Beautiful Plants For Your Interior
Төр төмөр нүүртэй гэдгийг хааяа харуулж байх хэрэгтэй
-Монгол Улсын гадаад өр одоогийн байдлаар тэрбум 500 сая ам.долларт хүрсэн гэсэн албан бус, баримжаа тооцоо байна. Харин өнөөдөр гадаад өр ямар хэмжээтэй байгаа нарийвчилсан тооцоог эдийн засагч хүний хувьд хэлэхгүй юу. Гадаад өр нь дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн хувийг эзэлж байна вэ?
-Гадаад өр нь одоохондоо тулгамдсан хүнд асуудал биш юм. Ерөнхийдөө ДНБ-ий тавны нэг хувьтай тэнцэж байгаа болов уу. Тиймээс энэ нь том тоо биш. Мөн Монгол Улсын гадаад худалдааны тэнцлийг аваад үзвэл толгой зовоох хэмжээнд хүрээгүй байна. Тэр утгаараа гадаад өрийн асуудал одоохондоо түгшүүр зарлах хэмжээнд хүрээгүй гэж дүгнэж байна.
– Гадаад өр боломжийн хэмжээнд байна гэж дүгнэж байгаа ч дотоод өр сүүлийн үед дарааллан нэмэгдэж байна. Ялангуяа Засгийн газраас зуу, зуун тэрбумаар нь бонд гаргаж байгаа нь цаашид гадаад өрийн асуудлыг хөндөхөд хүрнэ. Өөрөөр хэлбэл, төгрөгийн ханш унавал гадаад өрийн дарамт нэмэгдэх аюултай гэсэн болгоомжлол байдаг. Та энэ асуудалд эдийн засагч хүний хувьд юу гэж хэлэх вэ?
– Манай дотоод өр ч гэсэн харьцангуй бага юм. Зарим орны хувьд хэд дахин давчихсан байдаг. Харин манайд тийм хэмжээнд хүрээгүй байна. Засгийн газраас бонд гаргаад байгаа асуудал нь олон дахин давтамжтайгаар яригдаад байгаа болохоос биш бондынх нь нийлбэр дүн нь сүрхий өсөөд байна гэсэн үг биш юм. Өөрөөр хэлбэл, бонд гаргах, эрхээ авах болгондоо заавал УИХ-д ханддаг. Хандах болгонд нь бонд, зээл авч байна, болохоо байлаа гэсэн шуугиан дэгдэж байна. Гэтэл бондоо аваад эргүүлж төлөөд, дахиад шинээр бонд гаргах эрхээ аван өмнөхөө төлөөд явж байгаа юм. Бонд нь санхүүгийн нэг хэрэгсэл. Тодорхой үйл ажиллагаа явуулахад мөнгө шаардлагатай . Санхүүгийн эх үүсвэр байхгүй, цаг хугацааны хувьд мөнгө нь орж ирээгүй ч төлбөр хийх шаардлагатай байгаа тохиолдолд түр зуурын ачааллаас гарахад бонд гаргаж асуудлыг шийддэг. Төлбөрөө хийж чадаж байгаа тохиолдолд бонд гаргах нь буруудах зүйлгүй. Гэхдээ үүнийг дагаад хоёр гурван асуудал гарч ирдэг. Бондын үйлчилгээний хөлс ямар хэмжээтэй байгааг харах хэрэгтэй. Энэ нь харьцангуй өндөр байгаа. Яагаад гэвэл Засгийн газраас гаргаж байгаа бондыг хэн дуртай хүн нь аваад байя гэсэн эрмэлзэл байхгүй байна. Тэгэхээр бондыг арилжаалахын тулд хүний сонирхлыг татах хэрэгтэй. Тэр утгаараа бондынхоо хүүг харьцангуй өндөр хэмжээнд барьж байна. Макро эдийн засгийн түвшинд санхүүгийн салбарт өрнөж байгаа үйл явдлуудыг аваад үзэхэд арилжааны банкууд, бусад санхүүгийн эх үүсвэртэй этгээдүүд өөр зүйлд хөрөнгө оруулалт хийснээс Засгийн газар, Монголбанкны бондыг худалдаж авах нь хамаагүй ашигтай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хувийн салбар, бодит эдийн засгийн сектор руу орж байх ёстой мөнгө төрийн үйлчилгээг санхүүжүүлэхэд зориулагдаж байгаа нь бас нэг сөрөг тал юм. Тэр хэмжээгээр хөл дээрээ босох гээд оролдоод байгаа бодит сектор нь санхүүгийн эх үүсвэрээр гачигдаж байна гэсэн үг. Бонд авна гэдэг ямар үйл ажиллагаа вэ гэвэл чи бонд зарчихаад оронд нь хүнээс мөнгийг нь авчихаад байгаа хэрэг юм. Тэгэхээр зах зээл дээр байгаа мөнгөний тоог нь хязгаарлаад байна гэсэн үг. Ингэж хязгаарлачихаад инфляцитай уялдуулж асуудлыг шийдвэрлэх үү, төгрөгийн худалдан авах чадварыг барих зорилгоор асуудлыг шийдэх үү гэдгээ хооронд уялдуулж, бодлогын чанартай дараа дараагийн үр дагаваруудыг тооцох асуудал бий. Тэгэхээр эдгээр асуудлыг тооцож байна уу үгүй гэсэн асуудал гарч ирэх юм. Зөвхөн санхүүжилт хэрэгтэй байна гээд бонд гаргаж байвал шүүжлэлтэй хандах зүйл бий. Бондоо буцаагаад зарлаа гэдэг нь мөнгийг зах зээл рүү нийлүүлж байна гэсэн үг юм. Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлчихээд тэр хэмжээгээр цэвэршүүлэлт хийж, тэр мөнгөө тойруу замаар буцаагаад авдаг механизм нь ажиллаж байна уу гэсэн бас нэг асуудал бий. Энэ бүхнийг л хооронд нь уялдуулж авч үзэх хэрэгтэй гэж ойлгож байна.
-Өнөөдөр “Зоос” банкинд 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж байгааг эргүүлэн нөхөж авах бололцоотой гэсэн хувилбар ярьж байна. Мөн “Анод” банкны хувьд 140-170 тэрбум төгрөгийн бонд гаргахыг ч хэлж байна. Харин энэ нь эргэн төлөгдөх боломжгүй, эрсдэлтэй мөнгө гэсэн зүйлийг хэлж байна. УИХ энэ асуудалд хэрхэн хандах бол. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?
-УИХ чухам яаж хандахыг мэдэхгүй байна. Миний хувьд “Зоос” банкинд зориулаад 100 тэрбум төгрөгийн бонд гаргахад эсэргүүцсэн. Нэг банкийг татан буулгаад шинээр банк байгууллаа. Тэгээд үйл ажиллагааг нь явуулахын тулд богино хугацаанд бонд гарган санхүүжүүлж, хөрөнгөжүүлэхээс өөр арга зам байхгүй гэдгийг ойлгож байна. Харин миний эсэргүүцээд байгаа учир шалтгаан нь гэвэл хариуцлага хүлээх ёстой хүмүүстэй хариуцлага тооцож, ногдуулах учиртай шийтгэлийг нь өгөх хэрэгтэй гэснээс үүдэлтэй юм. Тэгэхгүй бол банкны захирал гэж нөхөр гарч ирчихээд дүрмийн сангийнхаа хөрөнгийг байгуулсныхаа маргааш нь шахуу буцааж аваад л ажлаа явуулна. Түүнээс цааш ямар ч хяналт, хариуцлагагүй үйл ажиллагаа нь явна. Дүрмийн сангийн мөнгөө дуусгачихаад дээрээс нь хадгаламж эзэмшигчдийн хадгаламжийн мөнгийг идээд банкаа дампууруулсан хүмүүс ямар ч хариуцлага хүлээхгүй байна гэдэг бол энгийнээр хэлбэл их л бүдүүлэг юм. Тиймээс энэ хүмүүс хариуцлага хүлээх учиртай. Ядаж энэ хүмүүст хариуцлага хүлээлгэхээ тодорхой болгох хэрэгтэй юм. Тэгж байж дараагийн алхам руу орох учиртай гэдэг үүднээс татгалзаад байгаа юм. Одоогийн байдлаар аваад үзэхэд “Анод” банк дээр 140-150 тэрбум, “Зоос” банкны хувьд 100 тэрбум төгрөгийн асуудал дээр нь бас бус энд тэндээс сонсогдож байгаа зүйлийг оролцуулаад үзэхэд миний тооцоолж байгаагаар 450-500 тэрбум төгрөгийн өр өлхөн гарч ирж байгаа юм. Энэ өрийг одоогийн эрхзүйн зохицуулалтын хүрээнд авч үзвэл улсын төсөв дээр гарч ирж байна. Өнгөрсөн жил бид улсын төсвийг нэлээд сүржигнэж байгаад баталсан ч 300 гаруй миллиард төгрөгийн алдагдалтай баталсан. Гэтэл дээрээс нь ийм хэмжээний мөнгө ороод ирвэл их хэмжээний алдагдалтай болж, өнгөрсөн жилийн хийсэн хөдөлмөр талаар болно. Дахин төсвийн тодотгол хийх шаардлага гарч ирнэ. Энэ бүхэн нь эцсийн эцэст татвар төлөгчдийн нуруун дээр ирэх зовлонтой зүйл болчихоод байна. Яахав ирдэг юм байж. Гэхдээ сургамж авах хэрэгтэй биз дээ. УИХ, Засгийн газар, Монголбанк, банкны бүх шатны удирдлагууд, иргэд ч хүртэл сургамж авсан байх учиртай. Гэтэл тийм зүйл байхгүй. Хэл амнаас эмээдэг юм уу яадаг юм, бушуухан шиг л амыг нь таглаад чимээгүй болгох үүднээс хандаж байна. Миний бодлоор энэ асуудлыг тодруулж, гэрэл тусгаж байгаад тал талаас нь нэлээн сайн ярьж, дараа дараагийн алхамд шилжих хэрэгтэй гэж ойлгож байна.
-Банкны хадгаламжийн даатгалын хууль одоо хүртэл батлагдахгүй байгаагаас банкны эзэд банкаа дампууруулж, луйвар хийж байгаа юм биш биз гэсэн болгоомжлол байна. Банк дампуурах болгонд төр баталгаа гаргана гэсэн амлалтандаа хүрэхийн тулд бонд гаргаж, өр үүсгэж байна гэсэн асуудал бий. Банкны хадгаламжийн даатгалын тухай хуулийг яаралтай гаргах асуудалд УИХ яагаад хойрго хандаж байна гэж үзэж байна вэ?
– Энэ нь манай төр засгийн тогтолцоо, шийдвэр гаргаж байгаа механизм нь ямархуу дүр төрхтэй байна вэ гэдгийг тод харуулж хэрэг. Санаж бодохдоо их л сайхан зүйл төлөвлөдөг, харин үр дүн нь иймэрхүү л байдалтай болж хувирч байна. Хадгаламжийн даатгалтай холбоотой асуудал нь тухайн эмзэг үед буюу 2008 онд их хэрэгтэй байсан. Уг нь тэр үед энэ асуудлаа шийдээд, иргэдийн мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг давхар хэлэлцээд баталчих ёстой байсан. Гэтэл тэгээгүй. Хуулийн төсөл нь 2007 онд анх яригдаад, 2008 оны УИХ-ын сонгуулийн өмнө үндсэндээ бэлэн болчихсон байсан. Асуудал маш тодорхой. Өнөөдөр арилжааны банкинд мөнгөө хадгалуулсан хүмүүсийн 95 хувь нь жижиг хадгаламж эзэмшигчид буюу 3-10 сая төгрөгийн хадгаламж эзэмшигчид юм. Үлдсэн хувь нь хэдэн зуун саяар нь мөнгөө хадгалуулсан хүмүүс. Тэрхүү хуулийн төсөл нь нэгдүгээрт, жижиг хадгаламж эзэмшигчдийнхээ хадгаламжийг 100 хувь баталгаажуулаад, том хадгаламж эзэмшигчид эрсдлээ өөрөө хариуцаж явахыг зохицуулсан утгатай байсан. Хоёрдугаарт,зээлийн хадгаламжийн баталгааны сангийн асуудлыг зохицуулахаар тусгасан байсан. Зээлийн хадгаламжийн баталгааны санг хаанаас бүрдүүлэхээ нэлээд сайн ярилцаж, арилжааны банкуудтай зөвлөлдсөн. Үүний дүнд улсын төсвөөс мөнгө гаргахгүйгээр арилжааны банкууд мөнгөө нийлүүлээд тэрхүү мөнгөөрөө жижиг хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг баталгаажуулж өгөх тогтолцоо байсан. Гуравдугаарт, тэрхүү бие даасан сан нь ямар харъяалалд байх,сангийн мөнгийг хэн зарцуулах гэсэн асуудал байсан. Энэ л хамгийн эмзэг маргаантай асуудлын нэг болсон байх гэж боддог юм. Учир нь бие даасан нэгж гарч ирнэ. Тэр нэгж асар их мөнгөн дээр сууна. Тиймээс л улстөр, ашиг сонирхлын зөрчилтэй бүлэглэлүүдийн анхаарлыг гарцаагүй татсан байх гэж ойлгож байна. Ингээд л тохирч чадахгүй наана цаана гээд өдий хүрсэн байх гэж ойлгож байна. Уг нь төр засаг энэ асуудлыг шуурхай шийдэж, 2008 онд биш юм гэхэд 2009 оны эхний хагас жилд хуулийн төслийг баталчих бүрэн бололцоо байсан.
-Банкны эзэд уснаас хуурай гараад байгаагийн шалтгаан нь хариуцлага тооцох эрхзүйн зохицуулалт байхгүйтэй холбоотой гэж ойлгож байна. Тиймээс ойрын үед ямар асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж бодож байна вэ?
-Арилжааны банкны ил тод байдлын тухай асуудал гарцаагүй хэрэгтэй. Ил тод байдлыг хангадаг гол механизм нь төлөөлөн удирдах зөвлөл. Төлөөлөн удирдах зөвлөл нь ном ёсоороо ажиллах учиртай. Манайд төлөөлөн удирдах зөвлөлд хэдэн хамаатан садан нь ороод асуудлыг найзан дундаа шийдэж байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй юм. Банк тойрсон бас нэг шуугиантай асуудал байна. Гэхдээ энэ бол зөвхөн миний хардалт юм. Томоохон уул уурхай, тэр дундаа Оюутолгой, Тавантолгойн төсөл тойроод мөнгөний асар их урсгалын тухай асуудал ярьж байна. Харин мөнгөний урсгалыг хаагуур яаж дамжуулах вэ гэдэг дээр далд сөргөлдөөн өрнөж байх шиг байна. Энэ нь банкны салбарыг үе үе доргиогоод байна уу даа гэж боддог юм. Ийм үед л Монголбанк гэдэг чинь жинхэнэ байр сууриа илэрхийлэх учиртай. Төр төмөр нүүртэй юм аа гэдгийг хааяа хааяа нэлээд зангарагатай харуулж байх хэрэгтэй юм. Гэтэл энэ бүхэн хийгдэхгүй байна.
-Манай арилжааны банкуудын чадавхи муу, дүрмийн сангийн хэмжээ бага гэж ярьдаг. Гэтэл уул уурхайгаас их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа тохиолдолд монголын банкууд гологдож байна гэсэн зүйлийг ярих юм. Эсвэл саяхан байгуулсан төрийн банкаараа дамжуулж хөрөнгө оруулалтыг татах ёстой юу гэсэн асуудлыг хөндөж байна. Та энэ талаар саналаа хэлэхгүй юу?
-Төөрөгдөл яваад байгаа юм. Уул уурхайгаас тэнд ч энд ч төчнөөн миллиард төгрөгийн хөрөнгө оруулалт хийх нь гэсэн яриа явж байна. Гэтэл хүмүүс тэр их мөнгийг монгол руу ороод ирэх юм шиг санадаг. Хэрвээ би буруу ойлгоогүй бол энэ мөнгөний тавны нэг нь л монголд орж ирвэл их юм. Бусад бүх мөнгө нь хилийн гадуур л эргэлдэнэ.