Намуудад хүчний төвлөрөл хэрэгтэй

УИХ-ын сонгуулийн тухай хуулийг энэ намрын чуулганаар хэлэлцэж гаргана гэж байсан ч амжилгүй завсарлах гэж байна. Чуулган бүрээс хойшилж байгаа урт настай энэ хуулийн талаар эрхэм гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа.

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийг энэ намрын чуулганаар амжиж баталж чадахгүй нь тодорхой боллоо. Хамгийн түрүүнд батлах шаардлагатай хуулиудын нэг болох Сонгуулийн хуулийг ухраагаад байгаагийн гол шалтгаан юу вэ. Тогтолцоон дээр тохирч чадахгүй байгаагийн учир юу вэ?

-Энэ намрын чуулганаас би хоёр гол хуулийг онцгойлж харж, хүлээж байсан. Нэгдүгээрт, гарцаагүй Сонгуулийн тухай хууль. Хоёрдугаарт Төсвийн тухай хууль. Энэ хоёр хуулиар их олон зүйлийг давхар зохицуулах санаа байсан юм.  Нэр дэвшигчдийн зүгээс сонгогчдод элдэв янзын амлалт өгдөг, үнэн худал нь мэдэгдэхгүй юм ярьдаг, мөнгө төгрөгийн асуудлыг ч хязгаарлаж өгөх ёстой тийм хуулиуд байсан. Гэтэл үндсэндээ аль аль нь явсангүй. Түүнд жаахан сэтгэл дундуур сууж байна.
Сонгуулийн хуулийн хувьд өнөөдөр манай улс төрийн намууд ч тэр, УИХ-ын гишүүд ч тэр, яг өөр дээрээ буулгаж хараад байна л даа. Өөрөөр хэлбэл, яг ямар хувилбар байвал надад ашигтай вэ гэдгийг хараад байна. Түүнийг учир зүггүй буруу гэж хэлэх нь хаашаа юм. Гэхдээ эцсийн эцэст улс орны хөгжлийг урагш түлхэхүйц сонгуулийн тогтолцоог бид олж батлах хэрэгтэй юм. Хуулиас дээд зүйл байхгүй гэж бид 1990 онд сонголтоо хийсэн. Тийм болохоор гарч байгаа хууль нь нийгмийн харилцааг тэнцвэржүүлж тогтворжуулдаг, урагш хөдөлгөдөг байх ёстой.

Жижиг тойрогтой мажоритар системийг бид их сайн санаж байгаа. УИХ-ын 2000 оны сонгуулиар Ардчилсан нам ганцхан суудалтай үлдэж байсан. Нийт сонгогчдын 49 хувийн саналыг ардчиллын талынхан авсан мөртлөө 76 суудлаас ганцхантай хоцорно гэдэг бол ард түмний хүсэл тэмүүлэл, санаж бодож хийсэн сонголт нь УИХ-д тусгалаа олоогүй гэсэн үг. УИХ-аас гаргаж, баталж байгаа хууль нь ард иргэдийн санаа оноог бүрэн хэмжээгээр тусгах зарчимтай байдаг. Гэтэл 49 хувийн санал түүнээс гадуур үлдчихэж байгаа биз дээ. Тэгэхээр Сонгуулийн хуулийг зайлшгүй сайжруулах ёстой. Хараад байхад сонгуулийн тогтолцоог аль болох томсгосон, пропорциональ хэлбэр рүү явуулах нь зүйтэй гэсэн сургамжийг өнгөрсөн 20 жилийн түүх харууллаа гэж боддог. Энэ чиглэлээр ч хууль батлах ёстой гэж үздэг.

-Таны бодлоор яг ямар тогтолцоог авах нь тохиромжтой вэ?

-Би хувьдаа цэвэр пропорциональ тогтолцоог авсан ч болохгүй зүйл байхгүй гэж үзэж байгаа. Харамсалтай нь Сонгуулийн хуулийг хэлэлцэхгүй байна. Ажлын хэсэг гарсан ч тэр болгон хуралдаж чадахгүй дүлэгнэсээр суугаад өдийг хүргэлээ. Миний хувьд үүний шийдэл нь улс төрийнх байх ёстой. Хувь гишүүнд таалагдсан таалагдаагүй гэхээсээ илүү улс төрийн нам, Монгол Улсын эрх ашиг гэж юу вэ, түүнд ямар зарчим нийцэх вэ гэсэн шалгуур тавьж шийдвэрээ гаргаад, тэр шийдвэрийнхээ дагуу л Сонгуулийн хуулийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулах ёстой.

-УИХ дахь намын бүлгүүд дээр пропорциональ юм уу, эсвэл холимог тогтолцоог авахаар тохирлоо гэсэн яриа дуулдаж байсан. Энэ яагаад чимээгүй болчихов?

-Яахав, хоёр хувилбар явж байгаа л даа. Холимогоор 26.50 гэсэн харьцаагаар нэр дэвшүүлье гэж ярьж байсан. 26 нэр дэвшигч нь өмнөх шиг томсгосон тойргоос шууд сонгогдоод явдаг, 50 нь пропорционалиар сонгогддог байя гэж ярьж байсан. Энэ нь тийм их гайхамшигтай шийдэл биш л дээ. Гэхдээ л өмнөх тогтолцооноос арай дээр хувилбар. Урагш нэг алхам хийсэн ийм л тогтолцоо юм. Харин 50 нэр дэвшигч дээрээ яаж санал хураах вэ. Намыг нь дугуйлах уу, хувь хүнийг дугуйлах юм уу гэдэг дээр яриад жаахан гацаад байна л гээд байгаа. Би үүнийг зүгээр шалтаг болов уу гэж бодож байна.

-Тэгвэл шалтгаан нь юу вэ?

-Үнэн шалтгаан нь УИХ-д өнгө мөнгөтэй хүн л орж ирдэг тийм зарчим тогтчих вий. Тийм зовинол, санаа зовоосон зүйл гараад байна. Хэрэв үнэхээр өнгө, мөнгөтэй хүнийг гаргаж ирдэг тогтолцоог сонгоё гэвэл жижиг 76 тойрогтой мажоритар тогтолцоо л харагдаж байгаа юм. Тэр тогтолцоогоор бол маш ойлгомжтой зүйл рүү манай улс төрийг түлхээд байна л даа.

-Таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөр дээр гэгчээр 2012 оны сонгуулиар жижиг мажоритар руугаа эргэх сонирхол гишүүдэд нэлээд байх шиг байна. Үүнээс яавал зайлж чадах бол?

-Тиймэрхүү яриа гишүүд дунд явж байгаа. Нуугаад яахав. Гэхдээ манай гишүүд эрх биш асуудалд хариуцлагатай хандаж, алсаа бодож ухаалаг сонголт хийх байх л гэж найдаж байна.

-Сонгуулийн хуульд пропорциональ тогтолцоог суулгалаа гэхэд үүнийг 2012 оноос биш 2016 оны сонгуулиас хэрэглэе. Одоо тулгамдаад байна гэж бултуулах арга бас хэрэглэх гээд байна уу, дэндүү хардсан хэрэг болох уу?

– Янз янзын л хувилбар байгаа байх. Түрүүн миний хэлдгээр гишүүн болгон өөр дээрээ тусгаж буулгаад болохгүй байна. Аль хувилбараар сонгуульдвал миний шанс илүү өндөр байх вэ гэдэг бодлоос салахгүй байна. Тэгж байгаад УИХ дахь гишүүдийн харьцаа 75:1 болчихвол яах вэ. Тийм эрс савлагаа мажоритар систем дээр илүү байдаг.

-УИХ-ын хамгийн анхны сонгууль болсон 1992 онд бас тийм байдал үүсэн. Ингэхэд гадаад орнуудад мажоритар системийг аль хэр түгээмэл хэрэглэдэг вэ?

-Мажоритар системээр явдаг улс орнууд байдаг л даа. Тэгэхдээ бүр хэдэн зуун жил болчихсон, ард иргэдийнх нь улс төрийн соёл төлөвшчихсөн газарт бол үйлчлээд болоод байгаа. Манай Монголд бол одоохондоо сайн таарч өгөхгүй байна. Өөрөө сая хэллээ, 1992 оны сонгуулиар айхтар савласан. УИХ-ын 2000 оны сонгууль бас сүрхий савлагаатай болсон. Тийм байдал Монголын хөгжлийг мэдээж ухраана.

-Төгс тогтолцоо гэж байхгүй болохоор пропорциональ тогтолцоог авлаа гэхэд гарах бэрхшээл юу байх бол. Улсын Бага Хурлыг 1990 онд АИХ-аас пропорционалиар сонгосон. Түүнээс өөр туршлага манайд байхгүй шүү дээ?

-Пропорционалиар явахад нам доторх асуудал нь илүү ач холбогдолтой болчихож байгаа юм. Тэгээд түүнийгээ дагаад намын даргын үзэмжээс их юм хамаарна гэж хүмүүс их болгоомжлоод байх шиг байна. Тиймэрхүү зүйл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ эцсийн эцэст улс төрийн намууд өөрсдөө сахилгажих, хариуцлагаа ухаарах цаг болсон шүү дээ. Намууд өнөөгийн шаардлагын хэмжээнд хүртэл төлөвших хэрэгтэй байна. Тэр ажлыг хойш тавилгүй хийх л ёстой юм. Өөрөөсөө зайлуулаад байж таарахгүй. Улс төрийн нам орчин үед ямар байх ёстой юм. Ялангуяа хөгжлийн том том асуудлыг шийдэх гэж байгаа энэ үед нийгмийн өмнө хүлээсэн өндөр хариуцлагаа ухамсарласан байх ёстой гэж ойлгодог. Тийм учраас элдэв асуудал байдаг бол нам дотроо шийдэж сур. Тулгамдсан асуудлаа зөв хэлэлцдэг механизмтай бол гэж хэлэх гээд байгаа юм. Эдгээрийг сонгуулийн хуулиар зохицуулах ёстой. Гэхдээ дан ганц Сонгуулийн хууль гэх биш, Улс төрийн намуудын тухай хуулийг ч давхар ярих ёстой. Намууд ижил механизмтай байхгүй бол болохгүй.Нэг намын дотоод ардчилал нэлээд өндөр төвшинд гарчихсан, дүрэм журам нь батлагдчихсан, үндэсний хэмжээний болчихсон байхад нөгөө нам нь хувь хүний халаасны төдий нам байж таарахгүй. Тийм халаасны намд намын дарга өөрийн үзэмжээр 76 нэр зоогоод сууж байх магадлал бас бий. Тэгэхээр Улс төрийн намуудын тухай хуулиа ч эргэж харж үзэж нөхцөлүүдээ жигдрүүлэх шаардлага байна.

-УИХ-ын 2008 оны сонгуулиар олонх, цөөнхтэй парламент бүрдсэн мөртлөө хамтарсан засаг байгуулаад сөрөг хүчингүй болсон. Энэ парламентад сөрөг хүчингүйн хор уршиг юун дээр илэрч байна?

-Их олон юман дээр байнга харагдаж байгаа шүү дээ. Та нар ч байнга сурвалжилж их л бичих юм. Бидэнд ч их харагдаж байна. Дуугарах гэсэн үедээ хамтарсан засгаа бодоод тэр болгон дуугарч чадахгүй байх жишээтэй. Хэлэх юмаа тэр бүр хэлж чадахгүй өнгөрөх жишээтэй. Хэдий сөрөг хүчингүй ч зарчмаараа асуудалд хандаад хэлэх зүйлээ хэлээд явах юмсан гэсэн нэг хэсэг байхад нэг хэсэг хүн сөрөг хүчин гэдэг нэрийн дор зүгээр л популизм хийх сонирхолтой ч байх шиг. Эдгээрийг яаж ийж байгаад уялдуулж зохицуулах шаардлагатай. Үнэн хэрэг дээрээ сөрөг хүчин үгүйлэгдэж байгаа нь илт байна.

-МАХН сая Онц их хурлаа хийгээд хараахан Улсын дээд шүүхэд бүртгүүлээгүй байна. Гэхдээ хэд хэдэн нам МАХН-тай хамтарч ажилана гэдгээ мэдэгдчихлээ.Парламент дотор сөрөг хүчингүй болсон өнөө үед МАХН тэр үүргийг биелүүлж чадах уу?

-МАХН сөрөг хүчин байж чадах уу, үгүй юү гэдгийг одоогоор би хэлж мэдэхгүй байна.  Үйл ажиллагаанаас нь их зүйл хамаарах байх. Ер нь улс төрийн намууд нэгдэж нийлж хүчний төвлөрөл явуулах нь зүйтэй. Үүнийг би зөв зүйтэй алхам гэж үзэж байгаа.

Дээрээс нь гуравдахь хүчний орон зайн асуудал их яригдах боллоо. Тийм орон зай байна гэж үзээд түүн рүү тэмүүлсэн улстөрчид, улс төрийн нам, хүчнүүд байна. Өнөөгийн байдлаар би нэг их сайн хэлж мэдэхгүй байна. Тэр орон зай нь байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Гэхдээ манай улс төрийн тогтолцоо, дээрээс нь Сонгуулийн хуулиар дамжуулаад нам, намаараа тарж бутарсан тогтолцоог дэмжих үү, эсвэл улс төрийн намуудыг бэхжүүлсэн, төв рүү тэмүүлсэн эрмэлзлийг нь дэмжсэн тогтолцоо байх уу гэдгээ давхар бодмоор л юм шиг санагдаад байгаа юм.

-АН, МАН хоёр МАНАН болоод нэгдчихсэн үед гурав дахь хүчний, тэр байтугай цоо шинэ хүчний орон зай байна. Бид энэ боломжийг ашиглаж орон зайгаа бэхжүүлж авах ёстой гэсэн үүднээс Ногоон нам, ИЗН хоёр нэгдэж байх шиг байна. МАХН ч байна. Энэ талаар юу хэлэх вэ?

-Хоёр гол нам өөр өөрийн байх ёстой байран дээр байж чадаж байна уу, үгүй юү. Нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж байна уу гэдгээс их юм хамаарна. АН, МАН хоёр өөх ч биш, булчирхай ч биш, зарчимч байр сууринаас асуудалд хандахгүй, бие биедээ үг хэлж чадахгүй байгаад байх юм бол гарцаагүй гурав дахь хүчний орон зайн асуудал яригдана. Бодитой орон зай тэлж л таарна. Харин АН, МАН хоёр байх ёстой хэмжээндээ байж чадах юм бол асуудал өөр. Энэ хоёр нам бусдаас ялгаатай нь зохиомлоор гарч ирээгүй, түүх өөрөө гаргаж ирсэн намууд.

-Улс төрийн намуудад хатуу гишүүнчлэл байх хэрэгтэй юү. Гишүүд аль ч намд өөрийн сайн дураар олон цөөнөөрөө орж гардаг болсон. Улс төрийн намуудын төлөвшилд энэ хэр нөлөөтэй вэ?

-Ардчилсан нам хоёр гурван ч удаа энэ асуудлыг хэлэлцсэн. Арваад жилийн өмнө нэг ярьж байсан. Гишүүнчлэлгүй намын тогтолцоо руу оруулах бололцоо байна уу гэж үзсэн. Нэг их олигтой үр дүнд хүрээгүй. Яагаад гэвэл нэг нам нэг янзын тоглоомын дүрмээр явдаг. Нөгөө нам нь өөр дүрмээр явдаг болохоор болдоггүй юм билээ. Миний байр суурь юу вэ гэвэл хатуу гишүүнчлэлгүй намын тогтолцоо ирээдүйд Монголд хэрэгтэй байх. Яг өнөөгийн нөхцөлд бол нэг нам, тухайлбал, МАН төрийн механизм, захиргааны хэрэгслийг бүрэн дүүрэн ашигладаг, тэр тогтолцоон дээр суурилдаг зохион байгуулалттай байгаа тохиолдолд бусад намууд өрсөлдөхөд хүнд байгаа юм. Яг тэдний бүтцийг хуулахгүй бол таарахгүй байгаа гэсэн үг.

-Сонгуулийн тогтолцоог бүр өөрчилж чадахгүйд хүрлээ гэхэд 2012 оны сонгуулийг  булхай луйвар багатай шиг шударгаар явуулах арга зам юу байгаа бол?

-Хүний субъектив оролцоог багасгах арга замыг л хайх хэрэгтэй. Санал тооллогыг автоматжуулъя гэж УИХ шийдвэр гаргасан. Шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг энэ оны төсөвт суулгаж өгсөн. СЕХ энэ ажлаа жаахан эрчимжүүлэх хэрэгтэй байх. Машин техник хэрэгслээ хурдхан захиалж авчрах, ажиллуулж турших, жигдрүүлэх, зүгшрүүлэх ажлыг маш шуурхай хийх хэрэгтэй. Субъектив зүйлээс холхон байвал шударга сонгууль болно л гэж бодож байна.

-“Ухаантай” машин авахад хөрөнгө мөнгө хэр зарах вэ?

-Нийтдээ 19 тэрбум төгрөг төсөвт суулгаж өгсөн. Улсын хэмжээнд хэчнээн тойрог, хэчнээн хэсэг байх вэ гэдгийн тоогоор машин авахад хангалттай хүрэлцэх мөнгө гэж бидэнд танилцуулсан.

-Машинаа хаанаас авах вэ?

-Тэрийг сайн мэдэхгүй. АНУ гэж яригдсан. Гэхдээ хууль журмын дагуу тендэр зарлаад л хийх байх л даа.

-Сонгуулийн хуулийг ирэх хаврын чуулганаар батлах найдвар бий юү?

-Өөр арга байхгүй. Би шууд нэг зүйлийг уриалмаар байна. Монголд шударга сонгууль явж л байвал, ард иргэдийн санал бүрэн хэмжээгээр сонгуулийн дүнд тусгагдаж л байвал сонгогчдод өөрсдөд нь хэрэгтэй. Тэр утгаараа иргэд өөрсдөө дуу хоолойгоо гаргах ёстой. Сонгуулийн ямар тогтолцоо өнөөдөр хэрэгтэй байгаа юм. Юуг зөв гэж үзэж байгаа юм. Түүнийгээ сонин хэвлэл, радио, телевизээр тодорхой ярьж хэлж, сонгосон гишүүддээ захиа даалгавар маягаар өгөх хэрэгтэй. Гишүүний эрх ашиг гэж байгаа бол бас нийт Монголын ард иргэдийн, аймаг, сумын эрх ашиг гэж байх ёстой.

-Эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг Жендэрийн тэгш байдлын хуульд оруулахгүй, Сонгуулийн хуульд тусгана гэчихсэн. Тэгж чадах уу?

-Жендэрийн тэгш байдлын хуультай болно гэдэг урагш хийж байгаа нэг том алхам. Үүгээр бүх асуудлыг шийдлээ гэж үзэж болохгүй. Улс төрийн намуудын тухай хуульд квотын асуудлыг тусгаж болно. Тухайн нам яаж нэр дэвшүүлэх юм. Тэр дотроо эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин ямар байх вэ гэдгийг Улс төрийн намуудын тухай хуулиар дамжуулж зохицуулах бололцоо бий гэж би хувьдаа үздэг.

-Тухайлбал, Ардчилсан нам ямар квоттой билээ?

-Манай нам энэ талаар нэлээд ардчилсан шүү дээ.Ний нуугүй хэлэхэд эмэгтэйчүүдийн квотыг анх Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлд оруулж батлуулж байсан хүн би өөрөө сууж байна. Гуравны нэг гэсэн квотыг 1997-98 оны үед намынхаа дүрэмд оруулж батлуулж байсан.  Манай намын тэр бодлого одоо ч байж байгаа.

-Сонгуулийн тухай хуульд квотыг оруулах боломж ер нь бий юү?

-Сонгуулийн хууль гэхээсээ илүү Улс төрийн намуудын тухай хуульд оруулах ёстой.

-Намууд өөр өөрсдийнхөө дүрэмд оруулж өгөөд үү?

-Тийм, тэр аргаар оруулж болно. Өөрсдөө нэр дэвшигчдээ тодруулахдаа бодлогоо бариад явна биз.

-Тэр нь Сонгуулийн хуульд тусгахаас илүү үр нөлөөтэй гэсэн үг үү?

-Тийм

-Хаврын чуулганаар Сонгуулийн хууль дахиад орж амжихгүй бол сонгууль болоход зургаан сар үлдсэн тохиолдолд хуульд гар хүрэхгүй гэсэн нэг заалт бий байх аа. Тэгэх юм бол Сонгуулийн хууль өөрчдөгдөхгүй үлдэх магадлал байна уу?

-Магадлал байнга л байгаа шүү дээ. Тэгэхдээ хаврын чуулганаар эрх биш хэлэлцэх байлгүй дээ гэж бодож байна. Тэгээд эцсийн эцэст дахиад хэлэхэд энэ бол энд сууж байгаа 76 хүний асуудал биш. Монголын нийт ард түмний эрх ашиг. Долдугаар сарын 1-нийг дахин давтахгүй байхын баталгааг Сонгуулийн хуулиараа хийж өгөх ёстой. Элдэв хоосон амлалтыг хязгаарлах асуудал Төсвийн хуулиараа хэрэгжих ёстой юм. Тэр утгаараа ард иргэд өөрсдөө энэ асуудалд идэвхтэй хандаасай гэж хүсч байна.

-УИХ, Орон нутгийн сонгуулийг ирэх жил зэрэг явуулахаар болсон уу?

-Тэгсэн. Хуулийг нь баталчихсан.

-Намрын чуулган өндөрлөх гэж байна. Ямар хууль батлаад өндөрлөх бол?

-Гадаад бодлогын үзэл баримтлалыг өнөө маргаашгүй батлах байх гэж найдаж байна. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг баталсантай холбоотойгоор Гадаад бодлогын үзэл баримтлал, Цэргийн номлол зэрэгт өөрчлөлт оруулах шаардлага гарсан.

-Энэ бодлогын гол зарчим юу вэ?

-Манай гадаад бодлого уламжлалт шинж чанараа хадгалж байгаа. Дэлхий ертөнц асар түргэн өөрчлөгдөж байгаа өнөөгийн нөхцөлд гадаад бодлогоо илүү прагматик болгох, ажил хэрэгч шинж чанарыг нь нэмэгдүүлэх зэрэг санаа нэлээд тусгалаа олж байгаа.

Ардын эрх, сэтгүүлч Д.Оюунцэцэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *