Шинэ Хоршоо vs Өр тэглэх

Сонгуулийн халууралдаа хөтлөгдөөд эдийн засгийн бүхэл бүтэн салбараар тоглож байгаа улс төрөөс болгоомжлох нь өлзийтэй байх.

Arinchin

1 min read

Таван их наяд төгрөгийн “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг сонгуулийн сэдэв болгон МАН сэвж байна. “Очкоо алдах” нь гээд хоёр их наяд, арай хүрэхгүй буй, “Малчдын өрийг тэглэ” гэж АН барьцаж байх шив. Малчдын санал зулгаах санаатай, малчдад хайр зарлаж, дүр эсгэсэн үйлдлүүд гэж ойлговол асуудал нь эдийн засгийн гэхээсээ цэвэр улс төрийн асуудал болов. Улс төрийн асуудал болохоор хэн нэг субъект нь хожно, нөгөө нэг нь хохирно.

Яг нарийндаа, МАА-н талаарх бодлого ямар байхдаа ч биш, харин уг бодлого тойрсон улс төр яаж өрнөх нь ярвигтай байдал үүсгэж байгаа юм. Хөдөөгийн талаарх бодлого гээд байгаа нь улс төрийн процесс бөгөөд тодорхой “бооцоотой” юм. Хэн хожих, хэн төлбөрийг даах вэ? Хэн хожихыг таах аргагүй харин “төлбөр даагч нь” нийгэм тэр чигээрээ бөгөөд нэг хүнд ирэх төлбөр нь анхандаа, шимтгэл мэт харьцангуй бага дүнтэй байна. Гэхдээ энэ бол богино хугацаанд, алсдаа бол шимтгэл нь татвар, үнийн өсөлт болон иргэдийн нуруун дээр хүндхэн ачаа болж ирнэ.

МАНАН-ын сэвээд буй санал нь эдийн засаг болон улс төрийн хувьд эргэлзээтэйгээс гадна эдийн засгийн тогтсон тэнцвэрийг ганхуулж, улс төрийн статус кво-г алдагдуулна. Товчхондоо, “малчдад зарласан хайр” нь энэ цаг үеийн улс төрийн нөхцөлөөр тодорхойлогдсон.

Зудад нэрвэгдсэн малчдын саналыг татах гэж 5 их наяд төгрөг “Шинэ хоршоо” нэрээр амлах, амлаад зогсохгүй зарим нэгэн аймаг суманд хэрэгжиж буй гэж пиар өрнүүлэх нь “чихэн дээр цэцэг ургуулах” гэдэгтэй төстэй. Чихэнд чимэгтэй гэдгээр нь хандах нь зөвхөн малчдад төдийгүй нийгмийн бусдад алсдаа гай болох юм.

Сонгуулийн халууралдаа хөтлөгдөөд эдийн засгийн бүхэл бүтэн салбараар тоглож байгаа улс төрөөс болгоомжлох нь өлзийтэй байх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *