Beautiful Plants For Your Interior
Тогтоол гаргуулахгүй бол шинэ УИХ-ын эрх зүйн чадамж аюулд орно
Ардын Эрх сонины сэтгүүлч Д.Оюунцэцэгтэй хийсэн ярилцлага
Уг нь монголчууд ярьдаг шүү дээ. “Толгой дээр малгай, төрийн дээр хууль байдаг” гэж.
Улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа.
А. Улс төрийн амьдрал гадаах цаг агаар шиг халуун бөгчим, гацаатай байна. Буруутныг нь зөндөө хайж бие биеэсээ өө сэв олох гэж үзлээ. Гарц хаана байгааг эрж байна. Ер нь юунаас болж ийм байдалд хүрсэн гэж та үзэж байгаа вэ?
Х. Одоо байгаа энэ байдлыг гацаа гэж нэрлэж болно. Нөгөө талаас харах юм бол манай хууль, эрх зүйн орчин ямархуу янзтай байгаа билээ. Түүний зохицуулалтууд ямархуу маягаар хэрэгждэг билээ. Хуулийн үг үсгийг хэн яаж уншиж байна гэдгээс их юм хамаарч байна л даа. Тогтсон, нэг янзаар уншдаг юм байхгүй. Дандаа субъективный маягаар, хүн бүр өөр өөрийнхөөрөө уншаад, тайлбарлаад явдаг. Ийм байдал маш их гарч ирж байна. УИХ-ын сонгуулийн тухай хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийг би тухайлбал нэг цогц асуудал гэж ойлгож байгаа. Цогц багц хууль гэж ойлгох ёстой. Тэнд маш тодорхой заалтууд байгаа юм. Сонгуулийн төв байгуууллагын бүрэн эрх гэж юу юм, тэр эрхийнхээ хүрээнд асуудлыг яаж шийдэх ёстой юм гэдгийг зохицуулаад өгчихсөн байхад “Үгүй ээ, түүгээр ярихгүй, Сонгуулийн тухай хуулийг нь барьж ажиллана” гэдэг бол манай эрх зүйн зохицуулалтын ерөнхий орчин ямар байгааг л харуулж байна. Энэ орчинг засч залруулах ёстой юм байна гэдэг маш тодорхой харагдлаа. Сүүлийн үед улс төрд, ялангуяа, УИХ-ын хүрээнд өрнөж байгаа үйл явдлуудыг харахад нэг зүйл их тод харагддаг. Энэ бол төрийн албан хаагчдын ёс зүйтэй холбоотой, тэр дотроо мэдээлэл өгдөг хүмүүс УИХ-д аль хэр бодитой мэдээлэл өгдөг юм бэ гэдэг асуудал. Тэд худлаа ярихгүй байх шиг байна. Тэгсэн мөртлөө бас яг үнэнийг хэлэхгүй байх шиг. Дунд нь зувчуулаад гуйвуулаад яваад байдаг. Түүнийг хэн дуртай нь өөрийнхөөрөө тайлбарладаг байдал тод харагдаж байна. Цаашид УИХ-ын үйл ажиллагааг үр ашигтай болгох үүднээс, төрийн чадавх, чадамжийг нэмэгдүүлэх үүднээс УИХ-д мэдээ, мэдээлэл, танилцуулга хийж байгаа төрийн албан хаагч болгон ямар нэг байдлаар тангараг өргөдөг байвал ямар вэ. АНУ-д бол Библ дээрээ гараа тавьж байгаад “Би зөвхөн үнэнийг ярина. Үнэнээс зөрж ярихгүй” гэдэг шүү дээ. Яг түүнтэй адилхан төрийн албан тушаалтнууд, сайдууд, яам, тамгын газар, агентлагийн дарга нар тангараг өргөж байгаад УИХ-д мэдээлэл хийдэг байх ёстой юм шиг байна.
А. СЕХ-ны дарга тухайлбал, сонгуулийн дүнг өмнө нь тогтоолгүй өргөн барьдаг байсан гээд, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулиар тогтоол гаргадаг болсон гэхээр “Битгий мөрөөд” гэсэн юм яриад байна л даа. Энэ мэт байдал энд хамаарах уу?
Х. Б.Баттулга дарга харин тиймэрхүү юм ярьсан байна лээ. Түрүүний хэлдгээр хууль, эрх зүйн орчин нь тодорхойгүй, уялдаагүй байгаа учраас хүн бүхэн өөр өөрийнхөөрөө тайлбарладаг өнгө аяс гарч ирчихээд байна. Өнгөрсөн чуулганы хугацаанд би энэ сэдвийг олон хөндөж байсан даа. Эрх баригч намд ч хандаж хэлж байсан. Ерөнхий сайд нарт ч хэлж байсан. Бүгдээрээ Үндсэн хуулийнхаа үг үсэг бүр дээр нэгдсэн нэг ойлголттой болъё. Тэгэхгүй бол хүн бүр өөр өөрийнхөөрөө тайлбарлаад яриад байхаар болохгүй байна шүү гэж. Арга ядсан л хэрэг л дээ. Үүн дээр бодож анхаарах зүйл маш их байна.
А. СЕХ сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид хоёр удаа, тэгэхдээ өөр өөр жагсаалтаар өргөн барьчихсан. Хуулиар бол нэг л удаа айлтгах ёстой. Хууль зөрчсөн үйлдэл энэ мөн үү?
Х. Хууль зөрчинө гэдэг ойлголт ер нь ямар хэмжээнд байдаг юм бэ. Хуулийг бага зөрчинө гэсэн ойлголт байдаг уу, үгүй юү. Өчүүхэн зөрчиж болно гэсэн ойлголт байдаг уу, байхгүй юү. Ц.Мөнх-Оргил сайдаас энэ тухай асуухад “Тийм юм байхгүй. Хуулийг нэг бол зөрчинө. Нэг бол зөрчихгүй” гэсэн. Ийм л хоёр маягаар ярьж байгаа. Тийм бол яг тэр маягаар төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа хэрэгжиж байх ёстой. Түүнээс биш “За яахав дээ, чи ч хууль зөрччихсөн, энэ ч бас тэгсэн. Зөрчих нь ч жаахан зөрччихсөн юм. Яахав дээ, үзсэн ч үзээгүй юм шиг, харсан ч хараагүй юм шиг цаашаа явъя” гэсэн байдлаар хандаж болохгүй. Төрийн эрх барих дээд байгууллага, УИХ нь иймэрхүү юмтай эвлэрээд, Их Хурлаар батлаад гаргаж байгаа хуулийг орон даяар хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газар, түүний харьяа байгууллагууд нь иймэрхүү юмыг өнгөрөөгөөд Монгол даяараа найзан дундаа хавтгайрсан юм болчихсон. Тэгчихээд бид гайхаад байна шүү дээ. “Яагаад Монголд шударга ёс байдаггүй юм. Яагаад дэг журам, замбараа байдаггүй юм” гээд. Уг нь гайхах юм байхгүй. Хүн бүр давхар стандартаар юманд хандаад байгаа байхгүй юү. Өөрт ашигтай болохоор нэг янзаар, ашиггүй бол арай ондоогоор тайлбарлаад явчихдаг. Үүгээр би Ардчилсан нам, МАХН гэж байгаа юм биш. Аль альд нь байгаа зүйл. Нэг л зарчим байх ёстой. Хууль зөрчсөн, зөрчөөгүй гэдэг ойлголтын хүрээнд явах юм уу, эсвэл бага зэрэг, өчүүхэн төдий, дөнгөж зөрчсөн гэдэг хүрээнд явах уу гэдгээ ойлголцож, тохирох хэрэгтэй юм шиг байгаа юм л даа, өдөөн хатгасан янзаар хэлэх юм бол.
А. Ардчилсан намын зүгээс СЕХ сонгуулийн дүнг заавал тогтоолоор баталгаажуул гээд байгаа. Гэтэл ингэлээ гээд дүнгийн агуулга, сонгогдсон гишүүдийн тоо өөр болохгүй гэсэн бас нэг ойлголт байна?
Х. Манай намынхны заавал тогтоолоор батлуул гээд байгаа нь хоёр учир шалтгаантай юм. Нэгдүгээрт, угаасаа л хуулийн ийм тодорхой заалт байгаа учраас тогтоолоор батлуулаад явах ёстой. Хоёрдугаарт, тогтоол гаргуулахгүй бол одоо энэ шинээр бүрдэж байгаа УИХ-ын эрх зүйн чадамж аюулд орох гээд байгаа юм. Тэгэхээр тогтоол батлуулах нь зарчмын ач холбогдолтой зүйл шүү гэж хэлээд байгаа юм. “За яах вэ, уламжлал тийм байсан юм аа” гээд тогтоол батлуулахгүй явчихлаа гэж бодъё л доо. Тэгтэл иргэн Дорж, Дондог, Дулмаа Үндсэн хуулийн Цэцэд хандаад асуудал тавьчих л юм бол энэ асуудал тэгээд нээлттэй болчихож байгаа юм. Шал ондоо байгууллага, шал ондоо субъектив хүчин зүйлийн нөлөөлөл орж ирээд шийдвэр гаргаж болно шүү дээ. “Энэ УИХ чинь эрх зүйн чадамжгүй юм байна” гэчихвэл яах вэ. Тэр тохиолдолд төр, засагт итгэх итгэл, УИХ-аас гарах шийдвэр аль хэр хууль ёсны байх юм гээд өчнөөн асуудал бие биеэ дагалдан гарна. Тийм учраас ядаж эхний удаадаа тэр хууль ёсны тогтоолоо гаргачихъя л гэж байна шүү дээ. Гишүүний тоо 62 байна уу, 66,76 байна уу, хамаа алга. Хялбархан л юм шиг байгаа юм. Бас болдоггүй л юм байлгүй. Уг нь монголчууд ярьдаг шүү дээ. “Толгой дээр малгай, төрийн дээр хууль байдаг” гэж.
А. МАХН бол тангаргаа хурдхан өргөөд цаашаа явъя гэж байгаа?
Х. МАХН-ыг ойлгож байна. Олонх болсон улс төрийн хүчин хурдхан түүнийгээ албажуулж аваад дараагийнхаа юм руу оръё гэсэн бодол байдаг биз. Хэн ч байсан тэгэх л ёстой байх. Гэхдээ түрүүн хэлсэн шүү дээ. Өнөөдөр яах вэ, ингээд өнгөрөөчихье. Маргаашаас сайхан амьдаръя гэсэн зарчмаар л хандах гээд байна л даа. Төрийн бодлогод тэгж хандаж болох уу, үгүй юү. Ойлгохгүй байна. Хэлбэр талаасаа биш агуулгадаа асуудал байгаа юм. Үүнийг шийдэх арга зам дээр хоёр нам хамтарч ажиллая гэх юм бол арай л ондоо сонсогдох байх л даа.
А. Ардчилсан намынхан өргөн барьсан хоёр дүнгийн заавал долдугаар сарын 10-ны дүнг зөвшөөрөх ёстой гээд байдгийн учир юу вэ?
Х. Анх өргөн барьсан дүн нь л тэр юм билээ. Түүнийг албажуулаад, тэрнээсээ цааш явъя л гэсэн санаа л даа. Зарчим нь бол тогтоолоор албажуулах нь зүйтэй л гэсэн үг. Тэрнээс биш гишүүний тоо энэ тэр гол биш л дээ.
А. Үүнийг аль ч намыг олонх биш болгож байгаад Ардчилсан нам засаг хуваах гэсэн санаа гэсэн хар сэр яваад байна л даа?
Х. Дагуулж мушгих гэдэг шиг нэг тийм хардлага яваад байна. Тийм хардлагын зах сэжүүрийг бид ямар нэг хэлбэрээр өгчихсөн л юм шиг байна. Үгүйсгээд ч байх аргагүй. Түүндээ гол нь биш гэж бодож байна. УИХ-ын сонгууль явсан. Сонгуулийн дүнг гаргах хууль ёсны байгуулага нь түүнийгээ албан ёсоор гаргаад л өгчихвөл хүлээн зөвшөөрөхөөс арга байхгүй. Дараа дараагийн шатны ажлаа бусад байгууллагаараа дамжуулаад хэрэгжүүлээд явдаг механизм нь бий шүү дээ. МАХН олонх болдгоороо болоод л явна.
А. Ерөнхийлөгч гацаанаас гаргах ганц субъект гэж зарим хуульч хэлж байгаа. Ерөнхийлөгчийн оролцоо үүнд хэр зэрэг нөлөөтэй гэж?
Х. Ц.Нямдорж гишүүний л бодол байх л даа. /инээв/ Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, бусад хуульд маш тодорхой заачихсан байгаа. Шинээр бүрдэж байгаа парламентын анхдугаар чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч удирдах ёстой. Тэр болтол Ерөнхийлөгчийн мэдэлд бүх юм байгаа. Энэ эрх СЕХ сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид айлтган барьснаас эхэлдэг. Тэр цаг мөчөөс Ерөнхийлөгч маш хариуцлагатай хандах ёстой байх л даа. Тэр дүн нь маргаантай юу, үгүй юү. Албан ёсоор хууль номын дагуу хэрэгжсэн үү, үгүй юү. Энэ бүхнийг маш нягт нямбай шалгаж, үзэж харж авах ёстой. Хуулийн дагуу асуудлыг УИХ-д өргөн бариад хэлэлцүүлэх ёстой байсан болов уу гэж хувьдаа боддог. Хоёр өөр дүн энэ тэр гээд маргаан гараад байна гэдэг бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын холбогдох ажилтнууд хайхрамжгүй хандсан байх магадлалтай юм шиг надад санагдаад байгаа юм. Нэг ийм ойлголт байдаг шүү дээ. “Хэрэв чи шийдэл биш бол чи өөрөө асуудал үүсгэгч” гэж. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө шийдлийг нь гаргаад тавьчихаж чадахгүй л байгаа бол өөрөө ямар нэг хэмжээгээр асуудал үүсгэдэг өдөөгч болчихоод байна л даа. СЕХ ч шийдэл байх ёстой. Гэтэл өнөөдөр асуудал өдөөгч болчихсон. Улс төрийн намууд ч ялгаагүй. Ардчилсан нам ч шийдэгч байх ёстой атал ямар нэг хэмжээгээр өдөөгч болчихоод байгаа юм.
А. Бодвол танай шинэ, хуучин гишүүд ярьдаг байх. Ардчилсан нам ямар алхам хийх вэ?
Х. Эхлээд шинээр бүрдэх УИХ-аа эрх зүйн чадамжтайгаар баталгаажуулж авъя. Ийм л асуудал тавьж байгаа. Өргөн барьж байгаа бичиг нь хууль номынхоо дагуу л байх ёстой. Тэгвэл цааш цаашаа юмнууд яваад өгнө. Ерөнхийдөө хийх ажил их гэж яриад байгаа боловч чухам юу хийж, ямар чиглэлээр хамтарч ажиллах вэ гэдэг дээр хоёр гол улс төрийн хүчин нэг их санаа зөрөөд байгаа зүйл байхгүй.
А. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгоод шинэчилсэн найруулга хийе гэж ярилцаж байгаа. Үүнийг яаж шийдэх вэ?
Х. Бас л янз янзаар томъёологдоод байгаа асуудал. Зарим хүн тэр заалтыг тэгж өөрчлөөд гээд маш тодорхой хэлж байна. Зарим нь арай өргөн утгаар авч үзэж байна. Би хувьдаа тэр өргөн утгаар авч үзэж байгаа хүмүүсийн нэг гэж өөрийгөө ойлгодог.
А. Тэр нь юу вэ?
Х. Угаасаа өнгөрсөн 18 жилийн хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн ямар заалт амьдралаар шалгагдав, аль нь маргаан үүсгээд байна гэдгийг харах бололцоо гарч ирсэн. Үүн дээр нэлээд сайн дүн шинжилгээ хийгээд асуудлыг цааш шийдээд явах ёстой. Шаардлагатай бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэхээсээ илүү Үндсэн хуультайгаа ижил хүчин төгөлдөр үйлчилдэг нэмэлт гэдэг хэлбэрээр тодорхой заалтуудыг тодорхой болгоод явах бололцоо бий гэсэн ойлголт надад байдаг. Тухайлбал, хот гэдэг ойлголт байдаг шүү дээ.
А. Одоо Улаанбаатараас өөр хот байхгүй…
Х. Тийм. Миний бодлоор өнөөгийн шатанд арай өргөн томъёолох хэрэгтэй байх. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага гарсан байна. Гэхдээ ямар өөрчлөлтийг, ямар үзэл баримтлал дээр тулгуурлаж байж яаж оруулах вэ гэдгээ их тулхтай, тал бүрээс нь ярьж, шаардлагатай бол ард нийтийн санал асуулга хийж байгаад хийх ёстой байх.
А. Урьд нь 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг заавал хүчингүй болгох шаардлага бий юү?
Х. Тэнд хэрэгтэй, амьдралаас урган гарч ирсэн заалт нэлээд бий. Тухайн үед Ардчилсан нам олонх болохгүй гэдэг нь ойлгомжтой байсан боловч бидний зовлонг дараагийн эрх барих нам маань битгий амсаасай, Монголын төрд хэрэгтэй юм гэж бодоод хийсэн заалтууд шүү дээ. Хуульд ингэж шийдэл олоод, өөрчлөлт оруулаад явж байхад эрх барьж байгаа хүчин өөрөө маш өндөр соёлтой байх ёстой юм. Бид нэгэнт 39-үүлээ болсон. Яасан ч яах вэ гэсэн байдлаар асуудалд хандахгүй байх, хуучин 51 гишүүнээр олонх бүрддэг байхад ямар хэцүү байлаа гэсэн ой санамжийг хадгалж, түүн дээрээ тулгуурлаж сөрөг хүчинтэйгээ урт хугацааны түншлэлийн чанартай харилцаа үүсгэж авч явах тогтолцоо руу орох ёстой юм байна гэдгийг харуулж байгаа заалтууд.
А. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад ард нийтийн санал асуулга заавал явуулах уу?
Х. Тэр зөв юм шиг байгаа юм. Өнөөдрийн парламент шийдлээ олоод Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм бол, дахин маргаан гаргахгүйн тулд, хоёр нам хуйвалдаад ингэчихлээ гэж хэлүүлэхгүйн тулд ард нийтийн санал асуулгаар баталгаажуулаад авах нь зөв.
А. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудал байдаг. Парламентын засаглалтай, тэгсэн атлаа төрийн тэргүүнтэй. Ерөнхийлөгчийг УИХ-тай адилхан нийт ард түмнээс сонгох нь зөв үү, эсвэл парламентаас сонгох уу гээд?
Х. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт дотор яригдаж байгаа нэг асуудал. Үүнийг бас л ард нийтийн санал асуулгаар шийдэх асуудал мөн байх. Би 2004 оны сонгуулийн өмнөхөн шинээр бүрдэх УИХ-д хандаж нэг ил захидал гаргаж байсан. Тэнд манай Монгол засаглалын хэлбэрээ тодорхой болгох шаардлага байна. Нэг бол сонгодог парламентын засаглалтай болъё, эсвэл сонгодог Ерөнхийлөгчийн засаглалтай болъё. Тэгэхгүй бол саармаг хэлбэр явуургүй юм байна, хүн бүр янз янзаар уншаад байх юм гэсэн санааг тухайн үед хэлж байсан юм. Тэр үед нэг анзаарагдаагүй, одоо бол хүмүүс хөндөж тавьж л байна.
А. Төр гэж Ерөнхийлөгч, УИХ хоёроо хоёуланг нь хэлээд байгаа нь гаднынханд сонин санагддаг юм билээ?
Х. Уг нь Үндсэн хуульд бол энэ хоёрыг тодорхой заасан байгаа юм л даа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх үүрэг хэзээ ямар нөхцөлд хэрэгжих вэ гээд заачихсан байдаг. Манайд нэг зовлон бий. Төрийн захиргааны алба хашиж байгаа хүмүүс өөрийн хуулиар ногдсон үүргээ эрх гэж ойлгоод байдаг. Нэгдсэн маягаар ойлгосон цагт л энэ төр нэг жигдрэх юм болов уу даа.
А. Шинэ УИХ-ыг тийм хугацаанд байгуулж чадахгүй бол тийм эрсдэлд орно гэсэн зүйл байна уу?
Х. Яг хууль номд тийм зүйл байхгүй. Ерөнхий сайд томилоход л хуульд 45 хоногийн хугацаа заасан байдаг. Гэхдээ ямар ч ухаанаар бодсон сунжруулаад байлгаад байна гэдэг аль аль талдаа утгагүй зүйл. Энд улс төрийн зориг, ухаан гаргаж хариуцлага үүрэх чадвартай байх ёстой. Зарим улс төрийн хүчин эрхээ сайн дураараа хязгаарлаж чаддаг байх ёстой.
А. УИХ хоёрдмол сонин орчинд орчихоод байна гэж бас л Ц.Нямдорж гишүүн хэлсэн л дээ. Хуучин нь бүрэн эрхээ дуусгадаггүй, шинэ нь тангаргаа өргөдөггүй. Ингэхээр яах вэ?
Х. Хуульд зааснаар бол шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөж байж хуучин гишүүдийн бүрэн эрх өндөрлөнө. Маш тодорхой байгаа биз дээ. Өнөөдөр тангараг өргөөгүй байгаа. Энэ бол том асуудал биш байх аа. Эрүүл саруул ухаанаар асуудалд хандаад эв зүйг нь олъё, шийдлийг олъё гээд хувийн амбицаа доош нь дараад, олонх болсон гээд омголон зангаар “яасан ч яахав” гэж хандалгүйгээр уужуу тайван хандвал асуудал шийдэгдэнэ.
А. УИХ 2004 онд нэг, 2008 онд нэг гацаж байна. Энэ хоёр гацаа ямар онцлогтой вэ?
Х. Түрүүчийн 2004 оны гацаа бол ингэж болдог юм байна гэсэн жишиг үүсгэчихсэн. Би ийм нөхцөл байдалд Н.Багабанди гуайг их дурсдаг юм. Яг 2004 онд Монголын ардчиллыг авч гарсан хүн бол Н.Багабанди гуай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн жинхэнэ байх ёстой байр суурь дээр зогсч, танайх манайх гэлгүйгээр асуудалд хандсан. Монголын ардчилал бол үнэхээр Монголын тусгаар тогтнолын баталгаа юм. Тийм учраас ардчиллыг сэвтүүлж байгаа аливаа зүйлтэй би эвлэрэхгүй гэсэн байр сууринаас хандаж авч гарсан. Энэ бол тэр хүний хамгийн том гавьяа гэж би боддог. Өөр юу ч хийлгүй зөвхөн үүнийг хийсэн байхад л монголчууд энэ хүнд баярлаж талархаж явах ёстой гэж ойлгодог юм.
ЭХ СУРВАЛЖ: Ардын Эрх, 2008.08.07, 1,3-р тал. Сэтгүүлч Д.Оюунцэцэг