“ШИНЭ ҮЗЭГДЭЛ”

Мэдээллийн “News” агентлагаас жил бүр тодруулдаг “Оны хүн” өргөмжлөлийн эзнээр УИХ-ын гишүүн Ринчиннямын Амаржаргалыг нэрлэж байна.


R.Amarjargal at News

Тухайн жилдээ гаргасан шийдвэр, үйл ажиллагаа нь олон хүнд нөлөөлсөн, шуугиан тарьсан, олны анхаарлын төвд байсан эрхмүүдийг онцолдог энэ өргөмжлөлийг Монгол Улсын шийдвэр гаргах түвшинд бий болсон хариуцлага, ёс зүйгүй байдлын өмнөөс хариуцлага хүлээхээ мэдэгдсэн Р.Амаржаргалд олгож байна. Р.Амаржаргалын энэхүү үйлдэл нь нийгмийг хариуцлагаа ухамсарлах, үүргээ биелүүлэхэд олон нийтийг уриалан дуудсан, олон хүний дотор байсан хэлж чадаагүй үг, хийж чадаагүй үйлдлийн сэдэл болсон. “News” агентлагийн 2013 оны “Оны хүн”-ээр нэрлэсэн УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа.

-УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх таны хүсэлтийг УИХ ёсоор болгоогүй. Хүсэлтээ анх илэрхийлэхдээ эцсийн хариу нь ийм байна гэдгийг та мэдэж байсан биз дээ?

-Тийм ээ, мэдэж байсан. Гэхдээ харанга дэлдэе гэж бодсон. Монголд өнөөдөр ардчилсан төрд байх ёстой бүх элемент байна. Парламент, төрийн яамд, агентлагууд, аймгуудын Засаг даргын Тамгын газар, хяналтын бүтцүүд, төрийн албан хаагчид гээд. Гэсэн ч төр ард иргэдийн хүссэн амьдралын нөхцөлийг хангаж өгч чадаж байна уу гэвэл үгүй. Миний бодлоор төрийн удирдлага буруу байна. Хүн хүн өөр өөрөөр хүлээн авч болно. Ардчилсан нийгмийг тогтоохын төлөө анхнаасаа явсан хүний хувьд одоо эргээд харахад ийм нийгмийг тогтоохын төлөө явсан гэж үү гэж өөрөөсөө асуухад хүрээд байна. Иргэд, сонгогчидтой уулзахад “Амаржаргалаа, бид ийм нийгмийг тогтоох гэж зорьсон гэж үү дээ” гэж асуух хүмүүс байна. 1990 онд бид асар том өөрчлөлт рүү иргэдээ дагуулаад орсон. Ардчилсан нийгэм гэдэг төсөөлөл байснаас ардчилсан нийгэм ямар байх ёстой талаар яг таг төсөөлөл байсангүй. Ардчилсан тогтолцоо руу шилжсэн эхний хэдэн жил “ардчилсан нийгмийг тогтолцоо руу, зах зээлийн шинэчлэл” гэж дээр дооргүй ярьсаар бужигнаад л өнгөрсөн. Харин 6-7 жилийн дараагаас бидэнд ярих юмгүй болсон. Хүссэн үр дүндээ хүрсэн үү гэвэл, хүрээгүй. Амьдралд мэдэгдэхүйц үр дүн харагдаагүй. “90 онд та нар юу ярьж байлаа” гэсэн ам асуусан дарамт улам нэмэгдэж ирсэн.-Хэлбэрийн хувьд бид ардчилсан төрийг бий болгож чадсан, харин агуулгын хувьд гажуудуулсан гэж ойлголоо. Энэ гажуудал хаана, хэзээ бий болов? Та бид яагаад үүнийг олж харсангүй вэ?-Уг нь Монголын хамгийн хүчтэй зүйл нь төр. Уламжлалаа харсан ч. Гэсэн  ч төрийн механимз буруу ажиллаж байна. Хүн дээр бууж наалдах юм алга. Төрийн хэлж байгаа нь нэг өөр, хийж бүтээж байгаа нь өөр байна. Төрд итгэх ард түмний итгэл алдарч байна. Гажуудал хаана, хэзээ үүсэв гээд бодохоор төрийн үйлдэл болгон дээр илэрч байсан. Парламент хууль батлах болгонд илэрч байсан. Бие биедээ барьцаалагдан, нэг нэгэндээ хэлэх үггүй болох тоолонд илэрч байсан. Бид харсаар байгаад гажуудуулсан. Ямар ард түмэн байна, тийм л төр байна.

-Ямар ард түмэн байна, тийм төр байна гэсэн таны хэлсэн үгтэй би санал нийлмээргүй байна. Манай хэвлэлийн салбарынхан ч “ямар нийгэм байна, тийм хэвлэл мэдээлэл байна” гэж ярьдаг. Ялангуяа та бид хоёр шиг нэг нь хууль тогтоох дээд байгууллагыг төлөөлж байгаа, нөгөө нь нийгмийн оюун санааны түрүүнд явж байх ёстой хэвлэл мэдээллийг төлөөлж байгаа хүний хувьд ийм өөрсдийгөө хаацайлсан үг хэлэх ёсгүй. Бид ийм бодолтой байсаар байвал нийгмийг хэн уриалан дуудах юм бэ? Хэн гэгээрүүлэх юм бэ? Манай салбарт ч гэсэн нэг нэгнээ шүүмжилдэггүй бичигдээгүй хууль бат бөх оршин тогтнож байна. Дуугүй байснаараа бид өөрсдөө буруутай.

-Бүхий л салбарт ийм гажуудал хэдийнэ үүссэн байна. Тэр дундаа хэвлэл мэдээлэл энэ нийгмийн зүтгэх хүч байх ёстой гэдэгтэй санал нэг байна. Ажил үүргийнхээ шугамаар сэтгүүлчидтэй уулзах тохиолдол бишгүй гардаг. Би нэг л зүйлийг сэтгүүлчдэд хэлэхийг хүсдэг. “Уншигч, үзэгчдийнхээ мэдээлэл хүлээн авах тархины хэмжээнд тааруулж битгий бичээч ээ, арай илүү дээд төвшинд бичээч. Тэднээс илүү бай” гэж хэлдэг.

-Таны үйлдлийг танай сонгогчид яаж хүлээн авсан бэ? Ямар нэг байдлаар хариу үйлдэл үзүүлсэн биз дээ?

-Тийм ээ. Олон хүн утасдаж, бас мессеж илгээсэн. Миний үйлдлийг сайшаан талархаж байгаагаа хэлсэн ч бүгд “Наанаа байж, ажлаа хийх ёстой” гэсэн.

-Яг хэзээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана гэж шийдэв?

-Буруу байна, болохгүй байна гэдэг бодол эртнээс төрж байсан. Хэрвээ анзаарсан бол 5-6 жилийн өмнөөс өөрийн байр суурийг бага багаар илэрхийлж байсан. Гэхдээ тухайн үед улс төрийн хүчний харьцаа өөр байлаа. Өөр улс төрийн хүчин төрийн эрх барьж байлаа. Тиймээс миний үг хүнд хүрэхгүй гэж бодоод орхидог байсан. Харин 2012 оны сонгуулиас хойш улс төрийн хүчний харьцаа өөр болсон. Миний харъяалагддаг Ардчилсан нам дангаар төрийн эрх барьж байна. УИХ, Ерөнхийлөгч, гүйцэтгэх засаглал гээд. Зорьж явсан зүйлээ гүйцэлдүүлэх, буруу явсан замаа засах маш сайхан нөхцөл бүрдлээ гэж харсан. Харин манай намын журмын нөхөд буруу явж ирсэн замаар үргэлжлүүлэн будаа тээж эхэлсэн. Засч залруулах бодол байхгүй нь харагдсан. Тиймээс ийм шийдэлд хүрсэн. Гэхдээ миний үйлдэл Ардчилсан нам бол амьд организм гэдгийг харуулж байгаа юм. Ардчилсан намын олон ургальч өргөн орон зайд багтаан миний үйлдлийг хүлээн авч, ойлгож болно. Миний үйлдлийг хэзээ нэгэн цагт Ардчилсан нам өмчилнө.

-Таныг чөлөөлөх хүсэлтийг хэлэлцсэн УИХ-ын хуралдаан дээр таны хэлсэн үг, сая ч гэсэн таны ярианд “анхдагчийн хувьд” гэсэн үг давтагдаад байна. Заавал энийг тодотгох хэрэг байна уу. Үүгээрээ Ардчилсан намын шинэ үе таны үеэс өөр байна гэдгийг хэлэх гээд байна уу?

-Ардчилсан намын шинэ үе өөр болсон байна. Мөн чанараа ойлгохгүй байна. Өөр үнэлэмжтэй хүмүүс орж ирж байна. Бидний үед авлига гэдэг үгнээс айдаг, цэрвэдэг байлаа. Харин одоо авлига гэдэг бол баригдахгүй л бол байж болох зүйл гэж ойлгодог шинэ үе гарч ирсэн байна. Энэ бол цээртэй зүйл гэдэг ойлголт алга.

-Таны дараагийн алхам юу байх вэ? Дахин хүсэлтээ илэрхийлэх үү? Хууль тогтоох байгууллагын хүрээн дотор санаа нэгтэй нөхдүүдтэй нийлж фракц байгуулах уу?

-Хүсэлтээ дахин илэрхийлэхгүй. Бас хэн нэгэнтэй хамтарч бүлэг энэ тэр байгуулахгүй. Над нэг зарчим бий. Миний үйлдлээс болж хэн нэгэн хохирох ёсгүй гэсэн. Алдаа, оноогоо өөрөө л хариуцна. Хэлж ярих юмаа ганцаараа хэлсээр байх болно.

-Ганцаараа бол хүчгүй шүү дээ?

-Тийм ээ, хүчгүй. Нэг жишээ авъя л даа. Оновчгүй байж ч магадгүй. Түймэр гарчээ гэж бодъё. Түймрийг унтраасан хүмүүс баатар болно. Гэтэл түймэр гаргуулахгүй нөхцөлийг бүрдүүлээд явж байгаа хүмүүс илүү гавьяатай гэж би боддог. Түймэр гаргуулахгүй байлгах нь миний үүрэг. Миний яриад хэлээд байгаа зүйл бол Ерөнхийлөгчийн дэвшүүлээд байгаа “Ухаалаг төр”-ийн нэг хэсэг л дээ.

-Зөв зүйлийн төлөө хүчээ нийлүүлэх нь зүй. Гэвч “Ухаалаг төр”-өөр халхавч хийж, хуучнаар бол үзэл суртлын бялууралд аваачих вий гэсэн эмзэглэл төрөөд байна. Бас Ерөнхийлөгчийн “ухаалаг төр” санаачилга, таны үйлдэл одоо бол сөрөг хүчин болох МАН-ын гол PR болчоод байна.

-Ухаалаг төр гэдэг бол идей, концепц. Түүнээс биш хэдэн ширхэг ухаалаг цахим машин суурилуулах асуудал биш. Монголчуудын хувьд их эзэн Чингис хаан гэдэг бол мөн л идей. Гэтэл үүнийг ахуйн түвшинд аваачиж, утга учрыг алдуулж байна. Хот, архи, буузанд хүртэл Чингис нэрийг өгч байгаа нь утгагүй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлдэг нэг үг байдаг. “Бид сүүдрээ нуухгүй” гэж. Бидний буруу зүйлийг, буруу үйлдлийг олон хүн ярьж байх тусмаа бидэнд хэрэгтэй. Нөгөө талаар Монгол бол парламентын засаглалтай Бүгд найрамдах улс. Гэхдээ Ерөнхийлөгчтэй. 1993 онд анхны Ерөнхийлөгчөө сонгосноос хойш явж ирсэн түүхийг нь харахад Ерөнхийлөгчийн эрх мэдэл нэг бүрэн эрхээс нөгөө бүрэн эрх рүү шилжих бүрт улам томорсон. Гэхдээ нь Ерөнхийлөгч болгон эрх мэдлээ нэмээд өгөөч гэж өөрсдөө гуйсан юм биш. Парламент нь эрх мэдэл өгч байна. Ямар нэг хууль баталлаа, нэг бүтэц бий болголоо гэхэд Ерөнхийлөгчийн оролцоо байхаар шийдэж байна. Энэ бол эмзэглэл мөн. Монгол Улс парламентын эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай байна уу гэдгийг амьдрал дээр ялгаж салгахад бэрх болж байна. Засаглалын тэнцвэрийг нэг тийш болгоё гэдгийг би хэлээд байгаа. УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Үндсэн хуульд өгөгдсөн эрхийнхээ хүрээнд л ажил үүргээ гүйцэтгэх учиртай. Нэн ялангуяа парламентын засаглалын төлөвшлийн асуудал хурцаар тавигдаж байна.

-Хамгийн сүүлийн үеийн сэдэв болоод байгаа УИХ-ын гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүрдүүлэх нь парламентын дампуурал гэж харж байна. 

-Үнэндээ сэтгэл дундуур байна. Нэгдүгээрт, энэ бол аргаа ядсан байдал. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн ямар нэг дарамтгүйгээр ажлаа хийх ёстой. Захиргааны аргаар дарамталж санал өгүүлэх гэж байна. Би хувьдаа УИХ-ын гишүүний хувьд өөрийгөө  ажлын нормчилсон хуваарьтай хүн гэж боддоггүй. Би хаана ч явсан, хэнтэй ч уулзсан УИХ-ын гишүүний хувиар ажлаа хийгээд, хүмүүсийн санаа бодлыг сонсоод л явж байдаг. Энэ нь эргээд аливаа асуудлаар санал өгөхөд нөлөө үзүүлдэг. УИХ-ын гишүүн нэг асуудал дээр нэг л удаа санал өгөх эрхтэй. Гэтэл тэрийг ирцийн асуудалтай хольж хутгаж байна. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлсэн байр суурийг би дэмжиж байгаа.

-Таны мэргэжилтэй холбоотой асуулт асууя. Татварын хуульд өөрчлөлт орно гэсэн шуум их явж байна. Гэхдээ албан ёсны мэдээлэл алга байна. Үнэхээр өөрчлөлт оруулах гэж байна уу?

-Монгол бол бүс нутагтаа татварын тогтолцооны хувьд либерал улсуудын нэг. Нэг шатлалтай, хувь хэмжээний хувьд бага, 10 хувь байна. Халаагаа өгсөн хуучин УИХ-ын үед татварын өөрчлөлт хийх асуудал яригдаж байсан. Томчуудад нь өндөр, багачуудад нь бага татвар гэсэн зарчмаар өөрчилье гэж. Татвар бол эдийн засгийг удирдах маш хүчтэй механизмын хувьд тогтвортой байх ёстой. Хэн нэгэнд таалагдахын тулд энэ хүчтэй эрхээ алдчих вий гэдгээ бодох ёстой. Ямар ч гэсэн УИХ руу татварын өөрчлөлттэй холбоотой ямар нэг баримт бичиг орж ирээгүй байгаа.

-2013 он Монголын эдийн засгийн хувьд хүндхэн байлаа. Ирэх 2014 оныг та хэрхэн төсөөлж байна вэ? 

-Өнгөрсөн тавдугаар сард би нэг прогноз гаргасан юм. Ерөнхийдөө 2013 онд тавиад туучлаа гэж. Ирэх 2014 оны хувьд хэрвээ Оюутолгойн үйл ажиллагааг хэвийн болгоод, Тавантолгойг хөдөлгөх юм бол хоёрдугаар хагасаас эдийн засаг сэргэж магадгүй.

-Үргэсэн хөрөнгө оруулалтыг буцаан татахын тулд хуулиндаа өөрчлөлт орууллаа. Нааштай үр дүн харагдах шинж ажиглагдаж байна уу?

-Тийм ээ, хуулиндаа өөрчлөлт орууллаа. Хонконгод, бас Токиод Монголд хөрөнгө оруулагчдын уулзалтыг хийлээ. Гэхдээ нөгөө л оролцдог хүмүүс оролцож, сонсдог юмаа л сонссон. Яг үнэнийг хэлэхэд том хөрөнгө оруулагчид хөдлөөгүй хэвээр байна. Тэдний итгэлийг буцаан олж аваагүй л байна гэсэн үг. Ер нь шинэ юмыг шинэ хүмүүс хийх ёстой.

-Санхүү, эдийн засгийн хүрээнд ямар хууль тогтоомж шаардлагатай байна вэ?

-Баялгийн сангийн тухай, Өрийн менежментийг зохицуулах тухай хуулиуд хэрэгтэй. Өнгөрсөн хавар батлагдсан Үнэт цаасны тухай хуульд гар бие оролцсон. Энэ гурван хуулийг хэрэгжүүлж чадвал ойрын хэдэн жилдээ эдийн засаг гольдролдоо ороод явна.

-Он солигдох дөхөж байна. Ёлканд их орж байна уу? 

-Сүүлийн долоо хоногт зургаан газраас ёлканы урилга ирсэн. Үнэнийг хэлэхэд ёлканд очоод байх сонирхолгүй болчоод байна. Очсон ёлка болгон ижилхэн, очдог хүмүүс нь ч ижилхэн, суудаг ширээ нь ч адилхан, дуулдаг хүмүүс нь ч адилхан. Жил болгон миний заавал очдог ёлка манай сургуулийн ёлка байгаа юм.
-Танд баярлалаа. Шинэ оноо сайхан угтаарай.

Ринчиннямын Амаржаргал

Төгссөн сургууль:

1978 онд Нийслэлийн 10 жилийн 14 дүгээр дунд сургууль,1982 онд ЗХУ-ын Москва хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр, 1995 онд Их Британийн Брэд Форд их сургууль тус тус төгссөн.


Эрдмийн зэрэг, цол: 
Магистр.

Ажилласан байдал:

1982-1983 онд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв зөвлөлд зааварлагч
1983 – 1990 онд Цэргийн нэгдсэн дээд сургуульд багш
1990 – 1991 онд Техникийн Их Сургуульд багш
1991 – 1996 онд Эдийн засгийн коллежийн захирал
1996 – 2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
1998 – 1999 онд Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд
1999 – 2000 онд Монгол Улсын Ерөнхий сайд
2000 – 2004 онд “Амаржаргал” сангийн тэргүүн
2004 – 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн.

“News Week Mongolia” сонин, № 43 (43) 2013.12.23

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *