Р.Амаржаргал АН-гүйгээр амар жаргаж, “Амаржаргалгүй” АН аврагчгүйгээр тулаанд орно

Тээр жил Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт агсан АН-ынхнаас торойтол сонгогдож билээ. Түүнд сүлд мод шиг чимэг хэрэггүй байв. Харин энэ удаад Ерөнхий сайд асан Р.Амаржаргалыг тойргоос нь түлхэн зайлуулав. Р.Амаржаргал гишүүний тухайд мөн л сурталчилгаагүйгээр хаанаас ч өрсөлдөж чадах, бие даан өрсөлдөөд ялалт байгуулж байсан хүндтэй эрхэм.
Хэдхэн хоногийн өмнө “Ах нь хандиваа цуглуулаад тойрогтоо өрсөлдөнө өө” гэж ярьж суусан түүнийг яагаад зайлуулах болов. АН-ынхан энэ удаад анхан шатанд итгэл хүлээлгэсэн олон нэр дэвшигчээсээ тойргийг нь дээрэмдлээ. Залуугаас Батын Батбаатар харамссандаа намаа орхилоо. Ахмадаас Р.Амаржаргал эрхбиш зангараг заагаад амаа жимийн сууна. Намаасаа гарах зэргийн шоу бол түүнд зохих хэлбэр биш л дээ. Гэхдээ түүнд баяр баясалтай сайхан байгаа гэж бодно уу.
Үгүй дээ, АН-ыг булшаа ухаж суугааг нь харамсан, хүрз шороо хаяснаас гар хумхиж амаа жимийн суусан нь арай дээр л гэж үзсэн хэрэг. Тиймээс “Миний оронд эмэгтэй нэр дэвшигч дэвшүүлээрэй” гээд холдохыг бодов. Намаа чимж чадах сүүлчийн арга нь тэр байсан биз.
Р.Амаржаргал гэдэг содон фигур 2013 оны арваннэгдүгээр сарын 11-нд “УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдөл”-өө УИХ-ын дарга З.Энхболдод гаргасан. Түүний өмнө ҮЗХ-ндоо намын дарга Н.Алтанхуягтаа уг хүсэлтээ гаргасан ч хүлээж аваагүй юм. Гэхдээ УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд нь УИХ-ын сонгуулиар нэр дэвшигчээ тодруулах үед өнөөх өргөн барьсан бичгийнх нь хариуг ийнхүү гашуунаар өгнө гэж яаж мэдэх вэ дээ. Учир нь тухайн үед буюу 2013 оны арванхоёрдугаар сарын 12-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх хүсэлтийг хэлэлцээд 65 гишүүнээс 34 гишүүн нь эсэргүүцсэн учир Р.Амаржаргал гишүүн бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажилласан юм.
Р.Амаржаргалыг М.Батчимэгээр сольж буй АН-ын дарга З.Энхболд тэр бүсгүйг Сү.Батболдын эсрэг өрсөлдүүлнэ гэдэг шийдвэрээрээ юу хожсон гээч. Орхон аймагт өрсөлдөх байсан тойргийг нь найз Д.Одхүүдээ авч өглөө. “Ерөнхийлөгчийн хүн”-д нэр дэвших боломж олголоо. Үүний цаана “MCS-ийн” фракцид тал заслаа. С.Баярцогт ч мөн адил. Түүнээс биш Таиваньд тагнуулын мэдээ өгдөг туслахтай гэх М.Батчимэгийн сөрөг “ололт”, Хятадын Монголын иргэний үнэмлэхтэй С.Баярцогт нарыг З.Энхболд л эсэргүүцээд дийлэхгүй байж гэнэ гэдэгт хэн ч итгэхгүй. Энэ ч яах вэ, З.Энхболдын асуудал. Харин Р.Амаржаргалын хувьд АН хамгийн үнэ цэнэтэй, Монголын аль ч тойрогт сурталчилгаагүй ялах хүчтэй лидерээ түлхэн унагалаа. Үүнийг “АН Р.Амаржаргалд хаягдлаа” гэж тодорхойлбол үнэнд ойртоно.
АН-ынхан УИХ-д нэр дэвшигчээ тодруулахын тулд хэдэн гишүүнээ урвуулж алдав, нэр дэвшүүлнэ гэж “хошгируулах” аргаараа хэдийг намдаа элсүүлж, заримыг нь мэхлэв. Энэ намд зарчим байсан уу. Дотоод ардчилал шалан дээр унаж дээгүүр нь намын дунд, дээд шатныхан алхаж гарч байхад хэн, хэн цус шүүртэл нь хөмхийгөө зуун тэсэв гэдгийг мэдрэх сөхөө энэ намын даргад байсангүй. Яасхийгээд “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” шиг дайсан цөөнтэйгөөр фракциудаа “тэжээх” вэ гэдгээс өөр ямар ч өнцгөөс харахыг хүссэнгүй.
Магадгүй, энэ бүхнээс тус намын дарга намаа ялуулах зорилго нь “тэргүүн зорилго” нь биш байсан болов уу гэж бодогдтол тийм муу сонголт хийлээ. Р.Амаржаргал, Сү.Батболд хоёрыг өрсөлдүүлэхэд хэн нь ялах вэ гэдэг саналаас өмнө, эерэг сөрөг талыг нь жагсаагаад бич гэсэн ч тухайн тойргийн сонгогчид амаргүй, тийм гоё өрсөлдөөн гарах байв. Гэтэл “Нэг ардчилал” хэмээн нэгддэг хэрнээ Х.Тэмүүжин гишүүнд хүртэл “нам дарамтлуулдаг” М.Батчимэгийг Ерөнхий сайд асан, Сү.Батболдын өмнө чулуудаж өгнө гэдэг нь “Аз чинь байвал ялаад гараад ир” гэсэн З.Энхболдоос Сү.Батболдод барьсан бэлэг биш гэж үү.
Өнөөдөр намын бодлого, зарчмаа хэлэлцээд нэр дэвшүүлэх асуудлыг намын дээд шатанд хэлэлцэх үеэр нэрээ татсан гишүүд нам, намд л бий. Харин Ардчилсан нам шиг сүйрч яваа, ялангуяа улс орноо эдийн засгийн хувьд сүйрүүлж, Р.Амаржаргалдаа зад зэмлүүлэх болсон намын хувьд Р.Амаржаргалыг “хөндлөнгөөс ажиглах” боломж олгоно гэдэг маш муу шийдэл. Тэгээд ч Р.Амаржаргал “Аль нэг нам гэлтгүй, зөв гэсэн хүнээ дэмжинэ” гэж цахим хуудсаар мэдэгдсэнийг намын дарга нь мэдсэн үү. Энэ мэдэгдэл юу илэрхийлж, ямар гээчийн “боловсон заналхийлэл” болж хувирахыг тооцоолсон болов уу. Улс орны нийтлэг эрх ашиг гэгчийг намын эрх ашгаас дор үзэж, намынхаа эрх ашгийг фракцийн эрх ашгаас доогуурт үзсэн намын дарга энэ удаад түүнээс тун дажгүй хэрнээ “зовиуртай” бэлэг хүлээж авна гэдэгт эргэлзэх юм алга.
Р.Амаржаргал АН-гүйгээр амар жаргаж, “Амаржаргалгүй” АН аврагчгүйгээр тулаанд орно. Нэгэнт Р.Амаржаргал сонгуулийн штабын дарга, сонгуулийн ерөнхий менежер биш, өөрийнхөө хэлснээр “зөв” гэж үзсэн хүнээ дэмжих эрх чөлөөтэй учраас АН-ыг аврах үүрэг хүлээгээгүй. Тэгэхээр бүдүүлгээр хэлэхэд баахан дур хүслээр дүүрэн залуус ямар ч хамгаалалтгүйгээр “харилцаа”-нд орох гэж байна. Хэн өвдөх, үхэх, бас ялж баярлуулахыг таашгүй.

“ӨНӨӨДӨР СОНИН”
2016.05.30-ны өдрийн, №126 (5819)
С.ОГТОРГУЙ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *