Beautiful Plants For Your Interior
“Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” шийдэл хайх нь зөв үү?
Улсын наадам “хийнэ – хийхгүй” маргааныг “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” шийдэл нь цахим наадам төвд хийсэн болж, харин хөдөө орон нутагт хорих. Засаг ингэж шийджээ. Тодруулбал, хөдөө орон нутагт огт хийхгүй гэснээ цаг үеийн байдлыг харж байгаад 7 сарын 20 хойш тусгайлан шийднэ гэсэн буулт маягтай шийдвэрээ танилцуулав.
Гэхдээ наадам хийх -хийлгэхгүй д асуудал нь байгаа юм уу? Эсвэл цар тахлыг тогтоох уу? Тусгаар улсын бэлгэдлээсээ татгалзах уу? Энэ удаад татгалзвал цаашдаа давтагдсаар үндэсний үүх түүх, өв соёл мартагдаж, устаж үгүй болох уу? Төр засгийн арчаагүй байдалтай иргэд бид номхон эвлэрээд байх уу?
Улсын Наадам нь миний хувьд баяр цэнгэл, эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэдэл байдаг. Урагш хойш харахгүй, хоёр хоног, монголчууд дэнж хотойтол наадаж буй нь тусгаар монгол улсын эрх чөлөөт иргэд баяр цэнгэлээр дүүрэн, ирээдүйдээ итгэл төгс байгаагийн бэлгэдэл гэж ойлгож бэлэгшээж ирсэн. Тиймээс наадамгүй (өнгөрсөн зуных шиг нэг наадам хийсэн болж оромдсон) болохоор монгол хүний хамгийн ариун нандин нэг зүйл, сэтгэлийн гүнд байдаг тэр бахархал, омогшлыг тастаж буй мэт.
Газар дороос гараад ирсэн цар тахал, энэ гайг – төр засгийн арчаагүй, мэдлэггүй, туршлагагүй, удирдан зохион байгуулах чадваргүйгээс, мөн иргэд та бидний хэнэггүй, тоомсоргүй, хариуцлагагүй үйл хөдлөлөөс – хяналтандаа байлгаж чадсангүй. Хэчнээн олон хүний амь насыг авч одлоо. Маш их дарамттай, бухимдалтай, цөхрөлттэй 2 жил өнгөрч байна. Иймээс хүн ардын сэтгэл зүйд хуримтлагдсан асар их бухимдал, дарамт, цөхрөлийг тайлах, алдарсан итгэлийг сэргээхэд төв, орон нутгийн наадам хэрэгтэй. Бүтэн 2 жил шахуу ямар нэгэн байдлаар хорио хязгаарлалтад байгаа иргэдэд нуруу тэнийх, эерэг эмоци өгөх нь ямар ч арбидолоос илүү байх гэж мунхаглан сууна.
Нөгөө талаас, янз бүрийн хэлбэрээр хөл хорио тогтоогоод, вакцинд хамруулсан хэдий ч байдал улам л түгшүүртэй байна. Энэ нөхцөлд наадам зохион байгуулах нь туйлын өндөр эрсдэлтэй нь маргаангүй. Эрдэнэт хүний аминаас үнэтэй наадам байхгүй л дээ.
Энэ нөхцөлд “эхий нь эцээхгүй, тугалы нь тураахгүй” шийдэл хайх нь тодорхойлтоороо буруу. Цар тахлын эсрэг “сүргийн дархлаа” гэдгийг тогтоохгүй бол асуудлыг шийдэж чадахгүй нь тодорхой. Гэтэл “сүргийн дархлаа”-г вакцинжуулалттай уях нь цаг хугацааны хувьд нэлээн сунжирсан (хамгийн өөдрөгөөр төсөөлөхөд дахиад хагас жил хэрэгтэй) болох нь ойлгомжтой, мөн хөл хорио тогтоогоод байх нь олон түмний дургүйцэл төрүүлээд байгаа юм.
Нарийндаа бол хүмүүс хөл хорионд дургүйцээд байгаа биш харин хөл хориогоо зохион байгуулж буй, вакцинжуулалтын ложистыг зохион байгуулж чадахгүй, худал хоосон амлалт, “шилний цаанаас чихэр долоолгоод” байгаад эгдүүцээд байгаа юм. Тэрнээс ард иргэд ерөнхийдөө хөл хориог ухамсартай хүлээн авч төр засгийн үүрэг чиглэлийг биелүүлж ирсэн.
Анхнаасаа худал хэлж, бүтэхгүй хүлээлт үүсгэн ард олондоо гай тарьсан хариуцлагыг засаг хүлээх ёстой. Саяны сонгууль цар тахлын хамгийн итгэлт түнш нь болсон.
Нөхцөл байдал ийм байхад, миний бодлоор том наадмаа хойшлуулан, вакцин таталт, хуваарилалт, тарилгад хамаг хүч хөрөнгө, мөнгөө зарцуулах нь зөв. Ямар ч болсон нийт иргэдийн 85-аас доошгүй хувийг хоёрдох тунгийн тарилгад хамруулах хэрэгтэй. Шаардлагатай бол, ард иргэдээ чирэгдүүлэхгүйгээр гуравдэхь тунг түгээхийг эхлүүлэх хэрэгтэй.
Хамгийн гол нь тунгаа татаж авах, хадгалах горимыг онцгой анхаарах, ялангуяа татаж авч буй вакцины чанар чансаанд анхаараачээ гэж сануулж байна. Вакцинжуулахад мөнгө харамлах, хэмнэх гэж оролдох огт хэрэггүй. 2019 оны 11 сараас хойш яг энэ асуудал дээр Засаг хамгийн том алдаа гаргасан. Ялангуяа, вакцинаа бусдын мөнгөөр нийлүүлэх, бусдын (ДЭМБ, олон улсын бусад байгууллага) оролцоотой татах санаархал хүсэл нь цаг хугацаа алдсан стратегийн том алдаа байсан. Энэ мэт алдаагаа бүү давт.