Философи Түүх Урлаг

Chatgpt image apr 21, 2025 at 01 06 08 pm

Түүх гэхлээр он цагийн хэлхээс, төрөл бүрийн огноо л цээжлэж шалгалт өгдөг байж билээ. Дэлхийн түүх, улсын түүх, намын түүх бүгдийг нь шатлан заалгаж  цээжлэх ёстой. Манай эрины өмнө, хойно, тэд дугаар зуун, тэр б байтугай МАХН их, бүгд хурлын дугаар, он сарыг багш нар их асуудаг байсан нь тухайн үедээ их яршигтай санагддаг байж билээ. Миний хувьд үйл явдал нь, өрнөж буй процесс, голлон тоглогчид (түүхийн “голлон тоглогч нь ард түмэн” гэж бэлэн хариулттай байхад шалгалтад унана гэж бараг үгүй дээ) л сонин. 

Тэр үеийн хүмүүсийн айдас хүйдэс, хүсэл мөрөөдөл, сэтгэл хөдлөл зэргийг уран зохиолоос илүүтэй олж авна. Гурван улсын үлгэр, Дайн ба Энх, Дөлгөөн дон, Гэм ба Зэм, Болд хэрхэн хатаагдсан нь, Оноре де Бальзакийн зохиолууд, за тэгээд л Маяковский, Есенин, Пушкин, Лермонтов гээд л яруу найраг- бүгд түүхийг өгүүлнэ. Харин Монголын Нууц Товчоо, Алтан товч, Жангар, Гэсэр, Данзанравжаа  гэх мэт сураггүй (утга зохиол монгол хэлний ангихан үздэг байсан, бусад нь бараг үгүй дээ).

 
Түүхийн он цагын хэлхээсийг тайлах нь утга зохиол, уран зураг. 

Түүхийг сөхөж байхад тухайн үедээ хамгийн зөв, мэргэн гэж байсан сонголт нь эргэн харахад сүйрэлд хөтөлсөн шийдвэрүүд байдаг нь гайхал төрүүлнэ. Яаж яваад зөв юм нь буруу болчихвоо?  Түүх тэр чигээрээ буруу, алдаатай сонголтуудын хэлхээс мэт. Учир шалтгаан нь – “тэр үед яаж мэдэх вэ дээ” – авахад хаяхад хэцүү тайлбар. Өөрөөр хэлбэл, хагас дутуу өгөгдөл, туршлага, субъектив хандлагаас үүдэлтэй буруу шийдвэр, сонголтууд. Тухайн үедээ байсан нь л, байгаа нь л тэр дээ. 

Өнөөгийн нийгмийн тухай хэдэн арав, зуун жилийн дараа – “за яахав дээ байсан л тэр  ш дээ, байсан хүмүүн капитал нь л тэр, байсан манлайлагч нар нь л тэр, байсан институцүүд нь тэр” гэх мэтчилэн тайлбарлах байх. 

Түүхэн дэх хувь хүний үүрэг роль – “уул нь, гайгүй дайчин, харизмтай нөхөр байсан даанч боловсрол нь дутсан юм даа” – гэх мэтээр учирлана биз.


“За ёстой тийм юм байхгүй шүү, мөрийцсөн ч болж байна” гээд л сүрхий мэдэмхийрээд л дайраад байсан, хэзээ ч үгүй гэж үгүйсгэж байсан үйл явдал нь тохиолдохыг Нассим Талеб “хар хун” гэж нэрлэсэн. Хамгийн гайхамшигтай нь үгүйсгэж байсан үйл явдал нь тохиолдоход бүгд “тийм байх учиртай, тэгэх гээд байсан юм, ер нь ойлгомжтой, тодорхой байсан ш дээ” гэх мэтээр ам уралдан тайлбарлаж эхэлдэг. Зарим нь ч бүр давраад Тэмүүжин-Чингис “тэгсэн бол ингэх байсан” гээд л хадуураад эхэлнэ. Юу ч гэмээр билээ? Ямар болсон өнгөрсөн хойно нь бид мэргэн гэж жигтэйхэн. Мы всегда умны задним числом гэж оросоор хэлдэг дээ.

Эртний гүн ухаантнууд Платон, Аристотель ардчилал гэдгийг үзэн ядаж байсан: толпа буюу хүн сүрэг, олонх нь эрүүл саруул ухаантнуудаа тоогоор илүүрхэн байнга ялна. Тиймээс засаглалын маш сул хэлбэр гэж тэд үзэж байсан. Өнөөдөр төрийн шийдвэр нийгмийн сүлжээний лайк -аар тодорхойлогддог болсныг харвал Платон, Аристотель шууд л цус харвах байх аа. Лайк гэдэг нь санал хураалт, сонгуулийн нэг хэлбэр  юм даа. Гэтэл Черчилл гарч ирээд ардчилал төгс биш гэхдээ хүн төрөлхтөн үүнээс дээрдэх засаглалын хэлбэрийг одоо болтол олоогүй юм гэсэн байдаг.   


Түүх гэхлээр зөвхөн өнгөрсөн үе биш ээ. Миний ойлгож байгаагаар түүх нь өнөөгийн нийгмийн, энэ цаг үеийн толь юм. Гоббс гэж ухаантан сонин санаа хэлсэн байдаг. Түмэн чөтгөртөө тэднээс айж чичирч сууснаас, ганц чөтгөртөө (Левиафан), түүнээсээ эмээж суух нь дээрээ гэж. Нээрээ ч, тэр нь дээр юм уу,- ганц, зангийн нь мэддэг дарангуйлагчтай  – өртөг зардал нь хүртэл арай хямд тусах байх. Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр гэдэг биз дээ.

Философи – гүн ухаан- амьдралын луужин. Учир начир нь олдохгүй, юм улам л нарийсан, ярвигтай болж буй энэ үед, чи ганцаараа биш ээ, ганц чиний толгойд энэ бодол орж ирээд байгаа юм биш. Мянган жилийн өмнө ч иймэрхүү эргэлзээ, бухимдал, цөхрөнгө хүмүүсийн тархи, бодолд байсан гэж гүн ухаан тайлбарлана. Гутранга үзэлтнүүдтэй түүдэг галын дэргэд шөнөжингөө маргалдан, өөр сонголт байгаа ш тээ гэдгийг амьхандаа тайлбарлах, учирлах санаатай нойр барахтай л төстэй юм уу даа. 


Философи нь зүг чиглэл, баримжааг зааж байгаа бол түүх нь агуулга, өрнөл, үйл хөдлөлийг тоочно. Философи, түүх, урлаг, утга зохиол хамтдаа эмх замбараагүй, толгой түрүү нь олдохгүй эл байдал нь бидний, хүмүүн төрөлхтний өмнө нь нэг биш удаа тохиолдож байсан гэдгийг л сануулж байгаа. Хамгийн чухал нь бид ямар нэгэн сургамж авсан уу, ер нь сургамж авах хүсэл сонирхолтой эсэхэд л байгаа юм.       

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *