МОНГОЛБАНКИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Бидний амьдралыг тодорхойлж буй тодорхойгүй байдал, полиперма хямрал хэвийн үзэгдэл болж байгаа нөхцөлд ид шид, үлгэр гэж байхгүй, энэ хорвоод үнэ төлбөргүй зүйл үгүй гэдгийг өнөөгийн инфляц харуулж байна. Ийм учраас л Монголбанкинд найдан хандаж туйлын хариуцлагатай байгаарай, улс төрийн савалгаа, популизмд бүү автаарай гэж сануулан захиж, энэхүү ил захидлыг илгээлээ.  

Улаанбаатар хот                                                                                                       2023-11-09

Улсын төсвийн хэлэлцүүлэгт Засгийн газраас оруулж ирсэн төсөл, түүний хэлэлцүүлэг,  баталж байгааг үзээдМонгол Улсын макро эдийн засгийн байдал, цаашдын өрнөл нь нааштай байх цор ганц найдвар нь Монголбанк гэж ойлгон энэхүү захидлыг илгээж байна.  

27 их наяд төгрөг хүртэл тэлсэн, 2 их наяд төгрөг давсан алдагдалтай төсөв батлагдаж байгаа нь засгийг хараад нэмэргүй болжээ гэж би дүгнэж байна. Горьдлого найдвар хамгийн сүүлд хана мөргөдөг гэгчээр сонгуулийн дараа тодотгол хийгдэнэ дээ гэж өөрийгөө тайвшруулж сууна. Нэгэнт тодотгол хийгдэх учраас төсвөө осолгүй баталсан болох, сонгуулийн амлалтаа /зөвхөн амлалт/ үзүүлэх, дахин сонгогдох хэнээрхэлтэй хэсэг хүний “амыг хаах” үүднээс төсвийн зарлага дээр Б.Жавхлан маань сүрхий санаа зовохгүй, улс төр, популизмын амыг дагаж байгаа байлгүй дээ гэж мунхаглан тааж байна. Түүнчлэн, төсвийн санхүүжилт нь орж ирсэн орлогоор /эсвэл зээллэсэн мөнгө/ нөхцөлдөж, хэсэгчлэн хийгдэх учраас “юуг, хэдийд яаж санхүүжүүлэхээ”, макро эдийн засгийн хангалттай мэдлэгтэй Б.Жавхлан маань мэдэж байгаа байлгүй дээ. Үнэндээ ингэж горьдож суух нь арга ядсан хэрэг л дээ.  

Төсөв нь макро эдийн засгийн хүчирхэг хэрэгсэл болох сангийн бодлогын үндэс бөгөөд батлагдсанаараа дотоод болон гадаадын бүх харъяатуудад ажил үйлсээ төлөвлөх, бизнесээ хөтлөх дохио сигнал болж очдог. Буруу дохио сигнал нь бусдын бизнес, үйл ажиллагаанд асар их гай тарьж, алдагдсан боломжийн зардал, эдийн засаг болон санхүүгийн эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг. Замын эвдрэлээс үүдэн машин тэргээ сүйтгүүлсэн иргэн хохиролоо хотын захиргаанаас нэхэмжлэн авч байгаагүйтэй адил, төсвөөс үүдэлтэй эл хохиролыг хэн хэзээ ч тооцож, нэхэмжилж байгаагүй л дээ. 

Ирэх оны төсвийн орлогын гүйцэтгэлийг, сонгуулийн өмнө аль болох ахиухан хангах гэж хэдэн аж ахуйн нэгжээ оны эхэнд нилээн “тамлаж”, улсын үйлдвэрийн газруудаа нэмэж, БЭТ томилж, мөн төрөл бүрийн тендерээр дамжуулан сонгуулийн мөнгөө босгох гэж эрх баригч нар эдийн засгийг “түвээж гарна даа” гэж бизнесийнхэн хэлэлцэн, бэргэж суугааг бараг амтай бүхэн ярьж байна. 

Энэ нөхцөлд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, эдийн засгаа эдийн засгийн төрхтөй байлгах үүрэг ачаа Монголбанкинд ноогдож байна. 

Байдал ямархүү байгааг үнэлэх, макро эрсдэлээс сэргийлэх үүднээс макро-санхүүгийн хамааралын шинжилгээ тасралтгүй хийгдэж байх ёстой. Энэхүү шинжилгээ нь дээд түвшинд, макро түвшинд, улс төрийн шийдвэр гаргах процессын салшгүй нэг хэсэг бөгөөд үүнгүйгээр гаргаж буй шийдвэр нь зөөлөн хэлэхэд монголыг хорлож байгаа хэрэг гэдгийг УИХ нь ч, Засгийн газар нь ч гүйцэт ухааран ойлгохгүй байна.  

Ер нь, макро-санхүүгийн хамааралын шинжилгээ, загварчлал манайд маш муу байгаа бөгөөд Монголбанкинд саяхан л үүнийг хийдэг бүтэн загварыг MATLAB-ийн IRIS дээр буулган ашиглаж эхэлсэн байх, харин Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яаманд иймэрхүү загвар, шинжилгээний арга, программ байгаа эсэхэд тун эргэлзэж байна. Уул нь ийм загвар, программыг 24/7 ажиллуулж байх ёстой. Миний мэдэхээр 2004-2008 оны хооронд,  НҮБ-ээс мөнгийг нь гаргуулан макро эдийн засгийн Т21 загварыг авчруулан, Сангийн яам дээр хэдэн залуусыг сурган бэлтгэж байсан ч одоо сураг нь алдарсан. Нэг сайн судлаач шинжээч залуу байсныг нь шоронд сая явуулчихлаа. 

Макро-санхүүгийн хамааралын судалгаа, шинжилгээ хийх, чадвартай боловсон хүчин бэлтгэх нь цаг хугацаа шаардсан, эдийн засгийн онолын болон судалгааны, ялангуяа статистик судалгааны арга зүйг сайн эзэмшсэн хүмүүсийг шаарддаг билээ. Харамсалтай нь Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яаманд тийм залуус байна гэж би сонсоогүй, харин Монголбанкинд ганц хоёр залуу байгаа. (Жич: Тэднийг алдчихав даа. СЭЗИС-ийг жил бүр 10 хүрэхгүй хүүхэд энэ чиглэлээр төгсгөж байгаа хэдий ч 2,3 дугаар курсээс нь арилжааны банкууд булаацалдаад авчих юм. Зарим нэгийг нь яаманд уриад байхад дургүйцээд тоож очихгүй байна. Яагаад чадалтай залуус эдийн засгийн төв байгууллагуудыг тоохгүй байгааг та нар судлаж байгаа байлгүй дээ).   

Ямар ч болсон макро загварчлал хангалтгүй байгаа нөхцөлд, хийж буй тооцоо, судалгаанд итгэх, тэр хийсэн юманд нь тулгуурлан зөв шийдвэр гаргана гэдэг (үнэхээр л агуу суут ухаантнууд биш бол) их л эргэлзээтэй.      

Энэ жилийн мөнгөний бодлогоо батлагдсан хойно нь биш, харин мэргэжлийн хүмүүст урьдчилан танилцуулан, хэлэлцэж байгаад өргөн барьсан нь олзуурхууштай бөгөөд танилцуулга нь тун дажгүй болсон. Харамсалтай нь түүнийг баталдаг эрхэм гишүүд уншсан, уншаад ойлгосон эсэхэд эргэлзэж байна. Учир нь мөнгөний бодлогын хэлэлцүүлэг нь “бодлого хэрэгжсэний дараах зөвлөмж байдалтай” байгааг танилцуулга дээрээ цагаан дээр хараар бичээд оруулсан байхад УИХ дээр “уламжлалт ёсоор” “хэлэлцүүлэг” явлаа. “Төсвийн бодлого сулрах” төлөвөөс шалтгаалан эдийн засгийн эмзэг байдал буурахгүй тул эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэх чиглэлд төсвийн зардлын хэт тэлэлтээс сэргийлж, төсвийн сахилга батыг дээшлүүлэх шаардлагатай зэргийг тун ойлгомжтойгоор Монголбанкны танилцуулгад дурдсан байгаа.  

Өнгөрсөн зуны халамжийн “нэмэгдэл зардлын өсөлт нь ирэх оны төсөвт бүтэн жилийн дүнгээр тусгагдах бөгөөд үүн дээр нэмэгдэж төсвийн бусад зардал тэлэх тохиолдолд инфляц, валютын ханшид дарамт учруулж, мөнгөний бодлого сулрах орон зайгүй болгохоор байна” гэж та нарын анхааруулгыг харсан, уншсан мөртлөө эрхэм гишүүдийн баталж буй төсвийг та нар үзсэн биз дээ. Ийм нөхцөлд Монголбанк мөнгөний бодлогын төлөвийг хатуу хэвээр хадгалана гэж хэлж байгаа нь өндөр байгаа зээлийн хүүг бууулгах, улмаар аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн хямд эх үүсвэрийг хүргэх, түүнийг дагаад ажлын байрыг нэмэгдлүүлэх, дотоод эрэлтийг өсгөх зэрэг олон чухал шийдэл гацна шүү гэдгийг шууд анхааруулжээ. Хэлсэн, анхааруулсан шүү, хариуцлага хүлээх эзэн нь хэн вэ гэдгийг өөр яаж ч илэрхийлэх вэ дээ. 

Мөнгөний бодлого нь аж ахуйн нэгж, бизнесийн хувьд хэн, хаана, юу хийж байгаагаа зөв тодорхойлох боломж олгодог хэдий ч, бүхнийг шийдэх шидэт дохиур биш л дээ. Хийж чадах юмнаас гадна хүч нь хүрэхгүй, чадахгүй юм, хязгаарлалт байгаа. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлогоос буюу Монголбанкнаас юу шаардаж болох, юу болохгүйг УИХ, Засгийн газар мэдэх ёстой. Гэтэл “мөнгөний бодлогын зорилтыг хангахад чиглээгүй олон үйл ажиллагааг зэрэг явуулах дарамт байнга” гаргаж байгаа хууль тогтоогчидтой нүүр тулж байгаа гэдгээ Монголбанк байнга санаж байх ёстой. Төсвийг яаж ч тэлсэн, төв банк бодлогын хүүгээ өсгөөд, инфляцыг хязгаарлаад өгнө гэсэн болхи ойлголт төсөв боловсруулдаг, баталдаг хийгээд Монголбанкны хараат бус, бие даасан байдалд ил далд байнга халддаг этгүүдэд байгаа.  

Тиймээс Монголбанкны хараат бус, бие даасан байдлыг та нар өөрсдөө л ханган хэрэгжүүлэх ёстой болж байна. Сангийн бодлогын давамгайлал, байнгын алдагдалтай төсөв нь Монголбанкын бүхий л чармалтыг үгүйсгэж байна. Төсвийн тэнцэл, түүний алдагдалын санхүүжилтийн эх үүсвэрүүд, засгийн газрын өр зэрэг үзүүлэлтүүдээс гүйцэтгэх засаглал Монголбанкны эсрэг юу хийж байгааг тод харж болно. Үүнийг нэг жишээ нь: сүүлийн 10 гаруй жил төсөв тасралтгүй тэлж, жилд дунджаар ДНБ-ний 5.5 хувьтай тэнцэх төсвийн алдагдалтай явж ирсэн.  Мөнгөний болон сангийн бодлогыг уялдуулна, мөчлөгийн эсрэг бодлого хэрэгжүүлнэ гэх мэт том дарга нарын мэдэгдэл хоосон мэдэгдэлээс цаашгүй. 

Нөхцөл байдал тун эвгүй байгаа нөхцөлд Монголбанкинд итгэх итгэл нэн чухал хүчин зүйл билээ. Миний бодлоор итгэл бүрдүүлэх, инфляцын хүлээлтийг чиглүүлэх, залах талаар та нарын хүчин чармайлт сул санагдаж байна. Уул нь Монголбанкны сайт дээр статистик тоо, судалгаа бишгүй байгаа хэдий ч, тэдгээрийг хардаг үздэг нь хэд билээ? Харж үзээд шийдвэр гаргахдаа ашиглаж чаддаг нь хэд билээ?  

Дашрамд, иргэдийн эдийн засгийн болон санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн хэд хэдэн төсөл Төвбанкнаас хэрэгжүүлсэн ч, тэрхэн хавьдаа эргэлдээд л өнгөрсөн. Энэ чиглэлд дорвитой ажил зохион байгуулах шаардлагатай бөгөөд зарим их дээд сургуулийг татан оролцуулмаар. Ядаж Монголбанкны газар,хэлтсийн дарга нар, арилжааны банкны захирлууд (банкны холбоогоор дамжуулан) сард нэг удаа заавал сургууль, олон нийтэд лекц яриа хийж байж болно шүү дээ. Энэ тухай зарим яам агентлагийн дарга нарт санал болгож байсан: зөв зүйтэй санал гээд л таг болсон. 

Шийдвэр гаргагчдын эдийн засаг, санхүүгийн боловсролоос үүдсэн нэг асуудал байна. Үнэ тогтвортой байх, валютын ханш тогтвортой байх гэдэг чинь хоёр ондоо зүйл ш дээ гэдгийг “дарга нарт” ойлгуулах хэрэгтэй. Харамсалтай нь, хоёуланг нь төв банк хариуцах ёстой маягаар буруу хуульчилсан санагдана. Мөнгөний нийлүүлэлт М2 -ийг онилоод нэг хэсэг явсан, миний уншсан, судалснаар мөнгөний масс ба инфляцын хооронд шугаман хамааралгүй байгаа гэж авч үзье гэсэн таамаглал зөвхөн сурах бичигт л байдаг, харин амьдрал дээр байхгүй.  

Манай улсын хөгжлийн өнөөгийн түвшин, эдийн засгийн бүтцийн онцлог, нээлттэй хөрөнгийн урсгал зэргээс хамааран, арай боловсронгуй – инфляцыг онилох бодлогод шилжих гэж Монголбанк чармайж байгаа нь зүйтэй. Дэлхийн эдийн засгийн 70 хувийг бүтээж буй 45 гаруй улс орнууд инфляцыг онилох бодлогод шилжсэн. Гэхдээ миний мэдэхээр, манай улсад энэ шилжилт 15 гаруй жил үргэлжиж байгаа нь чамлалттай билээ. Инфляцыг онилон бодлогоор инфляцын зорилтыг 6 (± 2) хувь гэж зарлаж буй нь чухал алхам, энэ хэмжээнд барьж чадах эсэх нь Монголбанкинд итгэх итгэл, хүлээлтээс шууд хамаарна. Тиймээс мөнгөний бодлогын тойм тайлангаа тогтмол олон нийтэд хүргэж, ямар логикоор бодлогын хүүгээ нэмсэн/буруулсан, хэр удаан барих, яагаад,  “хадуурсан бол” ямар учир шалтгаан, хүчин зүйлсийн нөлөөнөөс болов гэх мэтчилэн шийдвэрийнхээ логикийг дэлгэрэнгүй тайлбарлаж байх нь зүйтэй.   

Та нарын зарлаж буй 6 хувиас илүү тоо бодит амьдрал гарч ирнэ. Учир нь иргэдийн үнийн өсөлтийн хүлээлт албан ёсныхоос өндөр байдаг. Тиймээс ярьж таниулах, ойлгуулах, итгүүлэх нь Монголбанкны бодлогын хүү тогтоохоос ч дутахааргүй чухал бодлогын хэрэгсэл юм.   

Инфляцын хүлээлтийг “зангуудаад авбал” түр зуурын үнийн хэлбэлзэлээс айх зүйлгүй болно. Жишээ нь, энэ сард үнийн өсөлт гарлаа ч инфляц Монголбанкнаас зорьсон 6 хувьдаа буцаад очно, эс бөгөөс төвбанк шийдвэртэй арга хэмжээ авна гэж хүн бүр, бизнес бүр мэдэж байвал – энэ бол инфляцын зангуудсан хүлээлт билээ. Зангуудаж чадаагүй нөхцөлд жишээ нь мах, гурилын үнэ хэсэгхэн хугацаанд огцом өсөхөд бусад бүх барааны үнэ нэмэгдэнэ гэсэн хүлээлт үүсдэг төдийгүй,  тэр хүлээлт нь шууд биежээд эхэлдэг. Энэ нөхцөлд хуримтлал хийхээс илүү, үнэ өсөхөөс нь өмнө нөөцлөх, хэрэглэх шийдлийг иргэд илүүд үздэг. Юмны үнэ өслөө гээд цалин нэмэх дарамт шууд үүсдэг. Манай практикт, хэрвээ би андуураагүй бол, цалингийн нэмэлт нь сарын дараа инфляц болоод ирнэ. Инфляц хоёр сарын дараа дахин цалин нэмэх шаардлагыг үүсгэнэ гэх мэтчилэн инфляцын гинжин урвал буй болно. Тиймээс инфляцын хүлээлтийг зангуудаад авах түвшинд мөнгөний бодлого буюу инфляцыг онилох бодлогыг хэрэгжүүлж чаддаг болвол тун сайнсан. Ийм түвшинд мөнгөний бодлого хэрэгжтэл олон хүчин зүйл хэрэгтэй хийгээд дийлэнхи нь Монголбанкнаас хамааралгүй боловч “бид чадах бүхнээ хийсэн, хийж байна, хийх ч болно” гээд та нар сууж байх нь чухал. 

Саяхан би хэдэн аймгаар явж байхад иргэдийн бухимдаж буй зүйл нь үнийн өсөлт л байлаа. Инфляц бизнес, иргэдийн хувьд эрсдэлийг байнга нэмэгдүүлдэг хүчин зүйл. Инфляц өндөр байхад хуримтлал, хөрөнгө оруулалт, хэрэглээний соёл гажиж, нэмээд санхүүгийн зах зээл бүрэлдэж гүйцээгүй нөхцөлд бизнест амин чухал урт хугацааны зээл (урт төгрөг) өндөр хүүтэй ч олдохгүй. Урт хугацааны (10-30 жилийн) зээл байхгүй бол эдийн засаг хэзээ ч тамир суухгүй шүү.  

Валютын зах зээлийн талаар бид ярихаас өөр аргагүй. Учир нь манай эдийн засаг нээлттэй, жижиг бөгөөд гадаад худалдаа, гадаад зах зээлээс дэндүү хамааралтай. Валютын нөөц нь хангалттай бол түүнийг зараад л, интервенци хийгээд л тайван байж болно. Харамсалтай нь манай нөөц хүссэн хэмжээнд хүртлээ нилээн олон жил болох байх. Ямар ч болсон валютын ханшийн огцом хэлбэлзэлийг үүсгэхгүй байхад чиглэсэн Монголбанкны өмнөх удирдлагын бодлого зөв байсан гэж би үздэг. Тэд «ямар ч болсон огцом өсөлт гаргахгүй харин хэд хүртэл өсөхийг хэлж мэдэхгүй» гэдэг байсан санагдана. Бид өнөөдөр 3500 тай (арван жилийн өмнө 1500 байсан) сууж байна. 

Эдийн засгийн долларжилт (валютжилт) нь Монголбанк болон үндэсний мөнгөн тэмдэгт – төгрөгт итгэх итгэлийг илтгэж байгаа. Зээлийн долларжилт (10 хувь) багасаж байгаа нь доллараар зээл аваад ханшаар нь “алуулсан” бизнес сургамж авсан байдлыг илэрхийлсэн хэрэг. Харин хадгаламжийн долларжилт бараг 30 хувь байгаа нь төгрөгт итгэх итгэл сул байгаагийн илрэл юм. 

Санхүүгийн зах зээлийн цорын ганц тоглогч нь Монголбанк биш л дээ, гэхдээ гэнэт Засгийн газар ухааран сангийн хатуу бодлого явуулсан ч инфляц өсөхгүй гэсэн баталгаа байхгүй гэдгийг бусад улс орны туршлага харуулсан. Мөн цар тахлын үед, иргэд бизнесийг дэмжих үүднээс мөнгө тараасан, харин инфляц бараг 5-6 хувьтай байсан. Мөнгө тараах нь инфляцад нөлөөлөхгүй юм байна гэж зарим нь “гэнэнээр” ярьж эхэлсэн. Гэтэл инфляц хожимдсон, хоцорсон ч гэсэн буцаад ирдэг юм байна. Жил хагас, хоёр жилийн дараа инфляц “бүтэн биеэрээ бидэнтэй ирж золгосондоо”.  

Бидний амьдралыг тодорхойлж буй тодорхойгүй байдал, полиперма хямрал хэвийн үзэгдэл болж байгаа нөхцөлд ид шид, үлгэр гэж байхгүй, энэ хорвоод үнэ төлбөргүй зүйл үгүй гэдгийг өнөөгийн инфляц харуулж байна. Ийм учраас л Монголбанкинд найдан хандаж туйлын хариуцлагатай байгаарай, улс төрийн савалгаа, популизмд бүү автаарай гэж сануулан захиж, энэхүү ил захидлыг илгээлээ.  

Хүндэтгэн ёсолсон, 

Р.Амаржаргал 

Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд 

Жич: Энэ хэдэн арилжааны банкуудыг Монголбанк бүтэн “баглаж хүлсэн” гэж хэлмээр байдалтай байгаа шүү. Гэхдээ энэ бол тусдаа ярих асуудал. 

One comment

  1. Key Takeaways:
    ​Mongolbank is facing challenges due to economic instability and inflation.
    The author criticizes the government and their populist policies.
    The blog post highlights the need for responsible financial management and economic reforms.
    Summary:
    The blog post titled “МОНГОЛБАНКИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ” discusses the challenges faced by Mongolbank, the central bank of ​Mongolia. The author points out that the economic instability and high inflation in the country have led to a volatile and uncertain environment, where the value of money fluctuates, and people’s purchasing power is affected adversely. The post also criticizes the government for their populist policies and emphasizes the importance of responsible financial management and economic reforms. Overall, it highlights the need for a comprehensive and sustainable approach to address the economic issues faced by Mongolia.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *