Beautiful Plants For Your Interior
Р.Амаржаргал гишүүний шийдвэр зөв жишиг үү
УИХ-ын гишүүн Ж.Батзандан сонгогчдынхоо итгэлийг алдсан эрхэм гишүүдийг иргэд өөрсдөө эгүүлэн татдаг байх хуулийн төсөл боловсруулсан санагдана. Санагдах болсон шалтгаан нь энэ хуулийн төслийн талаар хэн ч юу ч ярихгүй байгаад учир байгаа юм.
Тэд хуулийг баталчихвал талаас илүү хувь нь эгүүлэн татагдана гэдгээ мэдэж байгаа учраас тэр юм. Харин өчигдөр хуулиар “хүчиндүүлж” биш өөрийнхөө ухамсраар ажил албаа хүлээлгэн өгөх хүсэлтээ УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гаргаж тавьсан нь олны чихийг дэлдийлгэв.
Зарим хэсэг нь албан тушаал авч чадаагүйдээ гоморхож, төрд хэрэгтэй зайран болох гэж жүжиг тавьж байна хэмээн дүгнэж байгаа бол хариуцлагаас зугтаж байгаа гэж хардах хүн ч олон байлаа. Гэхдээ тэр бол хувь хүний л сонголт. Өөрөө л нэгэнт ийм шийдвэр гаргасан бол бид хардаж, сэрдээд байх ч шаардлага байхгүй.
Өмнө нь жагсаалтаар орж ирсэн У.Хүрэлсүх гишүүнээсээ татгалзаж, өргөдлөө өгөхөд иймэрхүү яриа дагаж л байсан. Гэхдээ улстөрч хүнд байх ёстой соёлыг тэд харуулж чадсан нь онцлог юм. Цаашдаа ч заавал гишүүн байх гэж зууралдахгүй өөрийнхөө хийх ёстой ажлаа хийгээд явах хүмүүс байгаа учраас тэдэнд үлгэр дуурайл үзүүлсэн үйлдэл боллоо.
Р.Амаржаргал гишүүн “УИХ-ын гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх өргөдлөө өгөх” гэсэн УИХ-ын тухай хуулийн заалтыг үндэслэн өргөдлөө өгчээ. Түүнийг УИХ-ын даргад өргөдлөө өгөхтэй зэрэгцэн суудалд нь хэн суух талаар шаагиж эхлэв.
Гэхдээ энэ нь хэтэрхий яарсан хэрэг. Энэ асуудлыг өргөн барьсны дараа УИХ-ын гишүүд чуулганаар хэлэлцэж шийдвэрлэдэг бөгөөд чөлөөлөгдсөн тохиолдолд нөхөн сонгууль явуулах хуулийн заалттай. Тэгэхээр баярласан хэрээ бархирах болоогүй гэсэн үг.
У.Хүрэлсүх жагсаалтаар орж ирсэн учраас арынх нь хүн ороод ирчих боломжтой бол Р.Амаржаргал гишүүний хувьд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаа, тойрогт өрсөлдсөн учраас нөхөн сонгууль болно гэсэн үг юм. Энэ тухай хуульд “Тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн нас барсан, түүнчлэн өөр ажилд шилжсэн, эрүүл мэндийн байдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, эсхүл түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татсан бол нөхөн сонгууль явуулна” гээд тодорхой заачихсан.
Сонгуулийн дүнгээр Л.Гантөмөр 39.07 хувь, Р.Амаржаргал 33.42 хувийн саналаар ялсан бол МАН-ын нэр дэвшигч Ч.Ганхуяг 30.81 хувь, Ц.Цогзолмаа 30.53 хувийн санал авч удаалсан. Гэхдээ энэ нь нөхөн сонгуульд ямар ч хамаагүй. Одоо энэ суудалд бүх намууд адилхан хүнээ өрсөлдүүлнэ.
Гэхдээ дээр хэлсэнчлэн шийдвэр эцэслэж гараагүй байхад бид дүгнэж, нөхөн сонгууль болох нь гэж дүгнэх ч өрөөсгөл. УИХ-аар эцэслэн шийдсэний дараа л шийдэгдэх асуудал. АН-ын зүгээс чадвартай гишүүнээ зүгээр ч нэг тавиад явуулахыг хүсэхгүй болов уу.
Гомдох шалтгаан байсан уу, эсвэл үнэхээр хүндэтгэх шалтгаан уу гэдгийг ялгаж салгасны дараа шийдэгдэх учиртай юм. Р.Амаржаргал гишүүн өмнө нь Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээсээ татгалзах хүсэлтээ өгсөн ч тэд татгалзсан хариу өгсөн.
Энэ удаад ч гишүүнээсээ татгалзах шийдвэрийг нь хүлээж авахгүй бол тэрбээр суудалдаа үлдэнэ. Тэгэхээр хэн нь энэ суудалд очих бол гэж баярлах арай эртдэнэ. Ер нь нөхөн сонгууль болсон байлаа ч төр засаг руугаа салаавч өгч, талхныхаа үнийг мэдэхгүй “далдаганаж” яваа нөхөд төрд орж ирэх гэж санаалах ч хэрэггүй биз.
Иймэрхүү нөхөд улс төрд шургалж, харин Р.Амаржаргал мэтийн боловсролтой, мэдлэгтэй хүмүүс төрөөс татгалздаг байж боломгүй юм. Ч.Ганхуяг мэтийн сулбагар нөхдөд сонгогдсон дүүргийнхээ иргэдийг даатгаж орхих бус хүлээсэн үүргээ дөрвөн жил биелүүлж, арай дөнгүүр ажил хийчих сэтгэлтэйд нь албаа даатгаж өгөхөд ч буруудах юмгүй л байх. Р.Амаржаргал гишүүн шийдвэрээ зөв гаргана гэдэгт итгэлтэй байна.
Б.Өнөртогтох
МОНГОЛЫН МЭДЭЭ Сонин
2013.11.12 Мягмар
№222 (3819)