ЭРТ, ЭДҮГЭЭ ХИЙГЭЭД ИРЭЭДҮЙН ТУХАЙ

Туулсан замаа эргүүлэн санаваас тэртээх 1924 онд хоёр багш, дөчөөдхөн оюутантай тулганы чулуугаа тулж байсан Санхүү Эдийн Засгийн Их Сургууль өдгөө 300 гаруй багш, ажилтантай, 8000 гаруй бакалаврын болон ахисан түвшний оюутан судлаачидтай орчин цагийн Монгол Улсын дээд боловсролын салбарын нэрийн хуудас, тэргүүлэх нэгэн их сургууль болон хөгжсөн бахдам амжилтын эзэн билээ.

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛИЙН 100 ЖИЛИЙН ОЙД

Р.Амаржаргал, Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Удирдах Зөвлөлийн дарга, Английн Бредфордын Их Сургуулийн Хүндэт Доктор, Глобаль Эдийн Засгийн Хүрээлэнгийн Ерөнхий захирал, Доктор, Профессор

Санхүү эдийн засгийн их сургуулиар овоглодог үе үеийн эрдэмтэн багш, ажилтнууд, оюутан суралцагчид болон төгсөгчдийн хамтаар төрөлх сургуулийнхаа зуун жилийн түүхт ойн цаг хугацааны мөчлөг дээр бидэнд туулсан замналаа нэгэн зууны харгуй дээр улируулан харж, алдаа оноогоо дэнслэн, авах гээхээ тунгаахын сацуу тасралтгүйгээр асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн орчин нөхцөлд туулах замаа хамтдаа эргэцүүлэн төсөөлж, төлөвлөн тооцох завшаан тохиож байна.

Туулсан замаа эргүүлэн санаваас тэртээх 1924 онд хоёр багш, дөчөөдхөн оюутантай тулганы чулуугаа тулж байсан Санхүү Эдийн Засгийн Их Сургууль өдгөө 300 гаруй багш, ажилтантай, 8000 гаруй бакалаврын болон ахисан түвшний оюутан судлаачидтай орчин цагийн Монгол Улсын дээд боловсролын салбарын нэрийн хуудас, тэргүүлэх нэгэн их сургууль болон хөгжсөн бахдам амжилтын эзэн билээ.

Энэхүү амжилтыг тоон болон архивын баримтад тулгуурлан он цагийн дараалалд эвлүүлэн зохиогчийн үзэмжээр дүрслэн өгүүлж болох ч он цагийн мөч бүрийг мөнхлөн үлдээдэг фото зургаар өнгөрсөн түүхийнхээ ховор бас нандин хэлхээг дэлгэн харуулах боломж бидэнд бий.

Манай сургуулийн 50000 гаруй төгсөгчид болон багш, ажилтнуудын хичээл зүтгэл, оруулсан үнэт хувь нэмрээр нийгэмтэйгээ хүйн холбоо үүсгэж, нэгнээ харилцан нөхцөлдүүлэн хөгжиж ирсэн СЭЗИС- ийн түүхийг хэчнээн сайн хамруулсан өгүүлэмж байвч энэ нь гүнзгий түүхийн гагцхүү орой хэсгийг л харуулах буй за.

Тиймээс энэ удаа сургуулийнхаа түүхийг өгүүлэх фото альбомыг толилуулж буй хийгээд https://100.ufe.mn холбоосоос татан сонирхоорой. Энэхүү олон олон оньсого таавар агуулсан сэтгэл татам зуун жилийн түүхээр аялахдаа та хэн байсан, хэн байгаа, хэн болохоо сэтгэлийн хөдлөл, мэдрэмжээрээ шүүн тунгааж, оюуны дүгнэлт хийх орон зайг Танд үлдээе.

Анхны сурагч – элсэгчдийн фото зураг: Голдуу тайж түшмэлийн, тухайн үедээ “элит” мяндагтан гаралтай хүүхдүүд. Тэд чухам юуг бодож, мөрөөдөн Гаалийн түр сургуульд ирсэн юм бол? Тэдний хувь тавиланд юу тохиосон бэ? 1927 оноос эхлэлтэй Алтан ургийнхныг толгой дараалан мөрдөн, хүйс тэмтэрсэн аймшигт аллагаас амь гарсан болов уу? Тус сургуулиас төрөн гарсан төр нийгмийн зүтгэлтнүүд, 1937 оны их хэлмэгдүүлэлт, 60-иад оны “сэхээтний төөрөгдөл”-д өртөж алтан амиа алдаж, бүлээн цусаа урсган амьдрал ба хувь тавилангаараа хохирсон хүмүүсийн гэрэл зураг бидэнд олон олон зүйлийг бодогдуулна.

Зураг авхуулахаар хөл хөөр болж, ихэд хичээнгүйлсэн дүр төрхүүд, өвөр эгнээнд ярайн суугаа хүүхдүүд, дотуур байрны ахуй амьдрал, үлээвэр найрал хөгжим, уран сайхны үзүүлбэр, биеийн тамирын хичээл, анги танхимдаа буй багш нар, ёслолын арга хэмжээ, эмчийн үзлэг, ерөнхий эрдмийн хичээл, багш оюутнуудын хувцас хунар, нас хүйс, нүүр царай, харц. Энэ бүгдээс тухайн үеийн амьдралын нугачаа, тэдний үүрч байсан ачаа хариуцлага , улмаар улс орны эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал, төр засгийн бодлого зэргийг та бэлхнээ харж, уншиж болно. Өнгөрснөө харж өөрийгөө таних, итгэл үнэмшил, бахархал гуниглал, өрөвдөх, баярлах гээд хүний сэтгэлийн бүхий л утсыг хөндөх фото түүх.

1990 оны ардчилсан хувьсгалаар улс орон маань улс төр, эдийн засгийн цоо шинэ харилцаанд шилжихэд зах зээлийн шаардлага хангаж чадахуйц мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх мандаттай 1991 онд байгуулагдсан Эдийн засгийн коллежоос үүдэлтэй СЭЗДС, СЭЗИС Монголын дээд боловсролын салбарт хувьсгал хийснийг өгүүлэх гэрэл зургууд.

Зуун жилийн өндөрлөгөөс ирээдүйгээ хэрхэн төсөөлөх вэ? Ирээдүйд чиглэсэн бидний алсын хараа юу билээ? Орчин цагийн боловсролыг чухам ямар хүчин зүйлс тодорхойлох вэ? Дээд боловсрол нь та ахуй амьдрал аа яаж авч явхаас эхлээд сэхээтэн, хүмүүн байх соёлыг эзэмших тухай мөн үү? Технологийн үсрэнгүй хөгжил түүнийг дагаад хүмүүн нийгмийн харилцаа улам нарийн төвөгтэй, туйлын эмзэг болж буй нь тодорхойлогч хүчин зүйл гэж үзэж байна.

Мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, их өгөгдөл, аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал, биотехнологи, генийн инженерчлэл, шинэ материал, одон орон, сансар судлалын хөгжил бүхнийг маш хурдацтай өөрчилж байна. Эдгээр өөрчлөлт боловсролын салбарт тусгалаа олоод эхэлсэн хэдий ч цаашид улам урьдчилан таамаглах аргагүй хувьсгалт өөрчлөлт авчрах нь илт байна. Ийм нөхцөлд дээд боловсролын сургалтын байгуулага, түүний оюутан, багш, сургалт, эрдэм шинжилгээ гэж чухам юу болох, ямар агуулга хэлбэртэй болж өөрчлөгдөх, хэрхэн зохион байгуулагдах ёстойг харгалзан сургуулийнхаа ирээдүйг тодорхойлох зайлшгүй шаардлага үүсжээ.

Үнэндээ, өнөөгийн ерөнхий болон дээд боловсролын сургуулийн тогтолцоо бол 18-20 дугаар зууны “үйлдвэржилт”-ийн эрин үеийн эрэлт хэрэгцээнд нийцүүлсэн тогтолцоо билээ. Хэдийгээр сүүлийн 30 гаруй жилд дэвшин өөрчлөгдөж байгаа ч үндсэн агуулга, хэлбэр, мөн чанар нь хэвээр байсаар. Үйлдвэрийн дамжлага маягаар нэг хэвд цутган “үйлдвэрлэх” тогтолцоо хэвээр оршсоор байна. Хэдий ганцаарчилсан, хувь хүний хэрэгцээг харгалзсан сургалтын шийдэл, хэлбэрийн тухай ярьж эхэлсэн ч нийтлэг болж амжаагүй байна.

СЭЗИС “Эрхэм баян эрдэм” уриа дор олон улсын жишигт нийцсэн, цахим, энтрепренер их сургууль болон хөгжиж, улмаар даян дэлхийн тогтвортой хөгжил, эх орныхоо өрсөлдөх чадварт үнэ цэнтэй хувь нэмэр оруулах манлайлагчдыг бэлтгэхийг эрхэм зорилгоо хэмээн тунхагласан билээ.

Бид дэлхийн иргэн, мэргэжилтэн бэлтгэхийн тулд дээд боловсролд нэвтрүүлж буй олон улсын тэргүүн туршлага, шинэлэг инновац, санаачилгыг бүтээлчээр, цаг алдалгүй Монголын хөрсөнд нутагшуулахыг зорьж байна. Өнөөдөр бид гадаадын 10 сургуультай хамтран 40 хөтөлбөр хэрэгжүүлж байгаа төдийгүй, гадаадын 135 бакалавр, магистрант, докторант сургаж, олон улсын чанарын баталгаажуулалтын тэргүүлэх байгууллага ACBSP-ээр бүрэн магадлан итгэмжлэгдэж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөнөөс гадна дэлхийн дээд боловсролын сургалтын байгууллагуудын эрэмбийг тогтоодог Times Higher Education байгууллагын их сургуулийн нийгмийн үр нөлөөний эрэмбэд Монгол Улсаас анх удаа багтаад байна. Мөн олон улсын мэргэжлийн холбоодод (ACCA, CIMA, CFA) өндөр түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн амжилтаар 100 жилийн ойгоо угтаж байна. Энэ бол бидний олон улсын жишигт нийцсэн их сургууль болох нүсэр ажлын дөнгөж эхлэл юм.

Бид цахим шилжилтийг цогцоор нь хийж байж л Дижитал хувьсгалын үр шимийг Монголдоо түгээнэ. Үүнийг тодотгох үүднээс энгийн жишээ авъя. Их сургуулийг барилга кампусаар төсөөлдөг нийтлэг хандлага нийгэм, олон нийтийн дунд байсаар байна. Гэтэл мэдээллийн технологийн энэ эрин үед нарийн мэргэжлийн ойлголтыг интернэтээс хүссэн цагтаа, хүссэн орчиндоо хүлээн авч бие даан сурах боломж бүрдсэн. Ур чадвар, мэдлэг хуваалцах талбарууд (Skill share платформууд) цахим сургалт болон нээлтэй их сургууль зэрэг сургалтын уламжлалт бус хэлбэрүүд цаашид улам л нэмэгдэж, хязгааргүй их боломжийг бий болгоно. Дэлхийн аль ч улсаас цахимаар судлаач, багш нарыг урьж ажиллуулах, хэнийг ч гэсэн оюутнаар элсүүлэх, салбар салбарын хамтарсан судалгаа хийх боломжийг цахим шилжилт олгоно.

Дижитал сургалт нь их өгөгдөл дээр тулгуурлах бөгөөд эл чиглэлийн ур чадвар, өгөгдлийн ёс зүй, хувийн мэдээлэл хамгаалах технологийг хэн хүнгүй эзэмших нь сонголт биш харин зайлшгүй хэрэгцээ болжээ. Сургалтын агуулга, хөтөлбөрийг үүнд нийцүүлэн шинэчлэх, AR болон VR зэрэг дэвшилтэт технологийг сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, мэдээллийг зохистой ашиглаж чаддаг мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Хиймэл оюун ухаан, биотехнологи, цахим хөгжлийн өргөн боломжийг хариуцлагатай, ёс суртахуунтай хэрэглэх чадвартай иргэн бэлтгэх нь бүх шатны боловсролын үүрэг билээ.

Энэ мэтчилэн боловсролын салбарт хөгжлийн олон чиг хандлага нэгэн зэрэг, хурдацтай өрнөж байгаа нөхцөлд асуудалд бүтээлчээр хандаж, өөрийн боломжоо зөв тооцоолон орчин цагийн сорилт дуудлагад хөл алдахгүй байхын тулд энтрепренер сургууль байх ёстой. Өнөөгийн дээд боловсролын тогтолцоо гологдож байгааг ил шүүмжлэн ярьдаг боллоо. Диплом чухал уу, оюутан төвтэй сургууль хэдий настай вэ? Юу мэддэг, чаддагаас гадна ямар хүн чанар эзэмшсэн байх нь чухал вэ? Нухацтай сэтгэлгээ, дасан зохицох болон багаар ажиллах чадвар, бүх насаараа суралцах дадал, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, удирдах чадвар, гоо сайхан болон ёс зүйн мэдрэмж, гадуурхал ялгаварлалгүй харилцаа зэргийг сургалтын цөм болгох шаардлага бодитой болсон байна.

Нийгэмд хувь нэмрээ оруулдаг судалгаа инновацын төв, ухаалаг ХАА, байгаль орчин, тогтвортой хөгжлийн дуу хоолой байхын тулд энтрепренер байх зайлшгүй шаардлагатай.

Багш гэж хэн байхыг ч эргэн харах цаг болжээ. Мэдлэг бол хүч, харин боловсрол бол эрх чөлөө гэсэн сургаалыг санаж хувь хүний эрх, эрх чөлөө, ардчиллыг үнэт зүйлсээ хэмээн гүнээ ухамсарласан иргэн төлөвшүүлэхэд багш бүр хувь нэмрээ оруулах нь зүй. Багш бол номлогч биш харин дасгалжуулан, зөвлөн туслагч, сургалт, судалгааны хамтрагч, үнэ цэн, үнэт зүйлсийг хамтран бүтээгч байх шаардлагатай. Багш судлаачид салбар дундын төсөл дээр суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа оюутнуудад тухайн мэргэжлийн нарийн, төвөгтэй ур чадвар, мэдлэгийг эзэмшүүлэх чадвартай байх ёстой.

Сургалтын хугацаа ч уян хатан байх ёстой болжээ. Дөрвөн жил сургаж төгсгөх гэхээсээ шаардлагатай “кредит” ээ үе шаттай цуглуулан төгсдөг системийг зоригтой нэвтрүүлэх цаг ирсэн гэж үзэж байна.

Товчхондоо, СЭЗИС нь сургалт, эрдэм судлал, хамтын ажиллагааны дэд бүтэц бүхий, баялаг хөрстэй, үржил шимтэй тариалангийн талбай мэт нээлттэй талбар байж, тэр талбай дээр нэг нь үр тариа, нөгөө нь жимс жимсгэнэ, удаах нэгэн нь ой мод, өөр нэг нь цэцэг тарьж, бас нэг нь мал сүргээ өсгөх боломжийг үүсгэн, тэтгэдэг эрдэм мэдлэгийн уурхай байх юм.

Эцэст нь, СЭЗИС-ийн багш, оюутан, төгсөгчид, ажилтнууддаа гүн талархал илэрхийлье. Та бүхний хичээл зүтгэл, хүсэл тэмүүлэл UFE ийн түүхийг бүтээсэн. Одоо бид хамтдаа алсын хараатайгаар ирээдүйд аялж, СЭЗИС-ийг ирэх зуун жилийн хөгжлийн түүчээлэгч гэрэл болгох болно. Энэ түүхэн мөчийг хамтдаа тэмдэглэж буй Та бүхэндээ эрхэм баян эрдэм мэдлэгийг дээдлэн, эрхэмлэж явахыг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *