Баячууд улам баяжаад, ядуу нь улам л хоосроод байгаа нь ийм учиртай

intheuihСаяханы чуулган дээр С.Оюун гишүүн, “Дотоодын нийт бүтээгдэхүүн өсөөд байгаа хэдий ч ядуурал буурахгүй харин ч нэмэгдээд байх юм. Яагаад ийм байдаг юм бэ?” гэсэн энгийн асуулт тавьж, сайд нараас ойлгомжтой хариулт авч чадаагүй юм. Ер нь гишүүд нэг юм асуудаг ч тодорхой хариу авдаг нь ч ховордоо. Ямартай ч ярих ёстой сэдэв учраас байр сууриа илэрхийлье.

Манайд ядуурлын түвшин 1990 оны дундаас өдий хүртэл 32-36 хувийн хооронд эргэлдэж байгаа юм. Гурван хүний нэг нь ядуу гэсэн эл үзүүлэлт сүүлийн 10 жилд бараг өөрчлөгдөөгүй. Гэтэл нэрлэсэн үнээр 2005 онд 2.7 триллион төгрөг байсан ДНБ, бараг хоёр гаруй дахин өсч, 2008 онд 6.1 триллион төгрөгт хүрлээ. 2005 оны зэрэгцүүлэх үнээр тооцвол 1.3 дахин өсчээ. Бүр нэг хүнд ногдох ДНБ-ээр бодвол 2.11 дахин өссөн байгаа юм. Гэтэл эл бүх өсөлт хайчив аа? Манай өсөлт ядуурал бууруулж чадахгүй байгаа нь ямар учиртай юм вэ?

Эдийн засаг өсөөд байхад ядуурал буурахгүй нь баянчууд улам баяжаад, ядуу нь улам л хоосроод байгаа хэрэг. Статистик ч үүнийг нотлож байна. Дээрхийг илэрхийлдэг индекс 2002-2003 онд 0,329 байсан бол 2006 онд 0,38 хувь болжээ. Эл чиглэлд “ухвал” зөндөө сэдэв хөндөгдөх тул энэ удаа орхилоо.

Өсөлт ба ядуурал гэсэн асуудлыг би ажиллах хүчний зэх зээл талаас хөндье.Гэхдээ нэг зүйлийг урьдчилан анхааруулъя. Эдийн засаг өсөх болон ядуурал буурах нь шууд хамааралтай гэж олон улсын практик, онол судалгаа нотлож чадахгүй байгаа юм. Ямар ч болсон миний үзсэн харсан дотор. Харин эдийн засгийн өсөлт нь ажил эрхлэлтээр дамжин ядуурлыг бууруулах бололцоотой гэж үздэг.

Хэрэв эдийн засгийн өсөлт нь ажлын байрыг нэмэгдүүлж чадаж байвал тэр нь ядуурлыг бууруулах суваг юм. Гэхдээ бас учиртай. Буй болж ажлын байр нь чанартай байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэрэгтэй газар нь, хэрэгтэй салбарт, хэрэгтэй цаг үед гэсэн шалгуур байх ёстой. Гунигтай нь энэ механизм Монголд үйлчлэхгүй байна.

Ажилгүй хүмүүсий дунд ядуурлын түвшин өндөр байгаа нь илүү олон ажлын байр хэрэгтэй байгааг, ажилтай хүмүүсийн дунд ядуурал их байгаа нь чанартай ажлын байр илүү олон хэрэгтэйг харуулж байна.

Статистик мэдээгээр 2006 онд 32,9 мянган ажилгүйчүүд бүртгэгджээ. 2008 онд энэ тоо 29.8 мянга байгаа бөгөөд ажилгүйдлийн түвшин 2.8 хувь байна. Энгийнээр бол сүүлийн 10 жилд эл түвшин 2.8-3,6 хувьтай байгаа нь ажилгүйдэл манайд огт асуудал биш харагдаад байна. Гэтэл бодиттой ажилгүйдлийн түвшин хэд байгааг бид хэлж чадахгүй байна.

2000 оны хүн амын тооллогоор ажилгүйдлийн түвшин 17, хоёр жилийн дараа хийсэн сэдэвчилсэн судалгаагаар 13,4 хувь гэсэн тоонууд гарч байсан. Эдгээр тоо бодит байдалд нэлээд ойр байх. Үүнээс гадна хөдөлмөр эрхлэгчдийн бараг 1/3 болдог малчдыг бид ажлын байртай ажил, эрхэлж байгаа хүмүүс гэж тооцдог. Хөдөө ядуурлын түвшин бараг 40 гаруй хувьтай гэсэн статистик бий. Эдгээрийг нэгтгээд үзвэл манай хүн амын тэн хагас нь ядуу байх нь.

Уул нь ажлын байр буй болохгүй биш шинээр бий болж байгаа. Жишээ нь, 2006 онд 41.6 мянга, 2007 онд 14.2 мян, 2008 онд 17.6 мянган хүн шинээр ажлын байраар хангагдсан гэж мэдээлж байгаа. Гэхдээ сүүлийн гурван жилд буй болсон нийт ажлын байрны бараг 60 гаруй хувь нь Улаанбаатарт буй болсон. Гэтэл хамгийн хэрэгцээтэй хөдөө, ялангуяа сумын төвд ажлын байр бий болдоггүй ээ. Бидний хэрэгжүүлж буй бодлого хэрэгцээт газраа ажлын байр бүрдүүлж чадахгүй байна.

Ажлын байр буй болгож байгаа гол хоёр салбар бол хөдөө аж ахуй, бөөний болон жижиглэн худалдаа юм. Энд шинээр буй болж буй нийт ажлын байрны 54,7 хувь ногдож байна. Гэтэл эл хоёр салбарт орлогын өсөлт нь бусдаас хамгийн бага буюу 90 – 200 мянган төгрөг байна. Өөрөөр хэлбэл, энд ажлын байр буй болсон ч ядуурлаас гарах хэмжээний орлого олж чадахгүй байгаа юм.

Энэ мэтчилэн нарийн задлаж судлавал маш олон зүйл гарч ирнэ.

Хөдөлмөрийн зах зээлээ зөв онилохгүй бол ядуурлыг бууруулна гэж найдах хэрэггүй л дээ. Миний бодлоор юуны өмнө өмнө, шинээр бий болж байгаа ажилын байр тооны хувьд хангалттай байх ёстой. Хөдөлмөрийн зэх зээлд шинээр орж ирж байгаа хүмүүсийг шингээхүйц, хөдөө орон нутгаас шилжин ирж буй иргэдэд ажлын байр олгох хэмжээний байх ёстой. Дараа нь, шинэ ажлын байр нь тухайн хүн өрхийг ядуурлаас гарахуй хэмжээний орлого найдвартай, тогтвортой үүсгэх ёстой. Мөн, ажлын байр чухал шаардлагатай газар зүй, эдийн засгийн салбарт үүсэх ёстой гэсэн чанарын шалгуур байх ёстой. Эцэст нь, онцгой анхаарах зүйл бол ажиллах хүчний өөрийнх нь чадавхийн асуудал. Тэд шаардлагатай мэргэжил, мэргэшил, ур чадвар эзэмшсэн эсэх, эрүүл мэндийн хувьд шаардлага хангасан байх ёстой. Эзэн бас өөрөө хичээх үүрэгтэй.

Монгол Улсын Засгийн газар эдгээр асуудлыг бодлого боловсруулахдаа анхаарч төсөв, өчнөөн төчнөөн төсөл, сан, зээлээр дамжуулж хэрэгжүүлж чадвал ядуурлыг бууруулах ажилд үр гарна даа.

2 Comments

  1. Е.Гайдар: Би ажилгүйдлийн албан ёсны статистикт итгэдэг, учир нь хүн орлогын эх сурвалжгүй болсон үед л хөдөлмөрийн бирж дээр бүртгүүлдэг. Хэрвээ бүртгүүлэхгүй байгаа бол албан бус сектороос аль эсвэл өрхийн аж ахуйгаас амин зуулгаа залгуулж байна гэсэн үг…

    Е.Гайдар: Ажилгүйдэл нь ядууралтай холбоотой гэдгийг эрх баригчид ч тэр, хүн ам ч тэр ойлгож байна. Ядуурлыг шийдвэрлэхээс өөр аргагүй, үүнд валютын нөөцөө зарахаас өөр аргагүй. Энэ тал дээр бидний хуримтлуулсан туршлага хязгаарлагдмал. Хятад, Энэтхэг, Европод ядууралтай тэмцэх янз бүрийн арга хэрэглэж байсан ч үндсэн зарчим нь “загас бус уурга дэгээг нь өг” гэдэгт оршиж байв. Бизнесийн бичил санхүүжилтийн асуудал үүнтэй холбоотой юм.

    Е.Гайдар: Жижиг бизнесийг бичил санхүүжилтээр дэмжих тал дээр дорвитой хүчин чармайлт гаргах шаардлагатай. Ийм үед жижиг бизнес л ажлын байрыг шинээр бий болгож байх ёстой. Бичил зээлийн хэмжээг өнөөгийн нөхцөлд дор хаяад хэд дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Гэтэл барьцаа хөрөнгө байдаггүй бичил зээлийн онцлогийг санавал энэ бас тийм хялбар ажил биш.

  2. Ажлын байрыг бий болгохын өмнө нэг зүйлийг харах ёстой.
    Гадны импорт хэт их байна.Эх орондоо үйлдвэрлэж болох бараанууд гадаадаас нэн ялангуяа хойд, урд хөршөөс маш хямд орж ирж байна.Жишээ нь өндөгний зах зээлийг харъя.Нийт өндөгний 70 хувийг Оросоос импортолж байна.20 хувийг Хятадаас үлдсэн 10 хүрэхтэй үгүйтэйг нь дотоодын фермерүүд хангадаг байсан.Одоо тэдгээр фермерүүд устаж үгүй болсон гэж хэлж болно.Яагаад гэхээр тэдэнд дэмжлэг байгаагүй.Үйлдвэрлэл явуулахад бие бизнээ дэмжсэн үйлдвэрүүд байх ёстой аж.Өөрөө хэлбэл өндөг үйлдвэрлэхэд тахианы хоолыг нь, өндөгний савыг нь бас үйлдвэрлэдэг байх ёстой.Гэвч энэ дээр нэгдэж хэн нь юугаа хэдий хэмжээгээр хийхээ ойлголцож чадахгүй байна.Үүн дээр л төр бодлогоор зохицуулалт хийх ёстой.Тэр зохицуулалт нь татварын бодлогоор хэрэгжих учиртай.Өөрөөр хэлбэл гадаадын импортын сувгийг бага багаар хааж оронд өөрийн сувгийг нэмэгдүүлэх юм.Гэхдээ гадны импортыг шууд хааж болохгүй.Ингэвэл гадаад худалдааны бодлогыг хаасан болох байх.Энэ өндөгний жишээ бусад хүнсний болоод жижиг дунд үйлдвэрүүдэд харагдаж байна.Эцэст нь нэг хэсэг хүний эрх ашгаас илүүтэйгээр нэлээн хэдэн хүний эрх ашигт нийцсэн шийдвэрийг л бүх салбарт гаргаж байх л хэрэгтэй гэж би бодож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *