Авлига Mонголд

Авлигын талаарх иргэдийн хандлагыг эргэцүүлэхэд сонирхолтой зүйл ажиглагдана.

1990-ээд оны үед Монголын нийгэм шинэ тогтолцооруу шилжих гэж завгүй байлаа. Бөөн бөөн боломжууд гарч, шинээр бүрэлдэж буй зах зээлийн эдийн засаг үр ашиггүй төрийн өмчөөс хувийн хэвшлийн тогтолцооруу шилжихийг шаардаж байв.

Шилжилтийн энэхүү үйл явцыг хэрэгжүүлэхдээ коммунист гэгдэж байсан орон бүр нийгмийн бүх салаа мөчир, түвшиндээ алдаж эргэж буцаж байсан даг. Авлигын хэргүүдийн талаар хэвлэл мэдээллээр удаа дараа гарч байсан ч иргэд нэг их ойшоохгүй, тайвнаар хүлээн авч байсан. Нэг хэсэг нь амьжиргаагаа залгуулахын төлөө зүтгэж байсан бол нөгөө нь шинээр үүссэн боломжуудыг ашиглах гээд завгүй байв. 1990-ээд онд нийгмийн сэтгэл зүйг зовоож байсан асуудлыг харвал голдуу амьжиргааны түвшин доройтсон, боловсрол муудсан, ажилгүйдэл нэмэгдсэн зэрэг байлаа.

TAF-SMF-ийн нэгэн судалгаанд бизнесийн орчны авилга дэх төр болон хувийн хэвшлийн харьцааг төрд 81 хувь, хувьд 21 хувь байна гэж дурджээ. Улс орны менежментийг бүхэлд нь хариуцах салбар нь ийм давамгай байхад авилга бусад салбарт тархах нь ойлгомжтой.

Төрд ажилладаг хүн хувийн компаниа гэр бүлийнхнээрээ буюу өөрийнхөө итгэдэг хүнээр хариуцуулдаг нь Монголд нэлээд түгээмэл үзэгдэл болсон. Тэд хувийн компаниа ч төрийн байгууллага шиг “авлигаар дамжуулан” удирдах гэдэг. Энэ бол авилгын ”халдвар” төрийн байгууллагаас хувийн хэвшилд хэрхэн тархаж байгаа нэгэн жишээ энэ юм.

Уг асуудлыг өвчтэй хүнтэй харьцуулбал юунаас болж бие муудав, хэрхэн эмчлэх вэ гэсэн асуулт гарна. Олигархын хүчирхэг бүлэглэл үүсгэж буй бизнес, улс төрийн бүлэглэлийн эсрэг тэмцэл хэцүү. Хаана их мөнгө бий болж эргэлдэж байна, тэнд улс төрд хамгийн их идэвхтэй гэдгийг бүгд мэднэ.

Тийм учраас Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн албан хаагчдад хандаж: “Хэрэв мөнгө хийх сонирхолтой байвал бизнес хий, төрийн албанд бүү ор” гэж уриалсан нь хүмүүст хүрч чадсангүй. Амьдрал өөр зураглал харуулж байна. Их мөнгө бий газарт авилга цэцэглэдэг гэдэг. 1990 онд Монголыг нээлттэй болгосон нь их мөнгө, их авлигад үүд хаалга нээж өгсөн. Тэр цаг үеэс авилгалын цоо шинэ мөн чанар бүрэлдэж цоо шинэ эрин эхэлсэн билээ.

TAF-SMF судалгаанаас үзэхэд 2006 онд 26 хувь байсан “жижиг” хахууль 2016 онд долоо болж буурсан ч их авилгын түвшин огт багасаагүй байна. Их авлига гэж ердийн иргэд бидний хэзээ ч дийлэхгүй хэмжээний хахуулийг хэлээд байгаа хэрэг л дээ. Манай хоёр хөрш энэхүү их хэмжээний хахуулийг тодорхойлох гэж нэлээд оролдсон. Оросууд “их хэмжээний авлига” гэж нэрлэсэн бол хятадууд улс төрийн шалтгаанаас үүдэн нэр өгөхөөс татгалзсан. Монголчууд бид оросуудын нэр томьёог ашиглаж байгаа.

Монгол Улсын иргэд бид их авлигатай тэмцэж чадах уу? Судалгаанаас “жижиг” хэмжээний хахуулийг багасгаж болно гэдгийг бид мэднэ. Ердийн иргэд тэрхүү асуудлыг шийдэж чадна гэсэн үг. Нөгөө талаас харвал, их авлигын замаар халдвар нь төрийн толгой, нервийн системд нэвт орсон байна. Харин эл асуудлаар манай дээдчүүл ямар байр суурьтай байна, тэд эмчилгээнд бэлэн үү, авлигыг “эмчлэхийг” хүсэж байна уу? Эсвэл өвчтөнд эмчилгээ хийлгэснээс үхсэн нь дээр үү?

Авлига нь нэлээд том асуудал гэж олон нийтийн анхаарлыг татахуйц хэмжээнд анх хэрхэн танигдсаныг харья. “Монголын Авлигын загалмайлсан эцэг” гэсэн нэр хаяг гарч ирсэн тэр цаг буюу 2000-2004 оноос энэ авилга гэдэг чинь нэлээд том асуудал юм байна гэсэн ойлголт тодорхой болсон.

Тэр үеийн улс төрийн тавцанд МАХН бүхий л төвшинд давамгайлж байсан. Төрийн гурван өндөрлөг МАХН-ынх байсан. МАХН бодлого тодорхойлдог, сөрөг хүчин гэж байгаагүй, хэн ч, юу ч тэдний шийдвэрт хяналт тавьж чадахгүй байсан. Тэр үеийг одоогийн Хятадын коммунист намтай харьцуулж болох юм. ХКНамын удирдлага хамгийн сүүлчийн их хурал дээрээ “Хятадын өнөөдрийн дайсан Авлига” гэж зарласан. Үүнээс “Хэрэв улс төрийн хүчинд сөрөг хүчин огт байхгүй бол авлига түүний сөрөг хүчин болдог” гэсэн дүгнэлт хийж болно.

Тийм ч учраас эвслийн Засгийн газрууд Монголд хор хөнөөлтэй байдаг. Үр дүнд нь улс төрийн намууд бие биенийхээ буруу үйлдлийг харсан ч хараагүй мэт сохор, дүлий мэт болдог. Байсхийгээд л эвслийн Засгийн газар байгуулагддаг тул намуудын удирдлагад сонгогчдын өмнө хариуцлага хүлээхгүй байж болно гэсэн ойлголт төрж, сонгогчид болон намынхаа анхан шатны гишүүдээсээ тасардаг. Ямар ч алхам хийсэн ч эцсийн эцэст их эвсэл байгуулагдаж эрх мэдлийг хуваалцдаг.

Хоёр том намын удирдлагын үйлдэл ийм хандлагатай байгаа нь сүүлийн үеийн сонгуулийн сурталчилгаануудаас ажиглагддаг. Ямар ч хамаагүй эвсэлд чиглэсэн намуудын энэ үйлдэл нь сонгууль эхлэхээс өмнө авилгыг өөрийн суурь үндсэнд, бодлогодоо суулгаж өгсөнтэй адил юм. Тэр нь ойлгомжтой үр дүнд хүргэж байна.

Сүүлийн жилүүдэд улс төрийн намуудад итгэх итгэл буурсаар байгаа. SMF Politbarometer нь улс төрийн намуудад “хур тунадастай цаг агаар”-тай болох талаар урьдчилан сэргийлж байна. Хамгийн муу нь улс төрийн намуудыг авилгад автагдсан байгууллага гэж олон нийт үзэж байна.

Авлигад хамгийн их автагдсан 5 байгууллага (2006 -2016 оны байдлаар)(TAF-SMF судалгаа)

I байр II байр III байр IV байр V байр
03.06 Газрын алба Гааль Уул, уурхай Шүүгчид Цагдаа
09.06 Газрын алба Гааль Уул, уурхай Шүүгчид Цагдаа
03.07 Газрын алба Гааль Уул, уурхай Шүүгчид Бүртгэл, зөвшөөрөл олгох үйлчилгээ
09.07 Газрын алба Уул, уурхай Гааль Бүртгэл, зөвшөөрөл олгох үйлчилгээ Шүүгчид
03.08 Газрын алба Уул, уурхай Гааль Бүртгэл, зөвшөөрөл олгох үйлчилгээ Шүүгчид
09.08 Газрын алба Уул, уурхай Гааль Шүүгчид Прокурор
03.09 Газрын алба Уул, уурхай Шүүгчид Гааль Прокурор
09.09 Газрын алба Шүүгчид Цагдаа Прокурор Уул, уурхай
03.10 Газрын алба Уул, уурхай Улс төрийн намууд Гааль Их хурал/Хууль тогтоох
09.10 Газрын алба Уул, уурхай Шүүгчид Гааль Улс төрийн намууд
04.11 Газрын алба Уул, уурхай Шүүгчид Гааль Улс төрийн намууд
11.12 Газрын алба Уул, уурхай Орон нутгийн тендер Мэргэжлийн хяналтын газар Улс төрийн намууд
03.13 Газрын алба Уул, уурхайн яам Орон нутгийн тендер Улс төрийн намууд Гааль
09.13 Газрын алба Уул, уурхайн яам Орон нутгийн тендер Улс төрийн намууд Уул уурхайн хувийн компаниуд
03.14 Газрын алба Уул, уурхайн яам Орон нутгийн тендер Шүүгчид Гааль
04.15 Газрын алба Улс төрийн намууд Уул, уурхай Засгийн газар Их хурал/Хууль тогтоох
03.16 Улс төрийн намууд Газрын алба Уул, уурхай Их хурал/Хууль тогтоох Засгийн газар

Эх сурвалж: TAS-SMF-ийн судалгаа

2010 оны гуравдугаар сард анх улс төрийн намууд авилгад хамгийн их автагдсан таван байгууллагын жагсаалтад багтсан. Түүнээс хойш тэдний байр дээшилсээр байгаа. Энэ жагсаалтад ороход арван жил шаардагдсан ч 2016 оны гуравдугаар сард нэгдүгээр байранд орж олон жил тэргүүлж байсан газрын албыг хоёрдугаар байр руу ухраажээ.

Өрнөж болох хамгийн гунигтай дүр зургийг, Монголын улс төрийн дээд зэргийн ялзралыг энэ хүснэгт харуулж буй юм. Улс төрийн намууд, Их хурал, Засгийн газар нь олон нийтийн нүдэнд хамгийн их авилгад автагдсан байгууллага гэж харагдаж байна. Зөвхөн Ерөнхийлөгчийн тамгын газар л уг жагсаалтад алга.

Шүүгч, прокурорууд энэ хүснэгтэд дээгүүр байр эзэлсэн нь бидний хууль, эрх зүйн тогтолцоо нь авилгатай үр дүнтэй тэмцэж чадна гэдэгт иргэд эргэлзэж буйн илэрхийлэл юм.

Авлига энэхүү дээд байгууллагуудаар дамжин манай улсын төв нервийн системд халдварлан, цаашид бүх газарт тархаж байгааг харуулсан харьцуулалтыг үзүүлж болно. Энэ байдал нэг мэдэхэд л бүх биеийг саажуулах магадлалтай.

Хэдий идэвхжиж буй ч Монголын иргэний хөдөлгөөнүүд харьцангуй сул байгаа. АТГ-ыг авлигын эсрэг тэмцэлд голлох үүрэгтэй гэсэн том хүлээлт олон нийтэд байсан. Өдгөө АТГ-ын үйл ажиллагаанд эргэлзэх хандлагатай болжээ. Олон нийт АТГ-г авилгын эсрэг тэмцэлд голлох үүрэгтэй гэж бодсон ч түүний эрх мэдэл хязгаарлагдмал гэж ойлгодог. Дээд түвшний хэргүүд тун цөөн, хэрэв гарвал улс төрийн шалтгаантай байдаг. АТГ улс төрийн зорилгоор нөлөө бүхий улс төрчдийг мөрдсөөр байвал улс төрийн цагдаа болсон гэж ойлгогдох болно. Бидний түүхэнд нэг л удаа улс төрийн цагдаагийн байгууллага байсан нь муу нэрт НАХЯ юм.

Эрх барьж байгаа дээдчүүл авилгатай хатуу тэмцэх сонирхолгүй байхад энэ байдлаас гарах гарц бидэнд байна уу? Авч буй ихэнх арга хэмжээ нь өнгөцхөн. Гэтэл олон улсын цөөн тооны туршлагаас харвал асуудлыг шийдэх боломжтой. Монголтой ижил төстэй хоёр оронд авилгатай амжилттай тэмцсэн туршлага бий. Нэг нь семи-Ерөнхийлөгчийн тогтолцоотой Гүрж, нөгөө нь парламентын засаглалтай Энэтхэг улс юм.

Аль алинд нь манлайлагч нар нь авилгатай тэмцэхээ ил тод зарлан тунхаглаж, тодорхой санаачлага гарган, ажил хэрэг болгосон. Авлигатай тэмцэхийг өөрийнхөө уриагаа болгосон тэрхүү манлайлагч нь Гүржийн Ерөнхийлөгч Михаил Саакашвили болон Энэтхэгийн Ерөнхий сайд Нарэндра Моди юм. Хоёулаа олон түмний дэмжлэгийг авсан байдаг. Энэтхэгийн Ерөнхий сайд Моди  авилгатай тэмцэхдээ маш хатуу арга хэмжээ авч байгаа ч олон нийтийн дэмжлэгийг үргэлжлүүлэн хүлээсээр буй. Бэлэн мөнгөний гүйлгээг хянаж авилгыг хазаарлах арга хэмжээ авсан нь түүний намыг ирэх сонгуульд унах шалтгаан болно гэж үзэж байсан. Гэвч эсрэгээрээ олон түмний сонголт гэнэтийн байж, Модигийн нам гол гол мужид ялснаар түүний засгийн эрхийг барих хугацааг сунгаж өгөв.

Энэтхэгийн жишээ сонирхолтой ч Гүржийн хувьд Монголтой ижил төстэй тул илүү сонирхолтой юм. Аль аль нь семи-Ерөнхийлөгчийн тогтолцоотой, хүн ам бага, хуучин коммунист асуудал, саад бэрхшээлүүд нь шавхагдаагүй байдаг. Саакашвилигийн амжилтын олон жишээг дурдаж болно, Тухайлбал, авлигад идэгдсэн алдартай замын цагдааг өөрчилж чадсан, гааль, татвар зэрэг төрийн байгууллагад авилгын хэмжээг мэдэгдэхүйц багасгасан.

Саакашвилигийн амжилтын нууц юунд байсан бэ. Түүний улс төрийн хүсэл эрмэлзэл, хувь хүний мөн чанар дээр тулгуурласан ажил хэрэгч хандлага, өөрийн гэсэн өвөрмөц арга барил юм. Томилсон сайд нар нь аливаа асуудалд орооцолдож байгаагүй, нэр цэвэр. Тэрбээр Гүржийн олигархуудтай хийсэн хэлэлцээг өөрөө удирдаж, хөрөнгийнх нь зарим хэсгийг төрд хураан авч, авилгад дахин орооцолдохгүй гэдэг амлалт авснаар тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэж тохиролцсон байдаг.

Энэ арга хэмжээ үр дүнд хүрсэн тул хожим Украины Ерөнхийлөгч авилгатай тэмцэхэд туслуулахаар түүнийг нутагтаа урьсан ч олигтой амжилтад хүрээгүй. Чухам яагаад гэдгийг судлах ёстой байх. Ямартай ч Гүржийн хувьд авилгатай тэмцэх нь үндсэн зорилго байгаагүй ч энэ нь тус улсын өвчилсөн эдийн засгийг сэргээхэд дэм болсон нь илэрхий.

Wikipedia доорх тодорхойлолтыг гаргасан байна: 

“Саакашвили сонгогдох үед Гүржийн эдийн засаг зогсонги байдалд орсон, цагдаа, төрийн албан тушаалтнууд авлигад идэгдсэн, арилжааны чанартай аливаа асуудлыг хээл хахууль өгч шийддэг болсон, гэмт хэргийн түвшин өндөр, цахилгаан байнга тасардаг зэрэг дэд бүтцийн асуудал хүнд, сургууль, эмнэлгүүд засвараа хийж чадахгүй болсон байв. Саакашвили өргөн хүрээтэй шинэчлэлийн хөтөлбөр боловсруулсан. Авлигад сэжиглэгдсэн улс төрч, төрийн албан хаагч, цагдаагийн ажилтныг шууд халдаг байлаа. Төрийн албан хаагчдын цалинг байнга өсгөж авилга авах шаардлагагүй амьдрах боломж бүрдүүлсэн.

Эдийн засагт давамгайлж байсан олон олигархыг баривчилж, төсөвт их хэмжээний төлбөр төлсний дараа суллаж байв. Бизнес хийхэд саад болдог зөвшөөрөл, лицензийг багасгаж, гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжиж, татварыг хялбарчилж, хувьчлал хийн, татвараас зугтахыг таслан зогсоох зэрэг арга хэмжээ авч эдийн засагт шинэчлэл хийсэн.

Тогтвортой ажиллагаатай гааль, татварын тогтолцоотой болсноор гурван жилийн дотор төсвийн орлого 300 хувиар өссөн. Засгийн газар дэд бүтэц, төрийн үйлчилгээнд томоохон өөрчлөлт хийж сайжруулсан. Жишээ нь, авсан арга хэмжээний үр дүнд ус, цахилгаан хангамж сайжирч тогтвортой ажилладаг болсон. Сургууль, эмнэлгийг шинэчилж засварласан, олон зам барьсан, орон сууцны барилга олноор боссон. Үр дүнд улсын авилгын түвшин эрс буурч, бизнесийн орчин мэдэгдэхүйц сайжирсан байв. Эдийн засаг өсөж амьжиргааны төвшин нэмэгдсэн.

Transparency International” аас гаргасан ”Corruption Perceptions Index” үзүүлэлтэд Гүржийн байр 2004 онд 133, 2008 онд 67, 2012 онд 51-д орсноор Европын холбооны зарим орноос дээгүүр байна. Дэлхийн банк Гүржийг дэлхийн эдийн засгийн тэргүүний шинэчлэгчээр өргөмжилсөн. Бизнесийг амар хийх үзүүлэлтээр есдүгээр байрт орсон бол, түүний хөрш орнууд зуугаас хойш жагссан байдаг. Дэлхийн банк Гүржийн амьжиргааны төвшний эрс өсөлтийг тэмдэглэж 2003 оноос хойших өсөлтийг “Гайхалтай” гэж тодотгосон байна. Гудамжинд гэрэл гэгээтэй, аюулгүй, төрийн үйлчилгээ авилгагүй.

Авлигатай тэмцэхэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын холбогдох байгууллагуудыг уялдуулан зохицуулах үүрэг чухал бөгөөд улс төрийн тун их ач холбогдолтой. Гэхдээ Ерөнхийлөгч хэн гэдэг нь бас чухал юм. Учир нь, гүржүүд монголчуудтай адилхан арга хэмжээ авч хэрэгжүүлсэн, ил тод байдал, шилэн данс, хүний оролцоог багасгаж онлайн хийдэг болсон, гэхдээ тэдний хувьд хамаагүй үр дүнтэй болсон. Шалтгаан нь өөрийг нь сонгосон ердийн иргэдийн төлөө эрх мэдэл, албан тушаалаа бүрэн дайчлах хүсэл эрмэлзэлтэй удирдагч (манлайлагч) байсанд оршиж буй юм.

Р.Амаржаргал.

Өнөөдөр сонин #070(6063), 2017 оны гуравдугаар сарын 29-ны дугаар.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *