Beautiful Plants For Your Interior
“Хаалттай нийгэмд асар их мэдээллээс хоцорсондоо харамсдаг”
HC: Сайн байна уу. Шинэ оны анхны дугаарын урилагын хүлээж авсанд баярлалаа. Таны улс төрийн үзэл бодол, үйл хэргийн талаар надаар дутахааргүй маш олон сэтгүүлчид танаас ярилцлага авсан байх аа. Тиймээс өнөөдөр би тантай манай нийгмийн хамгийн үнэтэй капитал болсон “ХҮН”-ий” талаар илүү түлхүү ярилцахыг зорьсон юм?
Р.М:Эрт дээр үеэс л Монголчууд хүнийг эрхэмлэн дээдэлж хүнийг шүтэж бүгд хүлээн зөвшөөрч ирсэн. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэсэн үг хүртэл эдийн засаг хүн амаас хамаарна гэдгийг хэлж байгаа юм. Түүнээс биш хүнээ шүтэхгүй тоохгүй байна гэсэн үг биш юм. Хүнийг үнэлэх үнэлэмжүүд нь харин тодорхой хугацаанд өөр өөр байсан. 1990 оноос хойш энэ үнэлэмжүүд нэлээд өөрчлөгдсөн. Тэгэхдээ муу талруугаа явсан гэж би хэлж чадахгүй. Бас тийм ч гайхамшигтай сайхан болчихлоо гэж хэлж бас чадахгүй. Харин зүгээр урьд өмнө нь байсан зүйлүүд илүү ил тод болчихсон юм болов уу даа гэсэн бодол надад байдаг. Өөрөөр хэлбэл далдлагдчихсан, нуугдчихсан ужгирчихсан зүйлс нь одоо ил гарч ирээд байгаа юм. Тэр утгаараа ч хүний мөс гэдэг зүйл муудлаа гэж яриад байгаа юм. Гэтэл “хүний мөс муу” гэдэг ойлголт байсан л байгаа. Харин хүмүүс хоорондоо манжилж харьцдаг байсан харьцаа нь мөнгөөр дамжаад илүү илэрхий болчихсон. Харин гол хэлэх гээд байгаа санаа маань хүнийг үнэлэхгүй тоохгүй байгаа гэдэгтэй би огт санал нийлэхгүй байгаа юм.
HC: Хүн гэдэг утгаараа тийм байж. Харин хүн Баялаг болж оршин амьдрахын утга учир үнэ цэн нь чухам юу юм бол?
Р.М:Хүн өөрөө энэ амьдралын зорилго нь, хэрэгсэл нь шүү дээ. Хүн, хүний нийгэм байснаар бүх зүйл урагшилж байна. Чи байгаа учраас би өнөөдөр чамд ярилцлага өгч байна шүү дээ. Чи байхгүй бол миний санаж бодож байгаа зүйл хэнд хэрэгтэй юм. Яагаад гэвэл нэг субъект байж байж нийгэм маань, хүний олонлог байгаа учраас өөр нэг хүний хэрэгцээ байгаад байгаа юм. Тэрхүү хоорондын уялдааг бид харах ёстой юм л даа. Эцсийн эцэст хийж буй бүтээж буй зүйл чинь хүний төлөө л байгаа шүү дээ. Харин тэр хийж бүтээж буй зүйл нь ямар хэлбэрээр илэрч байгааг би мэдэхгүй. Тэрхүү хийж буй бүтээж буй зүйлээсээ таашаал авч ямар нэг үр дүнд хүрнэ.
HC: Хүн нийгэмдээ баялаг бүтээх гэж ярьдаг шүү дээ. Телевизийн нэгэн ярилцлагадаа та 40-өөс дээш насныхныг нөхөх хэмжээний ажиллах хүч дутмаг байна аа хэмээн ярьсан. Өөрөөр хэлбэл ардчилсан нийгэмд сурч боловсорч хөдөлмөрийн зах зээл дээр гарч буй боловсон хүчнүүд улс орныг аваад явах чадвар нь дутмаг байна аа гэж ойлгосон маань зөв үү.
Р.М:Чи яагаад тэгэж буруу ойлгосон юм бол. Нийгмийн баялаг бүтээх энэ процесст оролцож байгаа хүмүүсийн чанар арай ондоо юм аа гэж би хэлэх гээд байгаа юм. 40 ба түүнээс дээш насныхны хөдөлмөрт хандах хандлага, хөдөлмөр, түүний үр шим гэдэг ойлголт нь нэг өөр. Түүнээс доош насныхан ялангуяа залуусын хувьд хөдөлмөр гэдгийг мөн өөрөөр ойлгож байгаа юм. Жишээлбэл бидний үед нөхөр минь ажил чамайг голохоос чи ажлыг голохгүй шүү, ямар нэгэн ажил чамд ногдсон л бол чи тэр ажлыг чин шудрагаар, үр дүнтэй, үнэнчээр хийх ёстой гэж хэлдэг байсан. Тэр үед хэрэгтэй хэрэггүй ажил гэсэн шалгуур байгаагүй. Харин өнөөдрийн нөхцөлд залуу үеийнхэн ажлыг ялгаварлан гадуурхаад байгаа нь харагддаг. Өөрийгөө зовоохгүй, хүч хөдөлмөр гаргахгүй шиг ажил хийх гэсэн хүсэл нь давамгайлаад байна уу даа гэсэн бодол надад төрөөд байдаг юм.
Үе үеийнхэн залуу үеэ арай болоогүй байна, ямар ч жулдрай юм бэ дээ гэж үздэг. Жишээ нь бидний үе буюу 1960-1970-аад оныхныг тухайн үеийн ахмадууд “ээ дээ эд нар яаж манай ирээдүй болж улс орныг авч явна аа” гэж л байсан. Харин тэр үс нь мөрөө даваад ургачихсан трапезн өмдтэй, эрээн мяраан юм зүүчихсэн нөхдүүд одоо улс орныхоо эдийн засаг бизнесийн хамгийн хүндийг үүрээд явж байна. Түүнчлэн соёл урлаг гэх мэт олон салбарт төлөвшчихсөн бахархмаар хүмүүс олон байна шүү дээ. Тэгхээр үе үе маань өөр өөрийнхөө зорилтыг өөр өөрийн янзаар дэвшүүлээд явдаг байх л даа. Тэгхээр хөдөлмөрт хандах хандлага нь арай өөр байсан юм болов уу гэсэн утгаар хэлсэн юм.
HC: Би таныг ирээдүй хойч үе, дараагийн үед улс эх орноо авч явах хүмүүст их санаа зовдог юм байна даа гэж бодож байв?
Р.М:Санаа зоволгүй яах вэ. Тэд л биднийг залгамжлаад явах учраас бидний гаргасан алдааг битгий давтаасай, цаг хугацааг битгий алдаасай гэсэн санаа шүү дээ. Цаг хожоосой. Одоо бидний амьдарч байгаа болон ирээдүйд амьдрах нийгэмд маань хамгийн чухал зүйл цаг болно. Тэр ЦАГ-т түүний нягтрал бол хамгийн чухал элемэнт болж байгаа юм.
Цаг хугацаатай өрсөлдөнө уралдана гэдэг шууд утгаараа биелж эхэлж байгаа юм. Нягтрал нь маш хүчтэй болчихсон тохиолдолд назгайрч, задгайраад байх бололцоо байхгүй. Тэр утгаараа маш өндөр бүтээмжтэй, хувийн соёл, сахилга зохион байгуулалттай байснаар их зүйл амжуулна. Энэ утгаараа дараа үеийнхэн маань цаг гэдэг чинь их үнэтэй юм шүү гэдгийг ойлгож үр ашигтай өнгөрөөгөөсэй.
Цагийг үр бүтээлтэй ашиглахын тулд хувийн зохион байгуулалт чухал. Энэ нь наад зах нь сэтгэлгээний соёлоос эхэлнэ. Зөв сэтгэлгээтэй байх ёстой. Сэтгэлгээний соёлыг эзэмшихийн тулд ерөнхий боловсролын сургуульд сайн суралцах хэрэгтэй. Тэр дундаасаа математикийн хичээлд онцгой их анхаарах хэрэгтэй. Математикийн хичээлийн гол утга нь хүний сэтгэлгээний соёлыг төлөвшүүлж өгч байгаа юм шүү дээ. Цэгцтэй сэтгэж, юмыг харж чаддаг. Мөн ЕБС-ын өмнөх боловсрол буюу цэцэрлэгт нь хүүхдэд гоо сайхны мэдрэмж бүтээлч сэтгэхүйн шинж чанаруудыг олгох ёстой гэх мэтээр санаа зовохоор зүйл маш олон байна шүү дээ.
HC: Та алдаа гэж ярилаа шүү дээ. Танай үеийнхний алдаа юу байв аа?
Р.М:Бас л өмнө хэлсэн цаг зохион байгуулалттай холбоотой асуудал шүү дээ. Бид чинь нийгэм эдийн засгийн өөр формацад амьдарч байсан хүмүүс шүү дээ. Тиймээс ЦАГ-тай холбоотой асуудлууд нэлээд байсан. Одоо та нар шал өөр нийгэмд амьдарч байна. Эхээс төрөхдөө л бараг Coca Cola уугаад Сartoon network үзэж амьдарч байна шүү дээ. Бидний үед эрх чөлөө, чөлөөтэй байхыг мэддэггүй, сонгоно гэдэг ойлголт мөн байгаагүй. Нэг ширхэг зүйл өгөөд л тэр маань сонголт болж байсан. Тиймээс хувьдаа харамсдаг зүйл маань хаалттай нийгэм байсан учраас асар их мэдээллээс хоцорсон байдаг юм. Одооны нийгэм намайг 30 нас гарсан үед нээгдлээ шүү дээ. Унаган бага насандаа асар их мэдээллийг хүлээж авч шингээх, нас бие тогтсон өөрийн гэсэн үнэлэмж ойлголттой болчихоод мэдээллийг хүлээж авах нь хурд талаасаа өөр. Хэдийгээр өнөөдөр ч гэсэн би асар их хэмжээний мэдээлэл цуглуулаад уншиж байгаа ч тухайн үедээ, оюутан байхдаа энэ мэдээллүүдийг хүлээж авч уншиж мэдэж судлах бололцоо байсан бол ямар сайхан байхсан бол гэж боддог юм.
