Beautiful Plants For Your Interior
Манай бодит ядуурал 20 хувьтай байгаа
УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг «Редакцийн зочин»-оор урьж нийгэм, улс төрийн тусгамдсан асуудлуудаар санал бодлыг нь сонслоо.
МОНГОЛЧУУД БИД ИХ СОНИН ХҮРЭЭЛЭЛД АМЬДАРЧ БАЙНА
-Өнөөгийн Монгол орны нийгэм улс төр, эдийн засгийн нөхцөлд байдалд та ямар дүн шинжилгээ хийж байна вэ? Саяхны нэгэн ярилцлагадаа та “Сүүлийн 20 жилд Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал зогсолтод орлоо” гэж дүгнэсэн. Үүнийг тодруулж өгнө үү? Яагаад зогсчихвоо, шалтгаан нь юу байв? Энэ зогсолтын шинж тэмдгүүд юугаар илэрч харагдаж байна вэ?
-Улстөрч хүн бүр нийгмийн аливаа асуудлыг өөрийн өнцгөөс харж, шалгуур тавьж ханддаг байх. Миний хувьд улс төрд 20 гаруй жил явсан, ялангуяа гал тогоонд нь байсны хувьд эргэж харах, дүгнэх гэж оролдож байгаа юм л даа. Тухайн цаг үед нь ямар үнэлэлт өгвөл зөв байх, ямар үнэлэлтийг нь чимээгүй өнгөрөх ёстой вэ гэдэг нь бидний хувьд дотоод цензур болчихдог юм байна. Өөрийн хашиж байсан, одоо хийж байгаа албатай ч холбоотой. Тодорхой хэмжээгээр цензур гаргаад хэлчихвэл гал дээр тос нэмчих болов уу, харин анхаарал татах асуудлыг нь тод хэлэх ёстой гэж боддог ч юм уу, тэр үүднээс асуудалд ханддаг.
-Тэгэхээр юуны өмнө бүс нутгийн улс төр, нийгэм эдийн засгийн тавцан дээрх Монгол орноо харах болох нь ээ дээ?
-Тийм. Ерөнхийдөө том дүр төрхөө аваад үзвэл дэлхий ертөнц дээр амьдарч байгаа хүмүүсийн асуудал, түүн дотор Монгол Улсын өөрийнх нь эзэлж байгаа орон зай, цаашдаа эзэлж болох орон зайг байнга бодож төр, засгийн бодлого шийдвэрт хандах ёстой болов уу гэсэн ойлголт надад байдаг. Тэр бүрийг ил гаргаад яриад байхгүй. Телевиз, радиогоор ярилцлага өгч байхдаа, шийдвэр гаргаж байх үедээ ч тэр шалгууруудыг дотроо бодож явах ёстой юм болов уу. Энэ өнцгөөс нь аваад үзвэл манай улс хэдий далайд гарцгүй, том гүрнүүдээр хиллэсэн гэж байгаа боловч бас ч гэж хөршөө голоод байж болохгүй юм. Бусад орны хөршүүдтэй харьцуулах юм бол манайх ч дажгүй хөршүүдтэй гэж үздэг. Ялангуяа потенциал талаасаа асар их бололцоотой. Хойд хөршөө аваад үзэхэд үнэхээр эдийн засгийн үйл явдал гээд бүх зүйл нь бас ч гэж хөл дээрээ боссон. Цаашдаа ч зөв бодлого баривал илүү хөгжих байх. ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев модернизац гэдгээрээ зөвхөн эдийн засгаа хамаарч байгаа бус, улс төр, нийгмийн салбарыг хамруулна гэж ярьж байгаа. Энэ чиглэлээрээ явах юм бол хойд хөрш дажгүй хөгжих хандлага бий. Хэрвээ энэ бүхэн хөгжөөд сайн явж байвал Монголд хэрэгтэй гэж би ойлгодог. Нөгөө талаас сэтгэл түгшээсэн зүйлүүд ч харагдаж л байна. Хамгийн гол нь ОХУ-д нийгмийн тогтвортой байдлыг хангах механизмууд нь юу байх юм, түүнийгээ ардчилсан арга замаар шийдэж чадах уу, үгүй юу. Тогтвортой байдлыг нөхцөлдүүлж байгаа гол хүчин зүйлүүд нь, нийгмийн чанартай, үндэстэн хоорондын асуудал нь юу болох, бусад экополитикийн төвүүдээс оросын талаас явуулж байгаа бодлого нь ямар үр дүнтэй байх вэ гэдгээс их зүйл хамаарах юм. Монгол Улс үүнийг давхар харж л байх ёстой гэж би ойлгодог.
-Урд хөрш маань ч бас ихээхэн сонирхолтой, хүчирхэг нөлөө бүхий улс. Тэр нөлөөллийн талаар та юу хэлэх вэ?
-Урьд хөршөө авч үзвэл эдийн засгийн хүчирхэг гүрэн боллоо гэж ярьдаг, үзүүлэлтүүд нь ч гэсэн дажгүй гарч ирсэн. Сүүлийн үед сэрэмжлүүлсэн маягтай дохио өгмөөр ганц нэг тоо баримт гарч ирж байна. Гэхдээ улс төрийн тогтолцоо, өнгөрсөн туршлагыг нь авч үзвэл залаад явах чиг хандлага байгаа гэж би боддог. Гэсэн хэдий ч дотооддоо шийдэгдээгүй асуудал түм бумаараа бий. Муж хоорондын тэгш бус хөгжсөн байдал, өөртөө засах орнууд, тосгон гацаа, хот болгонд том асуудлууд байгаа. Хятадад жагсаал цуглаан болохгүй өдөр гэж бараг байхгүй. Энэ мэдээлэл нь бидэнд тэр бүр ирдэггүй. Энэ бүхэн нь том гүрний тогтвортой байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлж ганхаж эхэлбэл манайд чухам ямар үр дагавартай байх вэ гэсэн асуудал бас л гарч ирнэ. Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэр, төр засгийн удирдлагуудын ярьж хэлж байгаа зүйл дандаа үүнийг бодож тооцсон үйл ажиллагаа байх ёстой.
Ер нь бид их сонин хүрээлэлд амьдарч байна л даа. Төв Ази гэхэд Казахстаны Назарбаевыг сүхээр цохьсон ч хөдлөхгүй гэж ойлгож байхад саяхан болсон үйл явдлууд түүний тогтолцоо тийм ч бат бэх биш гэдгийг харууллаа. Нэлээн юм бодууштай, харууштай, анзаарах ёстой юм байна гэдгийг харуулсан. Мөн Зүүн хойд Азийн асуудал байна. Энд хүйтэн дайны үеийн сонгодог жишээ тэр хэвээрээ үлдсэн. Бараг ганц цөм нь. Энэ хавьд газар нутгийн маргаангүй улс орон бараг байхгүй. Солонгос, Өмнөд Солонгос, БНХАУ, Япон гурвуулаа газар нутгийн маргаантай байх жишээтэй. Урагшаа Вьетнам, Хятадын хооронд арлуудын маргаантай. Энэтхэгийн хойгт цэвэр, цэнгэг усны нөөцийг хаана, хэнд яаж хуваарилах вэ гээд одоохондоо нэг нь давамгайлаад хүчээр шахуу шийдэж байгаа ч, цаашдаа геополитикийн шинж чанартай, гео экологийн эдийн засгийн шинж чанартай томоохон асуудлыг үүсгэх магадлал байж л байна. Ийм зүйлүүдээр хүрээлүүлчихсэн байгаа шүү дээ бид. Дээрээс нь дэлхийн байдлыг аваад үзэхэд супер гүрэн Америкийг давах төвүүд гараад ирсэн. Орос, Хятадын түншлэлийн асуудал, БРИК гээд гарч ирж байгаа нь эдийн засагт илэрч байгаа байдал, эдийн засгийн савлаж байгаагаар харахад ойлгомжтой.
2008-2009 оны эдийн засгийн хямрал бүгдийг орвонгоор нь эргүүлээд тавьчихлаа. Бид яг сайн нарийн учрыг нь олохгүй байгаа ч, цоо шинээр тавих болчихсон. Хамгийн энгийн жишээ хэлэхэд дэлхий дээр асар их хэмжээний бэлэн мөнгөний хуримтлал үүссэн. Үүнийгээ Европын орнууд руу санхүүжилт хийх гэхээр хаширлаад хийхгүй харзнаад байдаг. Уг нь хамгийн найдвартай газар нь, харин дараагийн нэр дэвшигч нь БРИК болж байна. БРИК рүү хийх гэхээр сүүлийн 10-аад жилийн хугацаанд асар их хэмжээний хөрөнгө хийгдсэн бас л хальсан байх жишээтэй.
Тэр их мөнгө хаашаа урсах вэ, хаана, шинэ ямар газар байна гэхээр Монгол анхаарал татаж эхэлж байна. Монгол руу мөнгө урсах гээд байдаг. Гэтэл манай эдийн засаг хэтэрхий жижиг байдаг. Хөрөнгө оруулалтын сангууд хэдэн тэрбумаар нь ярьж байгаа, ганцаар биш түмэн тэрбумаараа байдаг. Энэ маань чухам ямар байдал үүсгэх вэ гэдэг асуудал гарч ирнэ.
Тэгэхээр ийм сонин орчинд амьдарч байгаа орны хувьд Монгол Улс яах ёстой, ямар бодлого барьж, хэрхэн амьдрах вэ гэсэн асуудал гарч ирнэ.
ШУДАРГА ЁСЫГ БҮГДЭЭРЭЭ Л ХҮСДЭГ, ГЭВЧ ӨӨР ДЭЭРЭЭ ИРЭХЭЭР МАРТЧИХДАГ
-Чухам таны ярьж буйгаар бол бид энэ орон зайд өөрийн гэсэн маш тодорхой бодлоготой байх хэрэгтэй болох нь ээ дээ?
-Бодлогын чанартай нэг гол баримт бичиг бол үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэдэгт томъёолж өгсөн. Нэгдүгээрт, дотоодын аюулгүй байдлын асуудлыг онцгой анхаарах, үүнд хэд хэдэн элемент бий. Дотоодын эв нэгдлийн асуудал, үүнийг хангадаг ямар механизм байна. Эв нэгдлийг хангана гэхээр улс төрийн намуудын асуудал гарч ирнэ. Хоорондоо яаж хэл амаа ололцох юм, юун дээрээ хамтарч, хэн нь хэзээ буулт хийх юм. За үүнээс улбаалаад хувь хүмүүсийн амбиц байна. Би Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, гишүүн болно гээд дүвчигнэж эхэлнэ. Хүн бүр л миний зөв гээд дайраад эхлэхээр хэнийг нь буруу, хэний зөвийг хэлэх боломжгүй. Хүчтэй нь зөв болж гарч ирдэг. Түүнийг нь зөв гэх баталгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол Монгол Улсын аюулгүй байдлыг хангах нэг гол хүчин зүйл маань дотоод эв нэгдлийг хангах. Энэ нь цаашлаад их олон зүйл руу салаална. Тэгэхээр үүнийг анзаарах хэрэгтэй. Хоёрдугаарт, Үндэсний аюулгүй байдлыг хангахад Монгол Улсын иргэд оролцох ёстой. Монгол Улсын иргэн л бол дотроо бодож байх ёстой. Гэтэл иргэдийн маань ухамсар ямархуу билээ, шийдвэр гаргаж байгаа байдал нь юу билээ. Шударга ёсыг бүгдээрээ л хүсдэг, өөр дээрээ ирэхээр бүгд л хамгийн түрүүнд мартдаг. Өөрийнх нь юм л болж байвал ямар ч үнээр хамаагүй хийнэ гэж дайрдаг, гарч ирээд шаардахдаа том том мэдээлэл хийдэг. Нөгөө талаас Монгол Улсын иргэн хүний өөрийнх нь гүйцэтгэх үүрэг чухам юу байх юм. Сонгуульд оролцож өөрсдийнхөө сонгосон парламентыг дараа нь зөв уу, буруу юу гэх мэтчилэн ярих нь юу билээ гээд аюулгүй байдлыг хангах дотоод хүчин зүйлд бид цаашид нэлээд нарийн анхаарч ажиллах шаардлага гарч ирж байгаа. Гадаад хүчин зүйлс гэхээр гадаад идэвхтэй бодлого явуулах. Олон улсын тавцан дээр улс төрийн, соёлын, эдийн засгийн, спортын ч бай бүх л тавцан дээр өөрсдийнхөө цар хүрээг тэлж авч явах бодлого юм. Энэ хүрээнд гол зорилго, шийдэгдэх асуудал маань зангидсан байна уу гэж ойлгож байгаа.
-Үүнд Монгол Улс бэлэн байхын тулд яах ёстой вэ? Юу дээрээ болохгүй байна вэ? Нөгөө түрүүн хэлж байсан улс төр, эдийн засгийн гацаа маань юунд тээглээд байна?
-Би нэг зүйлийг онцолдог. Ямар нэгэн юманд энгийн шийдэл гэж байхгүй. Хар, цагаанаар харж ингэж шийднэ гэж болохгүй. Нийгмийн амьдрал улам нарийсаж байна. / системийн онол гэдэг л юм/ Нарийсах ёстой, нарийсах тусмаа нэг сул тал нь хэврэг болдог. Хэдий чинээ нарийсаж, төгөлдөржиж боловсронгуй болж дээшлэх тусмаа тун хэврэг болдог. Тухайлбал, цахилгаан сүлжээний асуудлыг аваад үзвэл, гэрэл тасрахад бөөн л асуудал болдогтой адил. Үүнтэй адил магадлал бүх зүйлд гарч ирдэг. Миний хэлэх гээд байгаа санаа бол арга зүйн хувьд шийдлийг хайхдаа хялбаршуулсан юм руу орох гэж тайлбарлахаас зайлсхийх ёстой болов уу. Тэр бол популизм, хамгийн хямд аргаар санал худалдаж авч байгаа л зүйл. Яг энэ асуудлууд уялдаа холбоотой. Нарийн зүйлийн гол сэжүүрийг нь хаанаас нь барьж хааш нь татах вэ гэдгээ олж харах ёстой.
Дотооддоо бид 3 зүйлд онцгой анхаарч ажиллах ёстой болов уу гэж боддог. Нэгдүгээрт, өнөөдрийн хамгийн тулгамдаж байгаа асуудал бол дэд бүтэц юм. Үүнийг ер нь дорвитой барьж авч шийдэх ёстой. Нийгмийн бусад асуудал элдэв янзын юмнуудаа шийдэх хөрсийг нь үүгээр дамжуулж бэлдүүлэх хэрэгтэй. Ядууралтай тэмцэнэ гэж мянга хашгираад Замын-Үүдийн багтаамж яг өнөөгийнх шиг байвал бүтэхгүй. Үнийн өсөлттэй байна гээд мянга яриад тэндээс орж ирж байгаа урсгалыг өргөжүүлж чадахгүй бол зүгээр л хоосон яриа. Тэгэхээр нэгдүгээр багц асуудал бол дэд бүтцийг цогцоор нь барьж шийдэх. Хоёрдугаарт, ирээдүйгээ харж ажиллах гэдэг утгаараа боловсролын салбарыг онцолдог. Үүн дотор сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын тогтолцоо. Үүнд ямар нэгэн буулт байж болохгүй. Онцгой анхаарч, хөрөнгө хаях хэрэгтэй. Ялангуяа тэгш нөхцлийг хангаж өгөх, хөдөө орон нутагт суралцаж байгаа хүүхдийн орчин, хотын хүүхдийн сурч байгаа орчин доогуур байгаа нь үнэн ш дээ. Би хөдөө орон нутгаар маш олон явж, нөхцөл байдалтай танилцдаг. Тэнд дотуур байр нь ямар байгаа билээ.Цонх нь хагарсан,хаалга нь эвдэрсэн, ном сурах бичиг нь гээд муухан л байгаа. Интернет ч байхгүй. Тэгэхээр үүнд Монгол Улсын төр бодлогын чанартай үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Хөдөөгийн хүүхдүүд яахаараа хохирч байх ёстой гэж. Тэр хүүхэд Хөвсгөл, Ховдод төрсний буруу юу билээ дээ. Тиймээс хот, хөдөөгийн ялгааг яг адилхан болгож өгөхөд зүтгэх ёстой. Багш нарт өгдөг цалин, хөлс өөр бусад юу байдгийг онцгой анхаарах болсон. Гуравт, иргэн хүний өөрийнх нь хариуцлагын асуудал чухал. Тэр утгаараа иргэн бүр өөрөө өөрийгөө боловсруулах, байнга хөгжүүлэх зүйлд анхаарах хэрэгтэй. Дээр үед сайн ч бай муу ч бай иргэдээ оюуны талаас нь нэлээн анхаарч, хүчээр хүртэл театрт оруулж жүжиг, дуурь үзүүлдэг байсан. Ном сонин заавал унших ёстой гэж уншуулдаг байсан. Мэдээж тэдгээр зүйлийг одоо хүчээр хийх нь хаашаа юм, гэхдээ тийш нь чиглүүлсэн зүйлс гарцаагүй байх ёстой.
Хүн ер нь өөрөө боловсорч байх ёстой. Одоо харж байхад болохгүй бол 76 л буруутай. Өөр буруутай хүн байдаггүй. Харин надаас болоод байгаа юм биш биз гэх мэтээр өөртөө дүгнэлт хийж байх ёстой. Энгийн зүйлээсээ л эхлэх хэрэгтэй. Хүүхдээр бол шүдээ угаахаасаа л эхэлдэг биз дээ. Энэ 3 чиглэл бол миний бодлоор стратегийн шинж чанартай, ойрын үед барих ёстой чиглэл юм уу л гэсэн бодол байдаг.
АРД ИРГЭД НЬ ЯМАР БАЙНА, ТИЙМ Л УЛС ТӨР БАЙНА
– Өнгөрсөн онд Уолл Стрийтийг эзлэх хөдөлгөөн дэлхийн 90 гаруй оронд өрнөлөө. Дэлхий нийтэд капитализм мухардалд орлоо, ялангуяа хэт барууны либерал үзэл мухардалд орох хандлагатай болчихлоо гэсэн дуу хоолой сонсогдож байна. Үүнтэй санаа нийлж байна уу? Хөгжлийн 3 дахь замын тухай ч хүмүүс ярьж эхэллээ. Хэрвээ 3 дахь зам гэж байгаа бол монгол оронд түүнийг яаж, хэрхэн ашиглах бололцоо байна вэ?
-Нэг зүйлийг оршил болгож хэлье. Карл Маркс гэж суут ухаантан, эрдэмтэн хүн байсан. Хүмүүс хувьсгалч гэдэг талаас нь ойлгодог. Энэ хүний боловсруулсан сургаалуудад үйлдвэрлэх хүчний хөгжлийн асуудал, үйлдвэрлэлийн харилцаа нь хоорондоо нийцэж байх асуудлыг хөндөж тавьсан байдаг. Ер нь явсаар байгаад энэ хоёрын зөрчил тодорхой шатанд хүрч, үйлдвэрлэх хүчний хөгжил их өндөр түвшинд гараад ирэхээр нийгмийн давхарга болж байгаа үйлдвэрлэлийн харилцаа нь хөгжлийн шинэ шатанд гарч ирнэ гэж томъёолоод, түүнийгээ коммунизм гэсэн нэр өгсөн. Энэ утгаараа бол Марксын сургаалыг огт үгүйсгэж болохгүй. Манайхан нэг туйлшрахаараа нэгмөсөн туйлширдаг. Одоо бол бүр мартсан.
21 дүгээр зууны эдийн засаг нь үндсэндээ мэдлэгт тулгуурласан эдийн засгийн шинж чанар руу орсон. Технологийн хувьд маш эрчимтэй өсөөд гарч байна. Үүнд тохирсон үйлдвэрлэлийн харилцаа маань байна уу, үгүй юу гэдэг асуудал сонирхолтой. Гэтэл үйлдвэрлэлийн харилцаа нь түүндээ зохицохгүй, шийдлүүд нь тэр бүр олдож өгөхгүй байна. Энд тэнд цоорч, түүгээр нь бохир юм урсаж гарч биднийг сандрааж байгаа юм. Би өнөөдөр дэлхий дээр болж байгаа зүйлийг тэр өнцгөөр нь харж байгаа.
Уолл Стрийтийг илүү цаг үеийн, үзэгдлийн шинж чанартай юм байна гэж би одоохондоо харж байна. Зүгээр 5 жилийн дараа дахин давтагдвал энэ зүй тогтол байж магад. Тэр үед өөр өнцгөөр харах байх. Гэхдээ л шинж тэмдэг нь илэрч байгаа. Үүнийг бид харж байх ёстой гэсэн нэг санаа. Үүнийг монгол ухаанаараа сайн тунгааж, шүүж байж буулгах хэлбэрийг нь олох ёстой юм шиг байгаа. Агуулга нь байгаад байдаг, чухам ямар хэлбэртэйгээр хөрвүүлбэл ургах вэ гэдгийг их бодмоор. Дэлхийн түүхийг параллель аваад үзэхэд ялангуяа барууны суурин иргэншил хөгжсөн сүүлийн 400 жил Европт түмэн зүйл болсон байдаг. Технологи, улс төрийн тогтолцоо, нийгмийн харилцаа, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны хувьд хачин том үсрэлтүүд огцом гарч ирээд өнөөдрийн хэмжээнд хүрсэн. Харин манай хувьд сүүлийн 400 жилд ерөнхийдөө л нүүдлийн мал аж ахуйд тулгуурласан соёл иргэншил байсан. Энэ нь бие даасан соёл иргэшил юм л даа. Соёл иргэншил нь өөрийн гэсэн үнэт зүйлтэй, дэг жаягтай, шинж чанаруудтай өөрийгөө аваад явсан байдаг юм. Монгол орон дэлхий дахины хөгжлийн хандлагад 20 дугаар зууны эхэн үеэс татагдан орж, 1961 онд идэвхжээд улмаар 1990 он гараад олон улсын интеграци гэж хэлэх юм уу, даяарчлалын процесс руу маш эрчимтэй татагдан орсон. Миний санаа зовж байгаа зүйл бол энэ зүйлийн эрч хурдац нь өндөр байгаад юм. Уг нь болдог бол нүүдлийн соёл иргэншлийнхээ элементүүдийг шинжлэх ухаантай яаж холбох вэ гэдэгт нэлээн юм бодож тунгааж ажиллах ёстой юм болов уу гэсэн бодол байдаг. Энэ огтлолцоонд шийдэл нь байгаа юм болов уу гэж бодоод байх юм.
-Манайд улс төр, эдийн засаг хоёрын харилцан хамаарал нь хэт их болчихоод байгаа юм биш үү гэсэн ойлголт байгаа. Бүх болохгүй байгаа 76 улс төрxтэй холбоотой гэсэн ойлголт олон нийтэд үйлчилдэг. Үүнийг хэн, яаж зөв гольдролд нь оруулах вэ? Ардчилал дампуурлаа ч гэж шүүмжилж байна шүү дээ?
-Нэг сонгодог үг байдаг. Улс төр гэдэг бол эдийн засгийн төвлөрсөн илрэл юм. Эдийн засаг нь ямар байна тийм маягаар улс төр нь байна. Ард иргэд нь ямар байна тийм л маягийн улс төр байгаа. Тэрнээс нэг их илүү гараад, дутаад байгаа зүйл байхгүй. Энэ хоёр хоорондоо бие биенийгээ нөхцөлдүүлж, тодорхойлж байх нь угаасаа жам ёсны зүйл. Үүн дотор бид дотроо бодож болгоомжтой хандаж, эрхэмлэж байх зүйл маань юу билээ гэдгээ голчилж бодох ёстой.
Улс төрийн эрх эдэлнэ, эрх чөлөө гээд яривал Дорж ч юм уу, Дулмаа сонгуульд хүний нэр дугуйлах асуудал биш шүү дээ. Яагаад энэ улс төрд онцгой ач холбогдол өгөөд байгаа юм бэ? Ялангуяа ардчилсан тогтолцоо хэрэгтэй, түүнээс ухарч болохгүй, ардчиллыг хангаж бэхжүүлж байгаа зүйлийг дэмжих ёстой гээд яриад байгаа вэ гэхээр ардчилал чинь өнөөдөр Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болж байгаа юм.
Өнөөдөр Монгол Улс ардчилсан байгаа учраас дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Энэ чинь Монголын аюулгүй байдлын баталгаа болж байгаа хүчин зүйлс. Тэгэхээр ардчиллыг ямар нэгэн байдлаар хөсөрдүүлж, түүний элементийг гутаах үйлдэл гарах л юм бол бид түүнд нь маш нухацтай, эрс шийдвэртэй байх ёстой. Хэрвээ бид ингэж чадахгүй бол байдал ондоогоор эргэж болох магадлал маш өндөр байгаа. Тиймээс сонгууль будлиантахгүй байх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө байх ёстой, олон нийтийн санаа бодол их хуралд тусгалаа олж байх ёстой гэдэг чинь амин чухал асуудал юм. Харахад бол зүгээр нэг улс төрийн намууд, хувь хүмүүс үзэлцээд байгаа боловч цаанаа агуулгынхаа хувьд Монгол Улсын аюулгүй байдлын баталгаа болж байгаа болохоор үүнийг цэвэр ариун авч явах, үүндээ ард түмэн нь итгэл үнэмшилтэй байх асуудал болж байгаа. Тэгэхээр тэр өнцгөөс нь харж тайлбарлах ёстой юм болов уу гэсэн бодол надад байдаг.
ХАЛАМЖИЙН ТОГТОЛЦОО ИРГЭДИЙГ ХАРИУЦЛАГААС ХӨНДИЙРҮҮЛЖ БАЙНА
-Түрүүн хувь хүний хариуцлагын тухай ярьсан. Хувь хүн хариуцлагатай байх ёстой, асуудал гарах бүр 76 болохгүй байна, засаг болохгүй байна гэж шүүмжлэх биш гэж. Сүүлийн үед тэгш бус боломж, хуваарилалтийн талаар ярьдаг болсон. Хувь хүн хариуцлагатай байх боломжийг энэ тэгш бус боломж нь олгохгүй байгаа юм биш үү?
-Нэг бодлын хэтэрхий их олгоод байгаа ч юм шиг. Нэг бодлын огт олгохгүй байгаа ч юм шиг. Халамжийн тогтолцоо гэдэг зүйл чинь хүнийг хариуцлагын тогтолцоо гэдэг зүйлээс нь хөндийрүүлж байна. Хавтгайрсан халамжийн тогтолцоо үнэхээр хүнийг ажил хийх сонирхолгүй, зүгээр л хэдэн төгрөг аваад саналаа худалддаг болгочихлоо. Одоо 21000 төгрөг өгсөн бол ирэх 4 жилд та нар 61000-ийг өгнө шүү, тэгсэн нөхцөлд л чамд саналаа өгнө гэдэг. Тэгээд нөгөөх нь сонгогдохын тулд 61000-ыг өгөх болдог. Гэтэл өөр нэг улс төрийн нам нь гарч ирээд “өө энд 61000-ыг өгөх гэж байгаа чинь юу ч биш, бид 81000-ыг өгье” гэх болсон. Өнөөдөр бүрдсэн тогтолцоо, бий болсон улс төрийн соёл маань ийм хэлбэр рүү орчихлоо. Үүнийг л өөгшүүлж болохгүй юм. Ямартаа ч сонгуулийн хуульд иймэрхүү юм байж болохгүй гэдгийг оруулсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлахдаа хязгаарлалтуудыг хийж өгсөн. Одоо үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө л ажиллах ёстой. Эргээд л үүнийг хэрэгжүүлэх хүч нь иргэд өөрсдөө. Төр захиргааны байгууллага бол үүндээ хяналтаа тавих ёстой. Гэхдээ л ихэнх нь иргэд байгаа.
-Иргэдэд чөлөөтэй сонголт өгөх бололцоог нь төр тодорхой хэмжээгээр боомилчихоод байна. Нэг талаар халамжийн бодлогоор, намын монополь маягийн тархи угаасан үйл ажиллагаагаар жирийн иргэдэд ухамсартай сонголт хийх бололцоог нь хаасан гэдэг утгаараа…
-Нөгөө талаас нь бас нэг зүйлийг бодох хэрэгтэй. Тэр механизм Африкийн аль нэг оронд ч юм уу, Азийн хоцрогдсон оронд болж байгаа бол би гайхахгүй. Манай монголын иргэд чинь аягүй өндөр боловсролтой хүмүүс. Бичиг үсэг тайлагдсан байдал 98 хувьтай, зүгээр нэг 35 үсэг мэддэг гэдэг утгаараа биш шүү. Хамгийн багаар бодоход л 8 дугаар ангийн боловсролтой хүмүүс байдаг. Асар их потенциаль байгаа, юм мэдэхгүйдээ биш. Харин асуудал юундаа байна гэхээр хүний дотоод үнэлэмж, итгэл үнэмшил нь буруу тийшээгээ л эргэчихсэнд байгаа юм.
-Ардчиллын жилүүдэд хүний дотоод итгэл үнэмшил суларч, нийгмийн үнэт зүйл дампуурч, юуг сайн, юуг муу юм бэ гэх итгэл үнэмшил тогтворгүй болсон нь ардчиллыг дампуурлаа гэж үнэлж дүгнэх нэг шалтгаан болсон болов уу? Ялангуяа хөрөнгө мөнгө нийгмийн гол үнэлэмж болсон нь өнөөгийн олон болж бүтэхгүй байгаа зүйлийн эх сурвалж гэдэгтэй та санал нийлэх үү?
– Үүнийг ярихаар би материалист тал руугаа л явна. Би угаасаа л материалист хүн. Ардчилсан намын гишүүн, ардчиллын төлөө явдаг хүн гээд заавал идеалист байх албагүй. Би энэ үзэгдлийг ахуйтай нь холбож ойлгож байгаа. Хүний хамгийн анхны хэрэгцээ хоол хүнс, тэгээд хувцас хунар, орон байр гээд. Энэ хэрэгцээнүүдийг бодлогын чанартай хангаж өгөх чиглэлээр төр засаг нь ажиллах ёстой. Нэгдүгээр хэрэгцээгээ хангаагүй байгаа хүн элдэв зүйлийн талаар бодно гэдэг худлаа. Ядууралд орсон хүнийг “Чи өөрөө гараад ир” гэж хэлэх нь худлаа. Улам л цаашаа намаг руу явна уу гэхээс наашаа гарна гэж байдаггүй. Тиймээс татаж гаргаж ирэх хэрэгтэй болж байгаа. Энэ нь төрийн хийх ёстой үүрэг. Үүнийг бид яриад байгаа боловч, зөв механизм нь юу байх, шийдэх арга зам нь юу байхыг гаргаж чадахгүй байгаа юм. Хамгийн гунигтай зүйл гэвэл орон сууцны асуудал байна. Ард иргэдээ орон сууцтай болгох ёстой. Тэр бололцоог нь бүрдүүлж өгөх ч ёстой. Ажиллаж байна гээд ухнадаад л байсан, үр дүнтэй юм ердөө байхгүй. Гэнэт л сонгуулийн өмнө бөөн уриа лоозон дэвшүүлж, бичиг цаасаа хурдан өгөөрэй, маргааш бараг л таныг орон сууцтай болгоно гэж яриад эхэлдэг зүйл рүү л орчихлоо. Би хувьдаа асуудал нь байгаа, шийдэх механизмдээ онцгой анхаарах ёстой гэж боддог.
Дундаж чинээлэг давхарга бий болгож байж л нийгэм тогтвортой болно. Нуур амар бол нугас амар гэж ярьдаг даа. Чинээлэг давхаргыг бий болгохын төлөө өөрийн хөдөлмөрөөр хөлсөө гоожуулан чинээлэг амьдрах тийм боломжийг гаргаж ирэхгүй бол энэ явахгүй. Ингэхийн тулд хамгийн наад зах нь орон сууцтай болгох. Банк санхүүгийн тогтолцоонд байгаа потенциалаа ашиглаж явдал. Яах вэ одоогийн байдлаар зээл өгч байна, урьдчилгаагаа авч байна аа. Гэхдээ энд байгаа потенциалынхаа 20, 30 хувийг нь ашиглаж байгаа. Цаана нь 70, 80 хувь байна. Бусад механизмууд манайд огт хэрэгжээгүй. Жишээ нь нийгмийн даатгалын сангийн үлдэгдэл гэхэд асар их мөнгө байдаг. Түүнийг моргейжтэй л уяж өгөх хэрэгтэй. Моргейжээрээ дамжуулан хүү багатай, олон жилийн настай зээлийг авах бололцоог гаргаж өгөх ёстой. Энийг хийхийн тулд төгрөгийн насыг уртасгах ёстой. Өнөөдөр төгрөг хэдэн настай байна, жилээс хэтрэхгүй байгаа. Төгрөгийн насыг уртасгах арга зам юу байна гэхээр Засгийн газрын бонд. Засгийн газрын одоо гаргаж байгаа нь 3 сар, 6 сарын л бонд байгаа. Төрийнх нь өөрийнх нь гаргаж байгаа мөнгө нь 6 сарын настай байхаар чинь хүн ер нь яаж амьдрах вэ дээ. Үүнийг нь ядаж 5 жил, 10 жил болгочихооч гэсэн асуудал яригдаад байна. Энэ механизмуудыг л бид бүрэн хэмжээнд ашиглах ёстой байх.
БИДНИЙ ХҮЧ ХӨДӨЛМӨРӨӨР БОССОН ЭДИЙН ЗАСГИЙН БОДИТ ӨСӨЛТ ЕРДӨӨ 5, 6 ХУВЬ
-Хүн амын бараг 40 хувь нь ядуу гэсэн зэрэглэлд орчихлоо. Статистик тоо бий. Энэ үнэхээр бодитой тоо мөн үү, эсвэл цаасан дээрх тоо юу? Та сүүлийн 20 жил улс төр, нийгмийн амьдралд идэвхтэй байр суурьтай байж ирлээ. Ерөнхий сайд хүртэл байсан. Эргээд харахад яагаад хүн амын 40 хувь нь ядуурчихав аа? Бид юун дээр алдчихав аа?
-Ядуурлыг тооцдог аргачлал янз бүр байдаг. Манайд 1990 оноос хойш ядуурлын судалгааг 3 удаа хийсэн. Эхний 2-ын аргачлал нь өөр. Сүүлийн судалгаагаар 39,4 хувь гэсэн тоо гарсан. Энэ бол орлогод тулгуурласан судалгаа. Яг мөнгөн орлогод тулгуурласан. Гэтэл мөнгөн орлого байхгүй мөртлөө баян чинээлэг хүн их байна. Тэгэхээр үүнийг хэр барьцтай тоо вэ гэдгийг итгэлтэй хэлж чадахгүй. Би судалгаа тооцоо хийхдээ хүн амын тооллогын дүнг барьдаг. 2000, 2010 онд хүн амын тооллого хийсэн.
Энэ судалгааны дүнгүүд бодитой болов уу гэж боддог. Энэ үзүүлэлтээрээ би ядуурлын түвшинг 20 хувиас хэтрүүлдэггүй. Гэхдээ энэ бол миний судалгаа. Мөнгөн орлогод тулгуурлах юм бол 39,4 нь зөв л байх. Яг амьжиргааны өөрийнх нь чанар чансаа гэдэг утгаар нь 20 хувь. 20 хувь ч өндөр л үзүүлэлт. Таван хүний нэг нь ядуу байна гэсэн үг. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй, шийдэхийн төлөө л төр, засаг явах ёстой гэж би хувьдаа боддог. Яагаад чухам ийм хувь руу орчихвоо гэвэл хариуцлага хүлээж байгаа хүмүүсийн хариуцлагын л асуудал байх гэж хэлнэ.
-Манай эдийн засаг ерөнхийдөө зөв гольдролоор яваа гэж хэлэхээргүй, ченжийн маягийн эдийн засаг тогтчихоод байгаа харагдах юм..?
-Саяхан би найзуудтайгаа ярьж байсан юм. 20 жилийн өмнө бид яах гэж хувьсгал хийлээ. Тэр үед миний хувьд нэг улсаас хараат байдгаа болъё, үүнийг л шийдэх хэрэгтэй гэсэн бодолтой байсан. Тэгээд л зүтгэсэн. Өнөөдөр нэг улсын хараат биш болсон. Гэхдээ нөгөө улсын хараат болчихсон. Ямархуу хувьсгал хийгээд ямар үр дүнд хүрчихээд байна гэдгээ тоглоом шоглоомоор ярьж байсан юм.
Бидний өвлөж авсан зүйлийг арай олон төрөл болгох гэж оролдож байна. Гэхдээ зөв бодлого явуулбал үр дүнд хүрнэ. Буруу бодлого явуулбал нөгөө байгалийн баялгийн хараалд автагдана. Жишээ нь манай эдийн засгийн өсөлт өнгөрсөн жилийн статистик үзүүлэлтээр 17 хувь байгаа. Уг нь бол хүн залбираад дэвхцэхээр үзүүлэлт. Яг бидний хүч хөдөлмөрөөр хэдэн хувь нь бий болсон вэ гэхээр 5,6 хувь л байна. 17 хувийн 12 хувь нь цэвэр уул уурхай байгаа.
-Та сая сонирхолтой сэдэв хөндлөө. Бид нэг улсын хараат байдлаас гарсан. Улс төрийн хараат байдлаас бол бүрэн гарсан. Дээр үед МОСКВАД найтахад монголд ханиад хүрдэг гэж ярьдагсан. Одоо бол харин Москвад найтахад Монгол ханиад бүр хатгаа авах хэмжээнд хүрчихсэн байна. Орос бензиний крантаа жаахан эргүүлэхэд л манай эдийн засаг бужигнаад явчих жишээтэй. Оросоос нефтийн гэдэг эдийн засгийн гол юман дээрээ 96 хувь хамааралтай, урд хөршөөс бараа эргэлтийн 86 хувь хамаардаг. Чонын амнаас гараад барын аманд орчихвуу гэдэг шиг л болох гээд байна. Энэ хараат байдлаас гарах бололцоо байна уу?
-Олон улсын хөдөлмөрийн хуваарь, бүс нутгийн эдийн засгийн интеграци гэсэн ойлголт бий. Үүнд бид идэвхтэй байх ёстой. Өөрийнхөө харьцангуй давуу тал дээр тулгуурлаж босч ирэх ёстой. Гэхдээ гарцаагүй өөрөө өөрийгөө ямар ч нөхцөлд аваад явдаг эдийн засгийн салбарууд байна. Тухайлбал Япон бол цагаан будаагаа дэлхийн хаанаас ч оруулж ирдэг, тэр нь дотоодын тариачдын үйлдвэрлэж байгаа үнээс хэдэн эрэмбээр доогуур хямд үнээр оруулж ирэх бололцоотой байдаг. Гэсэн хэдий ч төрөөс нь асар их татаас өгч, гаднаас цагаан будаа оруулахыг импортын татвараараа хориглож энэ салбараа дэмждэг. Яагаад гэхээр энэ салбарыг стратегийн ач холбогдолтой салбар гэж үздэг. Америкт газар тариалан эрхэлдэг хүмүүс нь хүн амынхаа хоёрхон хувьд, тэгсэн хэрнээ эдгээр хүмүүсийн нэр нөлөө өндөр. Хэдий чөлөөт зах зээл гэж ярьдаг ч үүнд шал өөр ханддаг.
Манай Монголд ч гэсэн иймэрхүү хоёр, гурван салбар заавал байх ёстой. Нэн түрүүнд бензин шатахуун, цахилгаан эрчим хүчний асуудал байна. Энэ хоёрт бид өөрсдийгөө бүрэн хэмжээнд хангаад, илүү юм үйлдвэрлээд гадагш нь гаргадаг болох хэрэгтэй байна. Үүнээс наана бид эдийн засгийн тусгаар тогтнолоо олсон гэж хэлж болохгүй. Би жил гаруй л Ерөнхий сайд хийсэн. Энэ хугацаандаа ганц ойлгосон зүйл маань энэ хоёр асуудлыг шийдэх ёстой гэж ойлгосон. Их хурлын чуулганд энэ хоёр зүйлийг хэлж байсан. Ер эдийн засгийн тусгаар тогтнол гэх юм бол энэ хоёр асуудал байгаа юм. Гэхдээ энэ маань их л удаашралтай л явж байна. 10 жил боллоо, ахисан зүйл харагдахгүй байна.
НЕФТИЙН ТАЛААРХ ТӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БИ ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛЛАГАА ГЭЖ ОЙЛГОЖ БАЙГАА
-Нефтийн хараат байдлаас ойрын хугацаанд яаж гарах вэ?
-Нэгдүгээрт, нөөцөө хайх. Хоёрт, гаднаас түүхий нефть асар их хэмжээгээр оруулж ирэх, түүнийгээ ч бас дахиад газар руугаа шахах хэрэгтэй. Гуравт, өөрсдөө боловсруулах үйлдвэрүүдээ байгуулах юм. Хэн байх нь хамаагүй, Монгол Улсын нутагт л боловсруулах үйлдвэрийг барих нь чухал. Ялангуяа хувийн салбарынхныг юм хийе гэвэл манай төр засаг хийлгэх хэрэгтэй. Төр, засгийн байгууллагууд хувийнхнаар хийлгэхгүй, төрийн оролцоотой байлгана гэсэн мөртлөө өдий болтол хийхгүй байгаа. Үүнийг би хорлон сүйтгэх ажиллагаа л гэж ойлгож байгаа.
-Хүрэн нүүрснээс нефть гаргадаг технологи Хятад, Австралид байна. Манайх асар их хүрэн нүүрсний нөөцтэй…
-Тийм ээ, байгаа. Тэгэхээр ийшээгээ эрсдлээ өөрөө хариуцаад юм хийе гэсэн хүнд ногоон гэрлийг нь асаагаад өгөх ёстой. Алдаг, оног. Алдвал тухайн хүн өөрийнхөө хөрөнгөөр л хохирно, оновол нийгэм тэр чигээрээ л хожно. Үүнд Ерөнхий сайд ганцаараа онцгой анхаарч байх ёстой. Ердөө л түлш, цахилгаан эрчим хүч. Хүрэн нүүрсэнд тулгуурласан эрчим хүчний эх үүсвэрүүдийг бөөн бөөнөөр нь барих ёстой. Эдийн засгийн нэр томъёо байдаг. Өргөжилтийн хэмнэлт гэж. Юм өргөжих тусмаа нэгж бүтээгдэхүүний зардал буурдаг тал бий .
Энэ утгаар нь авч үзвэл, хэрвээ бид энэ ажлыг зөв зохион байгуулж чадах юм бол манайд цахилгаан эрчим хүчний ажлыг урьд байгаагүй хямд болгож болно. Гадагшаа экспортлож, дотооддоо хямд эрчим хүчний үүсвэртэй болохоор жижиг, дунд үйлдвэрлэлүүд, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн үр ашгийн тооцоо шал өөр гарна.
-Гарын 10 хуруунд багтах хэмжээний цөөхөн хэдэн компани нефть импортолдог. Тэдний ашиг сонирхол нь өөр арга замаар өөрийн гэсэн нефтийн гарцтай болох, хүрэн нүүрсээ боловсруулж, нефтийн бүтээгдэхүүн гаргахтай огтлолцоод байна уу даа, тэр нь улс төрийн шийдэл болж төрийн бодлогод нөлөөлөх байдал харагддаг…
-Магадгүй юм, би энэ талаар чуулган дээр хэлсэн. Монголчууд нефть боловсруулах үйлдвэр баръя гэхээр хаанаас ч юм нэг үл үзэгдэх гар гарч ирэн, нэг хана үүсгээд саад болоод байгаа нь ямар учиртай юм гэсэн. Надад нэг ойлголт төрдөг юм. Нэг юм явах гээд овоо дөхөөд ирэхээр л чөдөр тээг үүсдэг. Иймэрхүү зүйлийг олон жил ажиглахаар сүүлдээ хардамтгай болдог юм байна. Манай компаниуд өөрсдөө нефтээ боловсруулъя гэхэд яагаад тэдэнд зөвшөөрөл өгөхгүй байгаа нь сонирхолтой.
ТАВАНТОЛГОЙН ХУВЬЦААНЫ ҮНЭ ЦЭНИЙГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖГҮЙ
-Тавантолгойн хувьцааг иргэдэд тараах асуудал өргөн маргаан үүсгээд байна. Хувьцааг үнэ цэнэтэй болгох, мөнгөжүүлэх асуудал хамгийн гол нь. Яаж мөнгөжүүлж, үнэ цэнэтэй болгох вэ? Жишээ нь надад 1000 хувьцаа ирлээ гэхэд тэрний үр ашгийг бид яаж, хэзээ ашиглах вэ? Хүн бүр л үүнийг сонирхож байгаа.
-Зах зээлийн үнэ ханш нь тогтохоос нааш түүнийг цаас уу, асар их хэмжээний баялаг байна уу гэдгийг хэлэх боломжгүй. Тэгэхээр зах зээлд арилжаанууд явагдаж, үнэ ханш нь тогтох ёстой.
-Засгийн газар асар их баялаг иргэдэд тараажээ гэж ойлгож байна…
-Өнөөдөр Засгийн газар 536 байсан ч 1072 байсан ч нэг сая төгрөг шүү гэж хэлж байгаа юм. Жинхэнэ үнэ өртөг нь хэд вэ гэдгийг бид хэлж мэдэхгүй. Миний хувьд, АН ард иргэддээ хувьцаа өгнө гэж амлалт өгсөн. Тэрний үнэ ханш нь нэг сая төгрөг байх болов уу гэсэн тооцоо уриатай орсон. Ямартаа ч хувьцааг нь өглөө. Одоо иргэн болгоны дансанд 536 нь бичигдсэн. Хөрөнгийн биржийн хажууд үнэт цаас, төлбөр тооцооны газрын сайт руу ороод регистрийн дугаараа хийхэд тухайн хүний нэр дээр 536 хувьцаа байх ёстой. Түүнийгээ нэг хэсэгтээ хадгалаад байж бай л гэж би хувьдаа зөвлөх байна. Ердөө ч сандарч битгий зараарай. Засаг төрөөс үүнийг нэг хэсэгтээ арилжихийг нь зогсоох хэрэгтэй. Ард иргэд үүнийг ойлгож аваг. Ядаж нэг удаа ч гэсэн ногдол ашиг аваад үзэг л дээ. Түүнийхээ дараа зарах эсэхээ шийдэх хэрэгтэй. Хүмүүс янз бүрээр л ярьж байна. Итгэхгүй байна. Төр засагтаа итгэхгүй байгаагийн л илрэл. “Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг нь дээр” гээд хурдхан нэг сая төгрөгөө авах сонирхол хүмүүст байна. Энэ хувьцаа шилждэг байх ёстой. Хүүхдүүдэд нь өвлөгдөөд явдаг байх ёстой. Хамгийн зөв арга бол ерөнхийдөө хадгалаад л байж байг гэж би хэлэх гээд байна. Улстөрч хүн болохоор улстөржихгүй бол болохгүй. Ардын намынхан үүнд хөөрхөн тоглолт хийгээд байгаа. 1,5000.000 өгнө гэж хэлээд, 21000–аар дамжуулж байгаад 500,000 болгосон. Одоо үлдсэн нэг сая аа хувьцаагаар солино гэж байгаа. Энэ бол манай нөгөө юмыг хоёр удаа худалдаж, зальдаж байгаа юм.
-Сонгогчдийн 20 хувь нь нэг сая төгрөг авчихья гэхэд түүнийг нь өгөх эдийн засгийн нөөц бололцоо бий юу?
-Байхгүй. Би нэг орой сууж байгаад тооцоо хийж үзсэн. 10-аад хувиар бодсон. 10-аад хувь нь хувьцаагаа нэг сая төгрөгөөр солъё гэж бодоход 2,8 их наяд төгрөг, тэгэхээр ийм мөнгө байхгүй.
-Сонгуулийн сая төгрөгийн амлалт зэрэглээ болж өнгөрч байна, тийм үү?
-Тийм, одоо тэр амлалтаа биелүүлсэн болж харагдах гээд хачин гоё «уран нугаралтууд» хийж байна.
ОРОН СУУЦНЫ ҮНЭ БУУРАХГҮЙ, ХАРИН Ч ӨСНӨ
-Сүүлийн үед орон сууцны 6 хувийн хүүтэй зээлийг их ярьж байна. Үүний үр дүнд орон сууцны үнэ өсөх үү, эсвэл буурах уу?
-Орон сууцны үнэ өсөх ёстой. Таны өмч өсч байвал танд сайн. Үнэ цэнэтэй зүйлийг барьцаалахад танд ямар байх вэ, жишээ нь 30 сая төгрөгийн байрыг барьцаалах, 300 саяын байрыг барьцаалах хоёрт ялгаа байгаа. Энэ бол асуудлын нэг тал. Нөгөө талд орон сууцгүй байгаа иргэдийн асуудал. Орон сууцгүй байгаа хүнд олж байгаа сарын орлогын хэмжээнд нийцсэн төлбөрөө хийгээд өдөр тутмынхаа амьдралыг авч явах хэмжээний мөнгө өгөхүйц санхүүгийн схем олох асуудал байгаа. Энэ 6 хувийн хүү өнөөдрийн түвшинд болж байна. Гэхдээ үүнийг 30 жил болгох хэрэгтэй. Тэгэхээр сарын төлөх төлбөр хамаагүй багасна. Орон сууцтай болонгуут орон сууцны үнэ ханш нь өндөр байвал дахиад олон үүсмэл санхүүгийн механизм гарна. Дахин санхүүжүүлэх схем гардаг. Үндсэндээ 0 хувийн хүүтэйгээр 30, 40 жилийн хугацаатай орон сууц эзэмших эрхтэй болж, дараа нь түүнийгээ өмчлөх эрхтэй болох механизм бий. Үүнийг бид одоохондоо огт ярихгүй, гаргаж ирэхгүй байгаа.
-ЗТБХБ-ын сайд 6 хувийн хүүтэй зээлд иргэд хамрагдсанаар орон сууцны үнэ өсөх биш, буурна гэж мэдэгдэж байгаа шүү дээ?
-Тэр бол хорлож байна. Таны үнэтэй байгаа юмыг үнэгүй болгоё гэж байна. Иргэн бөөн мөнгөө төлж авдаг, авсан хойноо таны төлсөн мөнгө, үнэ цэнэ нь буусан байвал утгагүй. Ер нь төрийн үүрэг гэж юу вэ? Төр эдийн засгийн хувьд юу хийх ёстой юм. Төр бол ард иргэдийнхээ өмчилж байгаа эд хөрөнгийг үнэ цэнэтэй болгох ёстой. Нэг иргэн хашаанд амьдардаг. Түүний үнэ нь 10 сая төгрөг гэж бодъё. Хэрвээ хашааны хажуугаар зам тавьчихбал үнэ нь 20 сая төгрөг болно. Хашаа руу чинь шугам татчихбал 100 сая төгрөг болно. Тэгэхээр энэ ажлыг л төр хийх ёстой.
-Олигарх гэдэг үгийг ярьсаар хүмүүсийн чихэнд дасал болчихжээ. Одоо олигарх гэхээр бараг эцэг шиг сонсогдох болтлоо ярилаа. Олигархийн тогтолцоо үнэхээр байна уу? Эсвэл энэ хоосон улс төр үү?
-Энэ нэр томъёо монголд дэлгэрэхэд би гар хөл оролцсон. Яаж гэхээр 2003 онд би нэг ил захидал бичсэн. Үүндээ зөв байхгүй бол олигархийн тогтолцоо руу орох нь байна, уусч эхэлж байгаа нь харагдлаа гэж бичсэн. Сүүлдээ явсаар явсаар хүн болгоны мэддэг нэр томъёо болчихлоо. Эцсийн эцэст төрийн механизмыг ашиглаад хөрөнгөжөөд байгаа тогтолцоог л олигархийн тогтолцоо гэж хэлээд байгаа юм.
БАЯЛГИЙН ХАРААЛ МАНАЙД ХҮРЧИХСЭН
-Ирэх онд 15 сая тонн нүүрс экспортлоно гэж ярьж байна. Өөр олон байгалийн баялаг экспортод гарч эдийн засагт их хэмжээний мөнгө цутгах шинжтэй боллоо. Түрүүн та дурдсан, баялгийн хараалын тухай. Зарим эдийн засагчид баялгийн хараалын шинж тэмдэг, өвчлөлийн шинж манай эдийн засагт байна гэж үздэг. Үнэхээр байгаад байна уу? Хий дэвэргэж яриад байна уу? Уул уурхайгаас орж байгаа их боломжийг бид яаж ашиглах ёстой вэ, цаашид яах вэ, одоо явж байгаа явц маань хэр зөв вэ?
-Боломж, гэхдээ энэ боломжийг түр зуур л гэж харах ёстой. Газар шороогоо ухаж амьдарна гэдэг чинь зөв шийдэл биш. Бид сая урьд өмнө нь байгаагүй төсөв баталлаа гээд баясаад л байна. Яг тоо баримтыг нь аваад үзэхээр ганцхан л газар шороогоо улам сайн ухаад бай л гэдэг зүйлийг баталсан. Тэрнээс нээг их сүрхий ухаантай юм батлаагүй. Тэгэхээр үүнийг зорилго мэтээр ойлгож болохгүй. Түр зуурын бололцоо, санхүүгийн маневарлах талбай гарч ирлээ гэдэг утгаас нь хандах ёстой болов уу гэсэн ойлголт надад байдаг. Уул уурхайн салбарыг дараад хэвтэх нь хаашаа юм, ашиглана, гэхдээ Монгол Улсынхаа геологийн бүтэц, амьтан ургамлаа харахад эмзэг, үүнийг харах хэрэгтэй. Энэ тэнцвэрээ алдагдуулбал цаашдаа эндээс олж байгаа орлогоосоо түм дахин илүү мөнгө төлөхөөр шахуу зардалтай учрах магадлалтай. Зах цухаасаа цөлжилт харагдаж байна. Энэ бол аюултай үзэгдэл. Манай монголчуудын генд нь экологийн боловсрол байдаг гэж би хувьдаа боддог. Дээр үед өмсөж байсан гутал нь хүртэл ээтгэр байсан. Үүднийхээ өвс ногооны байдлыг хараад л нүүх цаг болсон байна гэдэг байв.
Уул уурхайн баялгийн хараал манайд хүрчихсэн үү гэвэл би байгаа гэж үздэг. Их олон зүйлд харагддаг. Хамгийн энгийн жишээ л гэхэд, үл хөдлөх хөрөнгийн үнэ өсч байгааг харах ёстой. Монголчууд өөрсдөө худалдан авах чадвар нь гайхалтай болсондоо өсөөд байгаа биш, гаднаас орж ирж ажиллах гээд байгаа хүмүүсийн цалин орлоготой холбоотой. Мөн хөрөнгийн биржийн үзүүлэлт байна. Статистик дүнгээс харахад хувиар биш, үсрээд л дахин дахин өсөөд байгаа. Юунаас болоод байна, монголчууд мөнгө хөрөнгөтэй болчихоод хувьцаа худалдаж аваад байна уу гэхээр үгүй, гадны хөрөнгө оруулалтын сангууд бөөн бөөнөөр нь авах жишээтэй. Түрүүний орон сууцны асуудалд гэхэд л өнгөрсөн жилд орон сууцны үнэ 36 хувиар өссөн. Энэ бүгдэд чинь л голланд өвчний илрэл, ядуурлын учир шалтгаан байгаа.
-Та Ховдын Зэрэг сумынх…
-Би уугуул Улаанбаатарын хүн. Миний аав Ховд аймгийн Зэрэг сумын хүн.
-Та Ховдоос сонгогдсон төрийн түшээ. Танай өвөг, дээдсийн нутаг Зэрэг сумтай ойрхон байгаа Хөшөөтийн уурхайд асуудал байх шиг байна. Хөшөөтийн уурхайг нэг харахаар стратегийн том орд шиг, нөгөө талаас орон нутгийн юунд ю хэрэггүй жалгын мухар шиг харагддаг. Та үүнд ямархуу байр суурьтай байдаг вэ?
-Миний байр суурь маш тодорхой. Тэнд хувийн, эдийн засгийн сонирхол байхгүй болохоор надад тод харагддаг. Үнэлгээний хувьд манай стратегийн ордод ордог шалгуур тогтоосон. Би хардаж л явдаг. Геологийн судалгаа хийгээд нөөцөө тогтоогоод албан ёсоор бүртгүүлэхдээ стратегийн нөөцөд ордог тооны доогуур хийгээд бүртгүүлчихсэн шиг байгаа юм. Тэгээд тоог нь хараад ийм л газар байна гээд стратегийн бүртгэлд бүртгэсэн. Яг эзэмшиж байгаа талбай, лицензын хэмжээгээр авч үзвэл 3, 4 милиардаар тоологдохоор. Юун стратегийн ордод байтугай, хэд дахин орохоор шахуу нөөц байна гэж би үздэг. Тухайн үед алба хашиж байсан том том дарга нар ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байх.
Ер нь Тавантолгойн талд нь хүрэх шахуу нөөцтэй орд. Монголын өмч байх ёстой. Ялангуяа Ховдчуудын өмч байх ёстой. Хоёрдугаарт нь үүнийг ашиглах ёстой. Өмнөговийн жижиг Тавантолгой гэдэг чинь үнэхээр л жижигхэн. Гэхдээ л орон нутгийн иргэдийн хурал нь 51 хувиа эзэмшээд түмэн асуудлаа шийдээд байгаа. Түүнтэй адил Ховдын иргэдийн хурал Хөшөөтийн 51 хувийг яагаад эзэмшиж болохгүй юм.
-Яагаад болохгүй байна?
-Мэдэхгүй, тэрийг уул уурхайн газруудтай ярих хэрэгтэй байх. Намайг Ховдод очих бүрт үүнийг ярьдаг, аймгийн удирдлагатай нь ч уулзахад хэлдэг. 2, 3 болзол тавьсан байдаг. Нэгдүгээрт уурхайг ашиглая гэвэл замаа тавь гэсэн шаардлагаар 311 км зам тавиад ашиглалтад орсон байна лээ. Би тэр замаар явсан, хэрэгтэй сайхан зам байна. Зам дагаад хөгжил ирнэ гэдэгт эргэлзэхгүй. Хоёрдугаарт, 36 мегаваттын цахилгаан станц барих ёстой. Гуравдугаарт нь баяжуулах уурхай. Энэ 3 нөхцөл хангасан тохиолдолд ашигла гэсэн гэрээ аймгийн иргэдийн хурал нь тухайн компанийн эзэдтэй байгуулсан гэж ойлгосон. Сүүлдээ гэрээ нь ухарсан ч юм уу, нэг л юм болсон шиг байна лээ.
ФРАКЦ БИЙ БОЛСОН НЬ АН-ЫГ ХАГАЛЖ БУЙ АСУУДАЛ БИШ
-Та ардчилсан нам дотор МҮДН-ын фракцийг хүчтэй зарлалаа. Зарим ажиглагчид АН-ыг задрах шат руугаа орчихлоо гэж байхад зарим нь том намын шинж илэрч байна гэж байна. Энэ чухам аль нь вэ? АН-д олон жигүүр ургаад шонхор, шувуу болоод нисчих гээд байгаа юм биш үү?
-МҮДН-ын фракцийн үйл ажиллагааг л сэргээж байгаа юм. Анхнаасаа байсан унаган улс төрийн дөрвөн намын нэг шүү дээ. МҮДН гэж байсан. Сүүлдээ нэгдсээр АН болсон. Нам дотроо МҮДН-ын угшилтай гэж явдаг хэсэг хүмүүс байнга уулзаж, санал бодлоо солилцдог. Сонгууль дөхөж байна, намын мөрийн хөтөлбөрийг боловсруулах, үйл ажиллагаанд ч гэсэн үнэлэлт дүгнэлт өгч хандах ёстой гэсэн үүднээс л үйл ажиллагаагаа сэргээж зарласан. АН-ыг хагалж байгаа асуудал байхгүй. АН-д сүүлийн үед шинэ фракцууд үүсч байна. Би үүнийг аюултай үзэгдэл гэж бодохгүй байна. Байх ёстой үзэгдэл, цаашдаа ч үргэлжлэх байх. Зарим нэгэн фракц нь татан буугдах байх, зарим нь нэгдэх байх. Би хувьдаа фракц үүсч байгаа явдал маань нам дотроо шийдвэр гаргадаг механизмыг л арай хялбаршуулж өгч байна гэж ойлгодог.
-Аливаа нам доторх фракц, жигүүрүүд ямар нэгэн тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх гэж байгуулагдсан байдаг. Танай фракцын хувьд намынхаа удирдлагад гол тавьж байгаа ямар асуудал байна вэ?
-Хэд хэдэн асуудал бид хөндөж байгаа. Нэгдүгээрт, үүссэн нөхцөл байдалдаа үнэлэлт дүгнэлт өгье, бодитойгоор харах гэж оролдоё. Хоёрдугаарт, АН өөрийнхөө үнэт зүйлсээсээ холдоод явчихлаа. Бидэнд эрхэмлэдэг, үнэт зүйлс гэж бий. Намын дүрмийн заалтуудад байгаа зүйл нь хаана байна, УИХ дээр шийдвэр гаргадаг, хууль баталдаг байдалд бид ямар өнцгөөс нь харж шийдвэр гаргаад байна аа гэдэг зүйлийг ярьж байгаа. Манай нам чинь барууны нам. Гэтэл одоо зүүн, зүүн гэхэд бүүр хамгийн зүүн талд гарах янзтай байгаа. Тиймээс үүнийг болъё, хөрсөн дээрээ эргэж бууя, гэртээ очъё гэж хэлээд байгаа юм. Гуравдугаарт, Нийгмийн хавтгайрсан халамжийн тогтолцооноос салъя. Ийм л асуудлыг бид хөндөж байгаа.
Түүнээс одоо бусдыг дагалдаж, янз бүрийн санал худалдаж авах, таалагдахын төлөө явж байгаа юм биш.
-АН хэт зүүний бодлого бариад байгаа нь тус намд нэдсэн МСДН-ын нөлөө биш үү? Өнөөдөр энэ намын толгойд байгаа хүмүүс буюу Алтан гадасынхан социал-демократууд учраас ардчилсан нам жинхэнэ байх ёстой агуулгаасаа зүүн тал руу холбироод байгаа харагддаг…
-Тэгж тайлбарлаж болно. Тийм үнэлэлт дүгнэлт өгч байгаа хүмүүс байгаа байх. Гэхдээ би үүнийг Монголын сонгуулийн тогтолцоотой холбож ойлгодог. Сонгуулийн тогтолцоо юу шаардаж байна гэхээр таныг бусдаас илүү гоё юм дуугарч, чихэнд чимэгтэй үг ярь гэж шаардаад байна. Тэгэхээр уралдаад л үзээд байдаг, үүнээс одоо зогсоож чадах уу, үгүй юу гэдэг асуудал байна. Үүнд улс төрийн зориг байх ёстой. Улс төрийн намууд хариуцлагаа ухамсарлаж байж, жинтэй дуугарах ёстой. Нийгмийг алж байгаа, хүний сэтгэхүйг эвддэг, эдийн засгийг алдаг утгагүй амлалтуудаас татгалзая гэдэг зүйлийг л хариуцлагатайгаар хэлж байна.
ГУРАВДАХЬ ХҮЧИНД ТОМ ОРОН ЗАЙ БАЙХГҮЙ
-Ерөнхий сайд М.Энхсайхан хуучин МҮДН-д байсан байхаа, та түүнтэй хэр холбоотой байдаг вэ?
-Мань хүн фракц гэж гарч ирээгүй. Нэг хэсэг МоАХ-д байсан. Сүүлийн үед тааралдахгүй л байна.
-М.Энхсайхан МҮАН байгуулсан нь үнэхээр байх ёстой улс төрийн орон зай байна уу, эсвэл ганц нэг хүний тоглолт уу?
-Гуравдахь хүчний орон зайн тухай асуудлыг хөндөж байна гэж ойлголоо. Нэг их том орон зай байхгүй. Хоёр том улс төрийн хүчин шийдвэрлэх үүргээ гүйцэтгээд явна. Тийм ч байгаасай. Гэхдээ монголын ард түмний төлөөлөл УИХ-д байх ёстой. Энэ утгаараа 5 хувийнхаа босгыг даваад ирвэл парламентэд сууж байх ёстой. Нэг гунигтай түүх бий. 1990 оноос эхлээд сэтгэлд хүрсэн, бүгд хүлээн зөвшөөрсөн сонгууль болж байгаагүй. Хамгийн энгийн жишээ гэхэд 1992 онд манай нам нийт сонгогчдынхоо 49 хувийн санал авчихаад тавхан суудалтай үлдсэн. 2000 онд 49 хувийг нь авсан атлаа ганцхан суудалтай байсан. Тэгэхээр 49 хувийн төлөөлөл хаана байна вэ гээд тэр утгаараа сонгуулийн тогтолцоог өөрчилъе, ойлгомжтой, хялбаршуулсан, нийгмийн төлөөллийг зайлшгүй тусгадаг механизм руугаа оруулдаг байх ёстой. Тэр нь пропорцианаль тогтолцоо юм. Маш хялбар, энгийн илүү дутуу, толгой эргээд байх зүйлгүй. Нутаг ус дов толгод гээд байх зүйлгүй, хувь хүнийхээ хувьд мөнгө тараахгүй, улс төрийн намд нь дугуйлаад хэдэн хувь санал авсныг суудлаа хуваарилаад авдаг тогтолцоо руу явъя гэж сонгуулийн хуулийг хэлэлцэх үед би нэлээн зүтгэсэн. Бүтээгүй. Гэхдээ бас ч гэж хоосон болсон гэж хэлэхгүй. Пропорциналь элементийг 28 суудалд орууллаа, энэ нь урагшаа хийсэн алхам гэж ойлгож байгаа.
-Ирэх сонгуульд гуравдах хүчнийг эрж хайсан нийгмийн хандлага маш хүчтэй байгаа юм биш үү?
-Байгаа. Хүчтэй байгаа. Энэ хоёр нам нийгмийн тулгамдсан асуудлуудад өгч байгаа хариултууд нь, цаг үеийнхээ дуудлагыг мэдэрч байгаа байдал нь, өөрөөр хэлбэл улс төрийн манлайлагч байх үүргээ гүйцэтгэж чадахгүй “өөх ч биш, булчирхай ч биш”, ёстой нөгөө МАНАН гэдэг нэр томъёо нь манантаад явахаар хүмүүс дургүйцлээ илэрхийлэх нь аргагүй. Тиймээс би хоёр жилийн өмнөөс л АН-ыг Засгийн газраас гараач гэдгийг яриад байсан юм. Оройтсон ч гарсан. Одоо үлдэж байгаа хугацаанд АН унаган төрхөө олж, гэртээ ирэх хэрэгтэй. Өнгөрсөн 4 жил улс төрийн намууд ард иргэдийнхээ хүсэн хүлээж байсан хэмжээнд байж чадаагүй гэдэгтээ санал нийлнэ. Тиймээс ч гуравдахь хүчний эрэл хайгуул хүчтэй байгаа байх. Монгол Улсын эрх ашиг гэдэг үүднээсээ авч үзвэл хоёр гол улс төрийн нам зонхилсон тогтолцоо нь бидэнд арай өгөөжтэй.
БИ ДАХИН ЕРӨНХИЙ САЙД БОЛОХГҮЙ
-Хэрвээ ирэх сонгуульд АН үнэмлэхүй олонх биш гэхэд ердийн олонх болох хэмжээнд суудал авбал Ерөнхий сайд болох магадлалтай хүний нэг бол та мөн. Та ерөнхий сайдад нэр дэвших үү?
-Үгүй. Надад санал болгосон ч гэсэн би тийшээгээ очихгүй. Ерөнхий сайдын албан тушаалаас зугтаж байсан хүн Монголд хэд байсныг би мэдэхгүй. Гэхдээ би зугтаж байсан. Одоо бол юун Ерөнхий сайд байтугай, сайд болохын төлөө гүйдэг болж.
-Яагаад та энэ албаас зугтаад байгаа билээ?
-Яах вэ, нэгд би энэ албыг хашиж байсан, ямархуу янзтайг нь мэднэ. Хоёрт дараагийн үеийн улстөрчдийг цэгцтэй бэлдэх бололцоог бүрдүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол бид 20 жилийн өмнө байснаараа сэтгээд байна.
-Хааяа бид таны блог руу ордог. Та блогоо яагаад “тогтуун хүч “гэж нэрлэсэн юм вэ?
-Тэр их түүхтэй. Миний нэг найз намайг тэгж томъёолсон юм. Нэг их юм юман дээр очоод яриад, үсчээд байдаггүй, нэг бодлого бариад түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө яваад байдаг болохоор л тэр тодотголыг өгсөн юм болов уу гэж боддог. Надад бол таалагддаг. Намайг тодорхой хэмжээгээр бодитой илэрхийлж байна уу гэсэн бодол байдаг.
Тэмдэглэсэн Д.Эрдэнэсувд
Эх сурвалж: www.montsame.mn, 2012.03.05
[print_link]
Юуний өмнө эрхэм таны амрыг эрж ажил үйлсэд тань амжилт хүсье! Би ХоИС-ийг 2003 онд төгссөн. Аз болоход намайг төгсөж байхад МУИС-ийн дипломтой төгсгөж байсан. Баруун таван аймгаас хүүхдүүд сурдагийг та мэднэ дээ. Харин одоо бараг хүүхдүүд ирэхээ больж ховдын сургуульгүй үлдсэн сурлагандаа тааруухан оюутнууд л сурдаг, бас чанар нь аймар муу болсон гэсэн. Хайран сургуулийн нэр хүнд. Хамгийн гол нь МУИС-ийг гэртээ ойрхон өртөг, утаа бага орчинд сурах гэж л аймгуудаас зорьж ирдэг байсан шүү дээ. Ихэнх чадвартай багш нар ховд сургууль болонгуут л шилжээд явчихсан сурагтай байсан. Одоо буцаагаад МУИС-ийн салбар сургууль болгож болохгүй юмуу?
Сайн байна уу гишүүн ээ
Би иргэн хүний хувиар нэгэн санал хэлэх гэсэн юм,Сонгууль улс төрийн шоугаар амьсгалаад хүн бүр
Сонгуулийн ерөнхий хороо гэдэг газар чухам л мэдээлэлийг байнга хийх юм. Гэхдээ 80000 гаруй иргэд гадаад ажиллаж амьдарч байна гэх юм. Гэхдээ эдгээрийн 40-50 орчим хувь оюутанууд байна. Эдгээр оюутнууд суралцаж байгаа улс орноос оо хамааран 6 сарын 25 гэхэд бүгд тарч байна. Манай улс яагаад эдгээр оюутануудыг 7 хоногийн улс оронд нь ирүүлэх талаар яагаад алхам хийхгүй байгаа юм бэ , Бид эх орондоо очиж сонгох сонгогдох эрхээ эдлэхийг хүсэж байна. Саяхан ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болоход дэлхийн өнцөг булан бүрт байгаа иргэдээ сонгуульд хамруулж байсан. Манай улс улс орон бүрт байгаа иргэдээ сонгууль зохион байгуулах боломжгүй байдаг бол энэ гадны улс оронд суралцаж байгаа оюутануудыг эх орон руу нь эргэн татах ажлыг зохион байгуулах талаар санал гаргахыг хүсэж бичлээ.