Beautiful Plants For Your Interior
Би өмнөх Ерөнхийлөгч нарыг ардчилсан биш гэж хэлж чадахгүй
УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа. Монгол төрийн тогоонд чамлахааргүй олон жил чанагдсан, Гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байсан туршлагатай, тулхтай энэ улстөрчийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэр нь дуулдахад олон хүн талархан дэмжсэн, бас горьдсон.
Гэвч тэрбээр энэ удаа журмын нөхрийнхөө сурталчилгаанд оролцон байдлыг хөндлөнгөөс ажиглахаар шийдсэн бололтой. Ингээд түүнтэй цаг үеийн асуудлаар яриа дэлгэлээ.
А. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр хэн хаанаас нисгэсэн нь мэдэгдэхгүй янз бүрийн “бор шувуу” иргэдийг төөрөгдүүлсээр байна. Хамгийн сүүлийн мэдээллээр тавдугаар сарын 24-нөөс өмнө иргэдэд өгөх 1.5 сая төгрөгийг олгохоор болжээ гэсэн мэдээлэл тархлаа. Танай намаас уг асуудлыг тавьж, шүүмжилж байгааг бодоход энэ “бор шувуу” өрсөлдөгч талаас нисчээ гэж ойлгогдохоор байна?
Х. Юутай ч иргэдийн дунд ийм яриа гараад байна. Зарим нь тавдугаар сарын 24-нд өгөх гэнэ, тэгснээ сонгуулийн үеэр болдоггүй гээд зургадугаар сарын 25-нд өгөхөөр болжээ гэсэн цуу яриа тарлаа. Иргэн бүрт олгох 1.5 сая төгрөгийг өнөө маргаашгүй өгнө гэнэ, манайх таван ам бүлтэй болохоор долоон сая таван зуун мянган төгрөг авах нь гээд зээл авсан тохиолдол ч гарсан байна. Үнэхээр байдал хэцүү байгаа энэ үед хүмүүсийн амьжиргааны чухал асуудлаар ийм баримжаагүй, хүмүүсийг төөрөгдүүлсэн яриа гаргаж хэрхэвч таарахгүй. Яах вэ, УИХ-ын сонгуулиар нэг удаа ингэж ярьсан байж болно. Гэтэл орон нутгийн сонгуулиар ч, одоо Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин ийм яриа гарч, өнөө маргаашгүй өгнө гэж ард түмний саналыг зальдаж авч болохгүй. Ийм л асуудал байгаа юм.
А. Танай нам энэ талаар ер нь ямар байр суурьтай байгаа вэ?
Х. АН-ын байр суурь маш тодорхой байгаа. Нэгэнт амласан бол биелүүлэх л ёстой. Тиймээс амласнаа өгөхийг шахаж, шаардах болно. Ямар ч байсан өнөө маргаашгүй өгөх юм шиг ойлголт төрүүлж, иргэдийг төөрөлдүүлсэн хий хоосон амлалт өгч таарахгүй. Энэ бол эрээ цээрээ алдаж байгаагийн шинж л гэж ойлгохоос өөр аргагүй.
А. Нийгмийн баялгийг тэгш хуваарилах энэ арга замыг МАХН, АН хоёулаа л амласан. Гэхдээ хэзээ, яаж вэ гэдэг дээр бодлогоо уралдуулах нь зөв байх. Эдийн засагчийн хувьд та иргэдэд энэ хишигтээ хүрэх хамгийн ойрын боломжит хугацааг хэлж чадах уу?
Х. Би үүнийг үнэхээр хэлж мэдэхгүй байна. Энэ асуудал гадаад, дотоод олон хүчин зүйлээс хамаарна. Ямар ч байсан тавдугаар сарын 24-нд биш. Ер нь бүх зүйл яг төлөвлөснөөрөө хийгдлээ гэж үзэхэд хоёр жилээс наашгүй гэсэн тооцоо бий.
П.Г: Харамсалтай нь надад шүүхэд итгэх итгэл алга
А. АН, УИХ дахь АН-ын бүлгээс Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар боллоо. Энэ өөрчлөлтөөр сонгуулийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлсөн, будлиантуулсан үйлдэл нь нотлогдвол эрүүгийн хариуцлагад татдаг байх асуудлыг тавьж байгаа юм байна. Бусад холбогдох хуульд энэ өөрчлөлт нөлөөлөх үү?
Х. Монгол Улсын Үндсэн хуульд иргэний эдлэх ёстой нэг гол эрх нь сонгуульд оролцож саналаа өгөх явдал юм. Гэтэл тэр саналыг луйвардана гэдэг бол ард түмний эрх ашиг, Монгол төрийн эсрэг гэмт хэрэг гэж үзэхээс аргагүй. Тиймээс эрүүгийн хуульд ийм өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн. Өмнөх сонгуулиудад нэг хүн олон газар санал өгөх, сонгогчийн нэр, санал давхардах, хаягийн будлиан гээд янз бүрийн зөрчил, хууль бус ажиллагаа, сонгуулийн луйвар зөндөө гарч байсан. Гэтэл ийм хэрэг хийлээ гээд хэн ч хариуцлага хүлээхгүй байна. Ийм учраас иргэдэд Үндсэн хуулиар олгосон энэ эрхэд нь бүдүүлгээр халдсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчлахгүй бол байдал өөрчлөгдөхгүй нь тодорхой боллоо.
УИХ бидний энэ саналыг анхааралтай судалж, нааштай хариу өгнө гэдэгт итгэлтэй байна. Улс төрийн эр зориг гаргаж чадвал энэ асуудлыг дор нь шийднэ. УИХ дахь АН-ын бүлэг процедур талаас нь яаравчлахыг хичээвэл болохгүй зүйлгүй. МАХН ч гэсэн энэ тал дээр эрхбиш нааштай хариу өгөх байлгүй дээ.
А. Хоёр нам сонгуулийн үеэр хэн хэн нь гүтгүүлчихлээ гээд цагдаа, шүүхэд хандах, бичиг шидэлцэх нь жирийн үзэгдэл болжээ. Хамгийн сүүлд Ц.Элбэгдоржийн Солонгосоос хандив авсан эсэх асуудлаар бас л ийм аргаар хандаж байна. Та үүнийг юу гэж үзэж байна вэ? Сонгууль, хуулийн байгууллагатай яагаад ийм сэжмээр холбогдох болов?
Х. Давтамжийн хувьд олны анхаарлыг татан, тийм сэтгэгдэл төрүүлсэн байж болох юм. Гэхдээ үнэхээр болж бүтэхгүй асуудал байгаад, шударга биш үйлдэл хийсэн бол шүүхэд хандах л ёстой шүү дээ. Энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Би шүүхэд хандаж байхад тэндээс гарч байгаа шийдвэр шударга байна гэдэгт итгэлтэй байх ёстой.
А. Жишээ нь танд одоо тийм итгэл байна уу?
Х. Харамсалтай нь надад өнөөдөр тийм итгэл алга болжээ. Өнөөдөр шүүхийн тогтолцоо доголдоод, гологдоод байгаа нь маш тодорхой харагдаж байна. Хаа сайгүй хүн бүхний ярьж байгаа энэ байдлыг өөрчлөхийн төлөө бид ярьж байгаа. Ард түмэн ч үүнийг хүсч байгаа, энэ бүхнийг бодолцож сонголтоо хийнэ гэдэгт итгэж байна.
А. Бидний одоо сонгох гэж байгаа “хүн” засаглалын тогтолцоонд нэлээд нөлөөтэй, хууль, цагдаа, шүүхийн байгууллагын томоохон албан тушаалтныг томилох тэр эрхийг эдэлдэг. Тэгэхээр Засаглалын тогтолцоог өөрчлөх асуудал Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой тул эндээс бүх зүйл шийдэгдэнэ гэж үзэж болох уу?
Х. Засаглалын тогтолцоог өөрчилнө гэдэг нь Дорж, Дулмааг ажлаас нь халж солих тухай асуудал биш. Ерөөсөө төрийн институциудын хоорондын уялдаа холбоо, харилцааг зөв гольдрилд нь оруулах учиртай. Энэ чинь цагийн механизм шиг ажиллаж байх ёстой. Гэтэл авцалдахгүй юмнуудыг хооронд нь хүчээр тулгаж тавьчихаад, “цаг шиг ажилла” гэж шаардаад байхаар ажил явахгүй байна. Тэр утгаараа Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд маш олон асуудлыг авч үзэж, өөрчлөлт оруулах цаг нь болсон. Ойрын дөрөв, таван жилийн хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал улстөрчид, улс төрийн намууд, төрийн институциудын анхаарлын төвд байна гэдэгт би итгэж байна.
П.Г: АН доторх Элбэгээ, Үүлээг биш, ардчилсан Ерөнхийлөгчийг сонгох л чухал
А. Танай намын сонгуулийн хандивын данс нээлттэй байгаа. Гэтэл өрсөлдөгч намынх нууц байгаа. Энэ тохиолдолд яаж харилцан бие биедээ хяналт тавих вэ?
Х. Уг нь боломж байгаа. Гэхдээ манайхан өмнөх алдаанаасаа суралцах, сургамж аваад, хөөцөлдөөд, дахин алдахгүй байх тал дээр алдаад байдаг. Энэ нь өнөөх л хариуцлагын тогтолцоо сул байгаагийн шинж. Ядаж сонгуулийн хандиваар хэн, хаанаас, хэдэн төгрөг авсан, юунд зарцуулснаа ил тод зарлаж, тайлагнаж сурах хэрэгтэй. Энэ чинь л нийгмийг шударга болгох, цэвэр ариун байлгах эхний алхам юм шүү дээ. АН бол өөрийн зүгээс шалтгаалах алхмуудаа хийж байна. Улс төрийн бусад намууд ч үүнийг дэмжиж хэвших хэрэгтэй.
А. Тухайлбал Ц.Элбэгдоржийн хандив авсан асуудлыг намын удирдлага, гүйцэтгэх зөвлөл мэдэж байсан уу гэж тэд асуудлыг тавьж байгаа. Таны хувьд энэ талаар ямар нэг мэдээлэл авч байсан уу?
Х. Би тэр асуудлын нарийн ширийнийг мэдэхгүй. Гэхдээ надад байгаа мэдээллээр бол цэвэр гүтгэлгийн шинж чанартай, зохиомол эвлүүлэг гэж ойлгож байна. Өрсөлдөгчийн пиарын ажлыг зохион байгуулж хүмүүсийн хийсэн ажил. Үүнийг нь ч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс манай намд ирүүлсэн бичиг баримтууд нотолж байна.
А. Хэрэв сонгууль будлиантай болбол УИХ-ын сонгуулийн маргааш, өөрөөр хэлбэл долдугаар сарын нэгний үймээн давтагдах вий гэсэн болгоомжлол эрхгүй төрж байна. Та туршлагатай улстөрчийн хувьд энэ талаар ямар бодолтой байна. Тавдугаар сарын 25-ныг хэрхэн төсөөлж байна вэ?
Х. Би тэгж бодохгүй байна. Монголын ард түмэн эрүүл саруул ухаантай. Улс төрийн бас ч гэж багагүй туршлага хуримтлуулсан гэж хэлж болно. Хэнийг сонгох билээ, ямар нийгмийг, юуг хүсээд байгаа билээ гэдгээ ойлгож, энэ хүсэл зорилгоо хоёроор ойлгохооргүй, ямар нэг маргаан гарахааргүй тийм байдлаар илэрхийлнэ гэж найдаж байгаа. Тэгж ч хүсч байна.
А. Та бас Ерөнхийлөгчийн сунгаанд давхиж байсан. Яг энэ мөчид юу бодогдож байна вэ, хэрэв та нэр дэвшсэн бол?
Х. Нам дотроо Дондог, Дорж хоёрын хэн байх нь хамаагүй. Өөрөөр хэлбэл Ардчилсан намаас Элбэгээ байна уу, Үүл байна уу гэдэгт гол нь байгаа юм биш ээ. Байдал өөр болчихоод байна. Тийм учраас үүнийг өөрчлөхийн тулд Ардчилсан Ерөнхийлөгчтэй болох хэрэгтэй. Бид төрийн эрх мэдлийг улс төрийн нэг хүчинд 20-иод жилийн турш өгөөд үзлээ. Болохгүй байна, одоо өөрчилье гэсэн асуудлыг л тавьж байгаа юм. Тийм учраас би хувьдаа юу гэж ойлгож байна вэ гэвэл өнөөдрийн манай нэр дэвшигч бидний итгэлийг үнэхээр дааж, сонгуулийн үйл ажиллагаанд нэр төртэй оролцож байна гэж бодож байна.
П.Г: Ерөнхийлөгч дэмжлэггүй бол мянга цовхчоод нэмэргүй, юу ч хийж чадахгүй
А. Тэгэхээр таны саяын хэлсэнчлэн “Ардчилсан” гэдэг нэр томьёон дээр зарим хүмүүс нэлээд акцент, аллерги өгөөд байгаа шүү дээ. Хэн нь ч гарсан ардчилсан Ерөнхийлөгч биш гэж үү? Яагаад Н.Энхбаяр ардчилсан Ерөнхийлөгч биш гэж?
Х. Энэ асуудлыг хоёр талтай авч үзэж болно. Хэлбэр талаасаа Элбэгээ бол Монголын ардчиллын нэрийн хуудас, анхны алтан хараацай мөн. Агуулга тал руу нь аваад үзвэл, уг хүний дотоод мөн чанар нь нийгэмд ямар асуудлыг хөндөж тавиад байна. Асуудлыг шийдэх арга механизм нь ямар байна, аль нь зөв бэ, тэр механизм нь ардчиллын мөн чанарт нийцэж байна уу? Аль эсвэл хямралыг гүнзгийрүүлж, захиргаадалт, дарангуйллыг өөгшүүлэх аргаар асуудлыг шийдэж байна уу гэх зэргээр эрх биш энэ хоёр нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хараад, асуудлыг томьёолж байгаа байдал, шийдэл хайж байгаа арга механизмаас нь харахад дэндүү тодорхой, өдөр шөнө шиг ялгаатай юм.
А. Тэгвэл П.Очирбат, Н.Багабанди нар ардчилсан Ерөнхийлөгч мөн үү, биш үү гэдэг асуудлыг гаргаж ирээд, харьцуулж хариу өгөх гэж оролдож байна л даа.
Х. Өнөөдөр бид Энхбаяр, Элбэгдорж гэсэн хоёр нэр дэвшигчийн тухай л ярьж байна. Сонгууль бүр тухайн үеийн онцлогтой байдаг. Тиймээс энэ цаг үед ардчилсан Ерөнхийлөгчийн асуудлыг илүү тод ярьж байгаа юм. Би өмнөх Ерөнхийлөгч нарыг ардчилсан биш гэж хэлэхгүй. Бүгдээрээ л Монголын ардчилсан нийгмийг сайн сайхан болгохын төлөө зүтгэж, ардчилсан үнэлэмж дээр тулгуурлан улс орноо хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан хүмүүс шүү дээ. П.Очирбат гуай Монголын ардчиллыг хөлд оруулсан. Н.Багабанди гуай бол Монголын ардчиллал аюул заналхийлэлтэй учирчихаад байхад нь авч гарсан хүн. Ялангуяа 2004 оны сонгуулийн дараа байдал ямархуу байлаа. Тэр үед Ерөнхийлөгч Н.Багабанди гуай ардчиллын талд хоёроор ойлгогдохооргүй, тууштай зогсч байсан. Үгүй ээ, ингэж та нар төрийг луйвардах асуудал байхгүй шүү гэж цээжээрээ хамгаалж байсан. Энэ бол мөн чанар, агуулга талаас нь харвал маш том үнэлэмж юм.
А. Нам дотроо ганцаардаж, ард түмний талд тууштай зогсч байж сайн Ерөнхийлөгч болдог гэдгээс үүдэж хэн нэг нь үүнийг хэлсэн байх. Та үүнтэй та санал нийлэх үү?
Х. Үгүй дээ. Ард түмэнтэй нэгдэж байж л асуудлыг шийднэ. Угаасаа намын дэмжлэг байхгүй бол мянга цовхчоод хэрэг байхгүй. Ард түмэн тэр чигээрээ чамайг дэмждэг, чиний талд байх ёстой. Тэгж байж ажил хийнэ.
А. Ерөнхийлөгчийн сонгууль яах вэ, болдгоороо болоод өнгөрнө. Үүнтэй нэг цаг үед давхцаж байгаа Монголын ирээдүйг шийдэх шахаад байгаа Оюутолгойн гэрээ яах бол? “Чоно борооноор” гэгчээр дутуу дулимаг байхад нь гэрээнд гарын үсэг зураад “алдчих вий” гэсэн эмзэглэл нуугдаж байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
Х. Саяхан УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлыг авч үзээд, гэрээний төсөл дээр өөрсдийн саналыг өгсөн. Бараг таван хуудас санал өгөөд байгаа. Тодорхой зүйл анги, заалтуудыг зайлшгүй эргэж харах саналуудыг тусгасан. Хөрөнгө оруулагчид үүнтэй танилцаад, гэрээнд өөрчлөлт оруулах учиртай. УИХ-аас өгсөн тэр саналуудыг тусгасан, бидний харж хүлээж байгаа, ирээдүйн эрх ашгийг хамгаалсан тийм баримт бичиг орж ирнэ гэж найдаж байна.
А. Тэр саналыг хүлээж авахгүй, эсвэл заримыг нь тусгаагүй байвал яах вэ?
Х. Тийм юм байхгүй байлгүй дээ.
ЭХ СУРВАЛЖ: Өглөөний сонин, 2009.05.18-ны Даваа гариг, сэтгүүлч Ухнаагийн Оргилмаа