэтэл МУИС ын байгалын шинжлэх ухааны ангиудад элсэлт эрс хумигдсан, санхүүжилт байхгүй, цалингаа тавьж чадахгүй байгаа зэргийг сонсохоор харамсаж халширмаар. Яам, агентлагуудын орон тоог 1/3 цомхтгоод, төрийн албан шигдсэн паразитуудаас салж, санхүүжилтийг нь МУИС, Багшийн дээдэд шилжүүлэх бодит хэрэгцээ, боломж байгаа шүү дээ.
Суурь судалгаа нь тэр болгон нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй, чимхлүүр ажил байдаг ч эцсийн дүндээ вакцин, ухаалаг утас, интернет, AI, EV зэрэг болон хувирдаг. Суурь судалгаа үгүй бол технологийн дэвшил хумигдана. Өөрөө өөрийгөө хөгжүүлээд шатрын хаан болсон хиймэл оюун AI AlphaZero гайхамшиг биш гэж үү? Ийм гайхамшигуудыг бүтээгчид МУИС, багшийн дээдээс төрнө шүү дээ. Ямар ч болсон машин биднийг биднээс илүү ойлгоод эхэллээ. Харин бид өөрсдийгөө ойлгож чадахгүй мангартаад л явах юм даа.