БИЗНЕС ХИЙХ ГЭЖ БАЙГАА БОЛ УЛС ТӨРӨӨС ХОЛД, УЛС ТӨРД ОРСОН БОЛ ШИЛЭН БАЙ

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал өнөөдөр СЭЗИС-ийн Удирдах зөвлөлийн дарга хийж байна. Тэрээр улстөрчдийн хамаатан бизнес хийх эрхтэй, гэхдээ шударгаар бизнес хийж байвал нийгэм хүлээн зөвшөөрнө. Харин гарын үсгээрээ хөрөнгөжиж байгаа нь төрийг сүйрүүлж байна гэж үзэж байна. Түүний үзэж буйгаар өнөөгийн ЖДҮХС-гийн зээлтэй холбогдсон улстөрчдийн талаар барих бодлогоор У.Хүрэлсүх, С.Эрдэнэ нарын жинхэнэ нүүр царай харагдана гэнэ.

-Сүүлийн үед ЖДҮХС-гаас улстөрчдийн хамаарал бүхий этгээдүүд их хэмжээний зээл авсан талаар нийгэмд шуугиан үүслээ.

-Ний нуугүй хэлэхэд нарийн ширийн юмнуудыг мэдэхгүй. Гэхдээ миний ойлгож байгаагаар манай дээд шатанд эрх барьж байгаа улстөрчдийн завхарлын тод илрэл. Энэ асуудал өчигдөр гэнэт үүсээгүй байх. Нэлээн удаан ужгирч байгаад өнөөгийн байдалд хүрэх шиг боллоо. Эндээс бид төрийн албаа зүгшрүүлж чадаагүй, улстөрийн намууд төлөвшөөгүй, төрийн албанд ажилладаг хүмүүсийн ёс суртахуун, ёс зүй яаж доошилсон, Монгол Улсын банк санхүүгийн тогтолцоо ямар түвшинд очсон, эдийн засгийн бодлого(хир байгаа нь)харагдаж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд цаана нь юу байгааг сайн олж харах хэрэгтэй. Үүнтэй уялдуулаад хэлэхэд нүдэн дээр ил байгаа зээл авсан улсууд: зохион байгуулалттай гэмт хэргийн шинж харагдаад байгаа юм. Бүлэглэж хийсэн хэрэг юм болов уу гэсэн бодол надад төрөөд байна. Хэрэв тийм бол төр засаг, хууль хяналтын байгууллага төмөр нүүрээ харуулах хэрэгтэй. Улстөрчид гэж өөрсдийгөө нэрлэдэг хүмүүс хаана, юунд зогсож байгаа гэдгээ харуулах хэрэгтэй. Энэ асуудлыг нэг мөр шийдэж байж л асуудал цаашаа явна.

– Та тэгэж шийдэж чадна гэж бодож байна уу?

– Чадах ёстой. Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэр зээл авсан УИХ-ын гишүүддээ дээд зэргийн хариуцлага тооцох ёстой. Ямар нэг урвалт шарвалт тайлбар байх ёсгүй. Тэгэж байж энэ хүн “МАН-аа цэвэрлэлээ, дээд шатанд гаргалаа” гэж ярих эрхтэй болно. Түүнээс ганц нэг хүнээр туг тахичихаад “асуудлыг шийдсэн” гээд цааш явах гэж байгаа бол нийгэм хүлээж авахгүй. Гэхдээ энэ бол зөвхөн МАН-д хамаатай асуудал биш. АН-д ч гэсэн маш том боломж олгож байгаа юм.

– Ямар боломж?

– Яг одоо дэгдээд буй асуудалтай холбоотой алдаа, булхай АН-д байгаа бол цэвэрлэгээ хийж авах хэрэгтэй. Энэ асуудал хоёр намын алинд нь ч хамааралтай. Элдэв үл бүтэх юмнууд байгаа бол энэ асуудлыг шийдэх хүрээнд шинэчлэл хийх боломж гарч байна. Тийм хүмүүст намын нэрээр төрийн үйл ажиллагаанд оролцох замыг хязгаарлах хэрэгтэй. Ингэж байж л энэ хоёр нам ард олны өмнө нэр нүүрээ олж авна. Төр гэдэг бол шүдгүй арслан биш юм байна гэсэн итгэлийг ард түмэнд төрүүлнэ.

– Ийм эрс алхам хийвэл Ерөнхий сайд огцрох аюултай биз дээ?

– Огцорч болно. Эцсийн дүнд шударга ёс тогтох нь чухал уу, нам нь чухал уу, эсвэл тэр бүлэг фракц нь чухал уу гэдгийг бодох ёстой. Шударга бус, ёс зүйгүй юмтай эвлэрэхгүй гэдгээ У.Хүрэлсүх, С.Эрдэнэ хоёр харуулах хэрэгтэй.

– Улстөрчийн хүүхэд бизнес хийж болдоггүй юм уу гэсэн асуулт яваад байна.

– Мэдээж улстөрчийн хүүхэд бизнес хийж болно. Гэхдээ эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж болохгүй. Эрх мэдэлтэй, мэдээлэлд ойрхон байдлаа ашиглаж бусдыг далайлган шийдвэр гаргуулж болохгүй. Хэрэв бизнес хийх гэж байгаа бол улс төрөөс холдох хэрэгтэй. Хэрэв улс төрд орсон бол шилэн байх ёстой. Үйлдэл нь нийгэмд ил тод байх үүрэгтэй. Бас зарим эрхээсээ татгалзах үүрэгтэй. Улс төр бизнес хоёрыг зэрэгцүүлээд яваад байж болохгүй. Улстөрч хүний уудаг, иддэг, хэрэглэдэг юм хязгаартай гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгж байж улс төрд орно. Хэмжээ хязгааргүй идэж уух гэж байгаа бол нөгөө салбартаа л байх хэрэгтэй. Үүнийг л улстөрчид ойлгохгүй байгаа юм. Үүнээс гадна нийгэмд асар их ялгарал үүсээд байна. Баян ядуу гэдэг давхарга л байна. Дундаж давхарга бараг байхгүй боллоо. 

– Энэ юунаас болж байна?

– Хэрэв хүн үнэхээр хөлсөө дуслуулж хөдөлмөрлөөд баяжиж байгаа бол нэг хэрэг. Харин эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж гарын үсгээрээ баяжчихаад хариуцлага хүлээхгүй байгаа бол огт ондоо хэрэг. Ингэж дэндүү шударга бус байж таарахгүй. Орлогын ялгаа ихсээд байгааг шударга бус явдалтай холбож тавихаас аргагүй нөхцөл үүсчихлээ. Улстөрчид ийм үйлдэл хийснээрээ Монгол төрийг сулруулж байна шүү дээ. Үүнийгээ олж харахгүй, ойлгохгүй байгаад гол учир байгаа юм. Монгол Улсын төр, шүүх, гүйцэтгэх засаглалд итгэх итгэл алдраа байна. 

– Намууд өөрсдөдөө хариуцлага тооцох болов уу?

– Шударга ёсыг тогтоох гэж байгаа бол тооцох л хэрэгтэй. Харин тэр хүмүүсд л би хэлээд байгаа. Огцроод ч хамаагүй төрөө цэвэрлэх үү, эсвэл өөрийгөө авч үлдэх тухай бодох уу гэдэг нь тэр хүмүүсийн сонголж болж байна. Энэ асуудлыг даваад гарахад төр арай өөр түвшинд очно. Тийм учраас У.Хүрэлсүхэд өөрийгөө авч гарах уу, төрөө цэвэрлэх үү гэдэг асуудал тулгарч байгаа юм. 

– Үндэсний статистикийн хороо саяхан мэдээлэл хийсэн. Эдийн засаг нэлээд өсөлттэй гарсан. Зарим хүн энэ тоонд итгэхгүй байна. 

– Итгэхгүй байх арга байхгүй. Энэ байгууллага өөрөө хууль ёсны тоо гаргах эрхтэй байгууллага. Дүгнэлт шинжилгээ хийх гэж байгаа бол энэ тоонууд дээр л хийнэ. Миний ойлгосноор эдийн засаг өсөлттэй гарсан. Сүүлийн хоёр жилд сонсогдоогүй сайн үзүүлэлт. 

– Энэ өсөлт юунаас үүдэлтэй вэ?

– 2-3 жилийн өмнө хийсэн хөрөнгө оруулалтын үр дүн. Хүмүүс энэ тоонд итгэхгүй байгаа нь өсөлт өөрсдөд нь мэдрэгдэхгүй болохоор тэр л дээ. Цөөн хүмүүст эдийн засгийн өсөлтийн үр шим нь мэдрэгдээд нийгэмд нөлөө нь тусахгүй байгаа юм. Сүүлийн хоёр жилд хөрөнгө оруулалт нэг их хийгдээгүй.

– Нийгэмд мэдрүүлэх ямар арга байна?

– Өсөлттэй салбаруудаас бусад салбарт боломж олгох хэрэгтэй.

– Саяхан батлагдсан төсвийг хэрхэн харж байна вэ? 

– Шагширч магтаад байх төсөв биш. Төсөв иймэрхүү маягаар батлагддаг. Политэконом талаас харвал сонгуулийн өмнөх төсөв гэдэг нь тодорхой. Төсөв батлах нэг хэрэг. Гол асуудал гүйцэтгэл дээр үүснэ. Санхүүжилт, зарлага тал дээр гүйцэтгэл ямар байх вэ гэдгээс 2019-2020 оны эдийн засаг хамаарна. 

– Өнөөгийн эдийн засгийг таны Ерөнхий сайд байсан 1999 онтой харьцуулбал ямар харагдах бол?

– Хэмжээг бол харьцуулах арга байхгүй. Тухайн үед төсвөөр шийдэх асуудал өнөөдөр шийдэж байгаа асуудал шал өөр. Тухайн үед яаж амьд үлдэх, хөл дээрээ зогсох тухай л яригдаж байсан.

– Таныг Ерөнхий сайдаар ажиллах үед хамгийн том хүндрэл юу байсан бэ?

– Банк санхүүгийн асуудал байсан. Мөнгө урсах банк санхүү нь таг зогссон. Намайг ажил авч байхад цалин, тэтгэврээ тавьж чаддаггүй байсан. Төсвөөс санхүүжилт хийчихсэн үед хөдөө орон нутагт мөнгөө тавьж чадахгүй байсан үе. Банкны систем нь ажиллахгүй байлаа. Миний хийсэн юмнуудын нэг бол ямар ч байсан банкны системийг амилуулсан. Дээр нь багаар ч болов хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх зорилт байсан. Тэгэхдээ л бодит орлогыг нэмэгдүүлж чадсан. Ерөнхий сайд байсан хүнийхээ хувьд нэрлэсэн орлогоос гадна бодит орлогыг нэмэгдүүлэх сувгийг олж харсан.

– Сүүлийн үеийн төсвөөс юу харагдаж байна?

– Хэд хэдэн зүйл харагддаг. Төсөв нийгмийн баялгийг хуваарилдаг асар том хэрэгсэл болж хувирсан. Төсвөөр дамжиж орлогын ялгаа бий болдог болсон. Авлига гэх мэт муухай юм төсвөөс үүсдэг болсон. Суурь асуудлаа шийдээгүй байж төсвөө нэмээд байх нь нөгөө л хээл хахууль муу юмнуудаа тэлээд байна гэсэн үг л дээ. Учир нь төсөв тэлэх тусам албан тушаалтнуудын мэдэлд очих мөнгө нэмэгдээд байгаа юм. Төсвийн зарлагаас харахад асуудлуудаа эрэмбэлэхгүй үндсэн зорилгоосоо гажаад байна уу гэж хардаг. Тухайлбал боловсролын төсөв. Харахад гайгүй юм тавьж байгаа боловч өнөөгийн боловсролын чанар чансааг сайжруулахад хаана нь ч хүрэхгүй мөнгө.

– Ямар утгаараа?

– Аливаа улс орныг сүйтгэхэд боловсролыг нь сүйтгэхэд хангалттай. Заавал цэрэг цагдаа, банк санхүүг нь нураах шаардлагагүй. Боловсролын системийг нь нураачихад л бүх салбарууд унана. Их, дээд сургууль төгссөн хүүхдүүд худалдагч, харуул болно. Инженер зам тавилаа гэхэд сар болохгүй урсаад явчихна. Эмч мэс заслын ширээн дээр хүний амьдралаар тоглоно. Багш хүүхдийнхээ толгойд буруу юм хийнэ. Ингээд нэгээс хоёр үе солигдоход улс орон бүрэн сүйрнэ. Мэдлэггүй боловсролгүй хүмүүс төрд шургалж байшин бариад, хөдөө аж ахуйг залаад ирэхээр эдийн засаг сүйрдэг. Хэрэв үүнийг ойлгож байгаа бол төсөвтөө боловсролын зардлыг яаж хийх ёстойг тодорхой болгох хэрэгтэй.

– Төсөвт яг яаж хандах ёстой вэ?

– Улс орноо хөгжүүлэхэд хоёр асуудлыг тэргүүнд тавих ёстой. Боловсрол, эрүүл мэндэд гол ач холбогдлоо хандуулах хэрэгтэй. Үүнийг олж харахгүй жижиг, дунд үйлдвэрлэл тариалан эрхлэлтийг дэмжих сан нэрээр мөнгө зувчуулаад байж болохгүй.

– Төсвийн зарлагыг сайжруулах замаар боловсрол, эрүүл мэндийн салбарыг босгох боломжгүй юу?

– Болно. Сургуулийн барилга байна. Нэг суманд хэдхэн хүүхдэд зориулж хэдэн тэрбумаар сургууль барьж байна. Гэтэл өөр газар гурван ээлжээр хичээллэж байх жишээтэй. 5-10 жилийн дараа Монголд юу хэрэгтэйг тодорхойлж өнөөдөр төсөвт суулгаж өгөх ёстой. Морь уралдуулж, бөх барилдуулахад мөнгөө зараад байвал яаж эдийн засаг сэргэх юм бэ.

– Танай сургууль, Налайхын Германы хөрөнгө оруулалттай сургуулийн диплом л олон улсад хүлээн зөвшөөрөгддөг юм билээ. Бас л бодох асуудал шүү …?

– Манай сургууль Монголын нүүрийг тахалж байгаа нь үнэн. Гэхдээ Монголдоо л болохоос дэлхийн хэмжээнд хүрэхэд маш их ажиллах хэрэгтэй. Морь, бөхөд олдоод байгаа 200-300 сая төгрөг манай сургуульд олдвол маш их юм хийж болно. Бид зөвхөн газрын төлбөрт 200-гаад сая төгрөг өгч байна. Төр үнэхээр ийм асуудалд хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй.

– Багш нарын ажил хаялтыг дэмжиж байна уу?

– Зөв. Энд тэнд сургууль барина гэж хэдэн тэрбумаар, хөрөнгө оруулалт нэрээр мөнгө цацаж байхын оронд багш нарын цалинг нэмэх хэрэгтэй шүү дээ. Тэгвэл ядаж хулгайлах юм багасна биз дээ. 

– Шударга ёс тогтох болов уу? 

– Тогтоохын төлөө дуугарах хэрэгтэй. 1990-ээд оны шүүгчид хэрэг шүүж байгаа хүнийхээ унаагаар явдаг, цалин гэж хөгийн юм байсан. Одоо тэр үетэй харьцуулшгүй сайжирсан. Гэхдээ улстөрчид шүүх засаглалыг сул байгаасай гэж хүсдэг юм шүү. Шүүхийг хараат бус байлгахын тулд юу хийх ёстой вэ гэдгийг улстөрчид бодох ёстой. Нэг Ерөнхийлөгч гарч ирээд хэсэг шүүгчийг сольдог байж таарахгүй. 

– Та өмчийн эрхийн тухай хуулиа юу болгож байгаа вэ?

– Олон жил ярьж байгаа. Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн өмчтэй байж болно, өмчөө өсгөж үржүүлж болно. Гэтэл энэ эрх амьдрал дээр яаж хангагдаж байна гэсэн асуудал бий. Миний ажигласнаар бол монголчуудын бизнес эрхлэх сонирхол буураад байна. Ингэж үйл тамаа эдэлж байхаар гадагшаа явах гэсэн хандлага өсөөд байх шиг. Сүүлийн үед надтай тийм хүмүүс олон тааралдаж байна.

– Шалтгаан нь юу юм бол?

– Өмчийн эрх нь баталгаажаагүй болохоор бизнес хийх боломж бага байгаа юм. Хүн ямар нэг юм хийхээр төрийн нэрээр булааж авна. Юм бүтээхээр тэрийг нь дээрэмддэг тогтолцоо байна. Эрх мэдэл албан тушаалаараа рекэт хийдэг. Эцсийн дүндээ эдийн засаг хувийн өмч дээр тулгуурлана. Энэ асуудлыг онцгой анхаарахгүй бол байдал хэцүүдчихлээ. Өмчийн эрхийг дагаж явдаг нэг зүйл бол хэлцлийн эрх.

– Хэлцлийн эрхийн хуулиар юуг зохицуулах вэ?

– Энэ хуулиар хоёр иргэний хэлцлийг зохицуулна. Төр зөвхөн маргаан гарсан тохиолдолд гэрээнд оролцогч талуудыг үүргээ биелүүлэхэд л оролцоно.

– Яагаад компаниудыг дээрэмдээд байна?

