Beautiful Plants For Your Interior
Эрдэнэт рүү бараа шахдаг байсан бол Таван толгой руу болж өөрчлөгдлөө
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Компанийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар өнгөрсөн мягмар гаригт Ерөнхий сайдад асуулга тавьсан. Ямар шалтгаанаар асуулга тавих болсныг нь тодрууллаа.
-Компаниудын тухай хуулийн хэрэгжилтийг сонирхож байгаагаа та мэдэгдэж Ерөнхий сайдад асуулга тавьсан. Яагаад энэ асуудлыг онцолсон юм?
-Монголын эдийн засгийн анхдагч буюу нэгж хэлбэр нь компани юм. Бид өмнө нь аж ахуйн нэгж, хувьцаат компанийг тэр бүр ойлгодоггүй байсан. Шууд хэлбэл хувьцаат компани, төрийн өмчит компани нь эдийн засгийн гол хэлбэр. Тэгэхээр орчин үед компаниудын үйл ажиллагааг зөв гольдрилд нь оруулах шаардлага гарч, олон улсын жишигт нийцүүлэх хэрэгтэй болжээ. Энэ асуудлыг шийдэх зорилгоор хоёр жилийн өмнө компаниудын тухай хуулийг хэлэлцэж баталсан юм. Ер нь Компанийн тухай хууль нь ардчилал ялсны дараа батлагдсан хуучин хуулиудын нэг. Үүнээс хойш 10 гаруй жил болж байж Компанийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Ингэхдээ босох суухын хооронд хэлэлцээд баталчихаагүй. Хоёр жилийн турш хэлэлцэн, боловсруулж байж баталсан юм. Аль ч өнцгөөс нь харсан, хэрэгжих ач холбогдлыг нь аваад үзсэн ч анхаарал татах учиртай. Тэгээд ч хууль хэрэгжвэл Монголын эдийн засаг ямар байхыг шууд тодорхойлох хүчин зүйл болж хувирна. Зөвхөн эдийн засгийн хүрээнд зогсохгүй бусад салбарын асуудлыг ч хамардаг учраас тэр. Тиймээс Ерөнхий сайдад хандаж асуулга тавьсан юм. Хуулийн хэрэгжилтийг хариуцдаг субъекг нь гүйцэтгэх засаглал шүү дээ.
-Тэгээд хуулийн хэрэгжилт ямар байна вэ. Зонхилон ямар заалтууд нь зөрчигдөж байгаа юм бол?
-Түүвэрлээд үзэхээр гол ач холбогдол бүхий арав гаруй заалт огт хэрэгжихгүй буюу хэрэгжихдээ учир дутагдалтай байна. Тодруулбал Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тохируулан Монголд данстай бүх компани дүрмээ шинэчлэн баталж өнгөрсөн оны долдугаар сарын 1 гэхэд улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой байсан. Энэ ажил ямар түвшинд байгаа нь хэнд ч мэдэгдэхгүй байна. Ер нь Засгийн газар манайд хэдэн компани байдгаас хэд нь хуулийн дагуу дүрмээ шинэчилснийг олон түмэнд зарлах үүрэгтэй. Энэ ажил хийгдээгүй байгаа нь хуулийн хэрэгжилт хангагдахгүй байгааг шууд баталж байна. Мөн хувьцаат болоод төрийн өмчит компанийн ТУЗ-ийн тухай заалт байгаа юм. ТУЗ-ийг бүрдүүлэхдээ гуравны нэгийг нь хараат бус байхаар зүйлчилж өгсөн. Гэтэл энэ заалт олигтой хэрэгжихгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Ер ньТУЗ гэдэг байгууллага хэлбэр төдий байсаар байна.
-Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүнээр сонгогдсон бол бараг насаараа тэнд ажилладаг. Өөрийн хүсэлтээр буюу төрийн албанд очсон тохиолдолд л өөрчлөгддөг жишигтэй. Ер нь ТУЗ-ийн гишүүн хүн яаж ажиллах үүрэгтэй юм бол?
-ТУЗ-ийн дэргэд Аудитын, Нэр дэвшүүлэх, Цалин урамшууллын хороо гэж байх учиртай. Аудитын хороо нь дотоод санхүү, хууль дүрэмтэй холбоотой асуудлыг шалгаад явна. Нэр дэвшүүлэх хороо гэдэг нь тухайн компанийн захирлаар хэнийг тавих вэ, ямар шалгууртай байх юм гэсэн ажлуудыг хийдэг. Цалин урамшууллын хороо нь тухайн байгууллагын ажилтнууд хаанаас яаж, ямар шалгуураар цалинжих вэ гэдгийг хуулийн хүрээнд шийдэж өгөх үүрэгтэй. Гэтэл манай улсын компаниудад ийм хороод байдаггүй. Энэ бүх асуудлуудыг шийдэж байж бидний яриад байдаг компанийн засаглал гэдэг зүйл бэхжих учиртай. Ингэж байж компанийн үйл ажиллагаа ил тод болно. Өнөөдрийн хэмжээнд хууль нь ч хэрэгжихгүй, компанийн ил тод байдал ч эсрэгээрээ байсаар байна.
Харин компанийн ТУЗ, үйцэтгэх удирдлагыг томилоход Нэр дэвшүүлэх хороо чухал үүрэг хүлээнэ. Тус хорооноос нэр дэвшүүлсэн хүмүүсийн нэрийг тухайн компанийн удирдах ажилтнууд хэлэлцэн батлах, эсэхээ шийдвэрлэх ёстой. Гэтэл өнөөдөр хуулийн энэ заалт хэрэгжихгүй сайд, дарга нар өөрсдийнхөө хүмүүсийг шууд томилдог жишиг тогтсон. Эрх мэдэлтэй дарга нар өөрийнхөө хүнийг аль нэг компанийн гүйцэтгэх албанд томилохын тулд хуулийн заалтыг санаатайгаар умартдаг. Ийм байдлаар Монгол Улсад хууль хэрэгжихгүй юм бол, хуулийг хэрэгжүүлэхийн төлөө гүйцэтгэх засаглал нь явахгүй юм бол бидний хүсч мөрөөддөг шударга, ардчилсан нийгэм гэдэг асуудал хоосон яриа болж хувирна. Хуулийг нь шинэчлэн баталсан ч даажигнал хэлбэрийн ийм тохуурхал ноёлсоор байгааг анхаарах хэрэгтэй. Шууд хэлбэл хувьцаат, төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа, томилгоонд ямар ч албан тушаалтан нөлөөлөх ёсгүй гэсэн энэ заалт хэрэгжих нь бүү хэл улам гаарсаар байна.
-Компаниудын санхүү нууцлагдмал байдаг нь мөнгө угаах нэг арга, хэрэгсэл болдог. Компанийн үйл ажиллагааг олон нийтэд ил болгоно гэж хуульчилсан л юм бол санхүүг нь мөн ил байлгах хэрэгтэй байх?
-Санхүү бүх зүйл нь ил тод байх хуультай. Компани хувьцаа эзэмшигчдийн хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор хуралдуулсан байх заалттай. Хэрвээ энэ хурлаа хийгээгүй бол тухайн компанийн ТУЗ-ийн бүрэн эрх тэр чигээрээ байхгүй болно. Энэ заалт мөн л хэрэгжихгүй байна. Жишээлбэл 2012 онд санхүүгийн хурлаа хэдэн компани хийсэн юм. Хийгээгүй бол ТУЗ-ийн нөхдүүдийн эрхийг нь хассан уу. Би үүнийг л тодруулахыг хүсч байна. Яагаад энэ бүхнийг онцлоод байна гэхээр тодорхой компаниуд дээр төр хувьцаа эзэмшигч нь болж ороод байгаа юм. Тэгэхээр төр гэдэг институцийнх нь эрх мэдэл үлдэж байгаа юм уу, үгүй юу гэдэг асуудал хүртэл хуулийн дагуу тавигдах ёстой юм. Надад ирсэн мэдээгээр 79 аж ахуйн нэгж л 2012 онд санхүүгийн хурлаа хийсэн байна. Хөрөнгийн бирж дээр нээлттэй үйл ажиллагаа явуулж буй компаниуд гэвэл 380 орчим байдгаас гуравны нэг нь гэсэн үг. Хурлаа 40 хоногийн өмнө зарлах ёстой, ингэхдээ тайландаа сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлцлүүдийг тусгасан байх үүрэгтэй гэх мэтээр хуулийн бүхий л заалтууд хэрэгжихгүй байгаа нь тунгалаг эдийн засаг гэдэг ойлголтыг хаагаад байгаа юм. Бид өнөөдөр төрийн өмчийн гэж овоглогдох 90 орчим компанийн тухай ярьдаг. Гэхдээ хаана, юу хийж байгааг нь хэнч мэддэггүй. УИХ, яам, Тамгын газраас илүү хаалттай нийгэм тэнд бий болчихоод байна. Үүнийг өөрчлөх ёстой, хуулийг нь хэрэгжүүлэх хэрэгтэй.
-Монголын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит, хувьцаат компаниуд зах зээлд монополь эрх тогтоолоо. Шинээр байгуулагдаж буй компаниудад шударгаар өрсөлдөх боломж олгодоггүй гэж их ярьдаг. Энэ байдлыг яаж халах вэ?
-Өнөөдрийг хүргэл төрийн өмчит компаниуд эдийн засгийн салбарт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж ирсэн. Тухайлбал Эрдэнэт компани байна. Монголын эдийн засгийн тал хувьтай тэнцэхүйц хэмжээний компани шүү дээ. Иймэрхүү компаниуд цаашид нэмэгдэх хандлагатай байгаа. Жишээ нь Таван толгой гэдэг компани гараад ирлээ. Эндээс эхлээд Монголын эдийн засагт тэдний нөлөөлөх үүрэг онцгой болоод эхэлж байгаа юм. Энд бүх зүйл хуулийн дагуу ажиллаж, ил тод байх зарчим үйлчилбэл Монголын эдийн засаг ном ёсны дагуу явна. Энд л бүх асуудал хаалттай байвал хуучин байдлаараа байвал Эрдэнэтэд болоод бусад төрийн өмчит компанид бараа шахдаг байсан жишиг тасрахгүй. Одоо нэр нь өөрчлөгдөөд Таван толгой руу бараа шахдаг болох нь.
-Таван толгойн ТУЗ-ийн гишүүд их хэмжээний бараа шахсан гэх мэдээлэл байдаг. Энэ тухай таныг илрүүлсэн гэх нь ч бий?
-Нийгэмд юу болж байна гэдэг нь том асуудал болохоос Дорж, Дондог яаж аяглаж байна гэдэг нь надад хамаагүй. Нэг үгээр хэлбэл Таван толгойд, Эрдэнэтэд юм шахсан уу гэдэг нь миний хувьд 30 дугаарт тавигдана. Харин хуулийг хэрэгжүүлэх, нийгмийг өөрчлөх тухай асуудал бол амин чухал юм.
Эх сурвалж: Өдрийн сонин, 2013.01.10-ны Пүрэв гараг, сэтгүүлч Л.ТӨР
Маш сонирхолтой асуудал байна. Үнэхээр 2 жил ярьж байж хийгдсэн зүйл нь ажил болохгүй бол энэ ямар хэрэг байна. Иргэдэд мэдээлэл дутмаг бараг байдгүйгээс болж одоо хүртэл ТУЗ-н талаар ойлголтгүй хүн их байна. Таны өгсөн асуулгад хариу өгөөсэй.
Аан тийн нэг юм хэлэхийг хүслээ та вэб дээрээ Share хийх боломж хийвэл их зүгээр юм.
Амжилт хүсье 😀