Beautiful Plants For Your Interior
Хөгжлийн гарц
Монгол Улсын өнөөдрийн дүр төрхийг хэрхэн дүгнэдэг вэ?
Бид ардчилсан хөгжлийн замд ороод 25 жил болж байна. Энэ хугацаанд нийгмийн хувьд ч, эдийн засгийн засгийн хувьд ч шилжилт хийж байна. Гэхдээ бид шилжилтийг хэт удаан хийж байна. Төөрч будилж байна. Яг л шилжилтийн насны хүүхэд шиг олон ааштай, уур уцаар ихтэй, яагаа ч үгүй байж бие даах гэж, бүхнийг мэддэг мэт аашилж ирлээ. Хамгийн гол нь оюун санааны хувьд шилжилт хийх, шинэ тогтолцоонд бэлтгэх талаар ард иргэдээ зохион байгуулсангүй. Зөнд нь хаяасан. Ийм учраас манай нийгэм ямар нэгэн байдлаар мухардалд орчихоод байна.
Асуудлыг ярьсаар байх биш, гарцыг олж бодитоор хэрэгжүүлэх цаг болсон гэдэгтэй санал нийлэх үү?
100% санал нийлж байна. Бид одоо бага ярьж, их хийхгүй бол миний дээр хэлсэн мухардлаас гарч чадахгүй. Манай улс төрчид, судлаачид, ер нь ард иргэд бидний өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг мөн чанар, учир шалтгааныг маш сайн ойлгож, санал онол дэвшүүлж байдаг. Гэхдээ хамгийн оптимал гарцаа олохгүй л явна.
Монгол Улсын хөгжлийн гарц юу байх бол?
Бидэнд боломж, баялаг байна. Харин юуны өмнө өргөн мэдлэгтэй, ноён нуруутай, чигч шударга лидерүүдээ урагш гаргаж ирэх хэрэгтэй байна. Ганц нэг биш, чиглэл чиглэлээр ажиллах хэд хэдэн ийм лидерүүд нэгдэж ажиллавал улс орны хөгжлийн ашиглахгүй байгаа потенциалыг эргэлтэд оруулж, тал тал тийш цацсан хүчин чармайлтаа нэг зорилгод төвлөрүүлж чадна.
Тодорхой санаачилга, хэрэгжүүлж болохуйц зүйлийг санал болгоно уу?
Бидний болохгүй, бүтэхгүй байгаа байдлыг санаатай, санаандгүй өдөөгч хэсэг нөхөд нэг талдаа гарч нэгдчихээд байгаа юм шиг надад санагддаг. Гэтэл шударга ёс, эв нэгдэл, тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг эрхэмлэгч нөгөө тал нь эвлэлдэн нэгдэж чадахгүй яваад байна. Иймд нийгмийн эрүүл хэсгийг нэгтгэн ажиллах шаардлагатай гэж бодож байна.
Та өөрийнхээ төсөөлснөөр хөгжлийн загварыг тодорхойлно уу?
Монгол Улс тансаг хэрэглээний бараа, компьютерийн программ хангамж, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортолдог болбол хөгжинө. Өөрөөр хэлбэл оюуны багтаамж сайтай бүтээгдэхүүн гаргана гэсэн үг. Тиймээс мэдлэгийн эдийн засаг манай хөгжлийн загвар болох ёстой.
Монгол Улсын алсын харааг гурван үгэнд багтааж томьёолно уу?
Тогтвортой, хүртээмжтэй хөгжил
Дэлхийд таниулах Монгол бренд бий болгох бололцоо бий юу, боломжтой гэвэл онцолж тодотгож хэлнэ үү?
Бололцоо бол байна. Бидэнд одоогоор дэлхийд танигдсан «Чингис Хаан», «Говь», «Динозавр» гэх зэрэг гарын таван хуруунд багтах бренд л байна. Шинэ бренд гаргахын тулд бидний бий болгосон, хамгийн сайн эзэмшсэн технологи юу билээ гэж бодох хэрэгтэй. Ганцхан жишээ хэлэхэд, монгол гэрийг орчин үеийн технологи, тоноглолтой хялбаршуулан үйлдвэрлэж, экспортолдог болбол нэг бренд болж болно гэж бодож байна.
Таныг Монгол Улсаа өндөр хөгжилтэй гүрэн болгохын тулд өөрийнхөө хувь нэмрийг оруул гэвэл Та юу хийж, бүтээж чадах вэ?
Дэлхийн түвшинд сэтгэдэг сэхээтнүүд, инженерүүд, өндөр мэргэшлийн ажилчид л үүнийг хийж чадна. Тийм боловсон хүчин бэлтгэх, тэдний потенциалыг нэгтгэн нэг зорилгод чиглүүлэх нь миний хувь нэмэр, хийж чадах зүйл маань болох байх.
Монгол хүнийг хэрхэн хөгжүүлэх вэ?
Монгол хүн бол сийрэг ухаантай, ой той сайтай, ёстой л шилдэг толгой шүү дээ, уг нь. Харин энэ толгойг бид үндсэндээ ашиглаж чадахгүй байна. Монгол хүнд ердөө л ёс суртахуун, сахилга бат, шударга дэг журам, урам зориг байхад л аяндаа хөгжөөд явчихна.
Монгол бахархлыг яаж бий болгох вэ?
Бид улс орныхоо хөгжлөөр л бахархана. Тиймээс улс орноо л сайхан хөгжүүлцгээе.
Хөгжлийн гарц буланд хэнийг оруулахаар санал болгох вэ?
Залуучуудаас л оруул. Өндөр сайхан боловсрол эзэмшчихсэн, хүмүүжил ухамсар сайтай залуус олон байна.
Эх сурвалж:
www.times.mn