– Сүүлийн үед би компаниудад хувьцаат болгох талаар зөвлөгөө өгч байгаа. Хэрэв тэгвэл улстөрчид дээрэмдэж чадахгүй. Ганц хүн дарамтад орохдоо амархан байдаг.

– Хувьцаат компани болчихвол эрх зүйн орчин боломжтой юу? 

– Харин ч их гайгүй хуультай байгаа шүү.

Үргэлжлэл бий

ӨДРИЙН СОНИН

2018.11.20 №231 (6073)

ЭНЭ ХОЁР НАМ ХЭДИЙН ЧИНЭЭ АРЧААГҮЙ, ТУЙЛБАРГҮЙ, АВЛИГАЧ, ХУЛГАЙЧ БАЙНА, БУСАД ХҮЧНИЙ ОРОН ЗАЙ ТЭЛЭХ БОЛОМЖ ГАРЧ ИРНЭ. ТЭР ОРОН ЗАЙД ХЭН Ч ТОГЛОХ БОЛОМЖТОЙ.

Түрүүч нь №229 (6072) дугаарт

Сүүлийн үед дэгдээд байгаа ЖДҮХС-гаас өндөр албан тушаалтнууд бага хүүтэй зээл авсан тухай шуугиан нийгмийг цочроож байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан, СЭЗИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Р.Амаржаргалтай ярилцлаа. Тэрээр 1999 оны долдугаар сараас 2000 оны долдугаар сард болсон УИХ-ын сонгууль хүртэл Монгол Улсын Ерөнхий сайд, МҮАН-ын даргын албыг хашсан юм.

-Та АН-даа байгаа юу?

– Байгаа. Намайг хассан барьсан тухай юм дуулдаагүй шүү дээ. Намын батлах маань байж л байна. 

– Намын хуралдаа очдог уу?

– Дуудвал очилгүй яахав. Ойрд хэл дуулаагүй л байна.

– Сүүлийн үед АН-аас хүмүүс хөөгдөж байгаа мэдээ дуулдах боллоо …

– Би сониноос уншсан. Гэхдээ намын тухай нэг их бодоод байгаа зүйл алга. Шинэ удирдлага, шинэ дүрэмтэй болсон, намаа шинэчлэх талаар ажиллаж байгаа байх гэж бодож байна. Алдаж, онож байгаа юм байгаа л байх. Гэхдээ эцсийн дүндээ энэ нам хэр шинэчлэгдэж олны итгэл дааж байгаа вэ гэдэг нь улс төрийн сонгуулиар дүгнэгдэнэ шүү дээ.

– Таны хувьд намуудыг юу гэж харж байна?

– Ний нуугүй хэлэхэд эрх баригч нам явахгүй л байна. Хүмүүстэй уулзаж байхад “Танай энэ намуудыг харахаар бөөлжис цутгаж байна” гэж шууд хэлдэг болчихож. Намууд ийм тийм сайн зүйл хийчихлээ гээд тайлбарлах зүйл надад бага байна. Үнэхээр байдал ийм байхад ямар нэгэн гоё тайлбар хийж хуурах хэрэггүй.

– Та намын дарга байсан бол юу хийх байсан бэ?

– Намууд эрс шинэчлэгдэх ёстой. Хоёр нүүргүйгээр үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Ялангуяа өнөөдөр нийгэм шударга ёсыг нэхэж байгаа тохиолдолд шударга бус тийм үйлдэл гаргаж байгаа гишүүд, албан тушаалтнуудтай хариуцлага тооцох шаардлагатай байгаа юм.

– Та намын даргатай уулзаж энэ саналаа хэлсэн үү?

– Би намын даргатайгаа уулзаагүй хоёр жил шахам болж байна. Энэ хоёр нам чинь өөр нөхцөлд байгаа юм. Нэг нь эрх барьж байна. Нөгөөх нь сөрөг хүчин. Тэгэхээр хийх ажил нь өөр. Сөрөг хүчний хувьд гэрийн даалгавраа авчихсан гэсэн үг. Ард түмэн тэдэнд “За, та нар дөрвөн жил бод. Юун дээрээ алдав. Юун дээр онов гэдгээ тунгаа” гэсэн даалгавар өгсөн. Дээр нь цаашдаа улс орныг ямар бодлогоор, боловсон хүчнээр авч явах юм бэ. Тэгээд 2020 онд дахиад гүйгээд ир гэсэн даалгавар өгсөн. Сөрөг хүчин байхдаа энэ даалгавраа сайн хийчихээд ард түмэндээ очих бол нэг хэрэг. Харин эрх барьж байгаа улс төрийн хүчин бол мэдээж хэрэгжүүлж байгаа бодлогоо олон түмэнд хүртээлтэй байлгах, улс орны хөгжлийг нэг шатаар ахиулах, нийгмийн үнэт зүйлс болсон шударга, зарчимч, хариуцлагатай байх чадвараа амьдралд батлаад явах шаардлагатай. Эрх баригчдын хамгийн гол зүйл нь нийгмийн амьжиргааг дээшлүүлэх юм.

– Нам энэ талаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд байсан хүмүүстэйгээ уулздаггүй юм уу?

– Бусадтай уулздаг эсэхийг мэдэхгүй байна. Намын дунд шатны дарга нар хааяа уулзаж санал солилцох, лекц уншуулах ажил гардаг. АН-ын баруун, төв, зүүн бүсийн намын дарга нарт лекц уншсан.

– Намын дарга нарт ямар сэдвээр лекц уншсан бэ?

– “Төрийн алба, төрийн албаны зарим асуудал” гэсэн сэдвээр лекц уншиж, сонирхсон асуултад хариулсан. Би өөрийнхөө хэмжээнд өгсөн дүгнэлт, үнэлэлтээ ярьсан.

– Та намын дарга байсан хүн …

– Би АН-ын дарга байгаагүй шүү дээ. Би 1999 оны Монголын үндэсний ардчилсан нам (МҮАН)-ын дарга болоод тухайн үеийн таван намыг нэгтгэж одоогийн АН-ыг байгуулах ажлыг зохион байгуулсан. Би Монголд хоёр, гурван зонхилох нам байх ёстой гэж үздэг.

– Өнөөдөр намууд тарж, талцаж байгааг харахад тухай үед таван нам нэгдэх хэцүү байсан байх даа гэ бодогдлоо?

– Нэгтгэдэг хүмүүс гэж байхад тараадаг хүмүүс гэж бас байдаг бололтой юм аа. Тухайн үед намууд нэгдэнэ гэдэг том шинэчлэл байсан. Би тэр ажлыг удирдсандаа баяртай байдаг. Түүнээс хойш алдаа, оноотой явсаар өнөөг хүрлээ. Одоо бол энэ хоёр нам дорвитой шинэчлэл хийхгүй бол болохоо байчихаад байна.

– Ер нь намын үүрэг юу юм бэ?

– Улс орныг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах, түүнийгээ хэрэгжүүлэх боловсон хүчнийг шилж, сонгох, сургах, боловсруулах. Дээр нь тодорхой хариуцлага хүлээх, албан тушаалыг санал болгох.

– Өнөөдөр ийм байж чадаж байна уу?

– Үгүй. Өнөөдөр улс төр өөрөө бизнес болчихоод байна. Гишүүн байх нь хүртэл бизнес болсон. Хэн нэг нь намын албан тушаалд сонгогдохдоо гишүүдийнхээ саналыг худалдаж авна. Боловсон хүчний бодлого гэж бүр байхгүй. Би нэг намын даргын сэтэр зүүсэн байхад л хангалттай мөнгө хийнэ. Энэ бүр технологитой болсон. Намын дарга суудлаа хамгаалж үлдэхийн тулд өөрийн тойрон хүрээлэгчтэй. Тойрон хүрээлэгч албаны өмнө хариуцлага хүлээхээс илүү намын даргын хүслийг гүйцэлдүүлнэ. Үг дуугүй захирагдана гэх мэт зарчмуудтай. Гэхдээ энэ бол зөвхөн АН-д газар авсан үзэгдэл биш МАН-д ч нэвчсэн үзэгдэл. Жишээлбэл, хотын фракц билүү дээ, нэлээд хүчтэй фракц МАН-д байдаг гэдэг дээ. 

– Зөвхөн намын дарга болоод эрх барихгүй биз дээ?

– Намын дарга болоод эрх барьчихвал мэдээж сайн хэрэг. Болоогүй тохиолдол ч намын даргад ашигтай. Сөрөг хүчний дарга эрх баригчдаа айлгаж, шантааж хийх эрхтэй үлдэнэ. Тулган шаардах боломж байхад л ер дийлдэхгүй дээ.

– Та АН-ын аль нэгэн фракцад байсан уу?

– Би нэг их тэгж гүйдэггүй дээ. МҮДН 2000 ондоо татан буугдаад фракц элдэв юм зохион байгуулаагүй шүү дээ. 

– Яагаад намууд, бизнесмэнүүд хэдэн тэрбум төгрөг хаяж УИХ-д суух гээд байна?

– Бизнес хийх эрхгүй, өмч, хэлцлийн хууль байхгүй болохоор өмчөө, бизнесээ хамгаалах хэрэгтэй. Тэрнээс гадна иргэд мөнгөгүй болохоор төр л ажил олгогч болж хувирч байна. Төр нь их мөнгөтэй болохоор төр рүү тэмүүлж л тэр их мөнгөнд ойртоно. Тийм учраас төр рүү зүтгээд байгаа юм. Энэ бол бидний алдаа. Ядахдаа энэ байдлаа цэгцэлж хойч үедээ үлдээх нь бидний үүрэг гэж ойлгож байна.

– Намууд яагаад төлөвшихгүй байна?

– 30 жилдээ гэдэг бас их хугацаа биш л дээ. Улс төрийн намын хувьд бага хугацаа. Энэ хугацаанд нэг их төгс нам төрнө гэж бодохгүй байна. Гэхдээ хийж болох олон зүйл байгаа. Намууд олонхын дэмжлэг авахыг хүсч байгаа бол эхний ээлжинд хоёр нүүр гаргаж болохгүй. Эрх барьж байхдаа нэг юм хэлдэг. Сөрөг хүчин болоод шал эсрэг ярьдаг. Эсвэл сөрөг хүчин байхдаа нэг юм ярьдаг. Эрх бариад эсрэгээр нь хийдэг. Ийм л байж болохгүй.

– Сонгууль дөхсөн энэ үед намууд яах ёстой вэ?

– Их ноцтой асуудал үүсч байгаа өнөө үед намууд, түүний удирдлагуудын нүүр царай ил тод харагдана. Ер нь аль ч үед намууд шударга, зарчимч гэдгээ харуулдаг байх хэрэгтэй. Хэрвээ сонгуульд сонгогчдын олонхын итгэлийг авмаар байгаа бол шударга бус зүйлтэй л бүү эвлэр. Эвлэрэхгүйгээр барахгүй тэмцэж, таслан зогсоо.

– ЖДҮХС-г хэлж байна уу?

– Олны анхааралд өртсөн үе таараад л иргэд энэ асуудал дээр бухимдаад байгаа юм. Зөвхөн энэ биш, өөр олон асуудал дээр намууд байр сууриа илэрхийлэх ёстой. Шударга бус зүйл, түүнтэй холбогдсон албан тушаалтан, гишүүдтэйгээ хариуцлага тооцож чадахгүй л бол намууд цааш явахгүй л дээ. Алив нэгэн асуудалд орооцолдсон гишүүнээ өөрийн цүнх баригч, элдэв юмыг долоож явдаг, нутаг нуга, төрөл садан, фракц гэдэг утгаараа хамгаалаад үлдвэл тэгээд л сонгогчид нүүрээ буруулна. Намаа л сүйрүүлж байгаа гэсэн үг. 

– Эрх барьж байгаа хоёр намын рейтинг нийлээд сонгогчдын 30 хувийн дэмжлэг авахгүй байгаа тухай мэдээ нь зарим хүнд засаглалаа солих цаг болсон гэсэн сэтгэгдэл төрүүлж байх шиг байна?

– Энэ хоёр нам хэдий чинээ арчаагүй, туйлбаргүй, авлигач, хулгайч байна бусад хүчний орон зай тэлэх боломж гарч ирнэ. Тэр орон зайд хэн ч тоглох боломжтой. Нэг нь боломжийн юм ярьж болно. Нөгөө нь хувийн тоглолт хийж болно. Ерөнхийлөгч тэр бүү хэл фашист засаглалын төлөө ч энэ орон зайд тоглож болно. Энэ болж бүтэхгүй юм цаашид томрох уу, жижгэрэх үү гэдэг нь энэ хоёр намын үйл ажиллагаанаас хамаарна.

– Яавал ямар нэгэн хаос үүсэхгүй вэ?

– Энэ хоёр шударга, зарчимтай, ёс зүйтэй, үнэт зүйлтэй байх юм бол энэ зай хумигдана. Энэ хоёр нам өнөөгийн улс төрийн цаг агаарыг тодорхойлж байна.

– Цаг агаар сайхан болох болов уу?

– Энэ хоёр нам цаашид яах бол гэдэг нь өнөөдөр олонхын анхаарлыг татаж байх шиг байгаа юм. Судалгаагаар сонгогчдын 70 хувь энэ хоёр намд итгэхгүй байна гэдэг бол нийгмийн төрд итгэх итгэл ямар байгааг харуулж байна. Тэр том орон зайд төрийн тогтолцооны асуудал ярих боломж бүрдэнэ.

– Та засаглалын ямар тогтолцоог дэмждэг вэ?

– Парламентын засаглалыг дэмжигч.

– Та Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхтэй бол ямар өөрчлөлт оруулах вэ?

– Наадах чинь сайн дурын уран сайханчийн асуулт байна. Цай уух зуур Үндсэн хууль өөрчилчих юм уу.

– Яагаад, би Ерөнхий сайд байсан хүний бодлыг сонирхож байна шүү дээ?

– Би хэдийгээр Ерөнхий сайд байсан, эдийн засаг жаахан гадарладаг хүн хэдий ч захын хүн Үндсэн хуульд ийм өөрчлөлт оруулах хэрэгтэй гээд хэлчихдэг юм биш. Би Үндсэн хуулийн экономик талаас нь ганц хоёр юм хэлчихэж магадгүй. Түүнээс ийм өөрчлөлт оруулах хэрэгтэй гээд шууд хэлчих хүн гэж өөрийгөө бодохгүй байна. Эхлээд Үндсэн хуулийн үзэл санаа гэж юу байдгийг мэдэх хэрэгтэй.

– Юу байдаг юм?

– Үндсэн хуулийн эрх зүй, эдийн засаг, социологи, философи гээд олон юм бий. Бид дэлхийн хаана явна. Иракт тавьсан эдийн засгийн хориг, Хойд Солонгосын байдал, цаашаа эдийн засаг хаашаа явах юм гээд олон асуудлыг багцаар харах хэрэгтэй. Үндсэн хууль чинь өөрөө асар том шинжлэх ухаан байхгүй юу. Тэгэхээр тэр том хэмжээнд сэтгэх чадвартай бүтэц Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьдаг юм.

– Анх манай Үндсэн хууль яаж батлагдсан юм бэ?

– Маш их шүүлтүүрээр орсон. Одоо ч өөрчилж болно гэхдээ мэргэжлийн байгууллагуудаар сайн боловсруулаад сайн шүүж байж иргэдийнхээ гар дээр тавих ёстой. Нэг уулзалт хийчихээд алга ташилт сонсоод өөрчилдөг юм биш.

– Намыг гишүүнчлэлгүй болгох тухай яриа байдаг.

– Тийм юм байдаг. Миний сонирхлыг татдаг. Их ирээдүйтэй санагддаг. Намд гэхээсээ илүү ашиг сонирхлын бүлгүүд байх хэрэгтэй. Жишээлбэл, фэйсбүүк дээр цэцэг сонирхогчдын бүлэг гэж байдаг даа. Түүнтэй төстэй. Тийм бүлгүүд ирээдүйд олшрох байх. Ийм бүлгүүд л манай нийгмийг баяжуулж сонирхолтой болгож байгаа юм шүү дээ.

– Ийм бүлгүүд яаж төр рүү орох вэ?

– Магадгүй 50-100 жилийн дараа энэ бүлгүүд гол асуудал болох байх. Өнөөдөр бол хоёр намаар дамжиж орно. Гэхдээ янз бүрийн шийдлүүд байна. АНУ-д намууд гишүүнчлэл байхгүй. Саналаа өгсөн сонгогчийг гишүүнд тооцно. Английн намын хуульд хоёр хүн нам байгуулж болно гэж заасан байдаг. Тэнд 400-гаад нам байдаг. Гэхдээ парламентад 2-3 нам зонхилдог.

– Нөгөө намууд нь яасан бэ?

– Тэд орон нутгийн түвшинд тодорхой асуудал шийдэх замаар байгуулаад эргээд алга болдог.

– Та гадагшаа ямар ажлаар явах гэж байна?

– Азийн тинк танкуудын дээд чуулганд уригдсан. Хөндөж байгаа асуудлууд нь аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, бүс нутгийн аюулгүй байдал, глобал эдийн засаг. Нийт 20-иод том байгууллага оролцоно.

Х.БАТТӨГС

2018.11.19 ДАВАА №22

ӨДРИЙН СОНИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *