Beautiful Plants For Your Interior
Нийгмээрээ, нийтээрээ манкурт болчихгүй юмсан
Фото: Л.БАТДОРЖ
Р.АМАРЖАРГАЛ, Т.БААСАНСҮРЭН
Монголчууд өдөр бүр ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээг хүлээдэг болчихлоо. Нийгэмд битүү түгшүүр мэдрэгдэж байна. Тэгсэн атлаа хэтэрхий хэнэггүй загнана. 10-20 хүн халдвар авчээ гэдгийг сонсоод ямар ч болсон 30 гараагүй юм байна гэж тайвширдаг болжээ. Ингэж тайтгардаг нь зөв үү? Нэг тохиолдол гарсан ч аюулын харанга дэлдэж байгаа хэрэг юм бишүү. Үүнээс үзвэл хүмүүсийн чих дөжирчээ. Муу мэдээнд дасна гэдэг энэ байх. Тоохоо больж эхэлж байна.
Энд тэнд хүн алга болсон, хөлдөж үхсэн зэрэг ахуйн чанартай гэмт хэргийн мэдээг анзаарахгүй, төр засгийн бүтэлгүйтэл, тэнэглэлийг тоохгүй болтол муу мэдээнд дасч байна. Өдрөөс өдөрт муу мэдээний дооз тун нь нэмэгдэхгүй бол нэг л хоосон, өчигдрөөс илүү муу мэдээ хаанаас ирэх бол гээд фэйсбүүкээ онгичоод салахаа больсон аж.
Ер нь муу мэдээ сэтгэлийн түгшүүрийг өдөөж, тодорхой хэмжээний адреаналин цацдаг байж таарна. Зарим хүний тархи толгой нь сонор сэрэмж, өөрийгөө хамгаалах инстинктээ сэрээж, тодорхой алхам хийхээсээ илүүтэйгээр сошиал ертөнц рүү шумбан орж, тэндээс илүү их муу мэдээ эрж хайдаг, түүнийгээ олж авбал сая тайвширдаг болжээ. Хаана газар хөдлөх бол, хаана үер бууж, бөмбөг дэлбэрч, онгоц сүйрэх бол? Аль улс орны зах зээл нуран унаж, хэн улс төрийн өндөрлөгөөс ойчих гэж байна, хэнийг шоронд явуулахаар зэхэж байна вэ? Эрхэм гишүүд, сайд нараас хэн ээлжит солиотой амлалтаа сүр бадруулан зарлах бол гэх мэтчилэн хамгийн адгийн шуналаа сэдрээж, түүнийгээ тэжээж тэтгэж амьдардаг хэвшил тогтож эхэллээ. Сенсаци хөөцөлдсөн медиаг дагаж огт буруу итгэл үнэмшилтэй болж буй хүмүүсийн тоо нэмэгдсээр байна.
Монголчууд бүгд л бага зэрэг солиоролд автсан, муу мэдээнд донтсон энэ нөхцөлд яах ёстой юм вэ гэж асуухаар ямар ч хаяггүй болчихно. Хаяггүй асуулт тавих нь бодит байдлаас зугтаж буй, үнэнтэй нүүр тулах хүсэлгүй байгаагийн шинж л дээ. Хэрэв үнэхээр хариулт эрж хайж байгаа бол би яах, юу хийх вэ, Төр засаг юу хийх ёстой вэ гэж нэр хаяг зааж асууж, хариулт авах ёстой юм.
Өмнөх жил, өмнөх юм бүхэн бүгд сайхан байсан мэт сэтгэлгээ газар авч “буцаая, хуучнаа сэргээе” гэх мэт уриа, өдөөн хатгалт газар авч байна. Цаг хугацааг буцаах арга даанч байхгүй гэдгийг өдөөн хатгагчид мэдэж байгаа ч “чоно борооноор хөдлөхгүй бол чоно биш болох байлгүй дээ” гэсэн зарчмаар ажиллаж байна. Ийм үед л том амлаж, томоор сүржигнэхгүй бол хүн сүрэг сэтгэл ханахгүй гэдгийг тэд маш сайн мэдэж байгаа юм.
Бид өнөөгөө буюу нүдэнд харагдаж байгаа бүхэндээ хэт хатуурхаад, харин нэгэнт өнгөрч одсоноо сайн сайхнаар төсөөлдөг нь хүн хэмээх бодгалийн өөрийнх нь өвөрмөц онцлог шинж юм. Өнгөрсөнөө дандаа сайнаар дурсан санадаг, бидний тархи ер нь ингэж л ажилладаг.
2020 он бидний хувьд хамгийн хөгийн, хамгийн муу, хамгийн хэцүү он жил байлаа гэхийг 300, 200, 100 тэр ч бүү хэл бүр 50, 30-хан жилийн өмнө амьдарч байсан өвөг дээдэс маань хэрэв сонсож болдогсон бол хөх инээд нь лавтай хүрэх байх. Зовлон үзээгүй, зовлон гэж юу болохыг та нар мэдэхгүй байна гэж хэлэх байх. Түүхэн хөгжлийн өчигдрийг биш, бүр саяхны тухайлбал 1918 оны испани ханиад 50 сая хүний амь насыг авч одсоныг эргээд нэг санацгаая л даа. Тэр үед хүний амь нэг их үнэтэй зүйл байсангүй. Гэтэл өнөөдөр шинжлэх ухаан, хөгжил дэвшлийн өндөрлөгт хүрсний ачаар хүн бүрийн амь насны төлөө улс орнууд бүгд тэмцэж байна.
“Да, были люди в наше время, -Не то, что нынешнее племя” гэж Оросын их зохиолч М.Ю.Лермонтов бичсэн байдаг. Бидний үед хүн шиг хүмүүс байж дээ, өнөөдрийн үеийнх шиг бишээ, огт өөр хүмүүс байсан юм. Энэ залуучууд нэг л бишээ гэж ирээд л нэг их сүрхий домоглох дуртай болчихжээ өнөөдөр бид.
Одоо бүх зүйл уруудаад эхэлсэн, цар тахлыг аль хэдийнээ алдчихсан, ЭМЯ худал мэдээлэл тарааж, үнэнийг нууж байсан гэдэг нь хяналтаас гадуурх шинэ шинэ голомт нийслэлд гарч ирж буйгаар нэгэнт батлагдчихсан. Үүн дээр нь засаг төр оршин тогтож байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа. Хамгийн гол нь бид өөрсдөө хууртагдах асар их хүсэл эрмэлзэлтэй болчихсонд хамаг учир байгаа юм.
Муу ёрлосон хүлээлт өнөөдөр бараг хүн бүрт гүнзгий шингэсэн байх агаад тэр нь сөрөг хүлээлтийг өдөөж, үг хэллэгээр амилж босоод улмаар биеллээ олж хэрэгжих гээд байдаг болчихжээ.
Өмнөх нийгэмд та радио, телевизээр мэдээ хүлээн авдаг, үзэл суртлын ухуулга сурталчилгааны гол бай, обьект нь байсан бол харин өнөөдөр өөрсдөө сошиал ертөнцөд сайн дураараа идэвхийлэн оролцогчид болж хувирсан байна. Уурлах бухимдах, уцаарлах тавгүйтэх зүйлс үнэндээ багагүй байгаа нь бодит үнэн.
Тэр бүхнийгээ илэрхийлэх гэж хүмүүс хүсдэг нь мэдээж. Тэгэхдээ шүүмжлэлт сэтгэлгээ төлөвшөөгүй нэгэн сошиал медиагаар дамжин нийгмийн харилцаанд оролцоод байгаа мэт боловч үнэн хэрэг дээрээ бодит ахуй амьдралаас тасран холдож виртуаль ертөнцөд тархиа угаалгаж байгаагаа ер нь ойлгож ухаарч чадаж байна уу, үгүй юү гэж асуумаар байна.
Монгол дахь интернэт орчинд ердөө хоёр зуу хүрэхгүй хүн л идэвхтэйгээр зорилготой ажилладаг юм шүү дээ. Түүнээс олон хүн байхгүй. Тэд бол тодорхой зорилготой, том “даалгавартай”, тод хүсэл эрмэлзэлтэй улс. Тэдний хэлсэн, ярьсан бүхнийг туйлын үнэн болгож шүүрч аваад, итгэж үнэмшээд, нийгмийн сэтгэлзүй, нийт ард түмний санаа бодол мөн гэж ойлгоод төр засаг нь хүртэл түргэн жагсаал авч тогтоол шийдвэр гаргадаг болсон сонин бөгөөд солиотой цаг үед аж төрж, амьдарч байгаагаа иргэн та ер нь ойлгож мэдэрч чадаж байна уу, үгүй юү?
“Та нар фэйсбүүкээ ухаад л шарсан төмсөө идээд л гэртээ хэвтэж бай, танд адреналин нэмэгдүүлэх шуугиант мэдээгээр бид таслахгүй, бас өлсөөд гудамжинд гарахгүй байх хэмжээний мөнгөөр бид тэтгээд байж чадна” гэж эрх мэдэлтнүүд их номлогч нарыг илгээж байгаа нь энэ юм.
Фэйсбүүкээ нээх болгонд би шинэ хичээл (нүүрээ будах, хоол хийх зөвлөлгөө өгөх, дасгал хийх, хувцас загвар, шинэ ном, кино гэх мэтийг) үзэж байна, тэр балиар хэрүүл хов живд би оролцоогүй, юуг сонгож үзэхээ би өөрөө мэдэж байгаа, би хянах чадвартай гэж боддог ч, үүндээ өөрөө итгэлтэй байдаг ч та аль хэдийнээ манипуляцийн обьект болчихсон, сошиал медиагийн боол, дуулгавартай хамжлаг болсон гэдгээ бүрэн ухаараагүй яваа. Иймэрхүү төрхийн хүнийг Киргизийн их зохиолч Чингиз Айтматов өөрийн “Цаазын тавцанд” алдарт романдаа “Манкурт” гэж нэрлэсэн байдаг. /Дундад зууны үеийн феодалын нийгэмд өөрийн дайсан гэж үзсэн өрсөлдөгч болох магадлалтай өсвөр залуу үеийн төлөөлөл нялх хүүхдийн толгойг малын нойтон арьсаар ширлэж баглан хатаагаад тархины хөгжлийг зогсоож эзний дуулгавартай зарц боол болгодог харгис ёсон байсан агаад нүүдэлчид, тухайлбал Киргизэд ийм хүнийг манкурт хэмээн нэрлэдэг байжээ. Учир нь манкуртлагдсан хүн сэтгэх чадвараа бүрэн алдаж эх эцгээ, элгэн саднаа ч үл таних агаад зөвхөн өөрийн өмчилсөн эзний зарлигийг үг дуугүй дагадаг хүн-робот болж хувирдаг аж/. Өнөөдөр бид нар харин манипуляцийн манкуртууд болчихоод байгаа юм биш үү? Худал хуурмаг, муу муухай мэдээгээр тархи толгойгоо дүүргэж, түүнд улам бүр дурлаж шунамхайрсаар өөдрөг гэгээлгээр сэтгэх чадваргүй болтлоо бусдын хамааралд орчихоод байгаа юм биш биз?
XXI зууны сошиал медиа бидний аливаа зүйлийг хүлээн авах чадвар, юмсыг харах ухаарах, ойлгох мэдрэх чадварт шууд нөлөөлж буйг хүссэн ч хүсээгүй ч хүлээн зөвшөөрөх ёстой. Өөрийн бодлоо хянах бясалгах чадвартай, шүүмжлэлт сэтгэлгээг төгс эзэмшиж чадсан бол та тархи толгойгоо өөрөө удирдаж чадна. Монголчууд “авгайдаа толгойгоо мэдүүлсэн” гэж ярьдаг, түүнтэй адил толгойгоо фэйсбүүкт мэдүүлэх хэрэггүй л болов уу. Энэ янзаараа хэрэв цааш үргэлжлэх юм бол бид нар 2021 оны төгсгөлд өнөөх муучлаад байсан өнөөдрийн 2020 оноо мөн ч сайхан жил байж шүү гэж дурсах хүртлээ дүнхийрэхэд холгүй болчихоод байна шүү.
Эцэст нь эргээд цар тахал ба түүнээс улбаатай цахим орчинд донтох нь юунд хүргэж буйг харуулсан социологийн судалгааны шинэхэн мэдээнд уншигч таны анхаарлыг хандуулья. “Зууны мэдээ” сонины 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн № 3 /6480/-д “Пандемик стресс ба монголчууд” гарчигтай нийтлэл нийтлэгджээ. Нийтлэлд “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс үндэсний хэмжээний томоохон судалгаа явуулжээ. Нэг агшингийн бичиглэл судалгааны загвараар олон нийтийн цахим орчин буюу фэйсбүүк, твиттер, гүүгэлд суурилан мэдээллээ цуглуулсан байна.
Монгол Улсын хэмжээнд интернэт хэрэглэдэг 2656300 хүнийг төлөөлж чадахуйц 3840 иргэнийг хамруулан тооцоо гаргажээ. Ингэж сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэхдээ олон улсын хэмжээнд өргөн хэрэглэдэг эмчлүүлэгчийн эрүүл мэндийн асуумжийн стандарт сорилыг ашигласан байна. Судалгаанаас харахад иргэд хөл хорионы өдрүүдэд цахим орчин, дэлгэцэнд маш их цаг хугацааг зарцуулж байжээ.
Хот, хөдөөгийн 4000 орчим иргэнийг хамруулсан судалгааны үр дүнгээс харахад сэтгэл гутрал 22,1 хувь буюу 957 хүн, амиа хорлох бодол 23,1 хувь буюу 1002, сэтгэл түгшилт 20,5 хувь 888, нойргүйдэл 23,3 хувь 1009 хүн байсан байна.
Өөрөөр хэлбэл, короновируст халдварын үеийн хатуу хөл хорионд байгаа иргэдийн 4-5 хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байгаа дүр зураг гарсан байна. Судалгаанд оролцогчдын 23,1 хувьд амиа хорлох бодол илэрсний шалтгааныг асуухад сэтгэл гутралтай гэж үнэлэгдсэн 957 оролцогчийн 60.9 хувь нь “Үхсэн нь дээр” гэж хариулсан байна” гэжээ. Аймшигтай байгаа биз?
Цар тахлын үед Монголд болж буй үйл явдлын талаарх хамгийн сүүлчийн судалгааны дүн ийм байгаа аж. Ганц Монгол Улсад ч төдийгүй дэлхийн бусад улс оронд энэ үзэгдэл түгээмэл ажиглагдаж байгаа юм байна. Сэтгэл гутралд автагдсан 300 саяар тоологдох хэмжээний хүн шаналж зовж байгаа гэсэн статистик мэдээлэл бий гэнэ. Зөв биш буруу гажиг мэдээлэлд хэт донтохын нэг хор уршиг ийм байдлаар илрэн гарч байгаа бололтой. Гэтэл үүнийг улам өөгшүүлэн дэврээх, өөрийн ашиг сонирхолд нийцүүлж овжноор ашиглан нийгмийн сэтгэл зүйг жолоодож манипуляцлах санаархал нийгмийн доторх тодорхой бүлэглэл, зарим улстөрчид буюу ялангуяа эрх баригчдад нэгэнт бий болж хэрэгжээд эхэлжээ. Энэ бол тоглоом биш том аюул дагуулах эрсдэлтэй алхам, тэвчиж болшгүй ноцтой гэмт хэрэг юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.1.8 БААСАН № 5 (6482)
[…] Ямар ч болсон, “mob”-ийн хамгийн адгийн хүслийг хангах гэж хөнгөн сэдвээр онц сонирхолтой жүжиглэж буй, нийгмийн анхаарлыг хөнгөн сэдэвт, санаатай хандуулах, чиглүүлэх зорилготой, нэг л их ардчилал, ард түмэнд ярьдаг хулхи эх орончдод та бид ямар амархан хууртагдаж, даган намирч байна вэ? Бид өөрсдөө хууртагдах маш их сонирхолтой. […]