НИЙГМИЙН БАЯЛГИЙГ ТЭГШ ХУВААРИЛЖ ЧАДААГҮЙ

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай “Онцлох ярилцлага” буланд ярилцлаа. Тэрбээр гүйцэтгэх засаглалын түвшинд босоо удирдлагын тогтолцоог маш хүчтэй бэхжүүлэх шаардлагатай болохыг онцоллоо.

646A6165

-Ярилцлагаа дүгнэлт, ажиглалтаар эхэлье. Сүүлийн 25 жилийн ололт, уналтыг дэнсэлбэл сайн, саарын аль нь илүү байна вэ?
– Мэдээж, сайн нь илүү байсан. Ер нь өнгөрсөн хугацаанд яаж өөрчлөгдсөн нь нүдэн дээр ил байгаа. Ялангуяа тоон дүнгээр нь харвал үнэхээр бахдам үр дүн үзүүлсэн. Эдийн засгийн чанарыг илгэдэг нэг хүнд ногдох ДНБ бас үндэсний орлогын нэг хүнд ногдох хэмжээ зэрэг үзүүлэлт сүүлийн 25, наашлаад 10 жилд тогтмол өссөн. 10, 20, 60, 80 хувь биш. Дандаа нэг дахин, хоёр дахин бүр дөрөв нугалсан. Ингэхээр энэ бол гайхалтай үзүүлэлтүүд. Ер нь тоон дүнгээр, Монгол шиг эдийн засаг нь ийм богино хугацаанд хэд дахин өссөн улс дэлхийд тун ховор. Цаашлаад энэ өсөлт нь зөвхөн тоон дүн болоод зогсохгүй эдийн засгийн бүтцийг өөрчиллөө. Миний ярих дуртай нэг жишээ бий. Өмнө нь хөдөө аж ахуйн салбар манай эдийн засагт ямар үүрэг гүйцэтгэдэг байлаа. Монголыг хөдөө аж ахуйн орон хэмээн нэрлэдэг байсан. Дараа нь хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон болох зорилт тавьсан. Төр, засгийн бодлого ч энэ зүг чиглэж байлаа. Гэтэл Монголыг тодорхойлж байсан хөдөө аж ахуйн эдийн засагт эхэлж буй жин өдгөө 12-13 хувь болж буурч байна. Мэдээж, абсолют дүнгээрээ, хөдөө аж ахуйн салбар өнгөрсөн хугацаанд өссөн л дөө. Харин харьцангуй дүнгээр энэ салбарын эдийн засагт эзлэх жин татарсан. Гэхдээ энэ шилжилт нь дэлхийн чин хандлага, зүй тогтол гарцаагүй мөн. Харин сэтгэл түгшээж буй нь тоон дүн ийн өндөр өсчихөөд байхад яагаад бид ийм урвагар байна вэ? Бүгдээрээ л нэг тийм дүнсгэр, урвагар, юм юманд сэтгэл дундуур байна. үүний шалтгаан нь юу вэ? Миний бодлоор, нэгдүгээрт, бид өнгөрсөн 25 жилийн хугацаанд өнөөгийнхөөс илүү хөгжил дэвшлийг хүлээж байжээ. Өөрөөр хэлбэл, бидний хүлээлт хэт өндөр байж. Хоёрдугаарт, энэ хүлээлтийн гол элемент болох нийгмийн баялгийг тэгш хуваарилж чадаагүй. Энэ нь нийгмийг бухимдуулж байна уу гэсэн бодол төрдөг.


-Тооноос илүү сэтгэлгээний хувьд иргэд илүү хурдан үр дүнг шаардаад, түүнээсээ болж бухимдаад байна гэсэн үг үү?
-Монголчууд цөөхүүлээ. Тэр ч утгаар бие биенээ сайн мэднэ. Хэдэн жилийн өмнө хэн ямар алба хашиж, ямар амьдралтай байсныг хүнээр хэлүүлэхгүй мэддэг. 25 жилийн хугацаанд хуруугаа ч хөдөлгөлгүй баяжсан хүн зөндөө байгаа нь үнэн. Тухайн үеийн төр, засгийн шийдвэр ч үүнд чиглэж байсан юм чинь. 1990 оны эхээр манай улсын эдийн засаг туйлын хүнд байсан. Бараг л орших уу, эс орших уу гэдэгт тулсан шүү дээ. Ганц ам.доллар ч болов Монголдоо оруулж ирэхийг, гадаадын хөрөнгө оруулалт татах арга замыг эрэлхийлж байсан үе. Энэ үед хөрөнгө татах арга зам нь уул уурхай л байлаа. Ингээд уул уурхайд мөнгө татахаар Ашигт малтмалын тухай хууль баталсан. Энэ хууль үнэхээр либерал, гадаадын хөрөнгө оруулагчдад ээлтэй хууль байсан. Гэсэн ч тэр дороо үр дүнгээ өгөөгүй. Хүмүүс хуулийг ойлгож, Монголд хөрөнгө оруулах гэсээр бараг 10-аад жилийг үдсэн. 1990 оны эхээр гаргасан энэ хуулийн эффект буюу үйлчлэл нь 2000 оны эхээр ил болж эхэлсэн. Гэтэл хуулийн хүрээнд уул уурхайн тусгай зөвшөөрлүүдээ бүгдийг нь тараачихсан, нөгөө хэд нь гадаадын голдуу иргэдэд оччихсон байв. Тэр дундаа, Монголын үүц болно гэж найдаж байсан томоохон төслүүд гаднынхны гарт орсон. Нэг хэсэг нь ядарч унатлаа, хөдөлмөрлөж байхад нөгөө нь тусгай зөвшөөрөлтэй болчихоод, түүнийгээ гаднынханд зарж, хөлжиж байх жишээтэй. Иймээс л хүмүүс бухимдаад байгаа юм. Маш энгийн тоо бодъё. Манай улсын ДНБ-ий хэмжээ 25 их наяд төгрөг. Үүнийг гурван сая хүнд хуваахаар ойролцоогоор найман сая төгрөг нэг хүнд ногдоно. Нэг өрх 3,5 хүнтэй гэж тооцоход нэг айл жилд 28 сая төгрөгийн орлоготой гэсэн үг. Тэгэхээр 28 сая төгрөгийн орлоготой айл ядуу биш. Гэтэл ийм хэмжээний орлоготой айл Монголд хэд байна, хаана байгаа нь ч бүү мэд. Ямар сайн даа л банкин дахь нийт хадгаламжийн 95 хувь хүн амын таван хувьд ногдож байх вэ дээ. Үлдсэн тавхан хувийг нь хүн амын 95 хувь эзэмшиж байна. Тэгэхээр нийгмийн баялгийн тэгш хуваарилалт Монголд маш их зөрүүтэй байгаа биз. Энэ л хамгийн аюултай, миний сэтгэлийг зовоож байна. энэ байдал дорвитой үр дүнд хүргэхгүй.
-Та эдийн засгийн бүтцийн талаар ярилаа. Энэ бүтцийн ямар нэг сул тал байснаас баялаг тэгш бус хуваарилагдсан байх. Тэгвэл монгол хүнд өгөөжтэй, яг Монголд тохирсон эдийн засгийн бүтэц гэхээр юу байна вэ?
-Аливаа зүйлд бодитой хандах хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөөр ямар ч асуудалд хандах ёсгүй. Тодорхой хөгжлийн үе шатанд тодорхой асуудлыг шийдэхэд тухайн эдийн засгийн бүтэц үүргээ гүйцэтгэж болно. Тухайлбал, 1990 оны асуудал одоо өөрчлөгдсөн. Миний бодлоор өдгөө уул уурхайг эцсийн зорилго болгохгүй байх нь чухал. Уул уурхайг хэрэгсэл төдийгөөр харах хэрэгтэй гэсэн үг. Уул уурхай бол төрийн тодорхой хэмжээний оролцоо шаарддаг салбар. Иймд баялгийн хуваарилалтыг өөрчлөх механизмуудыг хайх ёстой. Татварын тогтолцоогоор жишээ авъя. Монголд 1990 онд татвар гэдэг зүйлийг мэддэг, түүнийг төлдөг хүн бараг байдаггүй байлаа. Чухам энэ үеэс л авилга, хээл хахууль цэцэглэж эхэлсэн. Иймд бизнест ирж буй дарамтыг хөнгөлөх ганц арга зам нь татвар байв. Тиймээс ч 10 хувийн татвар тавьсан. Өөр ямар ч нэмэгдэлгүй. 10 хувийн татварын тогтолцоо түүхэн хугацаандаа үүргээ гүйцэтгэсэн байх. Бизнесүүдийг хөл дээр нь босгож, идэвхжүүлсэн. Харин нөгөө талд нийгмийн баялгийг тэгш хуваарилахын тулд татварын механизмыг бүрэн ашиглах хэрэгтэй. Үүнийг бүрэн ашиглахын тулд гарцаагүй татварын шаталсан тогтолцоо руу шилжихээс өөр араггүй. Одоо бол манай олигархуудын төлж буй татвартай минийх ижилхэн байна.
-Татварын тогтолцооны талаар шүүмжлэл их байдаг. Компаниудад томрох боломж олгодоггүй атлаа татвараас бултах орон зайг үүсгэдэг гэх мэт. Энэ удаагийн татварын шинэчлэл үүнийг засаж чадах уу?
-Үүнийг нэг өдрийн дотор өөрчлөхгүй. Аажмаар хийх ёстой байх. Гол нь хөгжлийн өнөөгийн үе шатандаа яг ямар асуудлыг шийдэх гэж байгаа нь чухал. Өөрөөр хэлбэл, энэ мөчлөгт шийдэх ёстой гол асуудлаа барьж авах нь зүйтэй. Компаниудад мөнгөний гачигдал өнөөдөр их байна. Иймд бид мөнгөгүй гээд дэлхийгээр нэг хэсэж, мөнгө гуйхаа болъё. Харин дэлхийн мөнгө биднийг чиглэдэг болгоход анхааръя. Энэ зүгт төрийн бодлогоо чиглүүлье. Өөрөө хэлбэл, асуудлаа зөв томъёолж, түүндээ тохирсон шийдэл эрэх нь чухал байна. тухайлбал, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчныг бий болгохын тулд татварын тогтолцоог ойлгомжтой болгох, мөн хүнд суртлыг арилгах хэрэгтэй. Тиймээс үйл явдлын хөгжил хөдөлгөөнд тааруулж, бодлогоо тодорхойлох нь чухал гэсэн үг.
-Бидэнд ямар асуудал байгааг ойлгож буй. Нөгөө талаас ямар байх ёстойгоо ч мэдэж байна. Монголчуудын хувьд дасан зохицох чадвартай. Тэгвэл энэ давуу талаа ашиглаад бид эдийн засгийн өрсөлдөөнд яаж оролцох ёстой вэ?
-Үнэхээр амин чухал асуудал. Энэ нь ердөө л төрийн механизмаас үүдэлтэй. Ямар байгаагаа, хаана очихоо мэдээ байгаа. Бүр яаж очихоо ч гадарлаж байгаа. Харин үүнийгээ хэрэгжүүлэх гэхээр төрийн механизм нь алга. Ганцхан жишээ хэлье. Өнгөрсөн дөрвөн жилд зарим яамны удирдах албан тушаалтан гурван удаа солигдлоо. Нэг удирдах албан тушаалтан солигдоход түүнийг дагаад бодлого, зорилт нь өөрчлөгддөг. Иймд төрийн залгамж халаа, төрийн хар хүнийг төлөвшүүлж чадаагүй байгаа нөхцөлд энэ нь асуудал хэвээр үлдэнэ.
-Монголын эдийн засаг сүүлийн 2-3 жилд хүндэрлээ. Энэ хугацаанд бид дүгнэлт хийж, сургамж авч чадсан уу?
-Чадаагүй. Ер нь сургамж авах ёстой гэдгээ ойлгосон юм уу. Олон янзын хүндрэлтэй нүүр тулаад байна. угтаа үүнээс сургамж авах учиртай. Гэтэл ийм юм алга. Та санаж буй биз. 2007-2009 оны хооронд дэлхийн эдийн засгийн хямрал болсон. Өнөөг хүртэл энэ хямралын давлагаа байсаар байна. Тэр үед ид яригдаж байсан сорилт, тухайн үед авсан арга хэмжээнүүдэд бид дүгнэлт хийсэн бил үү. Зөв, бурууг нь нарийвчилж дүгнээгүй. Аргаа ядаад өи өөрийн хөтөлдөг блогтоо энэ тухай бичиж байсан. Энэ асуудлыг дахиад ярих ёстой. Маш гүнзгий, бодитой дүгнэлт хийх хэрэгтэй. Улмаар үүнийгээ хөгжлийн старетигитай уях ёстой. Ингэхээр дахиад боловсон хүчин, төрийн механизмын асуудал яригдана. Сонгуулийн дараа дахиад төрийн албан хаагчдаа солино. Уйлахад хэцүү, инээхэд хэцүү байдал үүсээд байна.
-Хэт задгай, өнгөрсөндөө огт дүгнэлт хийхгүй байгаа нь Монголчуудын хамгийн том алдаа гэж харж болох уу?
-Хөгжлийн энэ үе шатанд ардчилал хаана нь ямар хэлбэрээр байх ёстой вэ. Гүйцэтгэх засаглал нь ямар байх ёстой. Гүйцэтгэх засаглалын түвшинд босоо удирдлагын тогтолцоог маш хүчтэй бэхжүүлэх шаардлагатай.
-Боловсон хүчний талаар та ярилаа. “Оюутолгой” зэрэг томоохон төслүүдтэй холбоотой боловсон хүчний асуудал харьцангуй сайжирч байна. Монголчууд гаднынхантай хэлэлцээ хийж сурч байна. Гэхдээ хангалттай хэмжээнд байж чадаж байна уу. Ялангуяа, эдийн засагчдын тухайд?
-Үсрэлт маягаар явчихлаа гэж бодож байна. 1990 оны эхээр эдийн засгийн боловсон хүчнийг идэвхтэй бэлдэж эхэлж байгаад болчихлоо. Одоо үнэхээр шинэ үе гарч ирэхгүй байна. наад зах нь өдөр тутмын сонин аваад уншихад өдөр бүр биш юм гэхэд, долоо хоногт нэг удаа мөлжүүртэй эдийн засгийн тойм бичиж байгаа эдийн засагч алга. Ер нь эдийн засгийн боловсролд мөнгө зарцуулсан түүх манай бараг байхгүй. Залуусыг эхлээд дотоодод бэлдээд улмаар ахисан шатны боловсрол хилийн чанадад эзэмшүүлдэг систем алга.
-Хүн бүр хүссэндээ хүрч болдог америк мөрөөдөл гэж бий. Сүүлийн жилүүдэд хятад мөрөөдлийн талаар түлхүү ярих болж. Тэгвэл таны бодлоор монгол мөрөөдөл гэж юу вэ?
-Монгол мөрөөдөл гэж байх ёстой. Монгол мөрөөдлийн гол илрэл нь ихэмсэг оршихуй гэж ойлгож байна. Монгол хүний ген, түүхийг аваад үзсэн ч тэр бид арай илүү өндөр шатанд амьдрах гавьяатай хүмүүс. Мэдээж, бүх зүйл урагшилж байгаа. Монголын ирээдүйг өөдрөгөөр харж байгаа. Монгол Улсын ДНБ 3-5 жил тутамд нэг дахин өсөж байна. Энэ зүй тогтол ойрын 15-20 жил тасралтгүй үргэлжилнэ. Ингэхэд, 3-5 жилийн хооронд дотоодын нийт бүтээгдэхүүнээ нэг дахин өсгөөд, үүнийгээ 15-20 жил барьж буй улс дэлхий дээр байна уу. Байгаа бол гарч ирээд бидэнтэй өрсөлдөх гээд оролдоод үз л дээ. [ЗГМ]

Эх сурвалж:
“Засгийн газрын мэдээ” сонин
Б.Өсөх
2016.05.24, Мягмар – №115 (393)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *