Beautiful Plants For Your Interior
Ерөнхий сайд мэдэгдэл хийгээд л… Өөрөө уншсан юм уу бүү мэд. Хүний бичсэн дээр л дуу оруулчих шиг болсон
-Монголын улс төр, эдийн засгийн амьдрал шинэ он гарсаар нэлээд бужигнаантай байна. Энэ талаар тантай ярилцах гэж зорьж ирлээ.
-Дуртайяа хүлээж авъя.
-Улс төрийн хүрээнд өрнөөд байгаа хамгийн сонирхол татахуйц мэдэгдэл АН-ын удирдлагуудын хамтарсан Засгийн газраас гарах тухай байлаа. Гэхдээ мэдээж өнөөдөр хуралдах Үндэсний зөвлөлдөх хорооноос эцсийн шийдвэр гарах байх тийм ээ?
-Мэдээж Үндэсний зөвлөлдөх хорооноос шийдвэрээ гаргана л даа.
-Намын удирдлагууд нь засгаас гарна гээд мэдэгдчихээд байдаг. Гэтэл Үндэсний зөвлөлдөх хорооноос гарахгүй гээд шийдчихвэл яах вэ. Хувилбар бол байж болно биз дээ?
-Онолын хувьд тийм магадлал байж болох юм. Практик дээр арай ч үгүй байх аа. Манай Үндэсний зөвлөлдөх хорооныхон бол улс төрийн ноён нуруутай хүмүүс. Улс төрийн тогоонд ч чамгүй олон жил чанагдсан хүмүүс. Эрх биш зөв шийдвэр гаргана гэж найдаж байгаа шүү.
-Харин засагт хамтарч байгаа МАН-ынхан ҮЗХ-ноос арай өөр юм хүлээж байна гэдгээ илэрхийлсэн. Ерөнхий сайд АН-ынхныг шийдвэрээ эргэж харна гэдэгт найдаж байгаа юм биш үү?
-Засгаас гарна гэдэг нэгдүгээрт нэг их шинэ зүйл биш. Олон жил ярьсан л зүйл. Миний байр суурь бол тодорхой. Бараг жилийн өмнө өгч байсан ярилцлагадаа ч хамтарсан Засгийн газраас гарах цаг нь бүр өнгөрчихлөө гэж хэлж л байсан. Хамтарсан Засгийн газраас АН гарна гэдэг нэг их сандраад цочирдоод байх зүйл биш шүү дээ.
Яахав хүн болгон өөр өөрийнхөөрөө тайлбарлах байх. Энэ үйл явдлыг тойруулаад тодорхой хэмжээгээр улс төр хийгээд авчихъя, ганц нэг оноо нэмчихье гэсэн зорилго зарим нэгэнд байгаа байх. Ерөнхий сайдын хэлж байгаа үгийг ч тэр хүрээнд л явж байгаа болов уу л гэж бодож байна.
-Үнэнээсээ харамсаагүй, зүгээр л улс төр гэж үү?
-Матрын нулимс гэдэг нь л үнэн байхгүй юу. Хамтарч байгаа нам нь засгаас гарахаар дуугүй байгаад байж болдоггүй… Тэгээд дүр эсгээд харамсч байна гэсэн ганц хоёр юм эрх биш хэлэх ёстой байсан байх л даа. Тэрийгээ л хэлж байгаа байх.
-Ер нь тэгээд засгаас гарахгүй бол сонгуулиар яаж ч өрсөлдөх юм.
-АН Засгаас гарч байгаа учир шалтгаан юу гээч. С.Батболдын Засгийн газраас гараад байгаа гэж харж болохгүй. Эцсийн эцэст хариуцлагагүйн тогтолцооноос гаръяа л гэж байгаа юм. Парламент сөрөг хүчингүй болчихсон. Дуугардаг байсан чинь Баяр дарга хүрч ирээд одоо хамтарчихсан юм чинь дуугүй байна шүү гээд бүх юмыг байхгүй болгосон. Хааяа нэг хариуцлага тооцох гээд ярихаар найзан дундаа юм болгочихдог. Сүүлдээ нэг нэгэндээ юм хэлж чадахаа байлаа. Хэлэх ч аргагүй болсон л доо. Хэлсэн нь ад үзэгддэг болсон юм чинь. Үндсэндээ хариуцлагагүйн энэ явдлыг л өөгшүүлэхгүй гэж байгаа болохоос биш засгаас гарах нь магадгүй гучдугаар асуудал байх л даа.
-Гэхдээ бас хоёр намын дунд байгуулсан гэрээ гэж байгаа. МАН-ынханд энэ гэрээний дагуу хамтарсан Засгийн газраас аль нэг нь дангаараа шийдвэр гаргаад гарчих боломжгүй гэх байр суурьтай байгаа нь ч харагдана лээ.
-Томоор хараад үзвэл хоёр намын хооронд байгуулсан гэрээ гэж байгаа нь үнэн. Тэр гэрээн дээр байгаа биелэгдэх боломжтой заалтууд нь үндсэндээ биелэгдчихсэн. Үлдсэн нь яаж ч хамтраад биелэхгүй л байхгүй юу даа. Яаж ч чармайсан, яаж ч гүйж харайсан биелэгдэхгүй зүйл. Тиймээс өөрсдийгөө ч, өрөөл бусдыг ч хуураад нийгэмдээ худлаа мэдээлэл өгөөд байх шаардлагагүй. Хийж болох зүйлээ хийчихлээ, үлдсэн нь яаж ч хичээгээд биелэхгүй нь, одоо дүнгээ тавиулъя л гэж байгаа юм. Ерөнхий сайд мэдэгдэл хийгээд л байна лээ. Өөрөө тэрнийгээ уншсан юм уу, үгүй юм уу бүү мэд. Хэн нэгэн хүний бичиж өгсөн юманд л мань эр дуу оруулчих шиг болсон. Хэрвээ уншсан бол арай л ондоо юм ярих байсан байх. 82 хувийн биелэлттэй байна гэж мэдэгдэж байна билээ. Юун 82 хувь бэ. Үсрээд л гуравны нэгийг биелүүлсэн бол их юм байгаа байх.
-Хариуцлагагүйн зуднаас сэргийлэх гэж засгаас гарч байна гэж ойлголоо. Тэгвэл үлдсэн хугацаанд АН-ынхан хүчтэй сөрөг хүчин байж, алдаа гаргасан тохиолдолд хариуцлагын асуудлыг нэлээд сөхөх нь ээ?
-Ямар ч байсан АН засгаас гарлаа гэхэд болохгүй бүтэхгүй асуудлууд дээр маш тод гэрэл тусгаж өгнө. Хамгийн эмзэг, болохгүй бүтэхгүй асуудал дээр маш тод гэрэл тусгаж өгнө. Маш тод гэрэл тусгаад нийгмийн анхаарлыг хандуулж өгнө гэдэг эрх баригчдад өгч байгаа том дохио, дэмжлэг. Энэ үүргээ ядаж гүйцэтгэх бололцоо нээгдэж байгаа юм.
-Бас өөр өнцгөөс тайлбарлаж байна л даа. Сонгуулийн жил засгаас гарсан нь зөв. Тэгэхгүй бол янз бүрийн хуйвалдаан газар авна гээд л…
-Үүнийг их олон хүн хүлээж байсан. Сөрөг хүчний байр суурь байхгүй болохоор хариуцлагагүйн зуд дээр дооргүй бүх газар нүүрлэлээ. Үүнээс болоод бид их бололцоогоо алдаж байна. Цаашид үргэлжлүүлээд яривал нийгэмд шударга ёс тогтоох гол гол үнэлэмжийн чанартай юмнууд хүртэл бүгдээрээ алдагдаад байна шүү дээ. Би энэ тухай хүртэл саяхан захидал бичсэн. Өдөр тутмын сонинуудаар нийтэлсэн дээ. Танай сонинд бас нийтлэгдсэн байгаа.
-Тийм байсан.
-Тэрэндээ энэ талаар дурдсан байгааг уншигчид анзаарсан байх аа.
-АН-ын мэдэгдэлтэй зэрэгцээд гарч байгаа үйл явдлууд ч мөн л улс төр, эдийн засгийн амьдралд нэлээд бужигнаан авчирлаа. Жишээ нь АН мэдэгдэл хийсний маргааш шатахууны үнэ тэнгэрт хадлаа.
-Би дээр хэлсэн дээ. Энэ үйл явдлыг тойруулаад улс төрийн ашиг хонжоо олъё гэсэн юмнууд байхыг үгүйсгэхгүй. Манай намын даргын мэдэгдэл аз таарч энэ бүх үйл явдлууд өрнөхөөс өмнө гарсан. Сүүлд нь өрнөж байгаа энэ юмнуудыг бол зарим нэгэн сонин хэвлэл дээр гарна гэсэн мэдэгдэл нь ийм юм руу түлхчихлээ гэсэн тайлбар хийх гэж оролдож, бусдад итгүүлэх гэсэн оролдлого явж байна лээ. Гэхдээ үүнийг нэг их явуургүй байх аа л гэж бодож байна.
-Өчигдөр нөөцийн махыг худалдаанд гаргах шийдвэр гаргалаа. Гэтэл МАН-ын зарим сайд нөөцийн махыг худалдаалахаа азная, үүгээр жаахан улс төрийн оноо цуглуулъя гэсэн гэх юм?
-Чихээрээ сонсоогүй болохоор хэлж мэдэхгүй юм. Гэхдээ МАН-ынхан ярьсан гэдэг баримт гараад ирвэл нэг их гайхахгүй. Ер нь том дүр төрхөөр нь харвал Монголын эдийн засгийн гурван эмзэг цэг байгаад байгаа юм.
-Тэр нь юу билээ?
-Нэгдүгээрт нь бол мах. Монголчуудын гол үндсэн хэрэглээ. Тэгэхээр гол хэрэглээ болсон мах нь хүртээмжтэй, ард иргэд худалдаж авч чадахуйц үнэ ханштай байх нь өөрөө зөвхөн эдийн засгийн биш нийгмийн, улс төрийн асуудал байдаг. Тиймээс махыг төр засаг, ялангуяа Засгийн газар онцгой анхаарч байх ёстой байдаг. Харамсалтай нь энэ Засгийн газар энэ үүргээ умартчихсан, мартчихсан.
-Мартчихсан гэж үү?
-Тийм, мартчихсан. Зүгээр л мартчихсан. Уг нь бол аль өнгөрсөн намраас л системтэйгээр хийж байх ёстой байсан. Гэтэл Ерөнхий сайд сагс тоглоод л алга болчихсон ш дээ. Махны асуудлаа мартчихсан л байхгүй юу. Хөдөө аж ахуйн сайд ч энэ дээр анхаараагүй. Эцсийн дүндээ махны хомсдол үүсч, үнэ нь тэнгэрт хадлаа. Цагаан сараар ууц бараг 500 мянга болоход нэг их гайхахааргүй л болчихлоо. Тийм хариуцлагагүй байдалтай л байна. Нөгөө талаар чөлөөт зах зээл, чөлөөт зах зээл л гээд байна. Үнэн хэрэг дээрээ чөлөөт зах зээл чинь 22-ын товчоон дээр л дуусчихаад байна. 22-ын товчоон дээр кг мах 1750-иар хүрч ирж байгаа. Энд болохоор 7000 хүрээд байна. Энэ зөрүү хаашаа, юу болоод яваад байна гэхээр сүлжээ нэртэй хэсэг бүлэг рүү, сүлжээнд хамрагддаг албан тушаалтнууд руу л явж байна. Эцсийн дүндээ ард иргэд нь маш хүчтэй дарамтанд орчихсон л иймэрхүү байдалтай байна. Төр засаг үүнийг шийдэж байх үүрэгтэй л дээ. Би юу хэлэх гээд байна гэхээр нэгдүгээр эмзэг цэгээ манай Засгийн газар үндсэндээ мартсан гэдгийг хэлье. Энэ бол мэргэжлийн биш Засгийн газар, хариуцлагагүй Засгийн газар, ажлаа мэддэггүй Засгийн газар л гэж дүгнэхээс өөр арга байхгүй. Хоёрдугаар эмзэг цэг нь шатахуун. Бид өөрсдөө боловсруулж чаддаггүй. Боловсруулах үйлдвэр байгуулъя гээд хууль санаачлахаар тэр нь ямар нэгэн байдлаар үл үзэгдэх ханан дээр очоод зогсчихдог. Ер нь энэ төрлийн юм санаачлаад ямар нэгэн дэмжлэг авч чадахгүй л байна. Ямар сайндаа л саяхан Алтангэрэл гишүүн, би гээд 17 гишүүн хуулийн төсөл өргөн барих вэ дээ. Одоо энэ ажлаа урагшлуулаач ээ гээд. Аргаа ядсан хэрэг л дээ. Уг нь бол мөрийн хөтөлбөрт нь байгаа л зүйл. Энэ ажлаа манай Засгийн газар бас хийж чадаагүй. Нөөцөө бүрдүүлээгүй. Манайх шатахуунаа Оросоос л авдаг. Орост ямар хөдөлгөөн хэзээ яаж гарч байгааг одоо таамаглаж болж байгаа байхгүй юу. Тэр менежментээ хийгээгүй. Дараагийн нэг том асуудал нь юу вэ гэхээр тогтмол авдаг барааны гэрээ хэлцэл ядаж урт хугацааны байх ёстой. Гурван сар, зургаан сар, жилээр яригддаг байх ёстой. Тэр юмнуудаа хийж чадаагүй. Тэр ажлыг нь хариуцаж байгаа хүн нь ажил хэргийн мэдлэггүй байгаа юм. Мэдлэггүй дээрээ сэтгэлгүй. Ажлынхаа мөн чанар руу ордог хүн алга байна. Үүнийгээ хийж чадахгүй байсаар байдлыг хүндрүүлчихээд одоо юу гэж ярьж байгааг та бүхэн харж байгаа биз дээ.
-Валютын ханшны өсөлт шатахууны үнийг хөөрөгдлөө гээд үү?
-Тийм. Тэгвэл бодит байдал дээр арай өөр. Яг нарийндаа шатахууны үнэ өсч байгаа явдал зүгээр л үүнийг тойрсон ямар сүлжээ гэх юм томъёолж чадахгүй байна. Ёстой нөгөө аалзны тор нь юм уу. Тэр сүлжээний зүгээс ард иргэдийн нуруун дээр ногдуулж байгаа асар их дарамт. Энэ бол дэндүү хариуцлагагүй явдал. Үүнийг зохицуулах бүхэл бүтэн яам байгаа. Энэ яам зүгээр л ажлаа мэдэхгүй байна. Үүнийг хариуцсан бүхэл бүтэн агентлаг байж байна. Үгсэн хуйвалдаад байдаг юм уу бүү мэд. Ямар ч байсан эд нар ард иргэдийн биш эздийн эрх ашгийг л хамгаалаад явж байх шиг байна. Энэ асуудал хоёрдугаар гол эмзэг сэдэв. Яахав гаднаас авдаг болохоор гаднын бодит хүчин зүйл байгаа л байх. Бодит хүчин зүйлийг нь аваад үзэхээр арван хэдэн хувиас хэтрэхгүй байгаа юм. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өссөн байдал ч гэсэн ОХУ-ын дотоодын зах зээлд өрнөж байгаа үйл явдал ч гэсэн арван хэдэн хувиас хэтрэхгүй байгаа. Гэтэл сүүлийн хоёр жил бензин шатахууны үнэ 66 хувиар өсчихлөө. Үүнийг даажигнал гэх юм уу, доромжлол гэх юм уу би мэдэхгүй байна. Энэ бол Засгийн газар дэндүү сул байгаагийн, дэндүү хариуцлагагүй байгаагийн нотолгоо.
-Шатахууны үнэ нэмэгдэхэд валютын үнэ нэг их нөлөөлөөгүй юм бол юу нөлөөлсөн байх вэ, улс төр үү?
-Яахав би тэгж нэг их улстөржсөн тайлбар хийж чадахгүй нь. Гэхдээ асуудлын учрыг олъё гэхэд маш амархан ш дээ. ШТС-уудынхаа жагсаалтыг гаргаад хэн хэдийг оруулж ирж байна, дотоодын зах зээлд хэдэн хувийг эзэлдэг юм байна гэдгийг гаргаад ирж болно. Тэгээд энэ компаниуд хааш нь оруулж ирсэн шатахуунаа нийлүүлж байна гээд л тоог нь гаргаад ирэхэд улс төрийн учир шалтгаан байсан уу, үгүй юү гэдэг нь харагдах учиртай.
-Тэгвэл гуравдахь эмзэг сэдэв нь мэдээж валют байх нь?
-Мэдээж валют. Манайх сүүлийн хэдэн жил валютын нөөцөө нэмэгдүүлж, 2.5 миллиард долларт хүргэчихсэн. Ийм бололцоотой мөртлөө ханшаа алдчихаад байна гэдэг Монголбанкны хариуцлагагүйг л харуулж байгаа юм. Он гараад аравхан хонож байна. Аравхан хоногт хоёр хувиар өслөө. Өнгөрсөн арван сараас хойш аваад үзэхэд үндсэндээ 15 хувиар өсчихөөд байна. Үүнийг элдэв янзын хүн рүү түлхэх юм байхгүй. Ханш ийм байдалд хүрсэн нь хоёр гурван учир шалтгаантай.
-Тэр нь юу билээ?
-Нэгдүгээрт нь Монголбанк маш буруу менежмент явуулсан. Эцсийн эцэст Монголбанк хамгийн гол нь хүлээлтийг залах байдаг. Хүлээлтийг залах үйл ажиллагаагаа дэндүү хариуцлагагүй явуулсан. Бухимдуулах л үйл ажиллагаа явуулж, бухимдуулах л мэдэгдэл хийгээд байсан болохоос биш юмны учир начрыг зөвөөр тайлбарлаагүй. Хүлээлтийг зөв голдирол руу залах талаар юу ч хийгээгүй. Хоёрдугаарт зөв голдирол руу оруулах хүлээлтээ дэмжсэн алхам хийгээгүй. Хамгийн наад зах нь эрх зүйн зохицуулалтын шинж чанартай алхам огт хийгдээгүй.
-Жишээ нь эрх зүйн ямар зохицуулалт хийх ёстой байсан бэ?
-Ганцхан жишээ л хэлье. Өнгөрсөн дөрөвдүгээр сард шиг санагдаж байна. Хятадын төв банкны ерөнхийлөгч манай улсад айлчилсан. Тэгээд Монгол Улстай юань төгрөгийн своп гэрээ байгуулсан. Таван миллиард юань гэсэн шиг санагдаж байна. Манай эдийн засгийн хувьд асар их мөнгө шүү. Гэтэл үүнийг хэрэгжүүлэх дүрэм журмаа Монголбанк батлаагүй байсан. Бараг жил болоход хийгээгүй л байсан. Явж явж сая элдэв янзын шуугиан гарахад өчигдөр гэнэ үү хуралдаад нэг шийдвэр гаргахаар болсон юм шиг байна. Одоо үүнийг хэрэгжүүлэх гэсээр байтал цагаан сар гарч хавартай золгох нь байна. Бусдыг нь ярихаа больё. Ядаж өөрсдөөсөө хамаарах зүйлийг л хийчихгүй байгаа биз дээ. Монголбанкны ерөнхийлөгч дүрэм журмаа батлаад гарын үсэг зурчих л асуудал шүү дээ. Дүрэм журмаа л гаргаж чадахгүй ес, арван сар алдчихсан байна. Ийм хүнд Монголын макро эдийн засгийн хувь заяаг даатгачихаад явна гэдэг үнэхээр болохгүй юм байна. Тийм учраас манай намын бүлэг Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлага тооцох нь зөв юм байна гээд УИХ-ын даргад өргөн барихаар шийдвэрлээд байна даа.
-Яг хэзээ өргөн барих бол?
-Ямар ч байсан бичиг баримтаа бэлэн болгосон. Гар хөлийн үсгээ зурах л дутуу байгаа байх.
-Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах тухай яриа болоогүй байхад долларын ханш 1470 хүрсэн. Харин ганцхан хоногийн дотор 1410 болж бууж байх юм. Зохиомол хөөрөгдөл бас орсон байсан юм биш байгаа?
-Энэ савалгаа угаасаа эрүүл бус байдлыг л харуулж байгаа юм. Мөнгөний бодлого, валютын ханшны бодлого дэндүү савалж байна. Нэг хувиар нааш цааш хөдлөхийг бол ойлгож болно. Ингэж савлаад эхэлнэ гэдэг бодлого буруу байгааг л харуулж байгаа.
-Эцэст нь улстөрчийн хувьд биш эдийн засагчийн тань хувьд ганцхан асуулт асууя. Ерөнхий сайд болон эрх баригчид эдийн засгийн асар их өсөлттэй байна гэж илтгэл болгондоо дурдах юм. Энэ хэр бодит үзүүлэлт юм бол оо?
-Эдийн засгийн өсөлт байгаа нь үнэн. 20-30 хувь нь юу юм. Ямар ч байсан өсөлт байна. Цаашид эдийн засгийн өсөлт өрнөх магадлал өндөр. Асуудал юундаа байна гэхээр энэ эдийн засгийн өсөлтийн үр шим нь нийгэмд яаж тусч байна гэдэгт л байна. Нийгмийн баялгийн хуваарилалт бол үндсэндээ огт орхигдсон. Эдийн засгийн өсөлт чинээлэг нэгэнд нь очиж наалдаад байгаа болохоос биш, ядуурал буурч байгаа юм алга.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин, 2011.01.11, ярилцсан С.Ононтуул
goy yriltslaga bn………….nadd talagdlaa . . .bi neg ym asuh gesiin setgulche mini umnos asugad ugooch. . . .ardchilsan nam inged zasgiin gazras garch bga ni ireh songuulid nuur bardam oroltsh gj yriad bga . .tgvel barag ard irgediin huvid ner turoo shorotoi hamt hutgad haylaa iim bhad ene songuuli ardchilsan nam yln gdg naidvar yu ch haragdhgui bn engin irgedin nuder. . . .tednii zasgiin gazar ch burdhgui bh barag mash baga suudal avah bhaa irgdiin durguitsliig harahad. . . uunes ulbaataigar neg asult garch irj bgan ter ni . .ene songuulid yaj oroltshuu gui yu gdg talar setgulch ta mini umnos asugad ug
Хэдэн жилийн өмнө Амаржаргал гуай залуу сайхан ах зурагтаар гардаг байсан санагдах юм. Хурдан оворжиж байна. Монголын төр зүтгэсэн хүндээ халгаатай гэж … :p