Beautiful Plants For Your Interior
Цар тахлын дараах монголын эдийн засагт хүнд сорилтууд нүүрлэнэ
www.posted.mn сайтын “Сайн уу” булангийн ээлжит дугаарт оролцож энэ жилийн сонгуулийн өнгө, сонгуульд орж буй зорилго зорилт, сонгууль тойрсон зарим зүйлсийн талаар ярилцав.
Их ажлын дундуур ярилцахыг зөвшөөрсөнд баярлалаа. энэ жилийн сонгууль юугаараа өөр, онцгой болж байна вэ гэдгээс яриагаа эхлэх үү?
Онцлог ихтэй сонгууль болж байна. COVID-19 цар тахлаас хамаараад уламжлалт аргаар сурталчилгаа хийх боломж хумигдсан. Нэг дор олон хүнтэй уулзах боломж хомс болохоор бичил уулзалтууд их хийж байна. Гэхдээ цөөн хүнтэй ч бай, олон хүнтэй ч бай уулзах цаг нь ижил болохоор нэр дэвшигчдийн хувьд өндөр ачаалалтай байна. Сая Ардчилсан Намын удирдлагын зүгээс Ардчилсан Нам ялсан тохиолдолд Ерөнхий сайдаар ажиллуулахаар зарлалаа. Энэ удаагийн сонгуульд эрх баригчид ялахын тулд энэ өвчин эмгэг, эдийн засаг зэргийг гаргуунд нь гаргачихлаа. Аль ч нам ялж, хэн ч Ерөнхий сайд боллоо гэсэн бид том хямралтай нүүр тулах нь тодорхой байна.
Иргэд сонгогчдын хувьд янз янзын л байр суурьтай байна. Амьдрал ахуй нь боломжийн, асуудал багатай хүмүүс бол том зургаа хараарай, том асуудлуудаа шийдээрэй гэж хүсэж, тэр талын асуудлыг илүүтэй сонирхож байна. Нөгөө хэсэг нь бол зам, цэцэрлэг, сургууль гэсэн ахуйн асуудал ярьж байна. Ерөнхийдөө иргэдийн улс төрийн боловсрол нэмэгджээ гэсэн дүгнэлттэй сууж байна даа.
Та 24-р тойрогт дэвшиж буй 38 хүний нэг. энэ удаагийн сонгуульд та ямар зорилготойгоор нэр дэвшиж байгаа вэ?
Би 2016 онд намаасаа нэр дэвших бололцоотой байсан ч өөрийн мандатыг эмэгтэйчүүдийн квотод санал болгож дэвшээгүй өнжсөн юм. Ингээд 2016 оноос 2018 оны сүүл хүртэл цэвэр академик судалгаа шинжилгээгээ хийж, магистр, докторын оюутнуудад хичээл орж байлаа. Энэ үед сонин, сайт, телевиз ер үзээгүй. Фэйсбүүк орохгүй бол болохгүй юм шиг л яриад байдаг, амьдарч болж байна лээ. Амгалан тайван сайхан байсан. 2018 оноос сүүлчээр Ардчилсан намаас улс төрд идэвхтэй оролцмоор байна гэж хүссэн. Хэрвээ Р.Амаржаргал гэдэг хүнд хуримтлуулсан улс төрийн капитал, нэр хүнд гэж байдаг бол түүнийг Ардчилсан нам эзэмших бүрэн эрхтэй тул би хүсэлтийг хүлээн авч, эргээд улс төрийн амьдрал руу ороод байна. Энэ сонгуульд намайг Ардчилсан намаас 24-р тойрог, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшүүллээ.
Судалгаа хийдэг хүний хувьд улс орны нөхцөл байдал нэлээд эвгүй байна. Төрийн тогтолцоо, нийгмийн харилцаа, эдийн засгийн аль алинд өөрчлөлт шинэчлэлт хийгдэхгүй бол тун базаахгүй үзүүлэлтүүд гарсаар. Дээр нь цар тахал гараад нөхцөл байдал бүр хүнд болов. Ийм нөхцөлд би биеэ оторлочихоод гаднаас нь шүүмжлээд байхыг хүссэнгүй, улс төр дотор ороод мэдлэг туршлагаа зориулахыг л эрмэлзэж байна.
Миний гол зорилго бол учирч буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад анхаарал хандуулж, хувь нэмрээ оруулах. Цар тахал эдийн засагт маш хүндээр тусна. Сүүлийн статистикаар эдийн засаг өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.7 хувиар унасан байна. Энэ хямрал дараа жилийн дунд хүртэл үргэлжилнэ гэсэн хүлээлт байна. Эхлээд энэ хямралыг бүгд сөхөрчихгүйхэн шиг давах хэрэгтэй. Түүний дараа санасан зорьсон зүйлсээ хийж болох биз. Ардчилсан намын хувьд цар тахлын хямралыг хэрхэн давах вэ гэдэг талаар мөрийн хөтөлбөртөө тусдаа бүлэг оруулсан ганц нам.
Та 2019 онд докторын зэрэг хамгаалсан байсан. өдий насанд эрдмийн зэрэг хамгаалаад явна гэдэг сонирхолтой санагдсан шүү.
Насан туршдаа суралцах нь миний гол зарчим. Ерөөс 21-р зуунд хүн бүрийн л барих ёстой зарчим болчихлоо. Одоо цагт суралцахгүй жаахан л удах юм бол бусдаас хоцрохоор байна.
Би их уншдаг, их судалгаа хийдэг. 2016 оны сонгуулийн дараа академик ажилдаа төвлөрөх бололцоо гарсныг ашиглан хийнэ гэчихээд орхигдуулаад байсан эрдмийн ажлаа барьж авч албан ёсоор хамгаалсан нь тэр. Эдийн засгийн аюулгүй байдлын сэдвээр докторын зэрэг хамгааллаа.
Эргээд улс төрийн сэдэвт шилжье. энэ удаагийн сонгуульд дэвшүүлж буй ардчилсан намын мөрийн хөтөлбөрөөс онцлууштай зүйлсийг товчхон базаж хэлбэл?
Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн гол утга учир нь “Өсөлтийг өрх бүрд” гэсэн уриандаа байгаа. Яагаад өрхийн өсөлтөд онцгой анхаарал хандуулах болсноо товч тайлбарлая. Өнгөрсөн жилүүдэд манай улсын эдийн засгийн тун дажгүй сайн байж ирсэн. 2011 онд 17 хувь, 2017 онд 8 хувь, 2019 онд 5 хувь гэх мэт. 5 хувь гэдэг бол голоод байхаар үзүүлэлт биш. Бусад улс оронд бол магнай тэнийн баярламаар хэрэг. Гэтэл манайд ийм өсөлтүүд гарсаар ирсэн ч яагаад бүгд ярвайгаад байдаг юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Тэр өсөлт нь иргэдийн амьдралд бодитоор бууж наалдаж байна уу гэдэгтэй л холбоотой болж байгаа юм. Эдийн засгийн өсөлт гэдэг эмээ өвөөгийн тэтгэвэр дээр, айлын хөргөгчинд, агаарын бохирдолд, түгжрэлд гээд олон зүйлд тусгалаа олох ёстой. Гэвч тэр нь харагдахгүй, тусгалаа олохгүй байгаад л хүмүүс бухимдаад байгаа хэрэг шүү дээ. Энэ нь өсөлтийг түгээх, амьдралд буулгах суваг механизмууд болохгүй байна гэсэн үг.
Ийм учраас бид өнгөрсөн рүүгээ харж, дүгнэлт хийсэн юм. Ардчилсан нам хүүхдийн мөнгө гэж 10,000 төгрөг олгохыг санаачилж байв. Энэ бол тухайн үед эсэргүүцэлтэй тулгарч байсан ч хүүхдээр дамжуулан өрх айлыг дэмжсэн зөв зүйтэй шийдвэр байсан. Тийм ч учраас яван явсаар одоо хүүхдэд 100,000 төгрөг олгодог болж. Гэсэн хэдий ч одоо манай улсын ядуурал 28.8 хувьтай, өрхийн амьжиргаа бахь байдгаараа л байна.
Эндээс бид ингэж өрхийг хүүхэд, ээж аав гэж салгаж харах хэрэггүй юм байна, өрхийг бүхлээр нь хөгжлийн бодлогынхоо төвд аваачих учиртай юм байна гэж дүгнэсэн. Өвөө эмээ, аав ээж, залуучууд, хүүхдийн орлогын сувгуудыг тус тусад нь томьёолж, тэдгээрийг дэмжинэ гэж тодорхойлсон. Жишээ нь өвөө эмээ нарт зориулсан хамтын тэтгэврийн тогтолцоог бий болгоно, тэтгэвэрт гарсан ч ажил хийх бололцоотой бол тэр боломжийг нь олгоно гэж төлөвлөсөн. Жишээ нь тэтгэвэрт гарсан эмч байлаа гэхэд өрхийн эмнэлэг дээрээ юм уу гэрээрээ хүн үзэх боломжийг олгоно. Эцэг эхийн дэмжихийн хувьд эдийн засгийн төрөлжилтийг дэмжих нь гол шийдэл. Ялангуяа хамгийн их ажлын байрыг бий болгодог хөнгөн үйлдвэр, жижиг бизнесийн салбарт хөрөнгө оруулалт хийж, өргөжүүлэхэд анхаарна. Оюутан залуучуудын хувьд мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдээр дамжуулан эрэлттэй мэргэжлүүдийг эзэмших бололцоог олгоход анхаарна. Энэ мэтээр бид өрхийн өсөлтийг дэмжих цогц хөтөлбөрийг санал болгож байгаа юм. Манай мөрийн хөтөлбөрт нийт 15 том төсөл бий. Үүний ядаж талыг нь хэрэгжүүлчихсэн байхад нийгмийн нэлээд олон асуудлыг шийдэх боломжтой болно гэж бид тооцоолсон.
Ардчилсан нам нэр дэвшихээр горилж буй гишүүдээсээ 100 сая төгрөг татсан. үүнийг олон хүн ярьж, зарим хэсэг нь хатуу шүүмжилж байна. ингэж мөнгө татаж төвлөрүүлэх нь зөв үү? Таны байр суурийг сонсъё?
Сонгууль гэдэг өндөр зардалтай. Тэр зардлыг хаа нэг газраас олох л ёстой байдаг. МАН бол горилогч гишүүдээсээ мөнгө авахгүй гэсэн. Сонгуулийн зардлаа тун амархнаар шийдэх “нууц” олсон юм шиг байгаа юм. Тэр нууцаа бидэнд хуваалцаач гэж хүсмээр байна. Намууд чинь нэг нэгнээ дэмжиж төлөвшүүлээд явах учиртай шүү дээ. МАН-ын сурталчилгаа хийж буй байдлыг харахад биднээс хэд хэдэн илүү зардал гаргаж байна. Ерөнхий сайд нь нисдэг тэргээр тасралтгүй нисэж байна. Би ч бас Ерөнхий сайд байсан. Гэхдээ татварын мөнгийг намын ажилд ингэж зарцуулж түвддэггүй байлаа л даа. Тойрог руугаа ч сайн явж чадахгүй байсаар сонгуульд унаж л байлаа. Тэгэхээр МАН бидэнд тэр нууцаа хэлж өгөөч. Намын санхүүжилт шийдэгдвэл төрд л хэрэгтэй. Гэтэл тас нуучихаад байна… Манай намын хувьд бодож бодож олсон шийдэл нь л тэр юм. Түүнийгээ нууж хаагаагүй, ил зарлаад явсан. Гишүүн болохоор горилж буй хүн амьдрал ахуйгаа тодорхой хэмжээнд шийдсэн, хандив өргөх дэмжигчидтэй байх учиртай гэдгийг бас тооцсон хэрэг.
Та 1996 оноос хойш парламентад 4 удаа сонгогдсон байна. энэ хугацаанд хийсэн ямар ажлуудаараа бахархдаг вэ? улс төрчийн хувьд одоогоор таны бүтээгээд буй өв гэвэл?
Олон зүйл ярьж болох байх. Гэхдээ хоёрыг нь онцолж ярья.
Нэгдүгээрт, 1998 онд Монгол Улс “цөмийн зэвсэггүй бүс”-ийн статустай болоход оруулсан хувь нэмрээ хэлнэ. Монгол Улс өөрийгөө цөмийн зэвсэггүй бүс хэмээн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын 5 улсаар хүлээн зөвшөөрүүлсэн. Өөрөөр хэлбэл, Англи, Франц, АНУ, ОХУ, Хятад гэсэн таван том гүрэн манай улсын аюулгүй байдлыг баталгаажуулж өгсөн юм. Үүнийг бодитоор хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулсандаа өөртөө сэтгэл хангалуун байдаг.
Хоёрдугаарт, татварын шинэчлэлийн асуудал байна. Өмнөх засгийн газрын үед НӨАТ-ын шинэ тогтолцоог нэвтрүүлэх ажлыг би хоёр жил ахалж ажилласан. Өмнө нь нөхцөл байдал ямар байсан бэ гэвэл аж ахуйн нэгжүүд татварын байцаагч нартай “тулдаг” байв. Улмаар зарим аж ахуйн нэгж “хувийн” байцаагчтай болж, хоорондоо ярьж тохирон бага татвар төлдөг үзэгдэл их байсан. Энэ байдал магадгүй сүүлийн 20 жил үргэлжилсэн байх. Ингээд бид яавал иргэд, байгууллагууд татвар төлөгч болонгоо татварын процессд хяналт тавих вэ гэж бодож тунгааж, шинэ шийдэл боловсруулсан юм. НӨАТ-ын бүртгэл цахимд шилжиж, хэн нэгэн ямар нэг арилжаа хийх үед тэр нь автоматаар системд бүртгэгддэг болсон. Эдийн засаг бүртгэл дээр тулгуурладаг болохоор энэ бол маш чухал алхам. Ингэснээр татвараас зайлсхийх, зугтах ойлголт багасаж, төсөвт төвлөрөх татварын орлогын хэмжээ хэд дахин нэмэгдсэн. Татварын энэ шинэчлэл өмнөх засгийн газрын үед батлагдаад 2016-2020 оны засгийн газар үр шимийг нь хүртлээ.
Мөн Ирээдүйн өв сангийн тухай хуулийг мөн дурдаж болно. Зарим хүмүүс бид өнгөрсөн үеийн хийж бүтээсэн дээр дөрөөлж амьдардаг гэж үздэг. Харин над мэтийн нөгөө хэсэг нь бид ирээдүйгээсээ зээлж амьдардаг гэж үздэг. Бид ирээдүйгээсээ усыг нь, модыг нь, байгалийг нь зээлж амьдарч байна. Тийм учраас ирээдүй хойч үедээ тодорхой хэмжээгээр төлбөр төлж үлдээх ёстой. Өнөөдөр уул уурхайгаасаа орлого олж байвал зарим хэсгийг нь тэдэнд үлдээх нь зүйтэй. Цаг нь болохоор дараа үеийнхэн өөрсдөө зарцуулна. Энэ хууль бол одоогийн орлогоосоо ирээдүйд хувь үлдээх механизмыг гаргаж өгсөн юм. Мэдээж байнгын ажиллагаатай парламент байгаа учраас энэ хуулийг улам сайжруулаад явах учиртай. Гол нь үндсэн философио л алдаж болохгүй. Харамсалтай нь энэ жил энэ сангаас 1.5 их наяд төгрөгийг нь аваад хэрэглэчихлээ. Үүнд тун гонсгор байгаа.
Парламентад олон удаа сонгогдсон буюу ахмад улс төрчдийг одоо болно, зөвхөн шинэ хүмүүс сонгох хэрэгтэй гэсэн уриалга бас нэлээд явж байна. энэ тухайд та ямар бодолтой байна?
Би хувьдаа залуу хүмүүсийг парламентад оруулж, цус сэлбэх зайлшгүй шаардлагатай гэж бодож байгаа. Тэр ч утгаараа Ардчилсан намын дэвшүүлсэн 76 хүний 54 нь өмнө нь парламентад сууж байгаагүй цоо шинэ хүмүүс байна. Голдуу 40 орчим насны залуучууд. Өөрөөр хэлбэл Ардчилсан нам бодлогын хувьд залуучуудаа бэлдэж чадсан. МАН-ын хувьд эсрэгээрээ жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн асуудалд холбогдсон хүмүүсээсээ эргээд дэвшүүлж байх жишээтэй.
Нөгөөтээгүүр, төрийн ой санамж гэдэг нэг чухал ойлголт бий. Нэг асуудал хэлэлцэх гээд оруулж ирэх үед өмнөх парламентад сууж байсан туршлагатай гишүүд тухайн асуудал өмнө нь хэзээ яаж хөндөгдөж байсан, яагаад өмнө нь шийдэгдээгүй вэ гэх зэргийг сануулан ой санамж болж, тухайн асуудал илүү бодитой, зөв зүйтэй шийдэгдэх бололцоог бүрдүүлдэг. Тэгэхээр хэт туйлшрах хэрэггүй юм. Туршлагатай хүмүүс, шинэ хүмүүсийн зохистой харьцааг л хадгалах хэрэгтэй.
Одоо бүрэлдэх уих-ыг маш хүнд сорилтууд хүлээж байна гэлцэж байгаа. эдийн засгийн байдал хүнд, дээр нь олон том өрийн эргэн төлөлт хийгдэх цаг үе эхэлж байна. тэгэхээр таныхаар энэ шинэ парламентын гол даалгавар нь юу байх ёстой вэ?
Цар тахлын асуудал үнэхээр эдийн засгийг сөхрүүлж байна. Гэвч одоогийн эрх баригчид энэ асуудлыг тойроод байх юм. Гоё гоё юмаа яриад л. Үнэндээ гунигтай байна. Түрүүнд дурдсанчлан ганц Ардчилсан нам л мөрийн хөтөлбөртөө цар тахлыг давж гарах тухай тусдаа бүлэг оруулсан. Бид УИХ-д олонх болж чадвал богино хугацаанд юу юу хийх вэ гэдгээ чиглэл чиглэлээр нь тов тодорхой боловсруулж байна.
Тэгэхээр энэ парламентын эхний гол даалгавар бол иргэдийнхээ орлогыг тасалдуулахгүй байх. Болж өгвөл 2021 оны дунд хүртэл шүү. Үүний тулд бизнесүүдээ дэмжих ёстой. Мөнгөний бодлого ийшээ чиглэх ёстой. Зээлийн хүү, татварын хувиа бодолцох учиртай. Жишээ нь манай нам НӨАТ-ыг 5 хувь хүртэл бууруулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Төсвийг дахин хуваарилах замаар иргэд ба бизнесүүдийн орлогод нэмэр тусламж үзүүлж болно. Үүний зэрэгцээ гадаадын зээл, хөрөнгө оруулалт татах гэх мэт цогц хөтөлбөрийг дэвшүүлсэн байгаа. Ийм хоолойд тулсан асуудалд одоо хоосон уриа лоозон хэрэггүй. Бодит үйлдэл л хэрэгтэй.
Цаг үеийн шаардлагаар гэх үү яах аргагүй улс төрийн тухай нэлээн ярилаа. одоо харин таны сүүлийн үед ямар ямар ном уншиж байгаатай танилцаад яриагаа өндөрлөвөл яаж байна?
Унших юм ч нас дагаад өөрчлөгдөөд байдаг юм байна. Сүүлийн үед би философийн чиглэлийн номууд голдуу уншдаг болж. Мөн шинэ үеийн технологи, хиймэл оюун, аж үйлдвэрийн 4-р хувьсгал зэргийн талаар сонирхдог. “Ширнэн”, “Алтангэрэл”, “Очроор огтлогч” зэрэг судруудыг өөрийн хэмжээнд судлах гэж оролддог. Шашин гэхээсээ философилог тал нь их сонирхол татдаг юм.
Мөн Платоныг эргээд уншиж байна. 2500 жилийн өмнөх энэ хүний бичиж үлдээсэн, ярьж байсан зүйлсийг эргээд уншихад яг л одоо хөндөгддөг буй асуудлууд байдаг. Тавьж буй асуулт, хайж буй хариулт нь яг л биднийхтэй ижил гээд бод доо.
Мөн Насим Талебын номуудад дуртай шүү. Сүүлд гаргасан “Skin in the Game” номд ямар нэг шийдвэр гаргаж буй хүн хариуцлагаа биеэрээ хүлээдэг байх тухай голчилж хөндсөн байна лээ. Байшин баривал түүндээ амьдар гэх маягийн. Төрд шийдвэр гаргаж буй хүмүүс ч гаргасан шийдвэрийн хариуцлагыг өөрсдөө үүрдэг байх хэрэгтэй гэсэн үг. Энэ санааг нь улс орны одоогийн нөхцөл байдалтай уялдуулж бодож болж байгаа юм.