Beautiful Plants For Your Interior
Засгийн газар сонголтоосоо ухарч болохгүй
Эх сурвалж: Нийгмийн толь сонин, 2008 оны 5 дугаар сар 7
Ази Номхон далайн орнуудын аюулгүй байдлын асуудал хариуцсан байгууллагуудын төв 1995 онд байгуулагдсан юм. Энэ байгууллагын ажилтай танилцахаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Р.Гончигдорж нар АНУ-г зориод иржээ. Явсан газрынх нь сониноос Р.Амаржаргал гишүүнээс асуулаа.
Та бүхэн ямар ажлаар яваад ирэв?
Аюулгүй байдал, гадаадын бодлогын байнгын хорооны шугамаар АНУ-д ажилласан. Ерөнхий нэр томьёо нь Аюулгүй байдлын асуудал хариуцсан буюу манайхаар хүчний байгууллагуудын үйл ажиллагаанд ирсэн болон парламентын зүгээс хяналт тавьдаг тогтолцоотой танилцах зорилготой явсан юм. Бид Ази Номхон далайн стратеги судлалын төвд гурав хоног, дараа нь АНУ-ын батлан хамгаалах яам буюу Пентагон дээр ажилласан. Мөн АНУ-ын төрийн департмент, конгресс дээр ажиллаад ирлээ.
Уг үйл ажиллагаа жил бүр болдог уу?
Үгүй. Ардчилал шинээр үүсч хөгжөөд, төлөвших шатандаа явж байгаа орнуудад хүчний байгууллагуудад тавьдаг иргэний хяналтын тогтолцоо бүрэн гүйцэд төлөвшөөгүй. Үүнд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор 12 улсыг хамарсан тусгай хөтөлбөр гаргасан байгаа юм. Уг хөтөлбөрийг АНУ-ын конгресс баталсан.
Манай улсын аюулгүй байдалд хяналт тавих байгууллагуудыг бусад орныхтой харьцуулбал?
Аюулгүй байдлын асуудал хариуцсан байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих гэдэг томъёололыг анхаарах хэрэгтэй юм. Гэхдээ аюулгүй байдал гэдгийг бидний хувьд жишээ нь батлан хамгаалах, цэрэг цагдаа гэж ойлгодог. Харин үүнийг сүүлийн үед өргөн томъёолдог болчихож. Өөрөөр хэлбэл, аюулгүй байдал гэдэг юун түрүүнд хүний аюулгүй байдал юм. Энэ утгаар нь томъёолж, дээр байгууллагуудыг давхар ойлгодог болчихож. Тухайлбал, хүнс, экологи, байгаль орчин, тэр ч байтугай эдийн засгийн аюулгүй байдал. Мөн санхүүгийн аюулгүй байдлын асуудал ч багтаж болохоор өргөн томъёолж байна. Томъёололын хүрээнд аюулгүй байдлын асуудлыг хүлээн авч байгаа юм. Ингээд дээрх асуудлуудыг хариуцсан байгууллагууд чухам яаж ажиллах, тэдэнд УИХ-ын зүгээс хэрхэн хяналт тавьдаг механизмыг судалж байгаа хэрэг юм. Манай улсын хувьд дөнгөж өнөөдөр яригдаж байгаа асуудал биш. Үүнийг эртнээс ярьж УИХ-ын тогтоол, баримт бичгүүддээ тусгаад байсан. Ингээд өөрсдийгөө харьцуулахад нэг их хоцроод байсан зүйл алга байна лээ. Бидний хийж ярьж байгаа зүйл нь эрхзүйн хувьд бүгд зөв зүйтэй чиглэлд явж байна. Харин хэрэгжүүлэх хүрээнд ороод ирэхээрээ бусад оронтой харьцуулбал хүн хүч, өндөр ур чадвартай мэргэжлийн боловсон хүчин дутагдах зүйл ажиглагдаж байсан. Түүнийг илүү тодорхой болгох ёстой юм байна гэсэн бодолтой явна.
Нэгэнт улс орны аюулгүй байдалтай холбоотой асуудал ярьж байгаа учир дэлхийн зах зээлийн хямрал, гурил, нефтийн үнэ гэх мэт асуудалд Засгийн газар ямар арга хэмжээ авах ёстой юм?
Тэгэхээр яригдаж байгаа асуудлыг бүгдийг нь бөөгнөрүүлээд тийм, ийм байна гэж хэлэхэд хэцүү байх л даа. Тусад нь тодорхой салбаруудыг ярих байх. Гэхдээ Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг аваад үзвэл сайн дурын шинжтэй харагдаад байна. Уг нь мэргэжлийн өндөр түвшинд хандаж, цогцоор нь шийдэх ёстой байгаа юм. Гэтэл үгүй, их тийм өм цөм, гал унтраах шинж чанартай, ирээдүйгээ хараагүй өнгө аястай алхмууд л хийгээд байгаа юм уу гэсэн ойлголт одоохондоо төрж байна. Ер нь зах зээл гэдэг бидний л хийсэн сонголт шүү дээ. Гэтэл зах зээлээсээ ухарсан, захиргааны гэдэг ч юм уу, эсвэл түр зуурын сэтгэл хөдлөлд автсан, улс төрийн ашиг хонжоо, богино хугацааны ашиг олоход чиглэсэн алхмуудаар эдийн засгийг удирдаж болохгүй л дээ. Иймэрхүү зүйлс эдийн засагт ач тус гэхээсээ илүү ус болно.