Ломбард чиглэсэн ардын зам баларсангүй ээ.

Р.Амаржаргал.  

Ковид19 гарч ирсэн шигээ л гэнэт алга болно, бид яаж ийгээд л түүнийг давах болно. Харин Ковид19 дараах амьдрал, биднийг ямар сорилт хүлээж буй талаар зарим нэгэн санаа бодлоо хуваалцъя. 

Цар тахал гэсээр ойрын ирээдүйд бүтцийн зарчмын өөрчлөлтөд тулгуурласан эдийн засгийн өсөлтийн тухай мартжээ. Цар тахал орлогын ялгарал, ядуурлыг улам нэмэгдүүлсэн хэдий ч тэдгээрийг шийдэх боломжийг бидэнд олгов. Шийдэлийг олж харах нь бидний үүрэг бөгөөд хямралын дараах сэргээн босголтыг хэрэгжүүлэхдээ юунд анхаарах ёстойг одоо бодож байх ёстой юм. 

Миний бодлоор гурван том сорилт биднийг хүлээж байгаа:

  1. Нийгмийн мобильность буюу хөдөлгөөнт чанарыг эрс нэмэгдүүлэх, тэгш бус байдал, ядуурлыг халах эдийн засгийн арга хэрэгслийг шинэчлэх, өөрчлөх асуудлыг шийдэж чадах уу?
  2. Эдийн засгийн өсөлтийг тогтвортой хангах эх үүсвэрийг олж тогтоох, амилуулах асуудлыг шийдэж чадах уу? 
  3. Эдийн засгийн цоо шинэ зорилт, загваруудыг дэвшүүлж чадах уу? 

Бидэнд зүгээр нэг эдийн засгийн өсөлт биш харин чанартай өсөлт амин чухал. Энэ утгаар өсөлтийн хурдцаас илүүд чанар, шинэ чиг хандлагыг урьтал болгох цаг ирлээ. 

Цар тахлаас бид сургамж авсан бол хөгжлийг тодорхойлогч, хувийн сектор бизнесийг тамир суулган хөл дээр нь баттай босгох, өсөлтийг тогтвортой барих, хүртээмжтэй байлгах, хөдөлмөрлөх хүсэлтэй хэнд ч гэсэн боломж олгосон байх ёстойг нэг мөр ухаарсан байх. 

Үүнийг тулд яах, юу хийх ёстой вэ? 

  1. Бодит байдал, дүр төрхөө олж харах. Жишээ нь, зөвхөн ДНБ-ны өсөлт гэдгээр эдийн засгийн байдлыг дүгнэж болохгүй. Манайх шиг улсад, уул уурхайн зарим нэг экспортыг нэмэгдүүлэхэд хүссэн тоо гаргаад ирнэ. Тиймээс Ковид 19 дараа ажилгүйдэл, тэтгэмж, тэтгэлэг хүртэгчдийн тоог онцгой анхаарч төрийн шийдвэр гаргах ёстой гэж бодож байна. 
    1. Өрхийн хэрэглээ, түүний тоо, хэмжээ, бүтцэд гарч буй өөрчлөлтийг улирал бүр, болж өгвөл сар сараар нь бодитой гаргаж төрийн бодлогыг тухай бүрд нь залруулан, тодотгож гурваас доошгүй жил явах шаардлагатай. Алсдаа ч эл үзүүлэлтүүд нь шалгуур баримжаа болох ёстой. 
    2. Миний ойлгож байгаагаар асуудал энэ удаагийн цар тахлаар төгсгөл болохгүй. Ар араас нь ковид 20, 30 г.м “олон ангит” драм үргэлжилнэ гэж тооцож эдийн засгийг, нэн ялангуяа сангийн бодлогыг төлөвлөх шаардлагатай. 
  2. Хөдөлмөрийн зах зээл чухам яах, ямар чиглэл давамгайлахыг урьдчилан хэлэх аргагүй байгааг хүлээн зөвшөөрч эдийн засгийн нөөц, бололцоог зузаатгах, дайчлах, түргэн шуурхай маневрлох чадавхтай төрийн алба, албан хаагч нартаа болох нь нэг намын эрх ашгаас хамаагүй дээгүүр шаардлага юм. Төрийн албыг зоригтой шинэчлэх, үр өгөөж, бүтээжийг эрс нэмэгдүүлэх цаг хэдийнээ болсон.
  3. Ашиг орлогоо бодоод ажилчид аа  явуулж буй, хөрөнгө оруулалтаа хумьж буй аж ахуйн нэгж нь “төр засгаас болж байгаа ш дээ” гэж хэлэх бүрэн эрхтэй. Тэднийг буруутгах аргагүй, гэхдээ яг ийм хүнд, сорилтын үед л шинэ боломж, үйл ажиллагааны шинэ чиглэл, арга хэлбэрийг олж харах нь менежер хүний ур чадвар, үүрэг, цаг үетэйгээ нийцэх эсэхийн шалгуур юм шүү. Инноваци гэдэг нь зөвхөн үйлдвэрлэлийн процессыг хэлээд байгаа юм биш. Мөн стратегийн шийдвэр гаргах чадварыг бас багтааж буй ойлголт. 
  4. Тэгш бус, шударга бус байдлыг өөгшүүлдэг орчныг бүрмөсөн халах ховор боломж байна гэж би харж байна. Хөгжилтэй улс орнуудад технологийн дэвшил, глобал эдийн засгийн бүтцэд ямар нэгэн байдлаар хамрагдаж чадсан нь “эрс тасарсан”, харин Монголд төрд хэн ойрхон, төсөвт хэн ойрхон, лицензэд хэн ойрхон байсан, хэн шударга зүтгээрэй гэж хүлээлгэсэн төрийн албыг өөрийн шуналдаа бүрэн ашиглаж чадсан нь эрс тасарсан. Төрийн эрх мэдэлд шуналт нэг нь түүнийг дүүрэн ашигладаг хэдий ч, (төрд) маш муу зүтгэдэг л дээ.
    1. Ковид 19 баялаг, орлогын ялгарлыг нэмэгдүүлсэн, гэхдээ “тасарсан” хэдийг улам баяжуулсан гэхээс ядуу, дундчуудыг улам доройтуулсан. Тиймээс харьцангуй ядуурал цаашид тэвчихын аргагүй байдалд ороод байна. Энэ утгаар, Ковид 19-ийг даван гарах (ер нь аливаа хямралыг) ачааг хэн үүрэх вэ? Санхүүгийн ачаалал хэний нуруунд ирэх вэ гэдэг нь улс төрийн сонголтын асуудал шүү. Хэнд ямар ачаа үрүүлэхийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар улс төрийн сонголтоороо шийднэ. Бүр тодорхой хэлбэл, У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Х.Баттулга яг ийм дарааллаар хариуцлага үүрнэ. 
    2. Тэгш бус байдал ямар байна, яах хандлагатай, юунаас болоод байна гэдгийг төрийн шийдвэр гаргадаг хүмүүсийн ширээн дээр хамгийн түрүүнд тавигддаг үзүүлэлт байх ёстой. 
    3. Мэдээж хэрэг төрийн шийдвэр гаргаж болохуйц хэмжээний судалгаа шинжилгээ нь байх ёстой бөгөөд түүнийг хийж чадах судлаачид, төв нь байх ёстой. Бодит байдлыг гоёж чаминчлалгүй, “будаг шунхгүй” илэрхийлэх чадавх бүхий институцүүд хэрэгтэй гэдгийг сануулъя. 
  5. Нийгмийн хамгааллын тогтолцоо шаардлага хангаж байгаа эсэхийг үндсээр нь эргэж нэг үнэлж, нягтлах цаг болсон. Тухайлбал, ажилгүйдлийн даатгалыг тооцох, хамруулах, санхүүжүүлэх өнөөгийн байдал цагийн шалгуур даасангүй. 
    1. Цаашид нийгмийн хамгааллын чиглэлүүдээс аль нь амин чухал болох хандлагатай байгааг засаг мэдэж байх үүрэгтэй. Эдгээрийг зөв олж харвал нийгмийн давхарга доторх болон давхарга хоорондын, тухайлбал, ажиллах хүчний хөдөлгөөнт чанарыг эрс нэмэгдүүлэх, 2030 он гэхэд хүчирхэг, бат бэх дундаж давхарга буй болгох, түүнд нь хүн амын 80 орчим хувь нь хамрагдсан байхаар зорилт дэвшүүлэн хэрэгжүүлэх бүрэн боломжтой. 
    2. Өрхийн амьжиргааны зайлшгүй байх түвшин гэдэг үзүүлэлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдгийн оронд ашиглаж эхлэх хэрэгтэй. 
  6. Дараагийн нэг том тун ч төвөгтөө асуудал бол татвар. Тэгш бус байдал, шударга бус байдлыг шийдэх, нийгмийн тогтвортой, тасралтгүй хөгжлийг удирдлага болгон баялагын дахин хуваарилалтыг хэрэгжүүлдэг байх нь цаг үеийн хойшлуулах аргагүй зорилт болжээ. 
    1. Үндэсний хэдэн үйлдвэрийг босгож ирэх, татвараас зугтах зайлсхийх, нуун дарагдуулах зэрэг зохисгүй үйлдлийг зогсоох, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэг зорилготой бүрдүүлсэн  татварын тогтолцоо сүүлийн 20 гаруй жил үйлчилж ирсэн билээ. Зорилтоо биелүүлсэн юм ч байгаа, цаг үеийн шаардлага даагаагүй юм ч байгаа. 
    2. Одоо татварын шинэтгэл хийх цаг болсон бөгөөд түүний гол утга нь шударга хэрэгждэг, тэгш бус байдлаас сэрэмжилсэн байхаар дизайн хийх ёстой. 
    3. Ялангуяа өөрөө хөлс хүч гаргаагүй мөртлөө, жишээ нь, уул уурхайн лицензээр далимдуулан рент хүртээд суудаг нэг хэсэг олны дургүйцэл хүргэж байгаа, тэдний улс төрд хутгалддаг нь хирээс хэтрээд байгааг одоо л шийдэх боломж гэж би харж байна.   
  7. Бидний нэг том проблем нь “хойд хормойгоороо урьдахаа нөхөж” ирсэн өрийн асуудал. Улс орны өр нь түгшүүртэй байсан бол, Ковид 19 дараа, бизнес нь өрийн торноос салахын аргагүй болчихлоо. Асуудлыг хэрхэн шийдэх талаар бишгүй л санал явж байна. 
    1. Асуудлыг бүхлээр нь шийдэх аргагүй бол хэсэгчлэн шийдэх арга байдаг. Хэсэгчилсэн шийд олохгүй байгаа бол нэг хэсэг орхих арга буй. Өөрөөр хэлбэл, Ковид19 өмнөх, дараах гэсэн татвар, өр, зээлийн тайлан балансыг хэрэглээд явж болно. 
    2. Хүсвэл шийдэл байгаа бөгөөд дахиад онцгойлон анхааруулахад – энэ бол эдийн засгийн асуудал биш харин улс төрийн сонголтын асуудал юм. Монголд мөнгө дутаагүй, байхгүй биш ээ, хуваарилалт (хэнд хэдийг өгөх вэ гэсэн) нь улс төрийн сонголт бөгөөд тэр нь дэндүү шог, дэндүү харалган, дэндүү шударга бус байгаа юм. 
  8. Бодит эдийн засгийн сектор сүрхий донсолгоонд өртлөө. Аж ахуйн хэлхээс тасалдаж, итгэлцэл буурч, санхүүгийн системийн хоцрогдлоос хамааран бартер газар авлаа. Ломбард чиглэсэн ардын зам баларсангүй ээ. 
    1. Дэлхийн болон бүс нутгийн худалдаа ямархуу дүр төрхтэй болохыг хэлэх арга алга ч 800 км цаана, өмнө зүгт дэлхийн эдийн засгийг чирч яваа, цаашид ч чирэх эдийн засаг байгаа. Энэ давуу талаа ашиглаж чадахгүй бол бидний хохь болох биз. 
  9. Хөрш орны эдийн засгийн олгож буй бололцоог бүрэн ашиглахын зэрэгцээ боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлж, яваандаа уул уурхай бус харин эдгээр салбар Монголын эдийн засгийн 2\3 бүрдүүлдэг болох ёстой юм. Тийм бололцоо бүрэн байгаа. Монголчууд газар шороогоо хэн “хир гүн, хир хурдан ухах вэ” гэдгээр уралдах бус харин толгойгоо ухан сайхан амьдрах бололцоотой. Аж үйлдвэр 4.0, хиймэл оюун ухаан, их өгөгдөхүүн, генетик, нано технологи гэх мэтийн орчин үеийн шинжлэх ухааны ололт бидэнд хосгүй боломж олгож байгаа юм. Бид чадах ёстой биш харин чадах үүрэгтэй. Энэ стратегийн зорилтыг төр засаг хэрэгжүүлэх ёстой. Энэ ажил болж, бодит байдал болгож байж л улс төр, эдийн засгийн тугаар тогтнол аюулгүй байдлаа хангана, баталгаажуулан. Энэ бол миний итгэл үнэмшил. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *