“Таван толгой”-н тухай тав, зургаан анхаарах зүйл

Манай Таван толгойн нүүрс нэг тоннын үнээр нь бодоод үзвэл үнэндээ тийм ч гайхамшигтай үнэтэй эд биш. Гэтэл гадныхны сонирхлыг татаад байгаа нууц нь юунд оршино вэ.

Р.Амаржаргал

Бид “Таван толгой”-н стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулахдаа онцгой анхаарах зүйл бий. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хангах чадвар, эл чиглэлд хийх алхмууд юм. Манай эдийн засгийн бүтцэд аж үйлдвэрийн хувийн жин дөнгөн данган 6 хувьтай байдаг. Үүнийг л ойрын жилүүдэд ядаж 20 хувьд хүргэх шаардлагатай байгаа юм. Энэ зорилтыг шийдэж чадахгүй бол бид бусдын түүхий эдийн хавсрага байсан чигээрээ л “насыг барна”.

Тиймээс Таван толгойн стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах үйл ажиллагаа нь алсдаа эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хангаж чадах эсэх, нөгөө яригдаад байгаа Сайншандын аж үйлдвэрийн паркийг байгуулах нөхцөл бүрдэх эсэх, эдгээрийг угтах-дагалдах дэд бүтцийг байгуулах эсэх тухай нэг ёсны шалгуур үзүүлэлт байх ёстой юм.

Харин уг зорилтыг бүрэн шийдэхүйц, Монголын ирээдүйн шинэ хувь заяаг шийдвэрлэх бүтээн байгуулалтын гогцоог олж харсан төсөл л шалгарах ёстой хэмээн үзэж байна.

Яг өнөөдрийн хувьд үнэндээ Засгийн газар хөнгөн хуумгай хөдлөөд байна уу даа гэсэн бодол хэн хүнд төрөх нь мэдээж. Учир нь Засгийн газрын түшмэд яарч сандран ахиухан мөнгө амласан нэгэнд өгөх, урьдчилгаа мөнгө авч, тараахыг урьтал болгож буй ул суурьгүй байдал ажиглагдаж байна.

Дээр өгүүлснээр стратегийн хөрөнгө оруулагчийн талаар сонголт хийхдээ дараах хэд хэдэн зүйлийг анхаарах учиртай хэмээн бодож байна.

1. Эрдэнэс Тавантолгой IPO хийж босгосон хөрөнгөөрөө Зүүн Цанхийн хэсгийн олборлолтын ажлыг эхлүүлнэ. Уурхайн ашиглалт, Угаах үйлдвэр гэсэн ажил хийгдэх гэнэ. Энэ бол зөвхөн ухаад зөөгөөд байгаа гэсэн л үг.

2. Гэтэл эдгээр ажлыг хийснээрээ “Таван толгой” эдийн засгийн бүрэн эргэлтэд орохгүй. Харин ч хэсэгчлэн хувааж (булаацалдаж байгаа дарга нар нэг нэг хэсэг авах гэж) хамгийн дээж “өрөм” гэмээр Баруун Цанхи гадныханд очно гэсэн хардалт гадуур тархаж байна.

3. Баруун Цанхид IPO хийх тухай төлөвлөгдөн, яригдаж байгаа юм. Тэгтэл IPO хийх цаг хугацааг хэн, хэрхэн тогтоох вэ? Мэдэхгүй.

a. Уурхай бүрэн байдлаар ажиллаж тодорхой хэмжээний үр өгөөжийг өгдөг болсон цагт IPO хийх нь сонгодог утгаараа хамгийн үнэлгээ сайтай IPO болдог. Харин бид хамгийн бага ажил хийгдсэн үед нь хамаг хөрөнгөө зарахаар зэхэж байна.

b. Бэлтгэл ажлууд нь бүрэн хангагдсан уу? гэсэн асуулт зүй ёсоор гарна. Уурхайн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан бэлтгэл ажил ямар түвшинд байна вэ. Мөн зөвхөн уурхай бус бусад дагалдах ажлын бэлтгэл хангагдсан байгаа юу. Үнэндээ бол, техник эдийн засгийн үндэслэл ч гүйцэд бус байгаа хэмээн мэргэжлийнхэн шүүмжилдэг. Түргэн зуур мөнгөтэй болох гээд яаруу, сандруу хямд үнэлгээтэй, түүхий ажил болвол хоёр, гурван жилийн дараах хариуцлагыг хэн үүрэх вэ.

c. Үнэлгээ бол маш хүнд асуудал. Газар доорхи нөөцөөрөө ирээдүйд олох бэлэн мөнгөний урсгалыг /cash flow/ тооцож байгаа. Гэтэл ажил юу ч хийгдээгүй, дэд бүтэц байхгүй тохиолдолд сайн үнэлгээ гарна гэж хэлэхэд хэцүү. Үнэ хүргэх бололцоог санаатай үйлдэл, эс үйлдлээрээ чангааж буй нь улмаар нийгмийн асар том тэсрэлтийн учиг болох аюултайг санууштай.

d. Бас нэг асуудал. Таван толгойн хувьцааны 30 хувийг зах зээлд гаргана гэдгийг чухам ямар үндэслэлээр, хэрхэн, хэн тогтоосон билээ? Энэ бол цээжний бангаар нэг том сайдын амнаас унасан л тоо. Эдийн засгийн гэхээсээ илүүтэй иргэдээ “урхидан-хахуульдах” зорилготой л байсан болов уу. Ямар ч байсан хамгийн үнэтэй өөрийн хөрөнгийг /equity/ хамгийн хямд үед нь маш их хэмжээгээр гадагшаа гаргаж байгааг гэмт хэрэг гэж үзэж байгаа юм.

4. Сорчлон ашиглах хандлага: Оросын Донбассын уурхай 100 тэрбумын нөөцтөй гэж хэлэгддэг. Түүний 10 тэрбум нь коксжсон нүүрс. Тэрнийгээ сорчлон ашиглаад, үлдсэн 90 тэрбумын нөөцийг одоо чухам яахыгаа мэдэхгүй, бараг хэнд ч хэрэггүй болсон шахуу гунигтай түүх ойрхон байна. Энэ алдааг давтахгүйн тулд Таван толгойн зургаан тэрбум тонн нүүрсийг бүхлээр нь иж бүрэн ашиглах ёстой гэсэн дүгнэлт бүр социализмын үед гарсан байдаг. Тэгэхээр төсөл шалгаруулах үндсэн нөхцөл нь энэ байх ёстой.

5. Түүнээс гадна дэд бүтцийг мартаж болохгүй: Одоогийн байгаа дэд бүтцийн хэмжээнд хэдий хэмжээний нүүрс олборлон, тээвэрлэх боломжтой вэ. Жижиг Таван толгой шиг хүрздэн, машинаар зөөх гэж байгаа бол түүн шиг утгагүй зүйл байхгүй. Үнэндээ ямар, ямар дэд бүтцийг ямар хүчин чадалтайгаар нэмж бүтээн байгуулах шаардлагатай байгааг ч гүйцэд тооцоогүй л явна бид. Ямар ч байсан уурхай ажиллуулаад, нүүрс гаргаад, зарим хэмжээгээр зөөх түвшинд хүрэх бололтой. Гэтэл үнэхээр нүүрс чигээр нь зөөхөд тээвэрлэлтийн хязгаарлалттай тулгарах асуудлыг нарийн тооцсон хүн байна уу. Угаах үйлдвэрийн ихээхэн хэмжээний хаягдал болон эрчим хүчний нүүрсийг тэгвэл хааш нь хийх вэ. Байгаль орчныг бохирдуулж, хаягдал болгоод өмнө зүгийн говийн бүсийг нүүрсний хаягдлаар дүүргээд орхих уу.

6. Эдийн засаг хүсээд байгаа хэмжээгээр үсрэлттэй хөгжих үү, энэ эдийн засгийн тооцоог хэн хийсэн бэ, Хөрөнгө оруулалтын банкны гоё өнгө будагтай танилцуулгын ар талын тоонуудын ул үндсийг Монголд сайтар шалгаж нягталж үзсэн хүн нэг ширхэг байгаа билүү, үгүй билүү ер нь. Хөрөнгө оруулалтын банк хэлсэн болохоор л шууд нүдээ аниад хувь заяагаа атгуулаад яваад байдаг бид. Гэтэл нөгөө баруунд бол энэ Хөрөнгө оруулалтын банкны нөхдүүдийн “тоог” байнга нягталж байхгүй бол дэлхийг ч нураах хэмжээний алдаатай тооцооллууд хийгээд байсныг нь харуулах хямрал гараад байдаг.

7. Өөрөөр хэлбэл нүүрсний уурхайг эргэлтэд оруулах гаргалгааг бид хийгээд буй боловч, дараагийн ашиглалтын шатанд тулгарах бодит аж ахуй, менежментийн болон, байгаль орчин, эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжлийн загвар түүний хувилбаруудын талаар ямар ч төлөвлөгөө Монгол Улсын Засгийн газарт алга байна. Энэ бүгдийг эрхбиш нэг тунгаана биз дээ хэмээн найдахаас одоохондоо.

Нэг зүйлийг сайтар ойлгоосой

Манай Таван толгойн нүүрс нэг тоннын үнээр нь бодоод үзвэл үнэндээ тийм ч гайхамшигтай үнэтэй эд биш. Гэтэл гадныхны сонирхлыг татаад байгаа нууц нь юунд оршино вэ. Энэ бол бусад нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний түүхий эд болдогтоо л оршиж байгаа юм.

Дахин хэлэхэд түүхий эд. Монгол Улс одоохондоо нөгөө л хөрш улсуудынхаа түүхий эдийн хангагч орон болох хувь заяагаараа явж байна. Энэ замаас салж монгол хүний боловсролын түвшинг ахиулах, эдийн засгийн шинэ тутам салбарууд бий болгох, дэвшилтэт технологи нэвтрүүлэх зэрэг шийдэлд хүргэх сонголтыг хийх ёстой юм. Иргэдийнхээ саналыг төр засаг нь худалдаж авдаг, худалдахад түлхсэн сонголт болох вий хэмээн болгоомжилж байна.

Боловсруулах үйлдвэрүүдийн цогцолбор байгуулах, эрчим хүч, кокс химийн бүтээгдэхүүн, ган, барилгын материал, зэсийн эцсийн бүтээгдэхүүний нэмүү өртөг Монгол нутагт бүтээгдэж, монгол хөрсөнд, монгол хүнд “шингэдэг” болох, түүнчлэн бүс нутгийн интеграцийн салшгүй нэг хэсэг болох асар их бололцоог ашиглах эсэх нь Таван толгойн стратегийн хөрөнгө оруулагчаар хэнийг шалгаруулах вэ гэдгээс шууд хамаарах юм.

One comment

  1. дэлхийн эдийн засгийн хямралыг тооцож чадаагүй олон улсын валютын сан , хөрөнгө оруулалтын банк зэрэг манайхны үг дуугуй даган бөхөлзөх дуртай тэр НӨХДҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨМЖ нэртэй зүйлийг олон орон маш болгоомжтой харж зарим нь нэг л улсад үйлчилдэг байгууллагууд гээд шууд яриад байгаа бололтой. Анхаармаар бодмоор байгаа шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *