Beautiful Plants For Your Interior
Моодноос гараагүй
Өөрөө ил цагаан амбийцалахгүй хэрнээ улс төрд сураг чимээ алдрахгүй, нүүр нь харагдахгүй ч нэр ньдуулдаад байдаг эрхмүүд байдаг. Ийм хүмүүсийг нөлөө нөөлөг их гэх үү, эсвэл олж авсан орон зай нь том гэж тодорхойлмоор ч юм уу. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал. Тэр ихэнхдээ анир чимээгүй талдаа. Харин хааяа том дуугардаг. АН-ыг эрх барьж байсан өнгөрсөн дөрвөн жил албан тушаал, ашиг сонирхолзэргээс холуур тойрно. Уг нь тэр АН-д байтугай хэрэгтэй “зайран” мөнөөс мөн. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан зангараг, туршлага эзэмшсэн эдийн засагч мэргэжлийнхээ эн чадлаар магнайд нь биш юмаа гэхэд цээжинд давхих “морьд”-ын нэг. Гэхдээ нам нь энэ бүхнийг нь үнэгүйдүүлчихсэн болохоор тэр үү, 2013 онд УИХ-ыг гишүүнээсээ татгалзах хүсэлтээ намын дарга З.Энхболдод өгч байсан удаатай. Ил хэлж байгаа учир шалтгаан өөр ч цаана нь гоморхол гомдол байсан байх.
Р.Амаржаргал АН-д үнэ цэнэтэй, “моодноос гарах” болоогүй хүн гэдэг нь сүүлийн үед илүүтэй анзаарагдаж эхэллээ. АН-ын даргад өрсөлдөж буй УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хэрэв би намын даргаар сонгогдвол Р.Амаржаргалыг Ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлнэ” гээд шууд зарлачихсан. Саяхан бас нэг судалгааны байгууллага Ерөнхийлөгчийн сонгуульд хэн хамгийн их дэмжлэг авах боломжтойг тандаж судлахад Р.Амаржаргал тэргүүлжээ. Тэгэхээр энэ хүний нийгэм дэх үнэлэмж өндөр байгаа юм байна.
Харин мань эр УИХ-ын гишүүнээс мултарснаас хойш хаана ямар ажил алба эрхэлж байгаа нь тодорхойгүй, оюутнуудад онол заагаад явж байгаа сурагтай. Гэхдээ тэр нийгэмд өөрийн дуу хоолой, үгийнхээ үнэ цэнийг үе үехэн сануулсаар л байна. Саяхан “Нефть бүтээгдэхүүний үйлдвэрлэл бол тусгаар тогтнол, аюулгүй байдлын асуудал” шүү гээд эрчим хүч, газрын тосны үйлдвэрлэл хоёрыг шийдэж байж хөгжинө шүү гэдгийг 16 жил сануулж ирсэн тухайгаа хэвлэлээр дамжуулжээ.
Сэтгүүлч П.Ядамдорж
“Улс төрийн тойм” сонин
2017.01.04 Даваа гараг