HC: “Манай улсын Боловсролын системийн чанар 148-орноос 137-д байна” хэмээн та нийтлэлдээ дурдсан байсан. Зөвхөн боловсрол ч биш өөр олон салбарт сүүл мушгиж байсан. Энэ тогтолцоонд ямар шинэчлэл хэрэгтэй юм бэ?
Р.М:Ер нь боловсролын тогтолцоо гэж юу юм цаашдаа ямар үүрэг рольтой явах ёстой юм бэ гэдгийг бодох хэрэгтэй байгаа юм. Миний ажигласнаар бид сүүлийн үед боловсролд сурах ёстой л гэсэн үүднээс механикаар хандаад байна. Үүний цаана ямар агуулга утга байгаа юм гэдгийг тэр бүр харж чадахгүй байгаа юм.
Боловсрол нь эдийн засгийн хөгжилд чухал үүрэгтэй. Хүмүүс мэдлэгтэй боловсролтой бол улс орон хөгжих ёстой гэдгийг механикаар мэдээд байгаа ч амьдрал дээр яаж хэрэгждэг вэ гэдэг дээр учраа олохгүй байна л даа. Боловсролын салбарт гарч ирж буй сайдууд нэг зүйл ярих ч түүнийхээ утгыг мэддэг ч юм уу үгүй ч юм уу. Янз янзын туршилт хийдэг.
Боловсролын салбар өөрөө тогтвортой байснаар сурган хүмүүжүүлэх процесс маань төлөвшдөг гэж би ойлгодог. Багш нар заах арга сайн байлаа ч сурган хүмүүжүүлэх систем тогтвортой байснаар хожих юм болов уу. Би өөрийнхөө сурч байсан боловсролын тогтолцоог муу гэж үздэггүй. Бид эх газрын боловсролын тогтолцоо континентальны буюу герман маягийн боловсролын тогтолцоогоор суралцсан. Голдуу цээжлүүлдэг учир шүүмжлүүлдэг.
Харин аралын тогтолцоо буюу англо-сакс тогтолцоо нь өөр гэсэн зүйл ярьдаг. Эцсийн дүнг нь харахаар манай тогтолцоо тийм болохоо байсан тогтолцоо биш. Ялангуяа ахлах сургуульд ороод ирэхээр манай хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар илүү байдаг. Харин дээд боловсролын тогтолцоонд гараад ирэхээрээ муудчихдаг.
Англо-сакс тогтолцооны хүүхдийг өөртөө итгэлтэй болгодог тал нь надад таалагддаг юм. Хүүхдийн сайн талыг нь илүү хөгжүүлж түүндээ итгэх итгэл өгч ер нь муулдаггүй. Америк хүүхдүүдээс дэлхий дээр хамгийн мундаг хүүхэд хэн бэ гэж асуухад би л гэж хэлнэ. Харин манай хүүхдүүд би гэж бараг хариулахгүй. Энэ нь “Өөрийгөө битгий дөвийлгө” гэсэн манай уламжлал соёлтой ч холбоотой.
Амьдралд суурь боловсрол гарцаагүй хэрэгтэй. Ялангуяа байгалийн шинжлэл, математик, биологи, химийн энэ 4 хичээл өнөөгийн нийгэмд зайлшгүй онцгой ач холбогдолтой. Нэмэгдээд Уран зохиол, түүх, газарзүй зэрэг хичээлүүд нь орохоор нэг багц болж тухайн сурагчид маш сайн суурь болж өгнө. Суурь сайтай хүмүүс олон талын мэдлэгтэй болж салбар салбарруу ороход хялбар. Ялангуяа хүн цөөтэй манай оронд их чухал. Хятадад 10 хүний хийх ёстой ажлыг манайд 1 хүн хийх ёстой болоод байгаа үед олон талын чадварыг бүрдүүлж өгөх боловсролын тогтолцоог анхаарах ёстой. Тэнд ийм, энд тийм гээд моданы хойноос хөөцөлдөөд хэрэггүй. Монгол хөрсөн дээр буусан, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн боловсролын тогтолцоог бид бий болгох ёстой.
HC: Нийгэмд баялаг бүтээж буй бизнесийнхэн ярихдаа их дээд сургуульд боловсорч гарч ирсэн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээл дээр гаргаж ирээд дахин хэдэн жил сургаж байж ажлын байрны шаардлага хангасан ажилтныг бий болгож авч байна аа, боловсролын тогтолцоо болохгүй байна аа гэж ярьдаг?
Р.М:Тухайн ярьж буй хүн өөрөө ч бас анх сургууль төгсөөд тийм л байсан шүү дээ. Ажил дээр гараад сураад эргээд л ийм зүйл ярих хэмжээнд хүрдэг гэсэн ийм процесс явагдаж байгаа гэдгийг тэдэнд өөрт нь сануулах хэрэгтэй л дээ.
Боловсон хүчинтэй харьцахдаа би өөрөө ямар байсан гэдгээ эргэн санаж алсын хараатай байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хөгжил хөдөлгөөнд нь анхаарах хэрэгтэй байх.
Хоёрдугаарт ялангуяа дээд боловсролын тогтолцоо, их дээд сургуулийн чанар чансаа нь төгсөгч нь ажлын байранд гараад шинэ орчиндоо хэр хурдан дасаж, мэргэжлийнхээ ажлыг хийж чадаж байна гэдгээр ялгагдах учраас анхаарах хэрэгтэй. Шууд ажил дээр гараад бүхнийг хийж чадна гэж байхгүй.
Дээд боловсролын тогтолцоо гэдэг бол өөрөө хөрс бөгөөд тэрхүү хөрс маань хаана бууж яаж хөдөлмөрийн орчинтойгоо зохицож, адаптация /дасан зохицох/ нь хэр зэрэг хурдан явж байна гэдгээс их хамааралтай ба түүнийг өгч чадаж байгаа сургууль бол сайн сургууль. Тэрхүү сайн сургуулийг төгссөн хүмүүс ажилд орж, байгууллагынхаа хамт олонтойгоо хурдан холбоо тогтоож ажил үүргээ ойлгож өөрийгөө тодорхойлно.
HC: Хөдөлмөрийн зах зээл дахь муу боловсон хүчин зөвхөн сургуулийн чанартай л холбоотой гэж үү?
Р.М: Сургалтын тогтолцоотой ихээхэн холбоотой гэж бодож байгаа. Мэдээж субъектив буюу хувь хүнээс шалтгаалж л байгаа. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг хоосон үг биш шүү дээ.
HC: Манайхан эдийн засаг муу байна. Эргэж сэргэхэд нэлээд удаан хугацаа шаардлагатай гэж ярьж байгаа. Харин таны хувьд энэ тал дээр дүгнэлт хэлэхгүй юу?
Р.М:Эдийн засгийг чи аль өнцгөөс нь ямар шалгуур тавьж харж байна вэ гэдгээс ихээхэн хамаарна. Тухайлбал өнөөдөр эдийн засгийн өсөлт 3-5 хувьтай байгаа нь муу өсөлт биш шүү дээ. 3-5 хувийн эдийн засгийн өсөлттэй байна гэдэг бол зарим улс орны хувьд мөрөөдөл. Яагаад 3-5 хувийн өсөлттэй байхад сэтгэл дундуур байна вэ гэхээр бид асар их боломж бололцоог ашиглаж чадахгүй алдаад байгаа юм. Эдийн засаг хоёр оронтой тоогоор өсөх боломж байна. Бүр нарийн харвал эдийн засаг нэг жилийн дотор 17 хувиар өсөж болдог гэдгийг бид нүдээрээ харлаа шүү дээ. Эдийн засгийг 17 хувиар өгсдөг хүчин зүйлээ олж харж чадсан ч өөрсдийнхөө гараар сүйтгэчихсэн. Тэгхээр 3-5 хувь гэсэн үзүүлэлтээр харах нэг өөр 17 хувь боллоо гэсэн үзүүлэлтээр харахаар арай өөр. Тиймээс туйлшрах хэрэггүй. Эдийн засгийн өсөлт маань нэг үе гайхмаар феномен руу хүргэсэн л дээ.
17 хувийн өсөлт гэдэг бол эдийн засгийн өсөлтөөс л хамаардаг. Манайхан цөөн хэдэн уул уурхайг ашиглалтад оруулахад тийм эффект гарч байна. Өөр олон уурхайг ажилд оруулбал ямар эффект гарах юм. Эсвэл одоо байгаа хэд дээрээ төвлөрөөд явах юм уу.
Монгол орны ирээдүй газар шороонд бус оюун тархиа ашиглах дээр түшиглэх нь их чухал. Хоёрдугаарт Монголын эдийн засгийг урт хугацаанд авч явсан салбар бол мал аж ахуй болон хөдөө аж ахуйн салбар. Уул уурхай богино хугацаанд эдийн засгийн бүтцийг өөрчилж шинэ бүтэц рүү ороход тус болох ёстой, нэг хэсэг ашиглах ёстой салбар болохоос эцсийн зорилгоо болгоод даатгачихвал голланд өвчин гэдэгт нэрвэгдээд боловсон хүчнээ алдана шүү дээ. Нэг хэсэг цөөхөн хэдэн гадаад хэлтэй хүмүүс уул уурхайн салбар руу ороод манай боловсролын салбарт нэг хэсэг чадалтай боловсон хүчин байхаа больсон. Аялал жуулчлалын салбар мөн боловсон хүчний ямар ч бололцоогүйгээр дампуурсан шүү дээ.
HC: Тэгхээр манайхан хэтэрхий туйлшрамтгай хүмүүс юм аа даа.
Р.М:Манайхан ч туйлшрамтгай юм, төр засаг нь ч туйлшруулах дуртай юм.
HC: Төр засаг ард түмнээ харин ч тэр туйлшралаас аврах ёстой том институц байтал яагаад туйлшруулаад байдаг юм бэ? Та дотор нь байгаа хүн шүү дээ?
Р.М:Дээрээ суудлаа олохгүй бол доороо хэзээ ч гүйдлээ олохгүй гэж би боддог. Тэгхээр дээр байгаа “найзууд” л суудлаа олмоор байна. Өөрөөр хэлбэл би хэн бэ? надад хуулиар ноогдуулж байгаа үүрэг маань юу билээ гэдгээ маш сайн ойлгох ёстой. Өөрт нь хуулиар ногдуулаагүй байхад юм юмруу үсчиж энд ч очиж нэг уриа хашхираад тэнд ч очиж нэг сэлэм эргүүлээд, туг барьж гүйгээд байхаар болохгүй шүү дээ. Чи өөрөө өөрийнхөө хийх ёстой ажлыг л хийх ёстой. Ерөнхийлөгч нь ерөнхийлөгчөө, их хурлын дарга бол их хуралын даргаа л хийх хэрэгтэй. Холилдчихоод байхаар энэ төр засгийн ажил явахгүй байна. Хараад байхад зүгээр суухгүй бүгд л гоё, зөв зүйл ярьдаг. Гэтэл шаварт уначихсан машин шиг хазлаад л байдаг, дугуй нь эргээд байвч шавраасаа гарч чаддаггүй. Хөдөлмөрийн хуваарь гэдэг шинжлэх ухааны агуу том нээлт, хөдөлмөрийн бүтээмж гэдэг ойлголт бий. Энэхүү элементарны асуудлыг манайхан ойлгож хэрэгжүүлж чадахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл төр маань төр шиг байхын тулд хаа хаанаа суудал гүйдлээ олох асуудлыг нэгдүгээрт тавих ёстой.
HC: Та өөрөө ч энэ төрийн нэг элемент шүү дээ. Та ч бас тэр шаварт хамт орж суучихаад байна уу?
Р.М:“Найзууд” аа хамаагүй ингэж хаазлаад байж болохгүй. Дугуйн доогуур нь мод ивье, ганц чулуу хийчихье гээд хэлдэг ганц нэг хүн бий л дээ. Гэтэл тэдний үгийг сонсохгүй байна шүү дээ.
HC: Тэгж хэлдэг хүн цөөхөн байна аа даа?
Р.М:Цөөхөн цөөхөн.
HC: Хувийн эрх ашиг, хүсэл нь хангагдаад дууссан зөвхөн улс орон ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй тийм л хүн жинхэнэ улс төрч байх ёстой гэж би уншиж байсан. Таны хувьд улс төрч хүн ямар байх ёстой юм бэ?
Р.М:Идеальны улс төрч гэж хэнийг хэлэх вэ гэхээр хэцүү л дээ. Янз янзын шалгуураар гарч ирж байгаа. Нөгөө талаас нь авч үзвэл чиний ярьж буйтай санал нэг байна. Одоо манайхаар бол хор нь гарчихсан хүн гэж ярьдаг юм. Хор нь гараагүй хүн бол байнга юманд атаархаж бусдын амжилтыг үгүйсгэж, бусадтай ямагт сөргөлдөж явдаг. Ийм нөхдүүд улс төрд орж ирээд гай тарьна уу гэхээс тустай зүйл хийхгүй. Нөгөө талаас сайн мэргэжлийн хүн байх ёстой гэсэн зүйл яригддаг. Түүнийг би буруу биш гэж боддог. Тодорхой салбар бүрээ мэддэг байх ёстой. Харин дотоод ёс суртахуун талаасаа өөрөө өөрийгөө үнэлдэг, үнэ цэнээ мэддэг байх ёстой. Өөрийгөө наймаалцаад байхгүй нь мөн нэг чухал чанар. Чухам аль шалгуурыг нь чи гаргаж тавих вэ гэдэг нь чухал. Тухайн цаг үед магадгүй нэг шалгуур нь илүү тод гарч ирэх ёстой байх.
HC: Өнөөдөр манай Монголын улс төрийн нөхцөл байдалд яг ямар зан чанар нь хэрэгтэй юм бэ?
Р.М:Өнөөдөр манай улс төрд чин шударга зан, чигч шулуун байдалыг би илүү үнэлнэ. Шударга шулуун чигч улс төрчид гараад ирвэл магадгүй 5 жилийн дараа энэ чанар ердийн үзэгдэл болж харин мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээ гэх мэт арай өөр шалгуур гарч ирж магадгүй. Өнөөдөр хүмүүс шударга бус байгаад дургүй нь хүрээд, сэтгэл дундуур байгаа учраас тэр зарчим чухал. Эдийн засаг бүгдэд нь адилхан хүндээр тусч байгаа бол нэг хэрэг. Гэтэл нэг хэсэг нь эрх мэдэл албан тушаалаа ашиглаад хожоод бялууны томыг хүртээд байдаг, нэг хэсэгт нь хамгийн хүнд ачаа нь ногдоод байхаар дургүй нь хүрээд байна шүү дээ. Төр засаг үүнийг анзаарч харж хэлж байх ёстой. Магадгүй “би өнөөдөр та бүхэнд диваажин амлаж чадахгүй харин нийтээрээ шударга байхыг амалж чадна аа” гээд хэрэгжүүлэхийн тулд ажиллаж болно шүү дээ.
HC: Таныг 2014 оны сүүлээр ерөнхий сайдад нэр дэвших тухай яригдсан шүү дээ. Би иргэн, сонгогч хүнийхээ хувьд эдийн засаг хямарсан энэ үед мэргэжлийн эдийн засагч хүн засгийн газрыг удирдвал арай дээр байх юм болов уу гэсэн хүлээлттэй байсан. Та тэр суудал дээр очсон бол миний тэрхүү хүлээлтэд бодит хариулт өгч чадах байсан уу?
Р.М:Намайг гэсэн маш их дэмжлэг, хүлээлт байсныг би мэдэрсэн. Хүмүүс намайг тэгж үнэлсэнд би сэтгэл догдолж баярласан. Хийхээр санасан бодсон хэд хэдэн ажил байсан. Наад зах нь эдийн засгийн нөхцөл байдалд өгч байгаа үнэлгээг бодитой болгох, шийдлийг нь зөв олох, бодит үр дүнг ард иргэддээ хүртээх юмсан гэж.
1999 онд би нэг жил ерөнхий сайдаар ажилласан. Өмнө нь гурван засгийн газар огцорчихон, хүн бүхэн итгэл нь унтарчихсан одоогийн нэр томьёогоор хогийг нь цэвэрлэх ажил надад ногдсон. Тухайн үед ард иргэдийнхээ итгэлийг алдчихгүй юмсан, нүүрийг нь улайлгахгүй юмсан гэсэн бодлоор зүтгэж хоёр гурван бодитой ажил ч хийсэн. Тухайлбал банк санхүүгийн системийн бүтцийг цэвэрлэж цэгцэлж ажилд оруулсан. Тэр үед бүх банкнууд дарааллаад дампуурсан үе байв. Банк ажиллахгүй байна аа гэдэг нь хүний организмоор авч үзвэл цус эргэхгүй байна аа гэсэн үг шүү дээ. Бүх артериудыг цэвэрлээд цусыг нь цэвэр болгох нь амьд организмыг үлдээж байгаа хэрэг. Тэр бол амаргүй ажил байсан. Энэ ажлыг хийлээ гээд рекламдаж PR хийсэн зүйл байгаагүй. Үр дүнд нь цалин тэтгэвэр цаг хугацаандаа тавигддаг болоод дараагийн засгийн засарт очсон нэг том ажил байсан. Хоёр дахь том ажил маань тэтгэврийн насны хүмүүсийн тэтгэврийн зөрөөг арилгах, тэтгэврийг бодитоор нэмэгдүүлэх тал дээр ажиллаж 16000 төгрөг хүртэл тэтгэврийг нэмсэн нь тухайн үед асар их мөнгө байсан юм. Ард түмний бодит орлого ч нэмэгдсэн.
Сая ч мөн тийм ажлыг төлөвлөж байсан юм. Ямар ч байсан санхүүгийн эх үүсвэрийг гаргаж тэтгэврийн насны хүмүүсийн бодит орлогыг нэмэгдүүлэх тал дээр дорвитой алхам хийнэ дээ гэж төлөвлөж байсан. Энэ ажлыг хийж чадсан тохиолдолд ямар ч байсан ардчилсан намынхан засаг төрд гарсан үед иргэд тэр дундаа тэтгэврийн насныхан сэтгэл санаа тайван байх болов уу гэж. Тэд бүх насаараа зүтгэсэн хүмүүс шүү дээ. Ядаж бодит орлогыг нь бууруулахгүй байлгах, болж өгвөл нэмэгдүүлэх гэсэн ийм л ерөнхий зүйлийг барьж ажиллая гэсэн зорилттой байсан юм.
HC: Нийгмийн ямар нөхцөлд, аль салбарт хүн баялаг илүү түлхүү боловсорч бий болдог юм бэ? Жишээлбэл Р.Чойном хаалттай үед амьдарч байсан учраас тийм мундаг яруу найраг бичсэн гэх мэтээр ярьдаг шүү дээ?
Р.М:Магадгүй магадгүй. Тухайн үед хэвлэх нийтлэх эрх чөлөөгүй хаалттай үе байсан. Аливаа бурангуй дэглэмийн фон дээр соён гэгээрүүлнэ гэдэг шал өөр зүйл шүү дээ. Нийгэм болж өгвөл урагшаагаа л алхам хийгээд байх ёстой. Гэтэл сүүлийн үед мухар сүсэгтэй холбоотой олон зүйл гарч ирээд байгаа.
HC: Наад зах нь л олон нийтийн цахим хэрэгслээр мөнгөний зурганд лайк дарвал мөнгөтэй болно гэсэн контентыг олон хүн итгэж дагаж байна шүү дээ?
Р.М:Итгээд сүсэглээд байна. Арай ч тийм байж болохгүй л дээ. Аливаа зүйлийг арчлаад зүлгээд, зовоогоод ашиглаад байх юм бол өнгө орж үр дүнд хүрнэ шүү дээ. Зөнд нь хаячих юм бол хэрэггүй болчихдог. Хүн өөрийгөө зүлгэж, чанаржуулах, үнэ цэнээ нэмэгдүүлж байна гэдэг нь өөрөө их чухал зүйл ба энэ үед л баялаг болно. Үүнд хувь хүн талаасаа их анхаарах ёстой.
Харин нийгмийн хувьд манайд бол хэд хэдэн зүйл өөрчлөгдсөн. Манайд ажилчин анги гэдэг ойлголт нь өрнөдийн орнуудад байсан шиг хэмжээнд хүрч арай амжаагүй. Жишээ нь Англид аж үйлдвэрийн хувьсгалаас хойш ажилчин анги хөгжсөөр өнөөдөр цэнхэр захтанууд гэсэн хэлбэртээ орлоо. Тэрхүү ажилчин анги төлөвших процесс явагдах хооронд ажилчин ангийн өөрийнх нь чанар бий болж байгаа юм. Ядаж л ажлын цагаа барьдаг, ажилдаа үнэнч байх, чанартай хийх, сахилга бат, хариуцлагатай байх зэрэг ажилчин ангийн бий болгодог чанарууд нь генд нь бий болж төлөвшдөг. Тиймээс цагаан арьстай хүмүүс хөдөлмөр хийж байгаа, бидний хөдөлмөр хийж байгаа их ялгаатай харагдана. Манайх хараахан тэр хэмжээнд хүрээгүй. Ажилчин анги 1960-аад оноос л бүрдэж бүхэл бүтэн нийгмийн давхарга маягаар гарч ирсэн. Тэр томоохон мануфактура-ыг дагасан үйлдвэржилт үндсэндээ 1990 он хүртэл яваад тасарсан. Одоо бол том том үйлдвэрүүд ашиглалтад ороод үйл ажиллагаа явуулж байна. Цаашдаа ч өргөжих байх. Гэхдээ тэр ажилчин ангид миний дурдсан ажилчин ангийн шинж чанарууд төлөвшөөд бүхэл бүтэн нийгмийг, үйлдвэрлэх хүчнийг тодорхойлдог хүчин зүйл бий болтол бас хугацаа хэрэгтэй юм шиг байгаа юм. Бий болоод ухраад дахин өөр шинж чанараас эхэлж байгаа байх л даа.
HC: Хариуцлага гэж та ярьлаа шүү дээ. Манайхан нийтээрээ хариуцлагыг хувь хүн өөр дээрээ үүрэхийг төдийлөн хүсдэггүй. Хаа хаанаа хариуцлагын тогтолцоо гэдэг тэр зүйл манайд яагаад ингээд алдагдчихсан байдаг юм бол?
Р.М: Хаа сайгүй тийм болчихсон. Хариуцлага алдсан л бол шийтгэх л хэрэгтэй шүү дээ. Хэрвээ ЗГ-ын гишүүн хүн ажлаа хийж мэдэхгүй бол огцрох хэрэгтэй. Гэтэл намын эрх ашиг гээд бусад нь ч огцруулдаггүй. Өөрөөр хэлбэл субъекттэй огт хамаагүй өөр өөр зүйлүүд бие биенээ барьцаалж сүлжилдээд тор шиг болчихсон учраас бие биенийгээ хараад малийгаад суучихсан.
Тиймээс хулгай хийж, худлаа хэлж төрийн ажлыг завхруулж байна. Олны өмнө нүдэн дээр нь ил харагдаж байгаа, үлгэрлэж байх учиртай тэр хүмүүст хариуцлагын тогтолцоо үйлчлэхгүй болохоор шат шатандаа мөн хариуцлага байхгүй болчихож байгаа юм. Хууль дарга цэрэг нарт үйлчилдэггүй атал жирийн иргэнд хууль яриад л сүржигнээд л байдаг гэж ярьдаг. Үнэндээ тэдний ийнхүү ярих нь зөв шүү дээ. Хаана байгаа юм тэр шударга ёс нь. Нэгэнд нь үйлчлээд нөгөөд нь үйлчилдэггүй. Тэгхээр энэ хариуцлагын тогтолцоонд хариуцлага тооцдог л үйл явц байх хэрэгтэй. Хариуцлага тооцдог болох тэр цаг хүртэл хэнд ч бай хариуцлага тооцох хэргэтэй. Мянга яриад хэрэггүй. Ажлаа мэдэхгүй бол халж л байх хэрэгтэй. Энэ миний л байр суурь.
HC: Тэр шударга хариуцлага тооцдог цаг үе тэгээд хэзээ бол?
Р.М:Мэдэхгүй. Би тийм л зүйл шаарддаг. УИХ-д ч би үүнийг л шаардаад “үзэлцээд” л байгаа.
HC: Хүн ам зүйн асуудал тулгараад байгаа талаарх таны санал их чухал санагдсан?
Р.М:Сүүлийн үед манай эмэгтэйчүүдийн төрөлт их сайн байгаа. Тун удахгүй 3 сая дахь иргэнээ угтаж авна гээд бөөн баяр байна шүү дээ. Үнэхээр хүн нэмбэл хүнс нэмнэ гэдгээр хүн ам өсөж л байвал манай улсын хувьд их сайн. Гэвч хангалттай биш л байна. Манай улсын эдийн засгийн өсөлтийн потенциал, хүн амын бололцооноос хамаагүй түрүүлчихсэн. Бид хүн амаа үндсэндээ жилд 2 юм уу 2.1 хувиар өсгөх гээд байна шүү дээ. Заримдаа 1.8-руу орох байх. Тэр хавиар л хүн ам өснө. Харин эдийн засгийн өсөлт маань 5 хувь 10 хувьд ойртсон тохиолдолд механик талаас нь тооцоод үзэхэд хүн амын өсөлт нь хоёр биш магадгүй 3, 4 хувьд хүрэх хэрэгтэй. Тэгхээр энэ хоёрын хооронд хоосон зай гараад эдийн засгийн өсөлтийн хурдыг хүн амын өсөлт гүйцэхгүй байна. Энэ тохиолдолд эдийн засгийн өсөлтөө зогсоолтой нь биш. Эдийн засаг аль болох хурдтай өсөж л байвал амьдрал ахуй сайжирна. Эдийн засгийн өсөлтийг сааруулахгүйн тулд шинээр ажиллах хүч хэрэгтэй. Үүнийг дагаад шинэ технологи орж ирж бүтээмжийг нэмэгдүүлнэ. Гэтэл 2 хувийн хүн амын өсөлттэй учир ажиллах хүчний эрэлт хэрэгцээ бий болоод эхэлнэ. Гэтэл тэр эрэлтийг яаж нөхөх үү гэдэг асуудал гарч ирнэ.
HC: Гэтэл манай хөдөлмөрийн зах зээл дээр ажилгүйдэл ажлын байр аль аль нь байгаад байгаад байдаг?
Р.М:Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт нийлүүлэлт ерөнхий механик тоогоор байгаа боловч бодитоор байхгүй. Миний өөрийн жишээн дээр сайн жолооч авах гэхээр олддоггүй. Жолооч миний хувьд зөвхөн руль эргүүлдэг хүн биш шүү дээ. Сахилгатай баттай архи уудаггүй, худлаа хэлээд ажлын цагаар алга болчихдоггүй гэх мэт маш олон шалгуурыг жолоочид тавьж эхэлж байгаа юм. Гэх мэт ажлын байрны шалгуурт нийцсэн боловсон хүчин өнөөдөр тэр болгон олдохгүй байна шүү дээ.
Ажлын байрны эрэлт хэрэгцээний тэнцвэргүй байдлаас үүсэж буй процессууд манай улсад явагдаж, эдийн засгийн бүтцийн өөрчлөлттэй энэ үед шинэ шинэ зүйлүүд гарч ирж байна. Ер нь манайхны хийхийг хүсдэг зүйл нь дарга болох. Хар бор ажил хийдэг Монгол хүн олдохоо байсан. Гудамж цэвэрлэх, хүүхэд асрах хүн хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэтэл тэр ажлыг гадны ажиллах хүч хийж байна. Баян чинээлэг хүмүүс гэрийн үйлчлэгч гаднаас хэдэн зуугаар нь авч ирж байна. Зарим нь хэрэг төвөгт орох гэх мэт энэ үйл явц том асуудал болоод байгаа юм. Цаашдаа асуудал бүр ч томорно. Хаанаас хэдий хэмжээний хүн, ямар салбарт авах уу, тэд ирээд манай соёлтой яаж уялдах юм гэх мэт. Үүнийг төрийн бодлогоор харж анзаарч, УИХ ч хэлэлцэж буй асуудлынхаа хүрээнд мөн авч үзэж анхаарч бодож шийдэж байх ёстой гэж хэлэх гээд байна л даа.
HC: Бидний ярилцлага ийнхүү өндөрлөж байна. Та олон жил төрд ажилласан ард түмний төлөөлөл болсон хүн шүү дээ. Иргэдийнхээ төлөө ямар алсын хараатай ажиллаж байна вэ?
Р.М: Миний алсын хараа бол улс орон маань хөгжилтэй, өсөж дэвшиж, ард иргэд маань өөртөө итгэлтэй тийм сайхан улс болно гэж боддог. Монгол улсын төгрөг гэдэг мөнгөн тэмдэгт хамгийн үнэтэй цэнэтэй валют болж дэлхийн түвшинд гараасай гэж боддог юм шүү дээ. 1990 онд “Үндэсний дэвшил” гэж сонинд би “Мөнгө болоогүй Төгрөг” гэсэн жижиг нийтлэл бичиж байсан. Амьхандаа манай энэ төгрөг чинь мөнгө шүү дээ. Хүн мөнгө хуримтлуулах, хадгалуулах сонирхолтой, түүгээр дамжуулан эд зүйл арилжаалдаг солилцдог хэрэгсэл байх ёстой гэсэн хэд хэдэн функцийг мөнгө гүйцэтгэх ёстой. Тухайн социализмын үед төгрөг тэр олон функцүүд дотроос зарим нэгэн функцийг гүйцэтгэж чаддаггүй байсан юм. Тэр утгаараа мөнгө болж чадаагүй. Гэтэл АНУ-ын доллар хүн бүхэн харахаараа хайр нь хүрээд байдаг тийм мөнгөн тэмдэгт боллоо шүү дээ. Тухайн үедээ би 1990 онд хэзээ нэгэн цагт Монгол улсын мөнгөн тэмдэгт хамгийн мундаг вальют болно доо гэж бичиж байсан. Төгрөг маань доллароос хүчтэй валют болохын тулд Монголын эдийн засаг өөрөө агуу хүчтэй байх ёстой. Тэгж байж л төгрөгийг тооно.Тэгэхгүй бол хэн ч тоохгүй шүү дээ. Тэгхээр миний ирээдүй алсын хараа бол Монголын төгрөг хамгийн үнэтэй цэнэтэй валют болох юм.
HC:Тэр цаг үе ойрхон байх болтугай. Танд баярлалаа
Эх сурвалж:
“HUMAN CAPITAL” сэтгүүл
2015 оны Дугаар №30
Ярилцсан А.Баясгалан