Beautiful Plants For Your Interior
Айснаар асуудал шийдэгдэхгүй.

Зүүний нялхсын өвчин зохиолдоо (1920) Ленин ингэж бичсэн байдаг: «Лишь тогда, когда „низы“ не хотят старого и когда „верхи“ не могут по-старому, лишь тогда революция может победить». Хувьсгалын тохироог ингэж тодорхойлжээ. Дараа нь үүнийгээ зарим нэгэн нөхцөлөөр тодотгосон байдаг.
Доод давхарга (ард түмэн) хуучин амьдралаасаа залхсан, Дээдэс (удирдлага) хуучин арга замаар удирдаж чадахгүй больсон үед асуудал үүслээ гэж ойлгож болно.
Гэхдээ анзаарах ёстой хэдэн зүйл байна. Ард түмэн нөхцөл байдалдаа итгэл алдарч, цаашид бахь байдгаараа үргэлжлэхийг хүсэхгүй хэдий ч, ТЭД шинэ амьдрал ямар байх тухай бүрэн төсөөлөл байхгүй. Гэхдээ оч үсэрвэл босоод ирэх хэмжээнд бухимдал нь хуримтлагдсан.
Нөгөө талаас, дээдэс (удирдлага) хуучин аргаар, яаж ч оролдоод явуургүй болсныг ойлгож, шинэчлэл хийхээр шийдвэрлэвэл нийгмийн хувьсгалд хүрэхгүй байх магадлалтай. Гэтэл реформ нь хүчний харьцаа болоод баялгийн дахин хуваарилалтад хүргэнэ. Эл нөхцөлд “БИ” хаана юутай үлдэх нь тодорхойгүй учраас дээдсийн эрх мэдэл, дарх, ямба хадгалах хязгааргүй хүслэн давамгайлна. Тиймээс дээдэс ёстой алцганаж эхэлнэ: сайд дарга нараа сольж чадахгүй, засгаа огцруулж чадахгүй өдөр хоног аргацаасан — ард олныг энтертайнмент, хар цагаан пиар, ээлжит ардын дайсныг тодруулах, нэг хэсэгтээ хэл амыг нь үдэх мөнгө тараах, талбай дээр очерлуулан үнэгүй хоолоор аргалах энэ хооронд нь татвар төлөгчдийн (төсвийн) мөнгийг найдвартай хүмүүсээр дамжуулан хуваан завших гэх мэт — одоо “юу ч хийж чадахгүй, яах ч арга алга” гэж саарал ордонд ойр хүмүүс өөр хоорондоо жиг жуг хийж эхэлнэ. Ингэж байгаа бол гүнзгий хямрал (нийгмийн хувьсгалд хүргэх) эхэлсэн дохио юм.
Үндсэндээ, хямралын гол шалтгаан нь удирдлагын бүтэлгүйтэл юм. Эдийн засгийн хүндрэл, гадаад нөлөө эсвэл дотоод алдааны улмаас дээдэс (удирдлага) реформ хийх, өөрчлөлтийг дагах чадвараа алдахад л хямрал үүсдэг. Нөхцөл байдалтай эвлэрч, хараад, гоншигноод, юу ч хийхгүй байхыг дээдэс (удирдлага) эс үйлдлээрээ сонгох, эсвэл төгс бус ч гэсэн ямар нэг шийдэл гаргаж, өөрчлөлтийг эхлүүлэх сонголт байгаа юм.
Реформ хийх зориг ч чадвар ч хэрэгтэй. Одоо өөрчлөлт хийхээс айх цаг биш. Айснаар асуудал шийдэгдэхгүй.